Фото: Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар үзэсгэлэнгээс

Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар үзэсгэлэн олны хүртээл болж байна.
Монголын урчуудын эвлэлд тус үзэсгэлэн энэ сарын 26-ныг дуустал өдөр бүр 10:00-18:00 цагт үнэ төлбөргүй гарч буй юм.
Үзэсгэлэнд 26 уран бүтээлчийн 90 гаруй уран бүтээлийг дэлгэгджээ. Хүүхэлдэйн урлагийн нийтэд таниулах, хүүхэлдэйгээр дамжуулан нийгэм, соёлын эд өлгийн зүйлсийг олон нийтэд танилцуулахаар энэ удаагийн үзэсгэлэнг дэлгэж байгаа аж.
Хүүхэлдэй урлал нь манай улсад 1976 оноос мэргэжлийн урлагийн түвшинд хөгжиж ирсэн юм. Уг үзэсгэлэнд ирснээр та бүхэн уран бүтээлчийн, уран сайхны гар хийцийн, загварын болон театр, анимейшн, киноны гэх мэт зориулалттай олон төрөл жанраар модон сийлбэр, ноос ноолуур, арьсан эдлэл, цаасан шуумал, гуулин суурьт 3D, механик хөдөлгөөнт гэх мэтчилэн өргөн техник технологийн дагуу бүтсэн хүүхэлдэйн бүтээлүүдийг үзэж сонирхох боломжтой.
Зураач Ч.Энхтүвшин:
-Энэхүү бүтээл бол Тэнгэрийн орны хөх халзан морьтой, хүрэл эрдэнэ мангас гэж Жангарын тууль дээр гардаг дүрийн модель загвар нь байгаа юм. Жангараас гадна маш олон тууж, үлгэр домгийн дүрүүд байна. Тэдгээр үлгэр, домгуудыг хүүхдүүд өнөөдөр уншиж, сонирхохоо больсон. Тиймээс өөр байдлаар хүүхдүүдэд хүргэж үлгэр домгоор үүх түүхээ тээн хүргэх нь чухал болоод байна.
Хүүхэлдэйн үзэсгэлэнгийн үеэр мөн нээлттэй хэлэлцүүлэг, насанд хүрэгчид болон хүүхдүүдэд зориулсан уран бүтээлчдийн мастер класс сургалтууд зохиогдож байна.
Хүүхэлдэй нь хэмээх хүн, амьтны дүрсийг шингээсэн урлагийн бүтээл нь хуучин чулуун зэвсгийн үеэс онго шүтээний буюу энэ ертөнцийг далд ертөнцтэй холбох зориулалтаар хэрэглэгдэн ирснээс өдийг хүртэл ардын уламжлал, соёлыг хойч үедээ дамжуулах, түүх соёлын илэрхийлэл болох, хүүхэд бага наснаас орчин тойрны юмс үзэгдлийг танин мэдэх, хүн хоорондын харилцаа холбооны гэх мэт үүргүүдийг гүйцэтгэсээр ирсэн түүхтэй.
Зургийг О.Улсболд
Фото:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.