"Уламжлалт анагаах ухааны гурван цагийн хэлхээс" эрдэм шинжилгээний хурал эхэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Монголын уламжлалт анагаахын эрдэм ухааны хөгжлийн гурван цагийн хэлхээс" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар их хурал өнөөдөр болжээ. Тус хурлыг Монголын анхны оточ Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ойг тохиолдуулан хийж байгаагаараа онцлог аж.
Тус хуралд 150 гаруй илтгэл ирснээс 17 илтгэлийг тодруулан хэлэлцүүлжээ.

"Монголын уламжлалт анагаахын эрдэм ухааны хөгжлийн гурван цагийн хэлхээс" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар их хуралд Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургуулийн эмч, багш нар оролцох бөгөөд өнөөдрийн хуралд Манба Дацан МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, Оточ Манрамба Их Сургуулийн захирал, Профессор, Хамба лам Д.Нацагдорж, Оточ Манрамба Их Сургуулийн Дэд захирал, АУ-ы доктор, Дэд профессор Г.Одонцэцэг нар оролцжээ.
Эрдэм шинжилгээний их хурлын нээлтийн илтгэлийг "Уламжлалт анагаахын сургалтын түүхэн уламжлал" илтгэлээрээ Манба Дацан МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, Оточ Манрамба Их Сургуулийн захирал, Профессор, Хамба лам Д.Нацагдорж нээсэн юм.
Хамба лам Д.Нацагдорж илтгэлдээ:
“Хэрэв Ламын Гэгээн Лувсанданзанжанцан өдгөө байсан бол бидэнд Уламжлалт анагаах ухааны шүнгийн сургалтыг хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг хэлэх байсан” гэжээ.
Түүнчлэн "Анагаах ухааны увдис бүгдийн шим онол шүн үүнийг мунхаг оюун ухаанаар онож шинжлэхгүй. Оюун билэг төгөлдрөөр анагаах ухааны онол шүнг үзэж судлагтун. Анагаах ухааны онол шүн бүхэн арван тавны саран адил дэлгэрэн хөгжих болтугай" хэмээсэн байна.
С.ХОНГОРЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.