Хууль бусаар хил гаргах гэж байсан дарсны онцгой тэмдгийг илрүүлжээ

Замын-Үүдийн Гаалийн газрын хяналтын бүсээр хууль бусаар бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэж байсан тохиолдлуудыг илрүүлжээ. Энэ оны зургаадугаар сарын 15-ны өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд Монгол Улсын иргэн БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улс руу зорчихдоо 0491 ДГА улсын дугаартай ИСТАНА маркийн автомашинд 20 кг савлагаатай 20 шуудай химийн бодис хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ.
Замын-Үүд дэх гаалийн газрын салбар лаборатори тус химийн бодисоос авсан дээжид шинжилгээ хийхэд БОАЖЯ-ны тусгай зөвшөөрөлтэйгөөр импортолдог химийн бодис кальцийн стеарат болох нь тогтоогджээ.
Харин энэ сарын 18-ны өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд Монгол Улсын иргэн О нь Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хот руу зорчихдоо автомашиндаа 37 шуудай буюу 1,400 кг малын хөлдөөсөн бөөрийг мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ.
Түүнчлэн УБО улсын дугаартай ИСТАНА маркийн автомашиндаа нэг хайрцаг буюу 49,107 ширхэг дарсны онцгой албан татварын тэмдэг/акц/ нууж хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага шалгаж байна.
А.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.