Трамп Мадурог барьсан нь БНХАУ-ын хувьд том цохилт болов
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тушаалаар АНУ-ын тусгай хүчин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог барьсан. Уг үйлдлийг зарим орнууд шүүмжилж, зарим нь дэмжин, бусад нь Мадуро дарангуйлагч ч гэсэн ийм алхам хийх нь буруу хэмээсэн юм.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И уг явдал дээр АНУ-ыг шүүмжилсэн байна. Тэрээр АНУ-ыг шууд дурдалгүйгээр Мадурог баривчилж, Нью-Йоркт шүүхээр болсныг "дэлхийн шүүгч" шиг аашилж буй үйлдэл гэж буруутгалаа. Үүний дараа Бээжин энэ үйлдэл олон улсын хуулийг зөрчснө эсэх маргааныг НҮБ-д дэвшүүлжээ.
Ван И "Ямар ч улс дэлхийн цагдаа мэт үүрэг гүйцэтгэж чадахгүй гэж бид үздэг. Мөн аль ч улс дэлхийн шүүгч байх эрхгүй. Бүх улс орны бүрэн эрхт байдал, аюулгүй байдал олон улсын хуулийн дагуу бүрэн хамгаалагдах ёстой" гэсэн юм.
БНХАУ нь бусад орны дотоод хэрэгт үл оролцох бодлого баримталдаг. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөлгүй явуулсан цэргийн ажиллагаануудыг Бээжин тогтмол шүүмжилж ирсэн.
АНУ-ын зэвсэгт хүчин Бээжингийн стратегийн чухал түнш улсын удирдагчийг нийслэлээс нь шөнө барьсан явдал Бээжингийн хувьд том сорилт болж байна. БНХАУ дэлхийн өнцөг булан бүрд болж буй асуудлуудыг цэргийн хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэж чаддаг, үүгээрээ Вашингтоноос ялгаатай гэх имижийг бүрдүүлж ирсэн. Тэгвэл тэрхүү имижийг нь шалгасан томоохон явдал боллоо.
Даваа гарагт /2025.01.05/ Мадуро Нью-Йоркийн шүүхийн өмнө хар тамхины хэрэгт гэм буруугүй гэх байр суурь илэрхийлсэн. Үүнтэй зэрэгцэн НҮБ-ын Аюулгүйн өвлөл Колумбын хүсэлтээр хуралдсан юм. Хурал явуулахыг БНХАУ, ОХУ улсууд дэмжсэн байна. Уулзалтаар Трампын Мадурог баривчлах шийдвэрийг хэлэлцжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ үйлдэл аюултай жишээ тогтоож болзошгүйг анхааруулсан юм.

Уулзалтын үеэр БНХАУ АНУ-ын үйлдэлд цочирдсон гэдгээ илэрхийлж, буруушаажээ. БНХАУ болон АНУ нь хоёул Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн билээ. Тус зөвлөлд байнгын таван л гишүүн байдаг.
НҮБ дахь БНХАУ-ын төлөөлөгчийн газрын элчин сайдын орлогч Сунь Лэй "Түүхээс үлдсэн сургамж бидэнд хатуу сануулга өгч байна. Цэргийн арга хэмжээ авах нь асуудлыг шийдэх гарц биш. Зэвсэгт хүчийг замбараагүй хэрэглэх нь улам гүнзгий хямралд хүргэдэг" гэжээ.
Мадурогийн хэрэг нь дэлхийн тавцанд томоохон маргана дэгдээж, үйл явдал өрнөх нь тодорхой. Шинжээчдийн үзэж буйгаар БНХАУ нь Вашингтоны эсрэг олон улсын шүүмжлэлийг нэгтгэхэд гол үүрэг гүйцэтгэх юм.
"China-Global South Project"-ийн хамтран үүсгэн байгуулагч Эрик Оландер "Одоогоор БНХАУ Венесуэльд бодит тусламж үзүүлэх боломж бага байна. Гэхдээ НҮБ болон бусад хөгжиж буй орнуудын дунд АНУ-ын эсрэг байр суурийг нэгтгэхэд Бээжингийн дуу хоолой маш чухал байх болно" хэмээжээ.
Мөн тэр нэмж хэлэхдээ "Барууны орнуудын хоригт орсон Зимбабве, Иран зэрэг орнуудын жишээ бий. БНХАУ хүнд нөхцөлд ч худалдаа, хөрөнгө оруулалтаар дамжуулан эдгээр улсуудтай харилцаагаа хадгалсаар ирсэн" гэсэн байна.
БНХАУ-ын хувьд том цохилт боллоо
Мадурог барьсныхаа дараа Трамп Колумб болон Мексикийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж болно гэж заналхийлсэн. Мөн Кубын коммунист дэглэм өөрөө нуран унахад бэлэн байна гэж хэлсэн. Үүнээс болоод БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний эхлүүлсэн "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-д нэгдсэн Латин Америкийн орнууд эргэлзэж эхэллээ. Хэрэв аюул тулгарвал энэ гэрээ тэднийг үнэхээр хамгаалж чадах эсэхийг тэд эргэлзэх болов.

Даваа гарагт Ши Жиньпин бүх улс орнуудыг олон улсын хууль болон НҮБ-ын зарчмуудыг дагаж мөрдөхийг уриалжээ. Тэрбээр АНУ эсвэл Венесуэлийн нэрийг дурдаагүй ч том гүрнүүд үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж хэлжээ.
Бээжин Латин Америкийн орнуудыг Тайванийн оронд БНХАУ-ыг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх тал дээр ихээхэн амжилт олсон. Сүүлийн 20 жилийн хугацаанд Коста-Рика, Панам, Доминикан, Эль-Сальвадор, Никарагуа болон Хондурас БНХАУ-тай стратегийн түншлэл тогтоосон юм. БНХАУ нь АНУ-ын нөлөөллөөс хамгаалах нэг ёсны хаалт болж өгч байсан бол одоо тэдгээр орнууд эргэлзээтэй нөхцөл байдал руу оров.
Венесуэл улс 1974 онд Тайванийн оронд БНХАУ-ыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. 1998 онд засгийн эрхэнд гарсан Хюго Чавесын үед хоёр улсын харилцаа улам гүнзгийрсэн юм. Социалист үзэлтэй тэрбээр Вашингтоноос зайгаа барьж, БНХАУ-ын төр засаглалын загварыг сайшаадаг байв. Чавез Бээжингийн Латин Америк дахь хамгийн ойрын холбоотон болсон билээ.
2013 онд Чавесыг нас барсны дараа Мадуро удирдагч болж, харилцаа үргэлжилсэн. Тэрбээр 2016 онд хүүгээ Бээжингийн их сургуульд сургахаар явуулж байв.
Үүний хариуд Бээжин Венесуэлийн газрын тосны үйлдвэр болон дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулсан. 2017 оноос АНУ болон түүний холбоотнууд Венесуэльд тавьсан хоригоо чангатгахад БНХАУ Венесуэлийн эдийн засгийн аварсан. БНХАУ-ын гаалийн алба мэдээлснээр 2024 онд Хятад Венесуэлиэс 1.6 тэрбум долларын бараа худалдаж авсан байна. Үүний тал хувийг газрын тос эзэлжээ.
АНУ тусгай ажиллагаа явуулахаас өмнө Латин Америк, Карибын тэнгисийн асуудлыг хариуцсан БНХАУ-ын тусгай элч Чиү Шиаочи Мадуротой уулзжээ. Тус уулзалтын талаар мэдээлэлтэй БНХАУ-ын засгийн газрын нэгэн албан тушаалтан "БНХАУ-ын хувьд том цохилт боллоо. Бид Венесуэлийн хувьд найдвартай түнш мэт харагдахыг хүссэн" гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Юуных нь том цохилт байх вэ 3 хувь л авдаг гэсэн нефть
Янкууд сөнөтүгэй
Трамп Зоригтой байлаа