ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Р.Чингисийг томиллоо
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар хошууч генерал Р.Чингисийг томилж, бригадын генерал Ц.Ням-Очирыг чөлөөлжээ.
Засгийн газар саяхан ээлжит бусаар хуралдан Цагдаагийн ерөнхий газрын даргаар хошууч генерал Ж.Болдыг томилсон юм. Харин тэрбээр өчигдөр тэргүүн дэд даргаа өөрчилсөн байна.
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга болсон хошууч генерал Р.Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2012 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, 2014-2016 онд тус газрын даргаар ажиллаж байсан юм.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард “Засгийн газрыг огцруулах жагсаалыг П.Цагаан болон түүний хүү, мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа” гэж мэдэгдсэн. Үүний дараа түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Харин хошууч генерал Р.Чингис дээрх асуудлыг няцааж шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр хандаж байсан удаатай.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.