Нийгмийн

Б.Мөнхбаатар: Сэтгэлээ өөрчилбөл би-д барих сэтгэлээс салж, бодь сэтгэлийг төрүүлэн, зөв зам мөрд орж чадна

Өнөөдөр төв Гандантэгчэнлин хийдэд "Буддизм ба шинжлэх ухаан" олон улсын эрдэм шинжилгээний хурал болж буй билээ. Энэ үеэр Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит гэвш Б.Мөнхбаатар “Буддизм ба сэтгэл судлалын огтлолцол” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд илтгэлийн гол агуулгыг товчлон хүргэж байна.

"Хүн сэтгэлээ зохицуулж чадахгүй үед бухимдал, айдас, шунал, уур хилэн зэрэг сөрөг сэтгэгдлүүд хүчтэй илэрч, энэ нь бие махбодийг тэнцвэргүй болгож, улмаар олон төрлийн өвчний суурь шалтгаан болж байдаг.

Сэтгэлийн замбараагүй байдал нь зөвхөн дотоод амар амгаланг алдагдуулаад зогсохгүй нийгмийн харилцаа, хууль эрх зүй, санхүүгийн хүндрэл, өөрийгөө болон бусдыг гэмтээх аюулд хүргэх сөрөг үр дагавар ч бий. Орчин үеийн сэтгэл судлалын судалгаагаар хүний тархинд өдөр тутмын сэтгэл хөдлөл, стресстэй холбоотой өөрчлөлтүүд илэрдэг. Ялангуяа тархины урд хэсгийн гэмтэл нь хэл яриа, ой санамж, танин мэдэх чадварт сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон.

Энэ талаас нь буддист үзлээр тайлбарлавал, хүний шунал хүсэл, уур хилэн, эргэлзээ тээнэгэлзээ зэрэг мунхаг сэтгэлүүд амар амгаланд саад болж буйг харуулж байна. Буддын гүн ухаанд “сэтгэлээ өөрчилбөл би-д барих сэтгэлээс салж, бодь сэтгэлийг төрүүлэн, зөв зам мөрд орж чадна” гэж сургадаг.

Өөрийнхөө тусыг бүтээх зам нь бусдын тусыг бүтээхтэй салшгүй холбоотой учраас бодь сэтгэлийг үүсгэн бясалгах нь чухал.Орчин үеийн судалгаагаар анхаарал төвлөрөл (mindfulness) болон энэрэн нигүүлсэх бясалгал хүний сэтгэл зүйд өндөр ач тустай болохыг нотолжээ. Жил бүр тогтмол бясалгал хийдэг хүмүүсийн ой санамж, асуудал шийдвэрлэх чадвар сайжирч, стресс тайлагдаж, амьдралын чанар дээшилдэг байна. Ялангуяа энэрэн нигүүлсэх бясалгалын ач холбогдлыг судлаачид онцолж, хүнийг илүү тайван, уужим сэтгэлтэй болгож байгааг дурдсан" юм.

Гэвш Б.Мөнхбаатар илтгэлийнхээ төгсгөлд, Буддизмыг БИЛЭГ, Орчин үеийн шинжлэх ухааныг АРГА хэмээн үзвэл, арга билэг хоёр нь хамтран уялдаж, хүний сэтгэл зүй болон нийгмийн хөгжилд асар их ач холбогдолтой хэмээн тэмдэглэв.

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) М.Батаа энэ илтгэлийн тухайд, “Агуулгаа гүн гүнзгий, хүмүүст бодит үр өгөөжтэй, сонирхолтой байдлаар хүргэлээ” хэмээн онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мөн ч мэдлэгтэй мундаг лам даа. Англи хэл нь ус цас

Бодь гэж юу гэсэн үг вэ ?
Бодь гэж юу гэсэн үг вэ ?

Бодь гэдэг ?

Back to top button