О.Цогтгэрэл АН-ын даргаар ажлын 14 хоногт бүртгэгдсэн шиг хялбар замаар Д.Амарбаясгалан явахгүй нь

АН-ын даргаар О.Цогтгэрэл 2025.08.31-ны өдөр томилогдож, ажлын 14 хоногийн дараа УДШ түүнийг албажуулсан. Харин МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд 2025.11.15-нд болох Их хурал хүртэлх ажлын 34 хоног байна.
Зохицуулалтаараа бол МАН даргаа бүртгүүлэх хүсэлтийг УДШ 30 хоногт багтаан шийдэх учиртай. Тэгэхээр МАН-ын Их хурал хүртэл Д.Амарбаясгалан дээр гүрийх боломж УДШ-д байна. Ямар ч шалтаг гаргаад ирж болно. Шуудхан бүртгэчих ч боломж бий. Мэдээж Д.Амарбаясгалангийн хувьд намынхаа Их хуралд орохдоо УДШ-д бүртгүүлчихсэн байвал сайн.
Ийм цаг хугацааны хайчийг хааш эргүүлэх нь харин Ерөнхийлөгчийн асуудал. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэлийн бүртгэлийг маналзуулсан шигээ Д.Амарбаясгаланг хурдан бүртгүүлчих боломж ганц түүнд л байгаа юм.
Бага хурлын өмнө "Ерөнхийлөгчийн дэмжлэггүй боллоо" гэгдсэн Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн турш улс төрийн хожилтой тоглоом эхлүүлэн, АН үүнийг нь шууд дэмжигч болчихлоо. АН ийм байгаа нь, О.Цогтгэрэл УДШ дээр гэрлийн хурдаар намын дарга хэмээн бүртгэлжсэнтэй холбоотой байж болохуйц. Тэр ҮБХ-ны хурлын өмнө бүлгийн даргаа Л.Гантөмөрт өгөх тохироо хийсэн байдаг. Гэвч бүлгээ ч намаа ч зэрэг удирдаж, шуудхан парламентын танхимаас гишүүдээ дагуулаад орхиод гарч байна.
Энэ чигээрээ Их хурал хүртэл МАН дотооддоо үзэлцэж, АН улс төрийн хүчний хувьд шуудхан Ерөнхийлөгч ба Г.Занданшатарын талд гарвал парламентын үйл ажиллагаа ч тасалдах нь. Ерөөс АН сөрөг хүчний байр сууриараа л эрх баригчдын дотоод зодоонд оролцохгүй, аль нэг талыг нь түшиглэх, наймаалцах хэв шинж рүү бүрэн гулсчихаад байна.
Нөгөө талд гүйцэтгэх засаглалын танхимын бүрэлдэхүүнд Б.Энхбаярыг оруулах эсэх асуудлыг Д.Амарбаясгалан процессын хуулиар нь парламент дээр гацаавал улам ч ойлгомжгүй байдал үүсэх нь. Үүн дээр ч АН сөрөг хүчнийхээ хувьд хэрхэн хандах бэ гэдэг нийгмийн хүлээлт үүсээд байна.
Одоогийн байдлаар МАН-ын даргын асуудал улс төрийн халуун сэдэв болсоор, даргаа бүртгүүлэх хүсэлтээ УДШ-д өгөөгүй хэвээр байгаа юм.
Энэ талаарх редакцын өмнөх агуулга
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.