Сэрвээний өндөр: Шинэ стандартаар даага 128 см, шүдлэн 133 см болж, 1 см-ээр нэмэгджээ

Стандарт, хэмжил зүйн газрын даргын энэ оны есдүгээр сарын 02-ны өдрийн C/31 тоот тушаалаар “Мал аж ахуй, Монгол адуу, Ерөнхий шаардлага” (MNS 4099:2025) шинэчлэгдэн батлагдсан байна.
Тус өөрчлөлтөөр даага насны сэрвээний өндрийг 118-128 см, шүдлэн насны сэрвээний өндөр 126-133 см болгон өөрчилж өмнөх стандарт хэмжээнээс тус бүр нэг см-ээр нэмэгдүүлжээ. Мөн Азарга сэрвээний өндөр 134-140 см, Гүү 131-137 см, Их морь 133-141 см, Соёолон 132-140 см, Хязаалан 129-137, Шүдлэн 126-133, Даага 118-128 см байхаар заажээ.

Монгол адууны үүлдэр, шинж төрх, биеийн үндсэн хэмжээ, ашиг шимийн үзүүлэлтээр нь ангилан авч үзсэн байна. Тодруулбал, Монгол үүлдрийн цөм сүргийн адууны биеийн үндсэн хэмжээг Азарга 135-139 см, Гүү 130-134 см, Морь 137-141 см, Соёолон 132-137 см, Хязаалан 128-136 см, Шүдлэн 125-136 см, Даага 122-125 см гэжээ. Монгол адууны ерөнхий шинж нь жижгэвтэр чийрэг бие цогцостой, болхи том толгойтой, монхордуу хамартай, богино бүдүүн хүзүүтэй, чих богино, жижиг нүдтэй, урт шулуун нуруутай, налуу хондлойтой, бат бэх ястай, цомбон туурайтай, өтгөн дэл сүүлтэй, зузаан арьстай байдаг байна. Ихэвчлэн хээр, хүрэн, зээрд, хул, хонгор зүс зонхилох боловч бусад зүсний адуутодорхой хэмжээгээр тохиолдох аж.
Тэгвэл “Галшар үүлдрийн цөм сүргийн адууны биеийн үндсэн хэмжээ, ашиг шимийн үзүүлэлтэд Азарга 135-138 см, Гүү 134-137, Морь 132-140, Соёолон 134-140, Хязаалан 133-136 см, Шүдлэн 131-136 см, Даага 119-130 см байхаар заасан байна. Галшар үүлдрийн адуу нь чийрэг бие цогцостой, өргөн гүн цээжтэй, богино бахим хүзүүтэй, булчингийн хөгжил сайтай, гэдэс хэвлий том, зузаан арьстай, өтгөн дэл сүүлтэй байдаг байна. Түүнчлэн нийт сүргийн 70 орчим хувь нь цагаан, бүгээн зүстэй байна.

Тэрчлэн Тэс үүлдрийн адуу, Дархад омгийн адуу, Мянгад омгийн адуу, Өндөршил омгийн адуу зэрэг ангилаар ангилан тус бүх нь сэрвээний өндөр бусад үзүүлэлтийг шинэчлэн тогтоосон байна.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.