Украин ОХУ-ын газрын тос боловсруулах томоохон үйлдвэрт цохилт өглөө

Украины зэвсэгт хүчин сүүлийн үед ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө эрчимжүүлэх болсон. ОХУ-ын албан тушаалтнууд мэдээлснээр Украин 361 дроноор халдлага үйлдэх гэж оролджээ. Халдлагын улмаас Кириши газрын тос боловсруулах үйлдвэрт богино хугацаанд гал гарсан гэж албан тушаалтнууд мэдээлсэн байна.
Оросын Батлан хамгаалах яам мэдээлснээр 361 дроноос гадна дөрвөн ширхэг чиглүүлэгчтэй агаарын бөмбөг, АНУ-д үйлдвэрлэсэн HIMARS пуужин Украин харважээ. Сургутнефтегаз компанийн Кириши үйлдвэр нь ОХУ-ын хамгийн том хоёр газрын тос боловсруулах үйлдвэрийн нэг юм. Ленинград мужийн дарга Александр Дрозденко мэдэгдэл хийхдээ Кириши бүсэд гурван дроныг буудаж устгасны улмаас богино хугацаанд гал гарсан гэжээ. Халдлагын улмаас хүн бэртсэн тохиолдол гараагүй гэж тэр мэдэгдсэн юм.
Украины дроны командлал газрын тос боловсруулах үйлдвэр рүү халдсан гэдгээ баталж мэдэгдэл хийсэн байна. Тус командлал мэдэгдсэнээр цохилт амжилттай явагджээ. Дэлхийн гүрнүүд Украины дайныг дуусгах талаар хэлэлцэж байх хооронд хоёр талын дроны мөргөлдөөн ширүүссээр байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.