Нийгэм мэдээ

Дамбадаржаа 63 МВт дулааны станцын барилгын ажил 2026 оны наймдугаар сард дуусна

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр 63 МВт суурилагдсан чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд уг төслийг хэрэгжүүлж буй. 63 МВт хүчин чадалтай тус станц нь эргэлтэт буцламтгай үе давхаргат (CFBC) технологи бүхий 3х21МВт хүчин чадалтай зуухтай. Зуухны ашигт үйлийн коэффициент 86 хувь бөгөөд хорт бодис, нарийн үнс, тоос зэргийг уутат шүүлтүүр болон шохойн чулуу ашиглан 95–98 хувь хүртэл бууруулах, байгаль орчинд ээлтэй шийдэлтэй юм.

Тус станцын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын хоёрдугаар металлурги групп корпорац” ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар төслийн нийт хэрэгжилт 40 орчим хувьтай үргэлжилж байна. Үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, конвейерийн барилга, захиргаа аж ахуйн барилга, хими ус бэлтгэлийн барилга, механик цехийн барилга зэрэг 10 гаруй үндсэн болон туслах барилгын газар шороо, төмөрбетон суурийн ажил бүрэн хийгджээ. Мөн 86 метрийн өндөр цутгамал төмөрбетон утааны яндангийн цутгалт болон өндөр температурт тэсвэртэй дотор өрлөгийн ажил дууссан байна.

Түүнчлэн дулааны станцын барилга угсралтад ашиглах гол тоног төхөөрөмжүүдийн гадаад захиалга хийгдэж, үндсэн зуухны тоноглолын 30 гаруй хувийг талбайд нийлүүлээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар зуухны рамын угсралт болон бусад барилга байгууламжийн +0.00 түвшнээс дээших металл бүтээцийн угсралтын ажил эхэлсэн. Гүйцэтгэгч байгууллага 2025–2026 оны өвөл металл хийцийг угсарч, барилгуудыг бүрэн битүүлэх ажлыг төлөвлөн гүйцэтгэхээр ажиллаж байна. Төслийн гэрээний дагуу Дамбадаржаа дулааны станцын барилгын ажлыг 2026 оны наймдугаар сард дуусгаж, есдүгээр сараас туршилт тохируулгын ажлыг эхлүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button