Улс төрийн мэдээ

Ерөнхий ассамблей: Дэлхийн индрээс хэлсэн Монголын Ерөнхийлөгчийн үгээс ОНЦЛОХ ДОЛООН САНАА

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар Нью-Йорк хотноо дэлхийн улс орны удирдагчид нэгэн дээвэр дор уулздаг. Том гүрнүүд том асуудал ярина, тэдний байр суурь дэлхийн хэмжээний анхаарал татсан сэдвийг тодорхой болгож өгдөг.

Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Ерөнхий санал шүүмжлэл гэж үйл ажиллагаа явагдах уламжлалтай. Үүгээр НҮБ-аас тавьж буй энэ жилийн үзэл санааны хүрээнд улс орнууд өөрсдийн байр суурийг илэрхийлдэг. Улс орон гэдэг нь улсын ерөнхийлөгч, төрийн тэргүүн гэсэн үг.

Монголын гадаад бодлого шинэ шатанд гарч байгаа нь давын өмнө Ерөнхий санал шүүмжлэлийн индэр дээрээс хэлэгддэг төрийн тэргүүний үгээс мэдэгдэх болоод удаж байгаа. Улс орнууд дунд эрэмбэ, ангилал гэж бий. Тэр ангиллаас дээш дэвших нь бидэндээ чухал.

Тодорхой байр суурьгүй, хэлэх санал шүүмжлэлгүй тэр ангиллаас НҮБ-ын зорилтын биелэлтээ хэлдэг, ижил нөхцөл байдал бүхий улс орнуудаа түүчээлж эхэлснээ зарладаг, өөрсдийн онцлогт тулгуурлан дэлхий дахинд шинийг уриалдаг тэр шатанд жил ирэх бүр дэвшиж байгаа нь өнөөдөр ч мэдэгдэж, харагдаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ жилийн Ерөнхий ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгээс дараах санааг онцлон тэмдэглэхээр байна,

Нэг: “Монголын их амар амгалан”. Их Монгол Улсын тунхагласан “Монголын их амар амгалан” нь өнөөгийн НҮБ-ын дэвшүүлж буй зорилтын үндэс суурь гэлтэй дэвшилтэт үзэл санаа байсан гэжээ. Энэ жилийн сэдэв дахиад л энх тайванд нэн тэргүүнд чиглэж байгаа. “Энх тайвны талд бид өнө эртнээс зогссон, одоо ч зогсоно” гэсэн санааг хамгийн эхэнд, үүгээр өгчээ.

Хоёр: Энхийг сахиулах алба. Энх тайван гэсэн сэдвийн хүрээнд өөрсдийн оруулж байгаа хувь нэмрийг онцлохдоо, НҮБ-ын энхийг сахиулах 16 ажиллагаанд манай 23 мянга гаруй энхийг сахиулагчид оролцсон, үүгээрээ 120 гаруй улсаас эхний 20 дотор эрэмбэлэгдэж байгааг уламжлал ёсоор хэлсэн аж. Үүгээр тогтохгүй эмэгтэйчүүдийн эзлэх хэсгийг 14 хувьд хүргэсэн гэдгээ “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоол батлагдсаны 25 жилийн ойг дурдахын хамт онцолжээ.

Гурав: Санхүүжилт. НҮБ-аас хөгжиж буй оронд хуваарилах санхүүжилт нэмэгдэх ёстойг жил бүр шүүмжилдэг. Манай улс ч олон улсын байгууллагаас хөрөнгө татах ёстой. Энэ удаа Испанийн Севилья хотод болсон Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх Дөрөвдүгээр бага хурлаар хамгийн гол нь санхүүжилт гэдэгт санал нэгдэцгээсэн. Уг хурлаар баталсан баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд, санхүүжилтийг хамгийн хэрэгцээтэй хэсэгт хуваарилах ёстой гэдгийг Ерөнхийлөгч хэлжээ.

Дөрөв: COP17. Манай улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн бол олон улсын сэдэв. Энэ чиглэлд манайх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлснээрээ оноо авдаг. Тэгвэл энэ дээрх хурлыг зохионо, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд манай улс НҮБ-тай хамтран “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” дэвшүүлсэн гэдгээ хэлжээ.

Тав: Адууны өдөр. Монгол Улс жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг санаачилсан. Үүнийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар батлуулсан. Уг тогтоолыг батлалцсан НҮБ-ын бүх гишүүн улс оронд мориндоо хайртай Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье гэжээ. Адуу гэдэг агуулгыг Монголын нэрээр тамгалахаас гадна байгаль орчинд ээлтэй философиор замнаж ирсэн, цаашид ч замнах үндэстэн гэдгээ ингэж хэлжээ.

Зургаа: Эмэгтэйчүүд. Уур амьсгалын өөрчлөлттэй эн зэрэгцэх дэлхийн сэдэв бол жендерийн тэгш байдал болдог. Парламентын гишүүдийн 25 хувийг эмэгтэй гишүүд эзлэх боллоо, “Дэлхийн эдийн засгийн форум”-ын жендэрийн зөрүүтэй байдлын үнэлгээний 2025 оны тайланд Монгол Улс өнгөрсөн оноос 20 байраар урагшиллаа, Ази, Номхон далайн бүс нутагт 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ гэдгийг энд хэлэв.

2022 онд “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурал”, 2023 онд “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”, 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулсныг бас онцолжээ.

“Ертөнцөд мөнхийн үргэлжилдэг цор ганц юм бол өөрчлөлт” гэж Хераклитийн үгийг эш татаад, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад эмэгтэй хүн нэр дэвшүүлэх болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы даргаар жил сөөлжүүлэн эмэгтэй хүн томилох тухай санаачилгыг дэмжиж байна гэсэн нь энэ сэдвээр манай улс маш бат бөх байр суурь илэрхийлэх имижтэй болчихсныг харууллаа.

Долоо: “Дэлхий нийтийн амар амгалан”. Ингээд төгсгөлд нь энх тайвны агуулга дээр эргэж очоод, олон улсын харилцааг талцал хуваагдал руу чиглүүлсэн олон туйлт бус, харин аливаа улс орны үүх түүх, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар цогцлоон хөгжүүлэх нь улам чухал болж байна гэжээ.

Улмаар “Найман зууны тэртээ улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүн төрөлхтөн хөгжин дэвжих үндэс суурийг тавьсан “Монголын их амар амгалан”-гийн үзэл санааг шингээн, Пакс Глобалика буюу “Дэлхий нийтийн амар амгалан”-г тогтоож чадахуйц хүчирхэг НҮБ болгохын төлөө бүх гишүүн улс орон хамтран зүтгэцгээе” гэсэн нь анхаарал татлаа. Эхлэлд хэлсэн “Монголын их амар амгалан”-гаа төгсгөлд “Дэлхий нийтийн амар амгалан” болгож дуусгасан нь ихээхэн оновчтой болжээ.

Жил бүр л "Тэрбум мод"-ыг ярьдаг байсан бол энэ удаа дурдсангүй. Ганц хийсэн ажлаа хуралдаан бүр дээр онцолдог тийм жишгээс гадуур, цөлжилтийн агуулгаарх олон улсын хурлыг нь эх орондоо одоо зохиох гэж байна гэсэн амбиц энд илэрхийлэгдлээ. Өөрийн гэсэн байр сууриа нэгэнт олж, цаашид улам батжуулж байгаа имижийг улс орны хэмжээнд дэлхийн индэр дээрээс хангалттай хэлчихсэн нь харагдаж байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Кофи Аннан
Кофи Аннан

У.Шаварсүх

Холбоотой мэдээ

Back to top button