Ц.Магалжав: Допинг хэрэглэсэн бөхчүүдийг наадмаар барилдуулах эсэхийг Баяр наадмын салбар хороо шийднэ

Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр /2019.06.25/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
МҮБХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Магалжав, “Барилдааны явцад 2017 оны зургаадугаар сард батлагдсан журмын дагуу шинжилгээ авч байсан. Уг журамд: "Монгол бөхийн өргөөнд болж байгаа барилдаануудын улс аймгийн цолтой шөвгөрч, үзүүрлэж, түрүүлж байгаа бөхчүүд, аймаг цэргийн цолтой шөвгөрч, түрүүлж байгаа бөхчүүд, сумын цолтой амжилт гаргаж байгаа бөхчүүдээс шинжилгээ авна" хэмээн заасан байдаг. Уг журмын дагуу шинжилгээ авч долоон залуу бүдэрчихээд байгаа асуудал үүсээд байгаа юм” хэмээв.
-МОНГОЛ БӨХТЭЙ ХАМААРАЛГҮЙ ХҮН ШҮҮХ ХУРАЛД ОРОЛЦОЖ, АЛДААТАЙ ШИЙДВЭР ГАРГУУЛСАН-
Тэрбээр МҮБХ харилцан хамааралгүй хоёр хэсэгт хуваагдаж, үйл ажиллагааны зөрчил үүсээд удаж байгаа тухай ярилаа. 2018 онд гарсан шүүхийн захирамжинд алдаатай зүйл бий гээд,хариуцагч талаас зохиолч С.Хүрэлбаатар сууж, допин хэрэглэсэн бөхчүүдтэй эвлэрлийн гэрээ байгуулан албадан барилдуулах шийдвэр гаргуулсан гэдгийг онцлов. Ц.Магалжав, “Зохиолч С.Хүрэлбаатарын удирдаж буй холбоо Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж, 2-1 тоот гэсэн бүртгэлтэй, манайхаас тусдаа” хэмээн мэдэгдлээ.
“Монгол бөхөд, Монголын үндэсний бөхийн холбоонд хамааралгүй шахуу С.Хүрэлбаатар гуай ийм будлиантай асуудал үүсгэснээс болоод тийм шүүхийн шийдвэр гарчихсан. Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас манайд хаягласан албадан барилдуулах шийдвэр ирсэн. Үүнтэй холбоотойгоор тавдугаар сарын 23-нд бөхийн өргөөнд холбооны бөхчүүдийг С.Хүрэлбаатар гуайн хамт урьж уулзсан. Тухайн үед шинжилгээ авсан Биеийн тамир спортын газар, БСШУСЯ, Олимпийн хорооны дэргэдэх Допингийн эсрэг төвөөс холбогдох ажилтнууд ирж тайлбар хийж байсан. Ингээд зургаадугаар сарын 10-нд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч н.Батсүрэнд тайлбар хийхийг шаардсан бичиг хүргүүлсэн. Холбогдох ном журмын дагуу авсан шинжилгээг дүүргийн шүүгч яагаад хүчингүй болгосон талаар тайлбар авах гэсэн зорилготой”
-БӨХЧҮҮДИЙГ БАРИЛДУУЛАХ ШИЙДВЭРИЙГ МҮБХ ОЛОНХИЙН САНАЛААР ГАРГАСАН--
Уг асуудалтай холбогдуулан допин хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүд буруугаа хүлээн уучлалт хүсч, Ж.Бат-Эрдэнэд өргөдөл гаргажээ. Түүндээ "Цаашид монгол бөхийн ёс жудгаа баримтлан сахих болно" гэдгээ илэрхийлсэн аж. Үүнийг шийдвэрлэхээр МҮБХ тэргүүлэгчид 15 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, олонхийн саналаар барилдуулахаар болсон хэмэээн Ц.Магалжав хэллээ.
“Төрийн бус байгууллагын ардчилсан зарчмын дагуу бид энэ асуудлыг хэлэлцсэн. 15 гишүүний 8 нь бөхчүүдийг барилдуулах тал дээр саналаа өгсөн бол 7 гишүүн эсрэг санал өгсөн. Би өөрөө эсрэг санал өгсөн хүмүүсийн нэг”
Допин хэрэглэсэн зөрчил гаргасан бөхчүүдийг Улсын их баяр наадмаар барилдуулах эсэх асуудлыг Баяр наадмын салбар хороо шийдэх учир одоогоор хэлэх боломжгүй гэх мэдэгдлийг өгөв. Үүний хамт допингийн асуудалд шүүх оролцдог дэлхийн жишиг байхгүй хэмээн Ц.Магалжав хэлсэн юм.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.