Гадаад мэдээДЭЛХИЙ

Эмма Стөүн: Жүжиглэх бол миний хувьд сэтгэл заслын нэг хэлбэр

Оскарын хоёр удаагийн шагналт, алдарт жүжигчин Эмма Стөүний “The Talks” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулж хүргэе.


Хатагтай Стөүн, та хөгжмийн хүчийг анх хэзээ мэдэрсэн бэ?

Ээж маань намайг бага байхад “Les Misérables”-ийг тавьж өгдөг байсан. Тэр надад энэ жүжгийн тухай ярьж өгч, дараа нь би 8 настайдаа анхны удаа тайзан дээр үзсэн юм. Жүжиг миний амьдралыг өөрчилсөн, бүр дурлаж орхисон. Тэр цагаас хойш дуулах гэдэг зүгээр л нэг үг хэлэхээс хамаагүй илүү, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх томоохон хэлбэр болсон.

Тэр үеэс хойш л театрт тоглож эхэлсэн үү?

Багадаа мюзиклд оролцдог байсан, гэхдээ бүжиг бол миний хамгийн дуртай урлагийн төрөл. Арван жилийн турш бүжиглэсэн. Голчлон тап бүжиг бүжиглэсэн дээ. Би техникийн хувьд сайн бүжигчин байгаагүй, балетчин бол хэзээ ч болж чадахгүй. Тэр олон нарийн зүйлсийг хийж чадахгүй байсан болохоор жүжиглэхэд татагдсан.

Жүжиглэх урлаг таныг хэрхэн татсан бэ?

Жүжиглэх үед өөрийн хүсэж буй зүйлсийг амь оруулах боломжтой байсан. Хүүхэд байхдаа тайзан дээр жүжиглэх үед бие дотор хадгалагдаад байсан илүүдэл энерги гадагшилдаг байсан юм. Сэтгэл дотроо шингээхийн оронд. Жүжиглэх  бол миний хувьд сэтгэл заслын нэг хэлбэр. Ялангуяа багадаа сэтгэл түгшилттэй тэмцэж байх үед минь ийм нэгэн гарц байсан нь их хэрэг болсон. Бага байхаасаа л тайзан дээр гарсан учир би хэцүү, айдас төрүүлэм зүйлсийг оролдож үзэхээс айхаа больсон.

Учир нь тайзан дээр байхад өөр зүйл бодох боломжгүй учраас уу?

Тийм шүү, жүжиглэх үед бусад бүх зүйлс зогсдог юм шиг. Тэр мэдрэмжийг авах сайхан байдаг. “La La Land-д бүжиглэх хэсгүүд нь маш хүнд байсан. Ялангуяа бүжгийн үдэшлэгийн хэсэг. Миний биеийн зүүн талын мэдрэл дарагдсан болохоор бүжгийн байрлал авч зогсох үед өвдөлт нүд рүү минь хүртэл дамжиж байсан. Гэхдээ техникийн хувьд төгс байх тал дээр санаа зоволгүй чадах чинээгээрээ хийсэн.

Зургийн эх сурвалж: Vox

Тэгэхээр жүжиглэхээр тэр бүх айдсаас бага ч гэсэн ангижирч байгаа байх нь ээ?

Тийм ээ. Би тайзан дээр тоглохыг сэтгэл түгшилтийн эмчилгээ гэж хэлэхгүй, гэхдээ илүүдэл энергиэ дотогшоо чиглүүлээд бодолд дарагдчихдаг хүмүүсийн хувьд бол тайзан дээр байх нь амьсгаа авах боломж болдог. Жишээ нь, хэдэн жилийн өмнө Cabaret-д тоглож байхад, миний дүр зөвхөн жүжиглэх байдлаар өөрийгөө илэрхийлдэг онцлогтой байсан юм. Төгсгөлийн дуугаа дуулахдаа, тайзны гэрэлд ганцаараа зогсож байх тэр мэдрэмж гайхалтай. Би ер нь тайзан дээр зогсоод монолог уншихыг хүсдэггүй, гэхдээ тэр дууг дуулахад үзэгчид ор мөргүй алга болсон мэт, зөвхөн би л үлдсэн. Тэр дууг сэтгэлээсээ хашхирч дуулсан. Би “Studio 54-ын тайзан дээр байсан ч яг л унтлагын өрөөндөө ганцаараа дуулж байгаа юм шиг мэдрэмж төрсөн.

Таны нэр хүнд өсөж буй нь сэтгэл түгших мэдрэмжүүдийг дарж чадаж байна уу?

Үгүй ээ, нэр хүнд үүнд огт хамаагүй. Учир нь нэр хүнд бол гаднаас ирж буй үнэлгээ. Бусад хүмүүс танд сайн байна гэж хэлж байгаа хэрэг. Тэр нь надад сэтгэл түгшилт үүсгэдэг. Одоо бол нэр хүнд намайг өөрийнхөө сонголтуудыг ойлгож, алдаагаа хүлээн зөвшөөрч, өөртөө “Чи зүгээр байна аа” гэж хэлэхэд хүргэж байгаа.  Өөрийгөө хэт өндрөөр үнэлж “Чи бол шилдэг нь” гэж өөртөө хэлэх биш харин яг эсрэгээр нь “Чи энд алдаа хийсэн, гэхдээ зүгээр” өөрийгөө зэмлэх хэрэггүй.

Та багаасаа л мэдрэмтгий байсан уу?

Тийм ээ. Үргэлж тийм л байсан.

Гэхдээ та одоо өөртөө итгэлтэй, тайван хүн шиг харагдаж байна. Юу өөрчлөгдсөн бэ?

Цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэл зүй минь сайжирсан. Би өөртөө илүү зөөлөн хандаж, өөрийгөө хатуугаар шүүмжлэхээ зогсоосон. Өмнө нь би өөртөө хэт их дарамт өгдөг байсан юм. Харин одоо би ойлгосон. Сэтгэл түгшилт гэдэг бол үнэндээ айдас. Харин хамгийн том айдас юу вэ? Үхэл. Үүнээс өөр үнэхээр айх зүйл үгүй. Тэгэхээр энэ айдсыг эерэг зүйлд хувиргаж болно. “Сэтгэл түгшилт бол амьсгаагаа түгжсэн сэтгэл хөдлөл” гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Хэрвээ амьсгалаа зөв авбал сэтгэл түгшил нь догдлол болж хувирдаг.

Зургийн эх сурвалж: BBC

Тэгэхээр та айдсаа өөр энерги болгон хувиргаж сурсан гэсэн үг шиг санагдлаа?

Тийм ээ, яг тийм. Тэр энергийг их эерэг зүйлүүдэд зарцуулах боломжтой. Жүжиглэх, өгүүллэг ярих, бүтээлч ажил хийх, тухайн мөчдөө бүрэн орших гэх мэт. Энергиэ зөв чиглэлд шилжүүлэх нь миний өөрийн хариуцлага. Энэ бол миний дотроос гарч ирэх ёстой зүйл. Өөр хэн ч чиний өмнөөс үүнийг хийж чадахгүй. Ямар нэгэн үг, кино өөр хэн нэгэн ч биш. Зөвхөн чи л өөрийгөө өөрчилж чадна. Том болоод үүнийг ойлгосон минь надад их тус болсон. Их урт хугацааны турш би мэдрэмтгий хүн байх нь хараал гэж боддог байлаа.

Яагаад? Амархан сэтгэлээр унадаг болохоор уу?

Тийм ээ, эсвэл хэт хурдан, хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг болохоор. Зарим зүйлс намайг маш гүн гүнзгий шархлуулдаг. Тэр утгаараа миний “далавч” олон удаа хугарсан мэт санагддаг. Ялангуяа алдаа гаргах үед. Бүхнээ зориулж байгаа мэт боловч заримдаа алдаж л орхидог. Эцсийн эцэст би хүн шүү дээ. Алдаа гаргана, заримдаа хачин сонголт хийнэ эсвэл буруу зүйл хийсэндээ харамсдаг. Гэхдээ би алдаанаасаа суралцдаг. Бүгдийг зөв хийж байна гэсэн мэдрэмж хэзээ ч төрдөггүй. Гэхдээ зүгээр ээ. Хүн л юм хойно. Мэдрэмтгий хүн бол алдаа гаргахад хүнд тусна л даа. Учир нь чи бусдад халгүй байхыг хүсдэг, хэнийг ч гомдоохыг хүсдэггүй, алдаа гаргахыг хүсдэггүй. Гэсэн ч алдаа гаргана.

Мэдээж, бид бүгд л алддаг шүү дээ...

Тийм ээ! Хүн бүр алдаа гаргадаг. Гэхдээ юу ч мөнхийн биш. Бүх зүйл зуурдынх. Амьдралд юу ч тохиолдсон, эцэстээ өнгөрдөг. Хэцүү зүйл тохиолдоход үүнийг санах нь их тус болдог. Би бардам сонсогдох гэсэндээ ингэж хэлээгүй юм шүү. Гэхдээ нэг л өдөр энэ бүхнийг орхино гэдгийг бодоход хачин байдаг. Би босгосон гайхалтай амьдралаа орхихыг хүсэхгүй байна. Би амьдрах үнэхээр дуртай. Амьд байгаа нь аз завшаан. Тийм болохоор энэ мөчийг бүрэн мэдэр гэж өөртөө хэлдэг. Бид үүрд амьдрахгүй шүү дээ. Үүрд амьдрахгүй гэж бодохоор надад эрч хүч үүсдэг. Би юмсыг зүгээр хүлээгээд суухыг хүсдэггүй. Харин гарч, нээж, судалж, адал явдалд оролцмоор байна. Энэ мэдрэмж амьд байгааг минь улам бүр мэдрүүлдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button