Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлагаСайн ном, сайтар уншигч

Сайн ном, сайтар уншигч #5| О.Наранбаатар: Энэ хоёр ном хэвлэгдсэн үеийнхээ "Бестселлер" бүтээлүүд

Eguur агентлаг өнөө үеийн нийгэмд чухал үнэ цэн бүхий номыг сонгож, тухайн номыг өөр нэгэн тулхтай уншигчаар яриулах “Сайн ном, сайтар уншигч” контентыг уншигч танд хүргэдэг билээ.

Ном: МУГТ, дархан аварга Ж.Мөнхбат, сэтгүүлч С.Түвдэнням "Хаях би яараагүй байхад" ярилцлагын ном, СГЗ, сэтгүүлч А.Баярмагнай "Түмэн эх" номуудыг онцоллоо. Дээрх хоёр ном нь Монголын үндэсний спорт болох бөх, хурдан морины талаар бичигдсэн "анхны" гэх тодотголтой ном бөгөөд салбар бүртээ гарын авлага болсон бүтээлүүд юм. Хэвлэгдэж гарсан тухайн үедээ богино хугацаанд борлуулагдаж дуусжээ. Улмаар иргэдийн хүсэлтээр ахин хэвлэгдэж байснаараа онцлог.

Уншигч: Үндэсний спорт судлаач, улсын бөх тайлбарлагч О.Наранбаатар.

Тэрбээр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн. ШУТИС-ийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Үндэсний спорт судлаач бөгөөд энэ чиглэлээр нийт 29 ном туурвиад буй юм. Түүнчлэн SPS, Талын монгол телевизүүдэд сэтгүүлч мэргэжлээр ажиллаж байсан, өдгөө NTV телевизэд ажиллаж байна.

-Үндэсний спортын гарын авлага болсон ном-

-Дээрх хоёр зохиолыг яагаад унших ёстой юм бэ?

-Дээрх хоёр бүтээл бол морь, бөхийн тухай бичигдсэн бүтээлүүдээс хамгийн сайн бичлэгтэй ном. Хурдан морь, үндэсний бөх шимтэн сонирхогчдоос уншаагүй хүмүүс цөөн биз. Мөн сэтгүүл зүйн бичвэр талаасаа сайн бүтээлүүд. Ж.Мөнхбат аваргын "Хаях би яараагүй байхад" гэдэг номыг бичиг үсэг сураад удаагүй хүүхэд байхдаа уншиж байсан юм. Тухайн үед бөхөд дурлаж эхэлж байсан учраас хүчтэй татагдаж, сонирхож уншиж дуусгасан. Саяхан арай өөр өнцгөөс эрж хайж уншихад шимтэй хэвээрээ байна лээ. Ер нь хэзээ ч шүүрч аваад уншихад бусад бүтээлүүдээс хавь илүү бичигдсэн гэдэг нь мэдрэгддэг.

-"Түмний эх" ном бол 1971 онд гарч байсан бүтээл. Хэвлэгдэж гарсан тухайн үедээ ховордож, ахин хэвлүүлсэн. 1989 онд ахин хэвлэгдэхдээ 20,000 ширхэг хэвлэсэн байдаг ч одоо олдоц муу, ховор номдоо орчхоод байгаа. Хурдан морь сонирхдог хэн бүхэн л шимтэн уншдаг учир тэр биз. Тухайн үед 3 төгрөг 30 мөнгөөр борлуулагдаж байсан гэдэг. Ном нь дотроо хурдан морины шинж, хурдан морины уяа, засал, зарим алдарт хурдан хүлгүүд ба нэрт уяачдын тухай, ардын засгийн жилүүдийн наадмын морины уралдааны дүн гэсэн үндсэн дөрвөн бүлэгтэй. Ер нь энэ ном хурдан морины тухай олон бүтээлүүдийг араасаа дагуулсан сайн ном л доо.

-Номуудын зохиолчид анхаарал татаж байна л даа. Зохиолчдын тухай яривал?

-"Хаях би яараагүй байхад" номыг Говь-Алтай аймгийн харьяат үндэсний спортоор төрөлжин бичдэг С.Түвдэнням гэж сэтгүүлч Ж.Мөнхбат аваргатай хамтран бүтээсэн. Ярилцлага бол сэтгүүл зүйн салбарын хамгийн мундаг, сайн төрөл жанр гэж би хувьдаа боддог. Энэ ярилцлагаар бүтсэн, ярилцлагын ном учраас илүү амьд мэдрэмж өгдөг. Хөрөг, нийтлэл, сурвалжилга огт ороогүй ярилцлагаар дагнан бичсэн нь уншихад амттай. Ярьж байгаа нь хүн Ж.Мөнхбат аварга учраас улам сонирхолтой байх нь мэдээж. Тэр хүний онцлог, зан төлөвийг С.Түвдэнням сэтгүүлчээс өөр хүн бичиж чадахгүй байсан болов уу гэж боддог.

"Түмний эх" номын зохиолч СГЗ, сэтгүүлч А.Баярмагнай ахыг Монголын хурдан сонирхдог хүн бүхэн андахгүй мэднэ. Түүнийг хурдан морь судлаач гэхэл бараг хилсдэхгүй биз. Сүүлд өөрөө морь уяж улс бүсийн наадамд айраг түрүү авч байсан удаатай. Энэ номоос түүнийг хэр хэмжээний сэтгүүлч, судлаачын ур чадвартай хүн байсан гэдгийг харж болно. 1950-иад оноос эхлэн Буянт Ухаагийн дэнжид морь унаж уралдаж өссөн нэгэн. Мориноос хасагдсаны дараагаар наадам үздэг байсан сэтгүүлч болж сурвалжилдаг болсон. Хожим уяачды холбооны нарийн бичгээр ажиллаж наадам зохион байгуулж байсан. Монголын морин спорт уяачдын холбоог анхлан байгуулцаж, хөгжүүлж ирсэн гавьяатай эрхэм. Олон ч морины уралдаан наадам санаачилсан. Тиймээс уг зохиолч маань морин уралдааныг санаачилж, хөгжүүлж ирсэн хүн учраас "Түмний эх" ном сайн бичигдсэн нь ойлгомжтой.

А.Баярмагнай сэтгүүлчийн 23 насандаа бичсэн анхны бүтээл нь гэдэг байх шүү. Уг ном 1971 онд 5000 ширхэг хэвлэгдээд тэр даруй борлуулагдаж дууссан гэдэг. Одоогийнхоор бол бестселлер ном байж таарах нь. Тухайн үеийн дарга нарыг хөдөөгөөр ажиллаж малчид, хөдөлмөрчидтэй уулзах үеэр нь "Түмний эх" номыг дахиж хэвлэж өгөх санал хүсэлт гаргаж байсан гэдэг. Тэр үед цахим орчин, телевизор гэж байгаагүй учраас иргэд ном, сонин их хардаг байсан байх. Тэр тусмаа үндэсний спортын тухай ном төдийлөн элбэг байгаагүй нь мэдээж. Улмаар дарга нар 1989 онд ахин хэвлэх даалгавар өгч 20,000 ширхэг хэвлэгдсэн түүхтэй. Сүүлд зохиолч маань бүлэг тус бүрээ задалж илүү дэлгэрэнгүй агуулгаар олон ном бичсэн. Нэг ёсондоо "Түмний эх" ном олон судлаач, зохиолчдын гарын авлага болсон ууган гэж хэлмээр бүтээл. Миний хувьд сэтгүүлч А.Баярмагнай ахаас тус номыг ахин шинэчилж, задлаж бичих зөвшөөрөл авсан.

-Уншигчийн тань тухай асууухад энэ хоёр номыг уншаад ямар сэтгэгдэл төрөв?

-"Хаях би яараагүй байхад" номд бүлэг гэх зүйл байхгүй. Урсаад л уншигдаад байдаг ярилцлагууд хөвөрсөөр байгаад дуусдаг, уншихад амттай, амар ном. Надаас маш олон хүн "Морь, бөхийн тухай шилдэг хоёр ном хэлж өгөөч" гэж асуудаг. Ер нь хурдан морь, бөхийг хоёр ном уншаад л бүрэн мэдчихнэ гэж байхгүй. Үндэсний том спортын тухай мэдэхэд хоёр ном хангалтгүй. Яг шилдэг ном уншуулахаар "шилдэг нь юундаа байгаа юм" гэдэг. Тэгэхээр тухайн салбарын ганцхан шилдэг бүтээлийг уншаад мэддэг болно гэж байдаггүй. Магадгүй тухайн салбарын номын 60-70 хувийг нь сөхөж байж сайн номыг мэдрэх биз. Дээрх хоёр номыг олон талаас нь харж дүгнэхэд сэтгүүлч нар нь сайн учраас бичвэр үнэхээр мундаг бичигдсэн. Хоёрдугаарт нь нуршуу биш олон зүйл тоочоогүй, тухайн хүрээндээ захирагдаж чадсан. Эцэст нь дүгнэж хэлэхэд судлаачийн ч тэр сэтгүүлчийн ч бүтээл мөн гэдгээрээ нь сайн бүтээл гэж боддог. Тус ном 1992 онд хэвлэгдэж байсан. Дараагаар нь шинэчилж арай дэлгэрэнгүй болгож ахин хэвлэсэн байдаг. Миний хувьд эхний хэвлэлтээ гүйцэхгүй гэж боддог.

-Ямар арга барилаар ном уншдаг вэ?

-Одоо үед цаг зарцуулах олон зүйл байна. Хоёроос гурван ном зэрэг эхлүүлчихвэл зүгээр санагддаг. Нэгээс нь залхаад ирэхээр нөгөөхийг нь уншаад явчихвал амар байх. Морь бөхийн тухай номууд гэвэл тодорхой хэдэн бичвэр байгаа. Шинээр бичиж сонин содон, анхаарал татаж бариад авахаар ном гарах нь ховор байна. Ихэвчлэн өмнөх бүтээлүүдээс эшилсэн давтсан, хойно урд нь оруулсан зүйлс гарах болж. Тиймээс морь, бөхийн тухай номуудыг уншихад удаан цаг зарцуулдаггүй. Ерөнхийд нь гүйлгээд унших жишээтэй. Харин түүх болон уран зохиолын номуудыг тогтож унших шаардлага гардаг.

-Азарга уралддаг болсноор монголын морин уралдаанд хувьсал гарсан-

-Ном таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Орчлон дээр маш олон төрлийн хобби байна. Чүдэнзний хайрцаг, заан цуглуулдаг хүн байна. Уул хаданд авирч таашаал авдаг хүмүүс ч цөөнгүй. Ном унших хоббины давуу тал нь бусад эд зүйлсийн цуглуулгыг бодвол дотроо эрдэмтэй, гэрэлтдэг. Нэг талаасаа цуглуулга хэдий ч хүний эрдэм мэдлэгт дууддагаараа онцгой санагддаг.

-Уг хоёр номыг унших явцад таны сэтгэлд тод томруунаар үлдсэн эшлэлээс хуваалцвал?

-1966, 1968 оны улсын наадмуудаас харахад Ж.Мөнхбат аварга өөрөө маш их эшлэлтэй хүн юм. Номын гарчиг дээр байгаа "Хаях би яараагүй байхад" гэдэг нь их алдартай үг. Алдартай үгээрээ номоороо нэрлэсэн байдаг. Өмнө нь ганц нэг хүн энэ үгийг хэлж байсан гэдэг юм. Гэхдээ Мөөеө аваргын хэлснээр хүмүүс түлхүү мэддэг. Дамдин аварга барилдахаар гарч ирэхдээ удлаа гэж нь ундууцахад нь "хаях би яараагүй байхад унах та юунд яарав" гэж хэлснээр дэлгэрсэн гэдэг. Энэ үг нь ч номд нь их тохирсон гэж боддог. Засуулын мөрнөөс гарахад аль хэдийн барилдаан эхэлчихсэн байдаг. Тухайн үед гаргаж байгаа дэвээ шаваа, биеийн хэлэмз, ааш зэргээс нь барилдаан ямар болох эсэхийг харж болно. Жишээ нь Ж.Мөнхбат аваргын тэр үг өрсөлдөгчийн сэтгэл зүйд нөлөөлөх, шатаах, барилдааны гаргахад зориг нэмэх үүднээс хэлсэн мундаг үг шүү.

-"Түмний эх" номын тухайд хуучны уяачдын алдартай морьдын тухайн олон зүйл бий. Ялангуяа Төв аймгийн Баянцагаан, Баян сумын уяачдын тухай олон сайхан уншууртай хууч яриа, домгууд бичигдсэн. Дорнод аймгийн алдарт уяач М.Тожил гуайн "удамтай адуу нэг л өдөр цахиур хагална" гэх мэт олон зүйлс бий.

-Таны уншсан номд гарах морины уяа одоо үеийн уяа хоёр хэр хол зөрөх бол?

-Уяаны хувьд өөр зүйл их болсон. XX зууны монголын хурдан морины уяаг өвгөн ноён М.Пүрэвжавын бий болгосон уяаны дэг сургуулиар явсан гэж ярьдаг. Одоо үеийн уяа, адууг 100 жилийн өмнөхтэй харьцуулшгүй өөр болсон. Өдөр тутамд хувьсан өөрчлөгдөж байгааг нэг хэсэг шүүмжилдэг бол зарим нь хүлээн зөвшөөрдөг. Дээхэн үед адууг бэлчээрээр нь уяж уралдуулдаг байсан бол одоо үед байрлуулж, зогсоож уядаг болсон. Нэг морины цаана уралдаанч хүүхэд, уяач, эзэн гэх мэт гурван өөр хүн байдаг болсон зэрэг нь 100 жилийн өмнөхөөс тэс ондоо болсныг харуулна. Одоо үеийн уяачид Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгын үүсгэсэн дэг уяа гэж ярьдаг боллоо. Тэгэхээр XX зууны морины дэг уяаг өвгөн ноён М.Пүрэвжав, одоо үеийн дэг уяа Д.Онон гэдэг хүний үүсгэсэн уяагаар явж буйгаараа ондоо.

Одоо зургаан насны морь, эрлийз гурван ангилал нэмэгдээд есөн насны морь уралдаж байгаа. Гэтэл 1899 онд анх азарга уралдсан гэдэг. Тэрнээс өмнө их морь, дунд морь, бага морь гэж ангилдаг байсан. Даншиг наадмын цуваанаас харахад их морь, соёолон, хязаалан насны морьд уралддаг байсан байгаа юм. 1925 оны цуваан дээр шүдлэн, даага нэмэгдэж орж ирсэн. Азарга нас уралддаг болоод монголын морин уралдаанд хувьсал гарсан. Азарга уралдахаар араггүй сайн азаргын үр төлийг авдаг болсон. Сайн их насны морь "хөлгүй" болоход л ямар ч араггүй шүү дээ. Гэтэл азарга "хөлгүй" болоод уралдахаа болиход төлийг нь авч болох нь. Азарга насны уралдааныг үүсгэснээр олон хурдан хүлгүүд тодорч, хувьсал хийсэн санагддаг.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ж.Мөнхбат аваргын номыг дахин дахин уншихад өөр өөр мэдрэмж төрдөг гэдэг үнэхээр үнэн байх уншсан хүмүүс нь бүгд тэгж ярьдаг шүү

Зочин
Зочин

Ene mori boh sonirhodog humuust bol jinhene gariin avlaga boloh nomuud baina gehdee odoogiin zaluus unshih ni tsoorood baigaa ni haramsaltai

Зочин
Зочин

“Түмний эх” ном одоо олдохоо больсон гэдэг нь номын сан соёл ямар байгааг харуулж байна дахин хэвлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Bi bodohdoo iim chuhal nomuudiig surguuliin hutulburt oruulbal zaluus medeh bolno

Зочин
Зочин

Ярилцлага хэлбэрээр бичсэн ном уншихад илүү амьд санагддаг гэдэгтэй санал нэг байна

Зочин
Зочин

Ene Naranbaatar sudlaach mash ih yum hiisen hun baina 29 nom bichne gedeg amar bish

Зочин
Зочин

Манай үндэсний спортын тухай чанартай шинэ ном цөөхөн гарч байгаа нь үнэн шүү

Зочин
Зочин

Bi ene hoyor nomiig unshij baigaagui ch unshih sonirhol turj baina

Зочин
Зочин

Ном унших хобби эрдэмтэй цуглуулга гэдэг нь гоё хэллэг байна

Зочин
Зочин

Ene morinii tuhai huuch yaria domguud ni hamgiin sonirholtoi heseg ni baidag

Зочин
Зочин

Ж.Мөнхбат аваргын эшлэлүүд бөхийн сэтгэл зүйг ямар нарийн байсныг харуулдаг

Зочин
Зочин

Bi bodohdoo sportiin tuhai iim gun sudalgaatai nom olon boloh heregtei

Зочин
Зочин

Хуучны уяа одоогийн уяанаас тэс өөр болсон гэдэг нь соёл өөрчлөгдөж байгааг харуулж байна

Зочин
Зочин

Ene bol zuvhun nom bish undestnii ov soyoliin barimt shuu

Зочин
Зочин

Ene hoyor nom bol Mongoliin sportiin tuuhiig hadgalsan une tsenetei buteel

Номын хорхойтон
Номын хорхойтон

Ном сурталчлах сонин хэлбэр байна. Дөнгөж сая худалдаанд гарч байгаа "Мээнэгхэн заяаны дууль" (Зохиолч Л.Пүрэвдоржийн) гэдэг номыг би уйлаад уншиж дуусгалаа. Сонин ном ч их л гарч байна даа.

Back to top button