Улс төрийн мэдээ

Харилцан мэдэгдэл: “Дэлхийд алдартай Монголын ХАА салбар уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож байгааг мэдмээр байна”

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл өглөө.

Саманта Мостин энэ сарын 4-9-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байгаа юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,

 “Эрхэм хүндэт амбан захирагч аа, австрали анд нөхөд өө. Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Саманта Мостин танд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар мөнх тэнгэрийн эртний түүхт манай улсад төрийн айлчлал хийж байгаад талархъя. Өмнөх удаагаас 30 гаруй жилийн дараа хэрэгжүүлж байгаа энэхүү айлчлал хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудас нээж байна.

Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь бидний дотно түнш, зах зээлийн эдийн засагт шилжсэн цаг үед тууштай дэмжиж ирсэн бидний гуравдагч хөрш бол Австрали орон.

Ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсонд суурилсан бидний хамтын ажиллагаа 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тогтвортой хөгжсөөр ирлээ. Бид хагас зуун жилийн түүхэн харилцаа, ололт амжилтыг хэлэлцэж, тэргүүлэх чиглэлээ тодорхойлов. Улмаар харилцаагаа ахиулж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж байгаадаа баяртай байна. Цаашид харилцааг улам бататгах, өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр санал солилцлоо.

Бэлчээрийн болон фермерийн аж ахуй эрхэлдгийн хувьд дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг бид нэгэн адил даван туулах хэрэгтэй байна. Иймд Австралийн ХАА судалгааны төвтэй дахин хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов.

Зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилгоор ЗГ хооронд агаарын хэлэлцээр байгуулахаар тохиролцсон. Цаашид шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагаа нэмэгдэнэ.

20 гаруй мянган монгол иргэн хоёр орны найрамдалт харилцааны гүүр болж байгааг онцлон тэмдэглэе. Тэдний хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор нийгмийн хамгааллын хэлэлцээ байгуулахаар яриа хэлэлцээ өрнүүлж байна.

Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд олон зуун монгол оюутан тэргүүлэх их сургуульд суралцаж байна. Энэ тэтгэлэг манай улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулдаг. Цаашид Австралид суралцах монголчуудын тоог нэмэгдүүлэх нь чухал байна. ЗГ тэтгэлэг болон “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийг уялдуулж нягт хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Англи хэлийг үндсэн гадаад хэл болгон баталсантай холбогдуулан Австралийн багш нарыг урьж ажиллуулах, богино дунд хугацааны сургалт хийхээр тохирлоо.

Соёл, өв уламлжлалыг харилцан солилцох зорилгоор тогтмол зохион байгуулж байхаар санал нэгдэж байна.

Манай хоёр орны найрамдал нөхөрлөл үеийн үед батжих ерөөлийг дэвшүүлж байна. Эртний нүүдэлчдийн гал голомт мөнх тэнгэрийн орон манай улсад тавтай морилохыг урьж байна” гэлээ.

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин,

Биднийг дотно, халуунаар хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч, найрсаг Монголын ард түмэнд баярлалаа. Австралийн амбан захирагчийн хувьд хоёр дахь удаагаа айлчилж байгаа удаа энэ боллоо. Үүний өмнө 30 гаруй жилийн өмнө манай улсын амбан захирагч Монгол Улсад айлчлал хийж байсан юм.

Монгол Улсын гуравдагч хөрш болох Австралиас хийж байгаа энэ айлчлал олон жилийн турш өрнөн бэхэжсэн хоёр орны найрсаг харилцааны илэрхийлэл билээ.

Австралид амьдарч байгаа монгол иргэдээр бид бахархдаг. Австралиас ч олон жуулчин, уран бүтээлчид Монголд ирж байна. Ирээдүйд улам олон австраличуудыг үзэсгэлэнтэй, динамик Монгол оронд ирээсэй гэж хүсэж байна.

1994 онд манай хоёр орны хамтын ажиллагаа эхлэхэд зоригт зургаан монгол оюутан Австралийг зорьсон. Одоо оюутнууд хэдэн мянгаар тоологдож байна. Мөн эрдэс баялаг, эрчим хүчний салбарт Австралийн компаниуд хөрөнгө оруулж, хамтран ажилладаг. Энэ салбарыг улам бүр сонирхож байна.

Австрали, Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн ижил сорилттой тулгарч байна. Иймд дэлхийд алдартай Монголын ХАА салбар үүнд хэрхэн дасан зохицож буйг мэдмээр байна.

 Халуун дотноор хүлээн авсанд дахин талархал илэрхийлье" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сүрхий удирдагч бнаа ! Хамгийн гол зүйлийг маш энги йн байдлаар илэрхийлжээ !

Холбоотой мэдээ

Back to top button