Трампыг удаа дараа шүүмжилсэн, өөрийнх нь зөвлөх асан Жон Болтоныг Холбооны мөрдөх товчооныхон шалгаж эхэлжээ

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын мөрдөн шалгалтын хүрээнд Холбооны мөрдөх товчооныхон (FBI) Жон Болтоны гэрт шүүхийн зөвшөөрлөөр нэгжлэг явуулжээ.
CNN-ийн сурвалжлагчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр өмнө нь ажиллаж байсан Болтоны Вашингтон хотын ойролцоох байшинд мөрдөгчдийг харсан байна. Тэд байшингийн тагтан дээр нэгэн хүнтэй ярилцаж байсны зэрэгцээ дөрвөөс зургаа хүртэл тооны мөрдөгч дотогш орж буй нь ажиглагдсан байна.
Зарим мөрдөгч автомашинаасаа цүнх авч орсон боловч гэрээс ямар нэгэн зүйл гаргаж буй нь харагдаагүй аж. Жон Болтон энэхүү ажиллагааны талаар өөрөө мэдээгүй байсан бөгөөд нөхцөл байдлыг нарийвчлан тодруулахыг оролдож байгаа гэв.
Олон нийтийн сүлжээнд оруулсан бичлэг дээр Холбооны мөрдөх товчооны дарга Каш Пател ярихдаа мөрдөгчид ажлаа хийж байна гэснээс өөр тодорхой зүйл хэлээгүй юм.Мөн тэр “Хуулийн дээр хэн ч байх ёсгүй" хэмээн бичжээ. Харин Холбооны мөрдөх товчоо уг нэгжлэгийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан юм.
Мөрдөн шалгалт нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг хадгалсан байж болзошгүй хэрэгтэй холбоотой хэмээн эх сурвалж мэдээлэв. Жон Болтон АНУ-ын төрийн албанд хамгийн сүүлд 2019 онд ажилласан бөгөөд тухайн үед Ерөнхийлөгч Дональд Трамп анхны засаг захиргааныхаа үеэр түүнийг ажлаас нь чөлөөлсөн юм. Трамп ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа өмнөх Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө олон удаа шүүмжилж байсан бөгөөд хамгийн сүүлд энэ сарын эхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “ажлаасаа халагдсан ялагдагсад болон Жон Болтон шиг үнэхээр тэнэг хүмүүс” хэмээн түүнийг эш татаж ярьж байсан удаатай.
Ерөнхийлөгч хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа нэгдүгээр сард эхлүүлсний дараахан, ердөө хэдхэн цагийн дотор Болтоныг хамгаалж байсан Нууц албаны хамгаалалтыг цуцалсан байна. Эхний бүрэн эрхийн хугацаандаа Трамп 2020 онд Жон Болтон номоо хэвлүүлсний дараа түүнийг шоронд хорино гэж заналхийлж байв. Тэр номондоо Трампыг гадаад бодлогын асуудлаар хангалттай мэдлэггүй, харин хэвлэл мэдээллээр харагдах имиждээ хэт автсан хэмээн шүүмжилсэн юм. Мөн Трамп 2020 оны сонгуульд ялалт байгуулахын тулд Украины болон Хятадын удирдагчдаас тусламж хүссэн талаар номдоо дурджээ.
Одоогийн мөрдөн шалгалт уг номтой холбоотой маргааны хүрээнд явагдаж байгаа эсэх, эсвэл өөр материалтай холбоотой эсэх нь тодорхойгүй байна.
Номонд багтсан зарим материалыг Цагаан ордны мэргэжлийн албан тушаалтнууд анх нийтлэхийг зөвшөөрсөн боловч Трампын улс төрийн томилгоотой албан тушаалтнууд уг зөвшөөрлийг цуцлахыг оролдсон байна.
АНУ-ын Хууль зүйн яам Жон Болтоны дурсамж номондоо “төрийн нууцад хамаарах мэдээллийг хууль бусаар задруулсан байж болзошгүй” эсэхийг шалгаж байсан ч Ерөнхийлөгч асан Жо Байдены засаг захиргааны үед уг мөрдөн шалгалтыг хааж, 2021 онд номын хэвлэлттэй холбоотой иргэний нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгожээ.
Сүүлийн саруудад Трамп болон түүний засаг захиргаа ерөнхийлөгчийн улс төрийн өрсөлдөгчид хэмээн үздэг хүмүүсийн эсрэг өшөө авалтын шинжтэй кампанит ажил өрнүүлж байна. Үүнд Трампын үеийн зарим албан тушаалтнууд, Конгрессийн гишүүд, түүнчлэн Трампыг албан тушаалаасаа буусны дараа хэрэг үүсгэн шалгасан прокурорууд хүртэл багтаж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Каш Пател 2017 онд хууль тогтоогч Адам Шиффийг Трамп болон ОХУ-ын тухай төрийн нууц мэдээллийг хууль бусаар задруулсан хэмээн буруутгасан Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын хорооны ажилтны мэдүүлгийн дотоод тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гарган нийтэд дэлгэлээ. Трамп Шиффтэй олон жилийн турш зөрчилдөж ирсэн.
Мөн энэ сард Хууль зүйн яам Нью-Йоркийн Ерөнхий прокурор Летиция Жеймсийн эсрэг шүүхийн тангарагтны бүрэлдэхүүнээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Учир нь тэр Трамп болон Ангийн бууны холбооны эсрэг иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлүүлж байсан юм.
Эх сурвалж: CNN
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
томчууд бие биеэ устгах ажил хаана ч байх юм даа