УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Улсдаа олон салбарын туршлагаар үнэлэгдсэн Австралийн Амбан захирагч Саманта Мостин гэж хэн бэ

Монгол Улсад өнөөдөр албан ёсоор айлчилж буй Австрали Улсын Амбан захирагч Саманта Мостин нь өнгөрсөн оны 7-р сарын 1-нд одоогийн албан тушаалд сонгогдон, тангараг өргөж байжээ.

Тэрбээр бизнесийн салбарын төлөөлөл, нийгмийн манлайлагч төдийгүй Австралийн олон нийтэд үзүүлсэн онцгой үйл хэргээрээ хэдийн танил болсон нэгэн билээ. Хатагтай Мостин нь бизнес, спорт, уур амьсгалын өөрчлөлт, урлагийн чиглэлээр бодлого боловсруулж, ашгийн бус байгууллагуудад олон жил удирдах түвшний ажил гүйцэтгэж байсан юм.

2024 онд хатагтай Мостины нийгэмд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Австрали Улсын төрийн дээд одонг хүртээж байсан бөгөөд 2021 онд мөн төрийн дээд одонгоор шагнуулжээ. Энэ нь түүний хүртсэн олон шагналуудын ердөө хэсэг нь бөгөөд тэр Австралийн Үндсэний Их Сургуулийн Хуулийн хүндэт докторын цолыг мөн хүртэж байв.

Сүүлийн жилүүдэд тэр улсынхаа “Aware Super, Centre for Policy Development”, “Beyond Blue”, “Australians Investing in Women”, “Foundation for Young Australian”s, “Women’s Economic Equality Taskforce”, “Australian National Research Organisation for Women’s Safety (ANROWS)” болон “The Climate Council” зэрэг нэр хүндтэй байгууллагуудын ТУЗ-ийн даргаар ажиллаж иржээ. Мөн “Mirvac, Citi Australia”, “Transurban”, “Virgin Australia” зэрэг Австралийн тэргүүлэх компаниудын ТУЗ-д багтан ажиллаж байсан.

  • 2005-2017 он хүртэл Австралийн Хөлбөмбөгийн Лигийн комиссараар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа эмэгтэйчүүдийн спортыг тууштай дэмжиж, эмэгтэйчүүдийн лигийг байгуулахын төлөө тууштай ажиллаж, эмэгтэй мэргэжлийн баг тамирчдад зориулагдсан цор ганц менторшип, хөгжлийн хөтөлбөр болох “Minerva Network”-ийг хамтран үүсгэн байгуулж байв.
  • 2013-2017 онд тэр Австралийн Олон Улсын Хөгжлийн төлөөх Зөвлөлийн Ерөнхийлөгчөөр ажиллаж, 2012 онд Үндэсний Сэтгэцийн Эрүүл Мэндийн Комиссын анхны комиссараар томилогдон ажилласан юм. Мөн 2010 онд Австралийн Олон Янз Байдлын Зөвлөлийн дэд даргаар, 2010-2014 оны хооронд Кембрижийн Их Сургуулийн “Бизнес ба Тогтвортой Хөгжлийн Манлайлал” хөтөлбөрийн Австралийн багшийн бүрэлдэхүүнд багтаж байв.

Мөн Австралийн Урлагийн Зөвлөл тэргүүтэй салбар салбарын тэргүүлэх чиглэлийн, нэр хүндтэй байгууллагуудын Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан түүнийг Амбан захирагчаар сонгогдох үед олон нийтийн хүлээлтэд хүрсэн цөөн хүмүүсийн нэг хэмээн онцолж байсан билээ.

Монгол Улсад өмнө нь 1994 онд Австрали Улсын Амбан захирагч Билл Хайден айлчилж байсан бөгөөд 31 жилийн дараа ийн тус улсын 28 дахь Амбан захирагч Саманта Мостин айлчилж байна. Австралийн Ерөнхий амбан захирагч нь улсын тэргүүн бөгөөд Вант улсын хааны төлөөлөгчийн хувиар үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхий амбан захирагчийг Австралийн Ерөнхий сайдын зөвлөмжийн дагуу Хаан томилдог журамтай аж.

Хатагтай Саманта Мостин Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж, ардчилсан хоёр улсын өргөжин хөгжиж буй харилцааг онцлон тэмдэглэхээс гадна Монголд байх хугацаандаа Оюу толгойн уурхайд зочилж, эдийн засгийн хамтын ажиллагаа болон цаашдын боломжуудыг хэлэлцэх талаар Амбан захирагчийн Хэрэг эрхлэх газрын албан сайтад мэдээлжээ.

Түүний айлчлал Монгол, Япон, Вьетнам улсад хийгдэхээр төлөвлөгджээ.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button