О.Магнай: ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд ШХАБ-д элсэхийг дэмжиж байгаа

Б.ПҮРЭВДОРЖ: НЭГ МОНГОЛ ИРГЭНД 23 САЯ ТӨГРӨГИЙН ӨР НОГДОЖ БАЙНА
АН-ын ЕНБД Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “АН хаврын чуулганы эхэнд жагсаал хийхээр ажиллаж байна. МАН өнгөрсөн хугацаанд хоорондоо зодолдохоос өөр зүйл хийсэнгүй. Эдийн засаг өсөлттэй байгаа таатай үед томоохон ажлууд хийсэнгүй. Өөр хоорондоо л баахан зодолдлоо.
Мөн ЖДҮХС-гийн зээлийн асуудалд нэр бүхий гишүүд, сайд нартаа хариуцлага тооцохыг шаардана. Түүнчлэн ШХАБ-т элсэх асуудал нь тусгаар тогтнолоо алдах эрсдэлийг дагуулна. Үүнийг АН албан ёсоор эсэргүүцэж байгаа. МАН эдийн засгаа өсгөчихлөө гэж байгаа. Гэвч энэ нь хувийн хэвшлүүдийн сайн үзүүлэлтээс үүдсэн. Яг бодит байдал дээр иргэдийн өдөр тутам хэрэглэдэг хүнсний үнэ 23 хувиар өссөн байна
МАН 2016 оны сонгуулиар таны төрөөгүй хүүхэд хүртэл 15 сая төгрөгийн өртэй гэж ард түмнийг айлгаж, сонгуульд ялсан. Харин одоо нэг Монгол хүнд 23 сая төгрөгийн өр ногдож байна. Өр нэмэгдүүлээд байгаа мөртлөө бүтээн байгуулалт хийхгүй байна” гэж онцолсон юм.

-АН ШХАБ-Д ЭЛСЭХИЙГ ХЭЗЭЭ Ч ДЭМЖИХГҮЙ-
Мөн энэ үеэр АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай ШХАБ-д элсэх асуудлын хүрээнд “ЖДҮХ-гийн зээл, ШХАБ хоёр цаагуураа холбогдоод байгаа юм. ШХАБ-д элсэхийг дэмжиж байгаа гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан байгаа. Энэ бол маш том хардах үндэслэл”
Өнөөгөөс 100 жилийн өмнө Монголын тусгаар тогтнолыг нэр бүхий сайд нар худалдаж байсан. Одоо энэ түүхэн цаг үе ирэх эрсдэл үүсчихээд байна. АН ШХАБ-д элсэхийг хэзээ ч дэмжихгүй” гэж тодотгосон юм.
Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 60 тэрбумын схемээр УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн гарч ирсэн. Ийм хүмүүсийн бодит жишээ нь ЖДҮХС-гийн зээл юм. Ганц М.Энхболд гэдэг хүнийг албан тушаалаас нь буулгаад, асуудал шийдэгдчихгүй. АН-ын 35 мянган гишүүнийг МАН ажлаас нь халсан. 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэх золиосонд явсан эдгээр хүмүүсээ бид өмгөөлнө. АН цаашид байнга 60 тэрбумын асуудлаар хариуцлага тооцохыг шаардана. МАН Х.Энхжаргал, М.Энх-Амгалан нараас айгаад байгаа бол би хуулийг тань санаачлаад өгье” гэсэн юм.
Г.ИТГЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.