М.Болор-Эрдэнэ: “Ухаалаг ногоон бүс" теле камерын хяналтын дэд төвүүдийг ашиглалтад орууллаа

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Теле хяналтын ашиглалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Болор-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.
-“Ухаалаг ногоон бүс” төслийн хүрээнд хэчнээн камер суурилуулсан, үр дүнг хэрхэн тооцож байгаа вэ?
Монгол Улсын Үндсэн хуульд иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн төлөө цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Үүний нэг нь нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд хяналтын камер суурилуулах юм. Уг ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт болон аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотойгоор өрнүүлж байгаа бөгөөд “Ногоон бүс-I, II, III” төслөөр аймгуудад 33 мянга гаруй, нийслэлд 51 мянга гаруй, нийтдээ 84.388 камерыг байршуулаад байна.
-Дэд төвүүдийг байгуулж, нэгдсэн систем рүү шилжиж байгаа нь үнэхээр том алхам гэж харж байна. Энэ ажил ямар түвшинтэй явж байгаа вэ?
- Бид камержуулах ажлыг нэгдсэн бодлого, төлөвлөл, зохион байгуулалт, түүний аюулгүй байдал, холбогдох зардал, дэд бүтцийн талаар зохицуулсан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолыг батлуулсан. Үүний хүрээнд аймаг, дүүргүүдийн нутгийн захиргааны байгууллагатай хамтран “Теле камерын хяналтын дэд төв”-үүдийг байгуулж ашиглалтад оруулан, ухаалаг хяналтын систем нэвтрүүлж, хүн, автомашиныг таних, тодорхойлох, бүртгэх, их өгөгдөлд суурилсан систем болон хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамжийг ашиглаж эхэллээ. Ингэснээр хүний шууд оролцоог багасгаж, илүү үр дүнтэй, найдвартай хяналт бий болгож чадсан гэж үзэж байгаа. Мөн бид шаардлагатай тоног төхөөрөмж, систем, ухаалаг программ хангамжийн өргөтгөл, хүчин чадлыг нэмэгдүүлэн ажиллаж байна.
-“Теле камерын хяналтын дэд төв”-ийг “Нэгдсэн төв”-тэй холбох нь ямар давуу талтай вэ?
- Цаашид хяналтын камерын тоог нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг бүрэн камержуулах ажлын улсын төсөв болон иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой хэрэгжүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах бөгөөд мэдээллийг шуурхай дамжуулах, нэг эх үүсвэрээс авах, аюулгүй байдлаг хангахын тулд “Дэд төв”-үүдийг “Нэгдсэн төв”-тэй холбох ажлыг хэрэгжүүлнэ.
Ингэснээр улсын хэмжээний нэгдсэн систем бий болж иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх, гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх зэрэг олон эерэг давуу талууд бий болно.
-Хяналтын камерыг хэвийн ажиллалууах гол хүчин зүйл нь ашиглалтын зардал байдаг. Ашиглалтын зардлыг ер нь хэрхэн шийдвэрлэх ёстой байдаг вэ?
- Хяналтын камерыг хэвийн, тасралтгүй ажиллуулах гол хүчин зүйл бол засвар, ашиглалтын зардал. Камер хэвийн ажиллах үндсэн суурь дэд бүтэц (Шилэн кабель, цахилгааны холболт)-ийн зардлыг хамтад нь заавал шийдвэрлэж, төсөвт тусгаж байх шаардлагатай. “Теле камерын хяналтын дэд төв”-д камеруудыг нэгтгэснээр засвар, ашиглалт, үйлчилгээний зардал шийдэгдэж хэвийн ажиллах нөхцөл бүрдэж байна.
-Теле хяналтын камерын нэгдсэн системд холбогдох ажилд иргэн, аж ахуйн нэгжүүд ямар оролцоотой вэ? тийм эрх зүйн орчин, заасан заалт бий юу?
- Камержуулах ажлыг дан ганц улсын төсвийн хөрөнгөөс гадна иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой зохион байгуулах бодлого, хууль эрх зүйн орчин бүрдсэн байгаа. Тухайлбал Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ын 7.3.8-д “Нийслэл, орон нутгийн төвүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хяналтын камерын нэгдсэн төв бий болгож, мэдээлэл, харилцаа холбоо, барилга байгууламжийн дэд бүтцийг орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх”, Монгол Улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2.1.12-т “Эрүүл, аюулгүй орчныг бий болгох зорилгоор камерын хяналтын нэгдсэн системийг суурьшлын бүсийн 80 хувьд хүргэнэ”, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28.1.15-д “иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хадгалалтын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөл, боломжийг байнгын бүрдүүлж, арчлан хамгаалах, шаардагдах зардлыг хариуцах” үүргийг нутгийн захиргааны байгууллагад, 30.1.5-д “барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа стандартад нийцсэн дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд үнэ төлбөргүй холбох, шаардлагатай техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлэх, хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавих”-ийг хуулийн этгээдэд үүрэг болгосон байдаг.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэцүү зэвүүн нйигэмд иргэний аюулгүй байдлыг хангах сайн ажил болжээ.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud