Францын хамгийн чинээлэг хүн эд хөрөнгийн татварыг шүүмжлэв

“LVMH” группийн дарга, Францын хамгийн баян хүн болох Бернард Арно чинээлэг хүмүүст оногдуулахаар зэхэж буй 2 хувийн татварыг шүүмжилсэн байна. Энэ төлөвлөгөө нь Францын эдийн засагт халдаж буй хэт зүүний үзэл суртал гэж Арно хэлжээ. Түүний гэр бүл 157.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
Тэрхүү татвар нь 100 сая еврогоос дээш эд хөрөнгөтэй хүмүүст хамаарах юм. Сүүлийн үед хөрөнгийн татварын асуудал Францын улс төр болон нийгмийн орчинд ихээхэн анхаарал татаад байгаа. Парламент дахь том гурван намын нэг болох Социалист нам хөрөнгийн татварыг хэрэгжүүлэхийг саяхан ажлаа хүлээн авсан Ерөнхий сайд Себастьян Лекорнуд уриалсан. Хэрвээ хэрэгжүүлэхгүй бол итгэл хүлээлгэх санал хураалт явуулна гэж Социалист нам мэдэгдсэн байна.
Тэгвэл Арно Их Британийн “Sunday Times” агентлагт ярилцлага өгөхдөө “Татварын сэдэв бол техник, эдийн засгийн мэтгэлцээн биш. Харин Францын эдийн засгийг сүйрүүлэх гэсэн хүсэл” гэжээ. Хөрөнгийн татварыг боловсруулсан эдийн засагч Габриэль Зукманыг хэт зүүний үзэлтэй идэвхтэн гэж Арно шүүмжилсэн байна. Зукман үүнийг үгүйсгэж “Би ямар нэгэн хөдөлгөөний гишүүн, намын идэвхтэн байгаагүй” гэж мэдэгдэл гаргажээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэн биднээс татвар аваач гэдэг вэ ? Нэг нь байнга тэгдэг.