Гадаад мэдээДЭЛХИЙ

Global Times: Монгол, Хятадын хамтарсан экспо нь хоёр орны хамтын ажиллагааны бодитой загварыг харууллаа

БНХАУ-ын хамгийн чухал хойд хөрш болох Монгол Улс нь Хятадтай 4,710 км хуурай газраар хиллэдэг. Энэ өргөн хил нь зөвхөн газар зүйн ойр байдлыг харуулаад зогсохгүй, хоёр улсын хамтын ажиллагаа улам гүнзгийрснийг харуулж буй.

Өнөөдөр Монгол Улс зөвхөн хилийн худалдаагаар бус, харин “Бүс ба Зам” санаачилгыг хамтран хэрэгжүүлэхэд чухал гүүр болж буй стратегийн түнш болсон. БНХАУ-ын статистикийн мэдээллээр бол 2024 онд хоёр улсын худалдаа 18.62 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 10.1 хувиар өсөж дээд амжилт тогтоожээ. БНХАУ-ын Худалдааны яам (MOFCOM)-ны мэдээлснээр, Хятад нь Монголын хамгийн том худалдааны түнш, хамгийн том импортын эх сурвалж, мөн гол экспортын зах зээл хэвээр байна.

Наймдугаар сарын 25-наас 31-ний хооронд ӨМӨЗО-ны Хөх хотод тавд дахь удаагийн Хятад–Монголын Экспо (CME) явагдлаа. Арван жилийн өмнө байгуулагдсан энэхүү платформ нь Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны чухал төв болон хөгжжээ. Тэрхүү экспо нь зөвхөн хоёр улсын хүрээнд бус, өргөн Зүүн хойд Ази, мөн “Бүс ба Зам” санаачилгын олон түнш орнуудыг хамарч, бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Хамтын ажиллагааг шинэ шатанд гаргав

Энэ удаагийн “CME”-д дотоод болон гадаадын 6 мянган зочин, 1,500 гаруй компани оролцсон. Үүний 500 орчим нь Монголын үйлдвэрлэгчид, экспортлогчид, органик хүнсний үйлдвэрлэгчид болон байгаль орчны чиглэлийн аж ахуйн нэгжүүд байсан юм.

Шинэ эрчим хүч, нүүрсний орчин үеийн химийн салбарын үзэсгэлэнд Хятад–Монголын хил дамнан эрчим хүч дамжуулах хамтын ажиллагаа болон холбогдох технологиудыг онцолж, салбарын 30 гаруй тэргүүлэх ололт амжилтыг танилцуулжээ. “Fortune Global” 500 компанийн 20 гаруй фирм, түүний дотор “CATL”, “LONGi” зэрэг тэргүүлэгч компаниуд шинэ технологио танилцуулсан. Мөн уул уурхай, цэвэр эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны уулзалт, арга хэмжээнүүд өрнөжээ.

Зургийн эх сурвалж: MOFCOM

Уламжлалт салбаруудын цахим шилжилт нь экспогийн бас нэгэн онцлох сэдэв байлаа. ӨМӨЗО нь Хятадын найман үндэсний тооцооллын төвийн нэг юм. Тус бүс нутагт 10 томоохон дата төвийн цогцолбор байрладаг. Үүнд улсын хамгийн том үүлэн тооцооллын парк болон Ази–Номхон далайн хамгийн том интернэт дата солилцооны төв ордог.

Эрчим хүч, ашигт малтмалын уламжлалт хамтын ажиллагаанд тулгуурлан Хятад–Монголын хамтын ажиллагаа технологийн шинэ салбар руу өргөжиж, хоёр талын худалдааны өсөлтийг хурдасгаж байна. Мэдээлэл дамжуулалт, нам өндөрт суурилсан эдийн засаг, ухаалаг хотын шийдэл зэрэг шинэ салбарууд экспогийн гол сэдвүүдэд багтсан юм.

“CME”-ийн нээлтийн өдөр Замын-Үүд–Эрээн хотын Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хөгжлийн төлөвлөгөөг танилцуулсан. Нийт 65.294 тэрбум юань бүхий 21 чухал төслийн гэрээ байгуулжээ. Эдгээр төсөлд хил дамнасан үйлчилгээ болон худалдаа, ашигт малтмалын нөөц ашиглалт, шинэ эрчим хүчний технологийн хамтын ажиллагаа багтаж байгаа гэж“China News Service” мэдээлжээ.

Наймдугаар сарын 27-нд Хөх хотын Ардын засгийн газрын Гадаад харилцааны газар, Монголын Ерөнхий консулын газар эдийн засаг, худалдааны уулзалт хамтран зохион байгуулсан. Тэрхүү уулзалтад хөдөө аж ахуй, логистик, хот байгуулалтын салбарын 60 гаруй компани оролцов.

2024 онд Эрээн–Замын-Үүд Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг баталсан. Энэ нь БНХАУ хөрш улстай байгуулсан гурав дахь хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болов. Үүнээс гадна Манжуур, Эрээн, Ганцмод зэрэг газруудад авто замын холболтуудыг дуусгасан.

2025 оны тавдугаар сарын 14-нд Хятадын Ганцмод боомтыг Монголын Гашуунсухайттай холбосон төмөр зам ашиглалтад орсон юм. Энэ нь хоёр улсын хил дамнасан хоёр дахь төмөр зам болж буй.

Зургийн эх сурвалж: Akipress

Хэйлунжины Нийгмийн шинжлэх ухааны академийн Зүүн хойд Азийн судалгааны хүрээлэнгийн захирал Да Жиган хэлэхдээ БНХАУ-ын Зүүн хойд Азийн орнуудын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс нь хүн ам, эдийн засаг харьцангуй жижиг ч газар зүйн байрлал, хамтын ажиллагааны чадавхийн хувьд онцгой ач холбогдолтой гэжээ.

Тэрбээр “Монгол Улс БНХАУ-ын хувьд хойд хөршийн гол зангилаа болж байна. Зөвхөн хөршийн хувьд төдийгүй “Бүс ба Зам” санаачилгын чухал оролцогчийн хувьд ч ач холбогдолтой. БНХАУ–Монгол–ОХУ-ын эдийн засгийн коридор бол “Бүс ба Зам” санаачилгын зургаан олон улсын эдийн засгийн коридорын нэг. Тэрхүү коридор нь Монголыг БНХАУ, ОХУ-ыг холбох чухал гүүр болгоно” хэмээн онцолсон юм.

2022 оны арван нэгдүгээр сарын 28-нд Хятад болон Монголын иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ эринд гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргасан. БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдээлснээр хоёр улс шинэчлэл, хөгжилд хүрэх, энх тайван оршихуй, харилцан дэмжлэг, харилцан ашигтай хамтын ажиллагаанд тулгуурласан ирээдүйтэй нийгэм байгуулахаар тохиролцсон байна.

Ланжоугийн их сургуулийн профессор Дуглас де Кастро хэлэхдээ, БНХАУ–Монгол эдийн засгаа харилцан нөхдөг шинжээ ашиглаж, зөвхөн нөөц боловсруулах түвшнээс ахих хэрэгтэй гэжээ. Тэр “Хамтын ажиллагаа ийнхүү өргөжсөнөөр бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлж, Ази болон Латин Америкийн эдийн засгийн интеграцыг сайжруулна” гэж хэлэв.

Мөн Кастро дэлхий даяар протекшионизм нэмэгдэж буй энэ үед олон талт санаачилгууд онцгой ач холбогдолтой болохыг онцолсон юм. Тэр “Хятадын манлайллын дор энэ харилцаа нь хоёр орны хамтын ажиллагааны бодитой загварыг харуулж, дэлхийн холболт, хөгжилд түлхэц болж байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: Global Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button