2024 оны “Тогтвортой байдал ба БОНЗ-ын тайлан” нийтлэгдлээ

Монголын банк, санхүүгийн салбарт 24 дэх жилдээ тогтвортой ӨСӨЛТТЭЙ ажиллаж буй Капитрон банк нь 2024 оны “Тогтвортой байдал ба БОНЗ-ын тайлан”-гаа олон нийтэд танилцуулж байна.
Капитрон Банк нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн хариуцлагатай, ил тод, нээлттэй бизнесийн зарчмыг баримтлан тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд 2024 онд компанийн засаглалаа бэхжүүлэх хүрээнд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэд “Ногоон Хөгжлийн Хороо”, гүйцэтгэх удирдлагын дэргэдэх “Ногоон хөгжлийн хороо”-г “Ногоон хөгжил, жендэрийн хороо” болгон тус тус өргөжүүлэн байгуулсан. Уг хороод нь тогтвортой санхүүжилт болон БОНЗ-ын зарчмуудыг банкны бодлого, үйл ажиллагаанд үр дүнтэй хэрэгжүүлэх стратегийн чиглэлийг тодорхойлон, хяналт тавин ажиллаж байна.
Бид тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд байгальд ээлтэй ногоон бизнесийг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг тодорхойлон бууруулах, ажилтнуудаа сурч, хөгжих боломжоор хангах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах, тэгш хүртээмжтэй ажлын орчин бүрдүүлэх, нээлттэй ил тод, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэхийг БОНЗ-ын гол чиглэлүүдээр тодорхойлсон болно.
Эдгээр чиглэлүүдийн хүрээнд тайлант онд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаас онцолбол:
- 2024 онд “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн түншлэл” (PCAF)-ээс боловсруулсан стандартын дагуу анх удаа хамрах хүрээ 1, 2 болон санхүүжүүлсэн хамрах хүрээ 3-ын хүрээнд байгууллагын хүлэмжийн хийн ялгарлаа хэсэгчлэн тооцон тайлагнаж, ногоон санхүүжилтийн стратегиа хэрэгжүүлэх эхний чухал алхмаа хийлээ. Энэ нь Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг 22.7%-иар бууруулах зорилтод хувь нэмэр оруулах суурь болж байна.
- Байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагаандаа жендэрийн тэгш байдлыг хангах, хүртээмжтэй соёлыг төлөвшүүлэх зорилготой “Жендэрийн эрх тэгш байдлын бодлого”-ообаталсан билээ. Энэхүү бодлогын хүрээнд бүх ажилтнуудын мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулж, банкны хэмжээнд тэгш хүртээмжтэй, хариуцлагатай орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.
- Олон улсын нэр хүнд бүхий “Moody’s” агентлагаас 2024 онд B3/Тогтвортой үнэлгээг зургаа дахь жилдээ хадгалж, дотоод валютын үнэлгээгээ нэг шат ахиулан B2 болгосноор санхүүгийн тогтвортой байдал, засаглалын чадамжаа олон улсад баталгаажууллаа.
- 2024 онд нийт 350 зээлд (328 тэрбум төгрөг) БОНЗ-ын эрсдэлийн үнэлгээ хийж, өндөр эрсдэлтэй 38 зээлд нэмэлт нөхцөл тавин зохицуулалт хийв. Банк бүх зээлд 100 хувь үнэлгээ хийж, ажилтнуудад зориулсан 14 удаагийн сургалт зохион байгуулснаар тогтвортой санхүүжилтийн хариуцлагатай бодлогоо хэрэгжүүлж байна.
- Тогтвортой санхүүжилт, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор 2023 оноос “Ecotron” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд БОНЗ-ын ОУ-ын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, ажилтнуудын чадавхыг тогтвортой сайжруулах, байгальд ээлтэй төслүүдийн хэрэгжилтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлж байна.




Тогтвортой хөгжил нь нэг удаагийн зорилт бус, тасралтгүй ахиц дэвшлийг шаардсан урт хугацааны үйл явц тул Капитрон банк нь энэ замналд тасралтгүй суралцаж, сайжирч, БОНЗ-ын зарчимд суурилсан арга барил, шийдлүүдээ улам боловсронгуй болгохын төлөө тууштай ажиллах болно.
Тогтвортой ирээдүйг бүтээх нь бидний хүсэл зорилго төдийгүй хүлээсэн хариуцлага билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.