Eguur агентлаг өнөө үеийн нийгэмд чухал үнэ цэн бүхий номыг сонгож, тухайн номыг өөр нэгэн тулхтай уншигчаар яриулах “Сайн ном, сайтар уншигч” контентыг уншигч танд хүргэдэг билээ.
Ном: Зохиолч Д.Урианхай "Хүн бүгд-Би" жүжгийн зохиол, Д.Батбаяр "Үхэл миний өмч" жүжгийн зохиолуудыг онцоллоо. Дээрх хоёр жүжгийн зохиол нь 1990-ээд онуудад бичигдэж байсан бөгөөд нийгмийн шилжилтийн үеийн дараах нь бичигдсэн учир оюун сэтгэлгээ, туурвих эрх чөлөө нээлттэй болсон үед төрсөн шинэлэг бүтээлүүд гэдгээрээ онцлог.
Уншигч: Утга зохиол судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамц.
Тэрбээр 2014 онд МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийг утга зохиол судлаач, шүүмжлэгч мэргэжлээр төгссөн. Улмаар 2016 онд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2021 оноос Сити их сургуулийн “Урлагийн сургууль”-д багшаар ажиллаж байна. Уран зохиолын салбарт тулгамдаж буй асуудлыг шинжлэн таниулахаас гадна театр, киноны салбарт шүүмж бичлэгийг төлөвшүүлж буй залуу эрдэмтэн судлаач юм.
Бид энэ удаагийн дугаартаа жүжгийн зохиолын ном онцолж ярих юм. Учир нь ойрх жилүүдэд Монголын театрын урлаг маш мэдрэг хөгжлийнхөө цаг үе дээрээ явж буй бөгөөд хувийн театр эвсэл нэгдэл олноор байгуулагдаж буй билээ. Тиймээс 1996 онд бичигдэж байсан Дарамын Батбаяр зохиолчийн "Үхэл миний-Өмч" жүжгийн зохиол, 1991 онд бичигдсэн Дамдинсүрэнгийн Урианхай зохиолчийн "Хүн бүгд-Би" жүжгийн зохиолыг онцоллоо.
Дээрх хоёр зохиолыг яагаад унших ёстой юм бэ?
Жүжгийн зохиолын эрэлт хэрэгцээ ихэссэн. Анзаарвал сүүлийн жилүүдэд манай театруудын тавьж буй жүжгүүдийн дийлэнх нь орчуулгын бүтээл зонхилж байна. Үндэсний жүжгийн зохиолын өв, орчин үеийн жүжгийн зохиолын туурвил зүй гэх зүйл бидэнд хэр баялаг вэ гэдгийг анзаарч харах хэрэгтэй. Жүжгийн зохиол унших нь зарим уншигчдад шинэлэг зүйл байж магад. Бид хүүрнэл зохиол, яруу найраг, дурсамж дурдатгал, баримтат бүтээлүүдийг ихэвчлэн уншиж дадсан шүү дээ. Жүжгийн зохиолын хуудсыг уран зохиолд нэлээн гүн гүнзгий дурласан сайтар уншигчид л эргүүлэх нь түгээмэл. Гэхдээ жүжгийн зохиол унших нь хүнд, төвөгтэй, зай баримаар ажил огтоос биш. Нэгэнт жүжгийн зохиолын амтанд нь хөтлөгдсөн уншигч, уран бүтээлчид тус зохиолоо цааш бүтээл болж амилахыг нь дурлан хүлээж байдаг онцлогтой. Жишээлбэл Д.Урианхай "Хүн бүгд- Би" гэх жүжгийн зохиолоо "зургаан бүлэгтэй, сэтгэл зүйн драм" хэмээн тодорхойлсон байдаг. Монголын орчин үеийн жүжгийн зохиолыг үндэслэгч гэвэл Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ши.Аюуш тэргүүтэй зохиолчдыг дурдах хэрэгтэй болно. Сонгодог хөгжлийнх нь үед гэвэл Д.Намдаг, Л.Ванган гэх мэт нэрс хөвөрнө. 1980 болон 1990-ээд онуудад чухал хоёр төлөөлөгч орж ирсэн нь миний ярих гэж буй зохиолыг бичсэн Д.Урианхай, Д.Батбаяр гэх хоёр эрхэм юм.
Д.Урианхай зохиолчийн "Хүн бүгд- Би" хэмээх сэтгэл зүйн драмын жүжгийн зохиол бол өмнөх үеийн жүжгийн зохиолын туурвил зүйг ахиулсан бүтээл. Дүрийн сэтгэл зүй, зохиолын ерөнхий философи, хэлэхийг зорьсон санаа, дүрийн диалоги зэргээс нь үзвэл өөр түвшинд бичигдсэн болох нь харагддаг. Тус зохиолыг УДЭТ-д найруулагч Б.Баатар найруулан тавьж театрын урын санд мөнхжүүлсэн. Уншигчийн хувьд уг жүжгийг ахин тоглоосой гэж хүсдэг юм. Зохиолд гарч буй дүрүүд бүгд чухал үүрэгтэй, энэ нь гол дүр шүү гэх онцолсон бичлэг байхгүй. Үзэгдэл болгон дээр дүр болгоны харилцан ярих энэ тэнцүү бичигдсэн, өвөрмөц хэв маягтай зохиол санагдсан. Мөн зохиол дээр нэр оноогоогүй "сувилагч" гэх нэртэй дүр гардаг. Бусад бүх дүр нь нэртэй. Сувилагч гэх дүр нь тухайн гэр бүлийн асуудлыг хөндлөнгөөс ажигласан бодь мэт дүр. Тухайн сувилагч "Бүгд худлаа байгаа нь л хамгийн үнэн шүү дээ" гэж хэлдэг. Энэ үгнээс нь үзвэл зохиолч сувилагчийн дүрээр гол санаагаа тольдож уншигчдад харуулж байгаа юм. Үнэн хэрэгтээ ганцхан гэр бүлд болж буй энэ асуудлаар "нүүрэн дээрээ үнэн юм шиг хэр нь далдуур худал дүр эсгэж байгаа гэдгээ мэдэж байна уу" гэж хөндлөнгийн сувилагч хэлдэг. Энэ мэтчилэн уншигчдад маань ирж хайж, уудалж уншвал олон санааг өгөх бүтээл юм. Ялангуяа залуу найруулагчид, шинээр байгуулагдсан театрынхан, уран бүтээлийн олз омог эрж буй уран бүтээлчид маань ахисан түвшинд бичигдсэн үндэсний жүжгийн бүтээлээ эргэж хараасай гэж хүсдэг.
Харин Д.Батбаяр зохиолчийн "Үхэл миний-Өмч" жүжгийн зохиол нь 1996 онд бичигдсэн. Тухайн үедээ "Хүүхэд, залуучуудын театрт тавигдах гэж бэлтгэгдэж байгаад чадаагүй гэж сонссон. Сүүлд орон нутгийн театруудаар жүжиг болж тавигдсан. Энэ бүтээл нь сэтгэлгээний эрх чөлөөг бүрэн дүүрэн илэрхийлдгээрээ онцлог. Жүжгийн эхлэл хоёр дүрийн хооронд өрнөж буй мэт эхлэлтэй. Эхний бүлэг дууссаны дараагаар найруулагч гарч ирснээр тайзан дээрх жүжгийн сургуулилт болон хувирдаг. Үүнээс цааш хэрхэх бол гэсэн чинь жүжигчдийн өрөөн дотор үйл явдал үргэлжилдэг. Түүнээсээ цааш буюу жүжигчдийн өрөөнөөс амьдрал руу хувирч орох жишээтэй. Үүнээс жүжгийн зохиолын бичигдсэн горим нь их онцгой гэж үзэж болно. Зохиолыг амтархан уншиж, аль ч талаас нь сонирхолтойгоор тайзан дээр жүжиг болгон тавих бүрэн боломжтой гэсэн үг. Монголын жүжгийн зохиолуудаас анх удаа тайзан дээр дүр биш "хүн үхэж" байгаа жүжгийг Д.Батбаяр гуай бичсэн. Зохиолын эхэнд Цэцгээ гэх дүр явж байгаад төгсгөлд нь дүрээсээ гараад амьдралд дээрх бодит хүнээрээ шийдэл гаргаж төгсдөг. Энэ нь "Үхэл миний-Өмч" гэж хэлж буй зохиолчийн философи санаа, дүрүүдийн бие даасан байдал, найруулагчийн сэтгэлгээ, жүжиг амьдрал хоёроос хувирч бодит байдал рүү шилжин орж буй байдал зэрэг нь маш онцгой. Энэ зохиолыг уран бүтээлчид маань эргэн харж тайзнаа амилуулах аваас үндэсний уран зохиолын шилдэг жүжгийн зохиолын өв бий шүү гэдгийг хэлмээр санагддаг.
-Үндэсний жүжгийн зохиолоор шилдэг тайзны бүтээл туурвих боломжтой-

Уншигчийн тань тухайд асуухад жүжгийн зохиолыг анх уншаад ямар сэтгэгдэл төрөв?
Анх тус хоёр зохиолтой уулзахад өөр мэдрэмж, өөр бичлэгийн хэв маяг, туурвил зүй анзаарагдсан. Д.Урианхай зохиолчийн дээрх бүтээлд дүрүүдийн харилцан ярианы орчин солигдохгүй. Гэр, эмнэлэг гэсэн хоёр орчинд дүрүүд хоёр хоёроороо сэлгэгдэж ярилцсанаар гэр бүлийн драм үүсдэг. Дүрийн хэл яриан дээр тулгуурлаж зан төрхийг нь боловсруулж дотоод зөрчлөөс нь драмыг бий болгодог. Учиргүй идэвхтэй үйл явдал, хурц зөрчил байхгүй хэр нь дүрийн сэтгэл зүй хийгээд дотоод зөрчил, өөрийгөө ухамсарлаж түүнийгээ ялган мэдэрч бусадтай харилцаж байгаа харилцаанууд нь жүжгийн зохиол дээр тод томруун туссан байдаг. "Хүн бүгд- Би" гэх санаанд буддизмын агуулга байгаа хэдий ч өрнө дахины оршихуйн философитой холбогдолтой санаа зохиолд бий. Тэгэхээр ахин хэлэхэд сэтгэл зүй, философи, оюунлаг чанар зэрэг нь бүгд хосолсон бүтээл. Уншигчид бариад уншихад яг амьдралд хамгийн ойрхон мэдрэмжүүдийг мэдэрнэ. Хэт зохиомол, хиймэл, албадмал зүйлс огт байхгүй. Бодит амьдрал дээр хэн бүхний мэдэрдэг, нүүр тулдаг мэдрэмжүүдийг зохиолч зохиолдоо хадаж өгсөн нь энэ зохиолыг сонирхолтой болгож байгаа.
Д.Батбаярын дээрх зохиол нь эхэндээ жүжгийн зохиолоор үргэлжилж байгаад дараагаар нь жүжигчин хувь хүн дээр буугаад эцэстээ тоглохыг хүсдэг дүрийнхээ хувцсыг өмссөн хэр нь бодит амьдрал дээрх хүнээрээ шийдвэр гаргаснаар төгсдөг сонирхолтой бүтээл. Жүжиг дотор ахин жүжиг тоглоод буй мэт, найруулга дотор найруулгын горимууд өрнөж байгаа мэт өвөрмөц бүтэцтэй учир уншигчийг танин мэдэхүйн эрэл хайгуул руу хөтөлж уран сайхны сэтгэлгээг хөглөж оюунлаг шинж чанар луу урин дуудсан бүтээл гэдэг нь мэдрэгдсэн.
-Тэгвэл мэргэжлийн судлаач хүний үүднээс?
-Судлаач хүний хувьд маш их олзуурхан хүлээн авсан. Орчин үед жүжгийн зохиол ховор, орчуулгын зохиолуудтай энэ тэнцэхүйц үндэсний жүжгийн зохиол алга гэх мэт шүүмжлэл өрнөдөг. Гэтэл үнэн хэрэгтээ бид үндэсний сайн зохиолчдын чансаатай бүтээлүүдийг эрж хайж, уншихгүй байгаа юм байна. Яг ирж хайж уншвал газрын ховор элемент мэт, хэзээ д тайзан дээр тавихад шинэлэг, уншигчдын хэрэгцээ, судлаачдын тайлал, тайлбарыг хангасан бүтээлүүд бэлэн байж байна гэж харсан. Хамгийн сонирхолтой нь энэ дээрх зохиолууд хоёул ойролцоо бичигдсэнээр жүжгийн зохиолыг баяжуулж, бичлэг болоод сэтгэлгээний өөр түвшинд хүргэсэн бүтээлүүд. Хувийн театрууд байгуулагдаж хоорондын өрсөлдөөнтэй болсон өнөө үед залуу театрын найруулагч, уран бүтээлчид энэ хоёр зохиолыг сонирхож үзээсэй гэсэн судлаач хүний хүсэл төрсөн. Би хувьдаа үндэсний жүжгийн зохиолоороо, үндэсний шилдэг тайзны уран бүтээлийг туурвих боломж бий гэж боддог. Байгаа гэдгийг энэ хоёр зохиол харуулж байна л даа.
-Ямар арга барилаар ном уншдаг вэ?
-Тогтсон зүйл өөрт минь байдаг юм шиг. Мөн ажил мэргэжлийн шаардлага, хувийн унших хэрэгцээ зэрэг нөлөөлдөг байх. Эдгээр олон хэрэгцээг цаг алдалгүй хангахыг хичээдэг. Ер нь нэгэн зэрэг хоёроос гурван ном эхлүүлдэг зуршилтай. Нэг мэргэжлийн ном, нэг уран зохиолын ном эхлүүлэх гэх мэт. Зэрэг уншаад эхэлбэл наанадаж өөрийгөө шахна. Түүнчлэн нэгэн зэрэг хоёр өөр төрлийн ном эхлүүлчихээр тархи илүү сайн ажиллаж ангилж авах, илүү сайн дүгнэх зэрэг үйл явц нь үр дүнтэй юм шиг санагддаг. Эхлүүлсэн номоо зайлшгүй дуусгана. Нарийндаа бол хоёр ном ээлжлэн унших нь тогтоох, тэмдэглэх, хооронд нь харьцуулах гэх мэт зүйлс нь зэрэг өрнөдөг болохоор амар байдаг.
-Номын гэрэлт хуудас болгон итгэл сэтгэлээр хүнийг ирмэж байдаг-

-Ном таны амьдралд хэрхэн нөлөөлж, юуг өгсөн бэ?
-Ном бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Номонд дурлах нь амьдралын сайн сайхан, гэрэл гэгээ, ойлгох, бусдын төлөө өөрийн гаргаж буй сэтгэл, мэдрэмж зэргийг өгдөг. Хүний дотоод сэтгэлийг өсгөж өгдөг мэдрэмжийг номоос авдаг учраас тэр. Ном бий учраас хүн амьдралыг баялгаар харах мэдрэмжийг өөртөө суулгадаг байх гэж боддог. Жаахан сэтгэл санаа тогтворгүй, тухгүй үед шинэ ном бариад авах, шинэ бүтээлийн захаас амтлах зэрэг нь итгэл, урам зоригийг сэргээдэг. Сайн ном бий учраас өөртөө итгэх, бусдад итгэх сэтгэл төрж байдаг.
-Дээрх хоёр жүжгийн зохиолыг унших явцад таны тод томруун сэтгэгдэл төрүүлсэн эшлэлээс хуваалцвал?
-"Үхэл миний-Өмч" жүжгийн зохиолоос миний хамгийн ихээр анхаарал татсан диалогийг уншъя. Зохиолын дүр Цэцгээ "Миний тоглож байгаа жүжгийн баатар амьдралд хууртагдсан надаас ямар ч ялгаа алга. Яг үнэндээ би ч гэсэн амьдрал дээрээ хууртагдсан эмэгтэйн дүрийг бүтээж иржээ" гэж найруулагчдаа хандаж хэлдэг. Эндээс уншигч хүн Цэцгээгийн тоглож байгаа дүрийн тухай бодож байтал тухайн дүрийг дүгнээд хэлчхэж байгаа юм. Түүнийг нь найруулагч хүлээж аваад учир шалтгааныг нь тайлбарлаж ярьж байх жишээтэй. Цэцгээгийн "Амьдрал дээр би ч бас хууртагдсан эмэгтэйн дүрийг бүтээж иржээ" гэдгээс хүний оршихуй гэдэг зүйл, амьдралын утга учрын тухай сонирхолтой эргэцүүллийг хүнд өгнө. Яг хүн өөрөөрөө байж чаддаг билүү, бусадтай харилцах үед бидний өөрийн гэсэн чанар, дотоод мэдрэмж, итгэл үнэмшил маань өөрийнхөөрөө байж чаддаг уу. Дүрд хувирах гэдэг зүйл амьдрал дээр хүртэл байна. Тиймээс жинхэнэ дүрээ би хэрхэн бүтээх ёстой юм гэх эргэцүүлэл рүү уншигчийг хөтлөх жишээтэй. Сөргөөгөөд жүжгийнхээ нэрийг бодонгуут "Үхэл миний өмч" гэж байгаа. Ингээд бодохоор эцэстээ хүнд өөрийн гэж өмчлөх, бусдад булаагдахгүй, алдахгүй зүйл гэж байна уу. Нийгмийн харилцаа бүх зүйлс бусдын эрхшээлд явдаг юм байна. Тэгэхээр өөрийн гэж өмчлөх жинхэнэ дүрээ бүтээж түүгээрээ байх ганц зүйл нь эцсийн цэг буюу үхлийн орчин юм шүү гэх санааг зохиолч дэвшүүлж байгаа юм.
"Хүн бүгд-Би" зохиолын тухайд хүн бүхэн ижил, хэн ч хэнийг бүү зэмлээрэй гэх санаа байдаг. Бид бүгд нэгнээ буруутгах шаардлагагүй, ав адилхан. Би өөрийнхөөрөө байна гэж бодож байгаа хэдий ч миний тусгал харилцаж буй хүнээсээ хамаардаг. Өөрөөр хэлбэл тухайн хүний хүсэж байгаа талбарт оршиж байдаг гэсэн үг. Тиймээс бид нэг нэгэндээ хүлцэнгүй, өршөөнгүй, уучлангуй хандахаас илүүтээ зөв цэг гэж байхгүй. Миний хамгийн зөв гэж бодсон зүйл хүртэл бусдын ямар нэгэн хүсэл, шаардлагатай холбоотой. Амьдралын утга учир үнэ цэнэ гэдэг нь хайрлах, уучлах дээр төвлөрөх ёстой болохоос биш ямар нэгэн "эго"-г онцлохоос илүүтэйгээр дотоод сэтгэлдээ хайрлах нь амьдрал дээр бодитой юм биш үү гэх санааг өгсөн нь анхаарал татсан.
-Хүүхэд залууст, анхлан уншиж эхэлж буй уншигчдад хандаж зөвлөгөө өгөөч?
Хүн бүхэн л ном унших хэрэгтэй гэж хэлдэг. Номын хуудсыг эргүүлэх болгонд өөдөөс итгэл, сэтгэлээр ирмэж байгаа мэт санагддаг. Надтай амьд харилцаа үүсгэж, дараагийн хуудсанд хөтлөгдөх болгонд амьдралд итгэх итгэл, дотоод сэтгэл, бусдыг ойлгох, утга учрыг олон талаас бодох боломжуудыг нээлттэй өгдөг нь номын онцлог юм. Тиймээс номын гэрэлт хуудас болгон итгэл сэтгэлээр хүнийг ирмэж байдаг. Ном хэмээх амьд зүйл надтай ярилцдаг. Д.Урианхай, Д.Батбаяр гэх хоёр автар надтай хамт байгаа боловч нээгээд уншихаар би тэднийг уншиж байдаг. Д.Батбаяр гуай надад уншиж өгөх бус би өөрийнхөөрөө Д.Батбаяр гуайг уншдаг гэсэн үг. Тэр утгаараа ном уншигч хоёр зүйрлэж хэлэхийн араггүй харилцаа үүсдэг. Ном бол хүний дотоод сэтгэлийг хамгийн ихээр өсгөж өгдөг зүйл шүү гэж хэлмээр байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мөлжүүртэй сайхан ярилцага байна.
Монгол зохиолоор жүжиг хийх хэрэгтэй. Чойдогтоо баярлалаа, сэтгэл чадав