Дифлимпын наадам Токиод албан ёсоор нээлтээ хийлээ

Японы нийслэл Токио хотноо Дифлимпын наадам Токио хотын “Tokyo Metropolitan Gymnasium” спорт цогцолборт албан ёсоор нээлтээ хийжээ. Дифлимпын наадмыг анх 1924 онд Францын нийслэл Парис хотод зохион байгуулж байсан билээ.
Энэ удаагийн наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс 3081 тамирчин бүртгүүлсэн нь түүхэн дээд үзүүлэлт юм. Тамирчдын парадын үеэр Японы уламжлалт бүжгийн жүжигчид үзүүлбэр үзүүлсэн байна. Уг наадамд Японыг төлөөлөн хамгийн олон буюу 268 тамирчин оролцож буй.
Нээлтийн үеэр Японы улсын шинэхэн Ерөнхий сайд Санаэ Такаичи үг хэлсэн бөгөөд улсаа төлөөлөн оролцож буй тамирчиддаа амжилт хүссэн юм.
Дифлимпын наадмыг Олон улсын сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын хороо зохион байгуулдаг бөгөөд уг хорооны ерөнхийлөгч Адам Коса наадам албан ёсоор эхэлснийг зарласан байна. Дифлимпын наадам 11 дүгээр сарын 15-26-ны өдрүүдэд үргэлжилж, Токио болон бусад газарт спортын 21 төрлийн тэмцээн уралдаанууд явагдана.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.