Леброны томоохон мэдэгдэл зүгээр л тоглоом байв

NBA-ийн од Леброн Жеймс сошиал хуудас дээрээ учир битүүлэг нийтлэл оруулдгаараа алдартай. Тэр даваа гарагт /2025.10.06/ нэгэн пост оруулахдаа томоохон мэдэгдэл хийнэ гэсэн юм. Энэ арванхоёрдугаар сард 41 нас хүрэх түүний тус нийтлэл фэнүүдийг нь хэд хэдэн таамаглал дэвшүүлэхэд хүргэсэн. Тэдгээр таамаглалуудын нэг нь Леброн зодог тайлахаа мэдэгдэж магадгүй гэх яриа байв.
Тэгвэл мягмар гарагт /2025.10.07/ түүний гаргасан томоохон мэдэгдэл нь зүгээр л Hennesy вискиний сурталчилгаа байсан юм. Гэхдээ зүгээр нэг сурталчилгаа биш. 15 жилийн өмнө буюу 2010 оны долоодугаар сард Леброн Cleveland Cavaliers багаас явж Miami Heat-ийн төлөө тоглон, супер баг үүсгэх “сонголт” хийж буйгаа мэдэгдсэн. Леброн тухайн үед “Энэ намар, авьяас чадвараа өмнөд эрэг рүү авч явна” гэж хэлж багаа солих гэсэн шийдвэрээ танилцуулсан билээ. Сагсан бөмбөг сонирхогчид уг шийдвэрийг нь “сонголт” гэж нэрлэдэг.
Леброн тэрхүү сурталчилгаа дээрээ 15 жилийн өмнөх том “сонголт” дээрээ хэлсэн үг, өмссөн цамцтайгаа адилхан хувцас өмссөн байв. Тэр сурталчилгаа дээрээ “Энэ намар би авьяас чадвараа Hennesy V.S.O.P-руу авч явна” гэж хэлжээ. Түүний энэхүү хоёр дахь “сонголт” нь сошиал орчинд олны анхаарлыг татаад байгаа юм.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.