Монголд соронзон шуурга, цочир хүйтрэлт тохионо

Цаг уурын байгууллага болон одон орон судлаачдын мэдээлснээр энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригуудад Монгол оронд цаг агаарын эрс өөрчлөлт, соронзон шуурганы нөлөө зэрэг таагүй нөхцөл үүсэх төлөвтэй байна.
Есдүгээр сарын 2-ны мягмар гарагт нарны хүчтэй тэсрэлт болсон байна. Үүний улмаас соронзон шуурга дэгдэж, есдүгээр сарын 4–6-ны хооронд Төв Ази, ОХУ болон Монгол орны нутагт нөлөөлж, дэлхийн соронзон орны идэвхжил эрс нэмэгдэхийг судлаачид онцолж байгаа юм. Иймд пүрэв болон баасан гарагийн шөнө Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх сумдын нутаг, мөн Төв, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн зарим сумдаар хур тунадас орно. Хөвсгөл, Завхан, Архангайн уулс болон Хэнтийн нуруу орчмоор нойтон цас орж, шөнөдөө эрс хүйтэрнэ.
Өнөөдөр Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгийн нутгаар, маргааш Төв, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхины хурд 12–14 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна. Мөн өнөө, маргаашдаа Хөвсгөл, Завхан, Архангай, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар шөнөдөө 0–4 хэмд хүрч цочир хүйтэрнэ.
Иймд өндөр настан, зүрх судасны болон даралт ихсэх өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ онцгойлон анхаарч, жолооч, тээвэрчид замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох, хөдөө орон нутгийн иргэд цаг агаарын нөхцөлд бэлтгэлтэй байхыг анхааруулж байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.