Ярилцлага

Бие даан “бизнес эрхэлж”, хуримтлалаасаа сайн үйлсэд хандивладаг 11 настай М.Нандинчимэг

Хүүхдээ мөнгөнд хайр гамтай, арвич хямгач, санхүүгийн сахилга баттай болгож өсгөх нь түүний ирээдүйд оруулж буй насан туршийн хөрөнгө оруулалт юм. Нийслэлийн 23 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагч, 11 настай М.Нандинчимэг гар урлалын бүтээгдэхүүн өөрөө хийж, байрныхаа доод дэлгүүрт борлуулан халаасны мөнгөө олдог аж. Түүгээр зогсохгүй олсон мөнгөө хуримтлуулан, хийсэн хавчаар гоёлынхоо тодорхой хувийг “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвд хандивлажээ.  

Түүнийг дөрөвдүгээр ангид байхад нь ангийн багш н.Цолмон нь ангийнхаа охидод гар урлалын хичээл зааж, түүнийгээ улам хөгжүүлсээр өөрийнхөө хэмжээнд тохирсон бяцхан бизнес босгосон нь энэ. Хамаатан садандаа цагаан сар, төрсөн өдрөөр нь хийж өгч бэлэглэх, сайн үйлсийн аянд боломжоороо оролцож явсан охин нэг өдөр аав ээжээсээ “Би энэ хийж байгаа зүйлсээ зарж, борлуулж болох уу” гэж асуужээ. Аав ээж нь ч зөвшөөрч. Охин байрныхаа доод талын дэлгүүрт ороод огт таньдаггүй худалдагч бүсгүйтэй шууд л өөрийнхөөрөө хэлэлцээр хийж. “Аниа, би зүүлт хийдэг байхгүй юу, та миний зүүлтийг зараад өгөөч, би танд ашгийнхаа 10 хувийг өгье” гэж. Гэтэл дэлгүүрийн бүсгүй түүнд “Зүгээрээ, би чамд зүгээр л зараад өгье, чи өөрөө бүх мөнгөө аваарай” гэж хариулжээ.

Дэлгүүрт бараагаа зарж эхэлснээс хойш таван сарын хугацаа өнгөрч. Өнөөдрийн байдлаар тэр сайн үйлсийн аянд хандивласан эсвэл өөртөө зарцуулсан мөнгийг хасаж тооцвол 120 гаруй мянган төгрөгийн ашигтай ажиллажээ.

Гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнээ зарах болсноос хойш М.Нандинчимэг аав ээжээсээ халаасны мөнгө огт авахаа больсон тухайгаа хэлэв. Харин аав ээж хоёр нь охиныхоо бяцхан бизнесийг дэмжиж материалыг нь авч өгдөг, охин түүнийг бэлэн бүтээгдэхүүн болгож зараад халаасныхаа мөнгөө олдог аж.

ОЛСОН МӨНГӨНИЙХӨӨ 60 ХУВИЙГ ХАДГАЛАМЖДАА ХИЙГЭЭД, 30 ХУВИЙГ НЬ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛЭЭ АВАХАД ЗОРИУЛЖ, 10 ХУВИЙГ НЬ ХАЛААСНЫХАА МӨНГӨ БОЛГОДОГ

М.Нандинчимэг хэлэхдээ “Өмнө нь би аав ээжээсээ халаасны мөнгө авдаг байхдаа өгсөн мөнгийг нь өдөртөө л хэрэглээд дуусгачихдаг байсан. Харин одоо өөрийнхөө олсон мөнгийг их ариг гамтай хэрэглэж байгаа. Би олсон мөнгөнийхөө 60 хувийг хадгаламждаа хийгээд, 30 хувийг нь хэрэгтэй зүйлээ авахад зориулж, 10 хувийг нь халаасныхаа мөнгө болгож дуртай юмаа авдаг” гэлээ.

Бас тэр данс хөтөлдөг, зүрхтэй, ягаан дэвтрээ бидэнд үзүүлэв. Хэдэн ширхэг хавчаар хэзээ, хэнд өгсөн, эргүүлээд хэдэн төгрөг авсан зэрэг бүхий л тооцоогоо өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ нямбайлан хөтөлжээ. Хэнд хүлээлгэж өгсөн бэ гэдгийн дор бүр гарын үсэг байв. “Гэрээ хийхдээ заавал гарын үсэг зурж баримтжуулдаг” гэдгийг аав ээж нь хэлж өгсөн учраас охин энэ соёлыг өөрийн бяцхан бизнестээ нэвтрүүлсэн нь энэ.

Бүтээгдэхүүнийхээ материалыг хэдэн төгрөгөөр худалдан авсан бэ гэдгийг тооцоолон үзэж түүнээсээ үнээ тогтоодог. Материалаа бөөнд нь авдаг тул хямд тусаж, нэг бүрээс 200-500 төгрөгийн ашиг олдог юм байна. Хавчаар, зүүлтүүүд 1000-3000 төгрөгийн хооронд худалдаалагддаг. Зөвхөн дэлгүүрт биш эмээгийнхээ ажил дээр ч зарж, заримдаа хүмүүс бусдад бэлэглэх гэж олон тоогоор захиалан хийлгэдэг юм байна.

М.Нандчинчимэг:

БИ ТОМ БОЛООД ХЯТАД УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ

-Ид шидийн оронд 200 гаруй хавчаар, 100 орчим мянган төгрөг хувиасаа хандивласан гэсэн. Яагаад хүүхдүүдэд туслая гэж бодсон юм бэ?

-Фэйсбүүкт Лантуун дохио ТББ-ын ах нар Санта болоод хүүхдүүдийн гэрт очин бэлэг өгч байгааг харсан. Тэгээд л өөрийнхөө хийж чаддаг зүйлийг, зүүлтнүүдээ бэлэглэе гэж бодсон. Миний өгсөн зүүлтийг хүүхдүүд зүүгээд нэг удаа ч гэсэн инээмсэглээсэй гэж хүссэн. Тэр хүүхдүүдийг хараад үнэхээр гунигтай санагдсан.

-Чи том ямар хүн болохыг хүсдэг вэ?

-Би том болоод Хятад улсад суух Элчин сайд болохыг мөрөөддөг. Би хятад хэл сурдаг. Тиймээс зүгээр л нэг хятад хэл мэддэг хүн байхыг хүсэхгүй байна. Харин хэлээ ашиглаад байж болох томоохон ажлуудыг хийдэг хүн болно.

-Хөөх тийм үү? Хятад улсад Монголчууд ихэвчлэн дургүй байдаг шүү дээ. Харин чи энэ улсын талаар ямар бодолтой байдаг вэ?  

-Тиймээ. Гэхдээ Хятад улс тийм ч муухай улс биш. Дээр үед Монгол улсын дайсан болохоор муухай гэж боддог байх. Би Хятад улсыг дэлхийд нөлөөтэй орон гэж боддог. Хятад хэлтэй байхад дэлхийн 5 тэрбум хүнтэй ойлголцох хэмжээний хэл сурч байна гэж ойлгодог. Америк дэлхийд алдартай байдаг шиг Хятад ч мөн адил тийм л орон.

-Хятад улсад Элчин сайд болж очихын тулд ямар мэргэжилтэй болно гэж бодож байна?

-Хуулийн салбарт л суралцана даа.

-Нандинчимэг гар урлалаа хийгээгүй байх үедээ чөлөөт цагаараа өөр юу хийх дуртай вэ?

-Би ном унших, найзуудтайгаа фэйсбүүкээр чатлах, дүү нартайгаа тоглох дуртай. Хааяа кино үздэг. Монголд чөлөөт цагаа өнгөрүүлж болох газар бол кино театр, бас сургуулийн маань тэнд байдаг кофе шоп. Бид мөн заримдаа хааяа “Circle K” ордог.

-Харин та нар ямар дуу сонсох дуртай вэ?

-Надад хамгийн сайн гурван найз байгаа. Бид бүгдээрээ Солонгосын BTS хамтлагийг сонсох дуртай, бид дөрөв хамт байхаараа “BTS”-ийн тухай л ярилцаж байдаг юм. Мэдээж заримдаа хичээлээ ярилгүй яах вэ. Монголоос “Vandebo” хамтлагийн дуу сонсдог.

-Чиний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Хичээл маань өдөр ордог болохоор өглөөний 09-11 цагийн хооронд гар урлалаа хийгээд, бусад үед хичээлдээ анхаарлаа хандуулдаг. Харин амралтын өдрөөр гар урлалаа хийх дуртай. Хааяа дүү нар харна, гэхдээ ихэвчлэн аав ээж хоёр дүүг хардаг. Би нэг хавчаарыг 5-10 минут, нэг үсний даруулгыг 15 минут орчим хийдэг. Хичээл ихтэй болохоор оройдоо хичээлээ хийсээр байгаад л таардаг юм.

-Бидэнд өөрийнхөө бизнес, хуримтлал хэрхэн үүсгэж байгаа тухайгаа ярьж өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.

-Та бүхэндээ бас маш их баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 17, 2020 18:12

Хөөрхөн юм бэ

Hun
Hun
1 сар 21, 2020 11:10

Amjilt husie

Холбоотой мэдээ

Back to top button