АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй
Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа Доналд Трамп Венесуэльд улсад олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдсэн. Тэгвэл АНУ-ын газрын тосны томоохон компаниуд хөрөнгө оруулалт хийсэн ч Венесуэлийн газрын тосны олборлолт ойрын жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдэх магадлал бага байна.
Венесуэль бол дэлхийн хамгийн их газрын тосны нөөцтэй орон. Гэвч сүүлийн хэдэн арван жилүүдэд буруу менежмент болон хөрөнгө оруулалт дутагдсанаас болж олборлолт эрс буурсан. Венесуэл нь ОПЕК-ийг анх байгуулсан гишүүн орнуудын нэг. Тус улс 1970-аад онд өдөрт 3.5 сая баррель тос олборлодог байсан нь дэлхийн нийт олборлолтын 7 хувийг бүлдүүлж байв. Харин 2010-аад онд олборлолт 2 сая баррелиас доош орж, өнгөрсөн жил өдөрт дунджаар 1.1 сая баррель болж буурчээ. Энэ нь дэлхийн нийт олборлолтын ердөө 1 хувьд л хүрэх хэмжээ юм.
2000-аад оны үед Венесуэл улс газрын тос олборлох ажиллагааг төрийн мэдэлд авч, гадаадын компаниудын үйл ажиллагааг зогсоосон юм. Газрын тосны салбарыг төрийн өмчид авах өөрчлөлтийн хүрээнд "Exxon Mobil", "ConocoPhillips" зэрэг компаниудын хөрөнгийг хураан авч байжээ.
Одоо тус улсад шинээр хөрөнгө оруулах хүсэлтэй компаниудад аюулгүй байдал болон дэд бүтцийн асуудал тулгарна. Мөн Венесуэльд улс төрийн тогтворгүй байдал удаан үргэлжлэх эрсдэл бий гэж шинжээчид үзэж байгаа юм.
“CHRIS Well Consulting" фирмийн захирал Марк Кристиан АНУ-ын компаниуд орлого олж чадна гэдэгтээ бүрэн итгэж, аюулгүй байдал хангагдсан тохиолдолд л эргэж ирнэ гэжээ. Мөн тус улсын эсрэг тавьсан хоригоо АНУ цуцлах хүртэл компаниуд буцаж очихгүй гэдгийг тэр онцлов. Мөн Венесуэл улс гадаадын газрын тосны компаниудаас их хэмжээний хөрөнгө оруулалт авахын тулд хуулиа шинэчлэх шаардлагатай тулгарна.
Маш олон зүйл буруугаар эргэх эрсдэлтэй
Трамп Венесуэльд засгийн шилжилтийг эсэргүүцэл багатай, тайван замаар хийж чадвал таваас долоон жилийн дараа олборлолт нэмэгдэх боломжтой гэж гео-политик, эрчим хүчний салбарын шинжээч Томас О’Доннелл хэлжээ. Тэрбээр дэд бүтцийг засварлаж, хөрөнгө оруулалт цэгцэрвэл ийм боломж бий гэж үзэж байна.
Венесуэлийн хүнд тос нь АНУ-ын Мексикийн булан дахь үйлдвэрүүдэд боловсруулахад маш сайн тохирно. Гэвч Венесуэлийн газрын тосыг их хэмжээгээр АНУ-д боловсруулахын тулд бүх зүйл төлөвлөгөөний дагуу явах ёстой. Гэвч маш олон зүйл буруугаар эргэж магадгүй байгаа юм.

О’Доннелл "Улс төрийн шилжилтийг буруу хийж, АНУ-ын давамгайлал хэт их мэдрэгдвэл олон жилийн эсэргүүцэлтэй тулгарч болно" гэж анхаарууллаа. Тус улсад партизан болон зэвсэглэсэн иргэдийн бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг болохыг тэр онцолжээ.
Венесуэлийн газрын тосны салбар нээгдвэл "Chevron" компани хамгийн их ашиг хүртэх боломжтой гэж Райс их сургуулийн захирал Франциско Моналди хэлжээ. АНУ-ын бусад компаниуд улс төрийн тогтвортой байдлыг ажиглаж, нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг хүлээх болно гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Венесуэлд үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын цорын ганц том компани бол “Chevron”
Одоогоор Венесуэлд үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын газрын тосны цор ганц том газрын тосны компани бол “Chevron”. Тус компани Венесуэлд 100 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа. Бямба гарагт /2026.01.03/ болсон үйл явдлын дараа “Chevron” ажилчдынхаа аюулгүй байдал болон хөрөнгийн бүрэн бүтэн байдалд анхаарч байгаагаа мэдэгджээ.
20 гаруй жилийн өмнө хөрөнгөө хураалгасан "Conoco" компани Венесуэлиэс олон тэрбум долларын нөхөн төлбөр нэхэмжилж байгаа юм. Мөн "Exxon" Венесуэлиэс нөхөн төлбөр нэхэмжлэн шүүхэд хандаж байсан түүхтэй.
"Conoco" компани Венесуэлиэс 10 тэрбум гаруй ам.доллар нэхэмжилсэн тул тус улс руу эргэж очих сонирхолтой байх магадлалтай юм. Моналди хэлснээр Венесуэлийн зах зээлд нэвтрэлгүйгээр мөнгөө олж авах боломжгүй аж. "Exxon" мөн эргэн очиж магадгүй ч тэдний нэхэмжилсэн мөнгө арай бага дүнтэй.
"Conoco" компанийн төлөөлөгч Венесуэлийн нөхцөл байдал болон түүний дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд үзүүлэх нөлөөг компани ажиглаж байгаа гэж мэдэгджээ. Ирээдүйн хөрөнгө оруулалтын талаар ярихад одоогоор эрт байна гэж тэр төлөөлөгч хэлсэн байна.
"Chevron" компани өдөрт 150,000 баррель тосыг Венесуэлиэс АНУ руу экспортолдог. Тус компани Венесуэль дэх ажиллагаагаа хадгалж үлдэхийн тулд өнгөрсөн жилийн хугацаанд Трампын захиргаатай маш болгоомжтой харилцаж иржээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Майк Вирт АНУ-ын оролцоог хадгалж үлдэх нь чухал гэдгийг Трампын захиргаанд арванхоёрдугаар сард хэлжээ.
Хьюстоны их сургуулийн шинжээч Эд Хирс хэлэхдээ, Венесуэльд болсон явдал АНУ дахь шатахууны үнэд одоохондоо нөлөөлөхгүй гэсэн юм. Учир нь Венесуэль одоогийн байдлаар олборлосон газрын тосныхоо ихэнх хэсгийг Куба, БНХАУ руу экспортолдог.
Хирс "Трамп одоо газрын тосоор баялаг орнуудын дэглэмийг түлхэн унагасан АНУ-ын ерөнхийлөгчдийн жагсаалтад нэгдлээ. Өмнө нь Буш Иракт, Обама Ливид ийм зүйл хийж байсан. Гэвч тэдгээр тохиолдолд АНУ газрын тосноос ямар ч ашиг хүртээгүй. Түүх дахин давтагдах вий гэж эмээж байна" гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.