Украин, ОХУ дайны хоригдол солилцлоо

Украин болон ОХУ 146 дайны хоригдол солилцсон гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ням гарагт /2025.08.24/ мэдэгдсэн байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлэхдээ суллагдсан бүх хоригдол Беларусьт байгаа, сэтгэл зүйн болон эмнэлгийн тусламж хүлээн авсан гэжээ. Украин цэргүүдээс гадна Курск мужид оршин суудаг байсан ОХУ-ын найман иргэнийг Москвад хүлээлгэн өгсөн байна.
АНЭУ уг солилцоог зуучилж, хяналт тавьж байгаад Зеленский талархал илэрхийлжээ. Тэр “Хоригдол солилцоо үргэлжилж байна. Магадгүй энэ нь солилцох боломжтой хүмүүсийн тоог нэмж буй манай цэргүүдийн ач байх” гэж хэлжээ.
Украины талтай хийсэн хэлэлцээг тэргүүлж явуулсан Владимир Мединский хэлэхдээ Украин Курск мужийн оршин суугчдыг хүлээлгэн өгөхдөө удаашралтай ажиллаж байна гэсэн юм. Түүний хэлснээр 20 гаруй оршин суугч гэртээ харихыг хүлээж байгаа аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.