Ж.Чинбүрэн: 2025 оны өрийг 2026 оны төсвөөс төлөхгүй хэмнэж чадвал эмч нарын цалинг 10 хувь нэмнэ

Засгийн газрын хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр,
“300 мянган хүн тунд томуугийн вакцин хийх ёстой. Иргэдийн хамрагдалт маш сайн байна. 30-ны байдлаар 60 хувьтай хамрагдсан нь урьд өмнө байгаагүй амжилт. Нийт 160 мянган хүүхэд хамрагдах шаардлагатайгаас 96 мянга нь хийлгэчихсэн байх жишээтэй. Багш нар бол 100 хувь хамрагдсан байна, тэдэндээ баярлалаа.
Вакцин хийлгэснээр ханиад хүрэхгүй, хүрсэн ч хүндрэхгүй бөгөөд эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулна. Улаанбурхан томуутай давхардаад том ачаалал үүсгэх вий гэж болгоомжилж байсан. Одоогоор хичээл сургууль эхэлчихсэн ч зарим өдөр 2-3-хан улаанбурханы тохиолдол бүртгэгдэж байгаа нь сайн. Томоохон давлагаа эхлэхгүй болов уу гэсэн таамаглал байна” гэлээ.
-200 гаруй эмнэлгийн даатгалын тусламж үйлчилгээ дууссан гэх мэдээлэл дээр?
-Өчигдөр програмын шинэчлэл хийсэнтэй холбоотой даатгал зогслоо гэсэн мэдэгдэл очиж сандаргасан. Диализын эмчилгээг бол зогсоохгүй. Яаралтай мэс заслыг зогсоохгүй. Хавдрын тусламж үйлчилгээг бас зогсоохгүй гэдэг байдлаар үргэлжилж байгаа. Ер нь 2025 оны санхүүжилт хэдийнэ наймдугаар сард дуусчихсан. 200 гаруй эмнэлэг даатгалын үйлчилгээгээ зогсоосон зүйл бол байхгүй шүү.
-Эмч нарын цалинг нэмэх үү?
-Ж.Чинбүрэн цалин нэмүүлэхгүй гэж хэлээгүй. Хүмүүс тэгж яриад байна. 2025 онд салбарын төсвөөсөө 2024 оны өрийг төлсөн юм. Энэ буруу. Ийм нөхцөл байдлыг давтахгүйн тулд хичээж байна. 2025 оны өрийг 2026 онд төлөхгүй гэвэл цалинг 10 гаруй хувиар нэмчих боломж байгаа юм. Тэгэхээр сахилга бат хэрэгтэй байна. ЭМДС-д мөнгө өгөөд л байдаг, цоорхой шанага шиг урсаад байж болохгүй. Хулгайтай тэмцэх ёстой. Тийм учраас л сахилга баттай байя гэдэг асуудлыг яриад байгаа юм.
-ЭМДЕГ-ын захирлаас С.Энхболдыг чөлөөлсөн үү, шинэ захирлыг хэзээ томилох вэ?
-Чөлөөлсөн. Түр орлон гүйцэтгэгч тавьсан. Сонгон шалгаруулалт зарлана, удахгүй. Илүү санхүү талын, эрсдэлийн менежмент хийж чаддаг хүн байлгая гэж үзэж байгаа.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Асуултанд хүн ямар ч хариулт өгч болно. Үүнд заава л хүн сүрдүүлээд зана лхийлээд мафийн босс мэт аашлах нь зохисгүй.