НИЙГЭМ

"ЭМД-ын сангийн дарга нар ойр дотны хүмүүсээ ажиллуулж, сангийн мөнгийг үрж дууссан"

Монголын хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, гишүүд дэмжигчдийн төлөөлөл эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах ёстой мөнгөнөөс 543 тэрбум төгрөгийг ковидод зарцуулсныг хэн тоносон эсэх асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 18 мянга гаруй ажилчдын төлөөлөл тэмцэлд нэгдэнэ гэж мэдэгдэв.

Тэдний төлөөлөл,

"Энэ оноос ЭМД-ын сан сонгон шалгаруулалтаа явуулахгүй байна. Тус сан хувийн хэвшлийн эмнэлэгтэй хийсэн гэрээгээ зөрчиж байна. Энэ талаар асуухад Эрүүл мэндийн яам Сангийн яам руугаа чихдэг. Сангийн яам нь ажиллаж байна гэдэг жижүүрийн үгтэй болсон. Хувийн эмнэлгүүд бүгд өрөнд орсон. Манай орон нутгийн төлөөллүүд ч ирээд байна.

Эрүүл мэндийн даатгалын сан хоосроод алга болсон. Энэ сан бол ард түмний мөнгө. ЭМД-аа төлсөн иргэд хохирч байна. Тиймээс бүгд нийлж тэмцэх хэрэгтэй байна. 2021 оноос хойш ЭМД-ын сан өртэй ашиггүй ажиллаж ирсэн. Үүнээс өмнө энэ сан ашигтай ажилладаг байсан. Үе үеийн дарга нар ойр дотны хүмүүсээ зөвлөхөөр тавьж, сангийн мөнгийг үрж дууссан. ЭМД-ын сангийн дарга нар бүгд ашиг сонирхлын зөрчилтэй. Бид хардах эрхтэй. 134 хувийн эмнэлэг сангаас 10 хувийг нь л хувааж авдаг. Тиймээс хувийн эмнэлгүүд өвчтөнөө үзэж чадахгүй буцааж байна.

Хувийн эмнэлгүүд цалингаа тавьж чадахгүйгээс ажилчдаа алдаж, нийгэмд ажилгүйдэл нэмж байгаа. Эмийн сангуудад өртэй болж, зургаан сараас хойш ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлж чадахгүй байна. 2022 оны сонгон шалгаруулалтаар эмнэлгүүд тоног төхөөрөмж, орон байраа шинэчлэхийн тулд банкнаас зээл авсан. Түүнийгээ төлж чадахгүй өртэй үлдлээ. ЭМД-ын санг 10 сарын нэгнээс бүрэн зогсоосон. Гэрээгээр нэмэлт хэлцэл хийж энэ оны 12 дугаар сарын 10 хүртэл хийсэн атал 10 сард гэрээгээ зөрчиж, санхүүжилтээ зогсоосон. Тэтгэврийн ахмадууд хувийн хэвшилд үйлчлүүлэх ямар ч боломжгүй болсон.

Орон нутгийн эмнэлгүүд төр засгийн ойлгомжгүй шийдвэрээс шалтгаалж дампуурлаа зарлахад тулаад байна. Монголын эрүүл мэндийн салбарын 30 хувийг хувийн хэвшил дааж явдаг. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн 30 хувь хаягдаж байна гэсэн үг. Хувийн хэвшлүүдээр дамжин сүүлийн үеийн тоног төхөөрөмж сайжирч дэвшил гардаг. Зөвхөн хувийн эмнэлгүүд хохирох бус даатгал төлдөг иргэд хохирч байна. Улсын эмнэлгүүдийн дараалал хоёр сар байдаг бол одоо дөрвөн сар болох нь. Эрт илрүүлэг нэрээр хэрэггүй шинжилгээ авч даатгалын мөнгийг ашиггүй зарцуулсан. Мөн зарим хувийн хэвшлийг илт дэмжих буруу бодлого барьж санг дампууруулсан гэж хардаж байгаа.

30 жил эрүүл мэндийн даатгал төлөөд эмнэлгийн үйлчилгээ авч чадалгүй үхэх юм шиг байна. ЭМД Ерөнхий газраас мөнгөөр үйлчил гэж бидэнд хэлдэг. Мөн хувийн эмнэлгүүд заавал өөрийн гэсэн байртай байна гэж шаардаад байр бариулсан. Одоо банкны өрөнд орж дампуурах дээрээ туллаа. Хувийн эмнэлгүүд улсын эмнэлгийн 30 хүртэлх хувийн ачааллыг даадаг. Бүгд дампуурлаа зарлавал иргэн эмнэлгийн үйлчилгээ авч чадалгүй үхлээ хүлээх дээрээ тулна.

ЭМДЕГ-т "ЭМД"-ын санг яамны харьяаллаасаа гаргаж, цахим нээлттэй болгох, сонгон шалгаруулалтаа зогсоож, магадлан итгэмжлэлээр сангаас санхүүжилт олгох, "ЭМД"-ын сангийн даргыг ашиг сонирхлыг зөрчилгүй хүнээр солих, гэрээний үүргээ биелүүлэх, өнгөрсөн гурван сарын даатгалын мөнгийг энэ сард багтаан олгох зэрэг таван шаардлага хүргүүлж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Амгаа
Амгаа

Хэн гэдэг дарга вэ

Холбоотой мэдээ

Back to top button