Залилангийн хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 57.1 хувиар буюу 4030-аар өссөн байна

Өнөөдөр дэлхий даяар төдийгүй Монгол Улсад залилангийн гэмт хэрэг улам бүр нэмэгдэж, иргэдийн амьдрал, эдийн засагт томоохон эрсдэл учруулсаар байна. Залилан нь бусдыг хуурч, төөрөгдүүлэн эд хөрөнгө, өмчийн эрхийг хууль бусаар авах үйлдэл. Ингэхдээ хүний итгэлийг ашиглаж өөрт давуу байдлыг бий болгодог.
Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний долоон сарын байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар заалт буюу Залилах гэмт хэрэг 11093 бүртгэгдсэн байна. Энэ төрлийн гэмт хэргийн тоон мэдээллийг эхний долоон сард цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэрэгтэй харьцуулан үзвэл 36 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4030-аар буюу 57.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Тооцоолон үзвэл нэг өдөрт дунджаар 53 залилангийн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгддэг гэсэн үг.
Залилан мэхлэх гэмт хэрэг олон янзаар илэрдэг. Үүнд:
- Сонгодог залилан: Хөрөнгө зээлж аваад буцаан төлөхгүй байх, эсвэл хуурамч баримт ашиглан бусдын өмчийг авах.
- Санхүүгийн залилан: Банк, даатгал, зээлийн хоршоогоор дамжин иргэдийн мөнгийг завших.
- Цахим залилан: Сошиал сүлжээ, цахим шуудан, хуурамч сайт ашиглан иргэдийн нууц мэдээллийг авч, банкны карт, данснаас нь мөнгө татах.
- Пирамид схем, хөрөнгө оруулалтын залилан: Богино хугацаанд өндөр өгөөж амлах замаар олон хүний мөнгийг цуглуулан алга болдог.
Монголд бүртгэгдэж буй залилангийн гэмт хэргийн дийлэнх хувийг цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй залилангийн хэрэг эзэлж байна. Иймд
- Танихгүй этгээдэд мөнгө зээлдүүлэхээс зайлсхийх
- Хэт өндөр өгөөж амласан хөрөнгө оруулалтын саналд болгоомжтой хандах
- Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах
- Хуурамч гэрээ, баримт бичгийг мэргэжлийн хуульч, нотариатаар шалгуулах шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байна.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.