ЭЦЭГ ЭХЧҮҮД: Алдаатай шалгалтаас болж хүүхдүүд ХОХИРЧ байна

Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын "Шинэ Эрин" сургуулийн зургаадугаар ангид элсэн суралцах хүүхдүүдийн сонгон шалгаруулалтад алдаатай бодлого илэрчээ. Харин өнөөдөр /2019.06.20/ гомдолтой байгаа эцэг эхчүүдийн зүгээс мэдээлэл хийлээ.
Шинэ эрин сургуулийн дунд ангид элсэн суралцах хүсэлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл:
“Шалгалтын материал алдаатай байснаас болж 1200 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. Шалгалт дууссаны дараа хянагч багш нар хүүхдүүдийн дэргэд материалыг нь уншуулж алдааг шалгуулсан. Тухайн үед эцэг эхчүүд гадна дэлгэцээр үйл явцыг харж байсан юм. Дууссаны дараа дэлгэцээр урьдчилсан байдлаар тэнцсэн хүүхдүүдийг жагсаан гаргасан. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ шалгалтын материалтай танилцах хүсэлт гаргахад маргааш ирээрэй гэсэн”хэмээв.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүдийн зураг орой нь тус сургуулийн сайт дээр гарчээ. Дараагийн өдөр эцэг эхийн хурал зарласан бөгөөд тэнцсэн хүүхдүүдийн эцэг эхчүүд очиход “танай хүүхэд чинь тэнцээгүй байна” гэсэн хариуг өгчээ. Харин шалгалт өгсөн хүүхдүүд “алдаатай бодлого байсан” хэмээн эцэг эхдээ хэлсний дагуу материалыг нь шалгаж маргааш нь сургуульд ханджээ. Шинэ эрин сургуулийн Сургалтын менежер н.Батаа нь эцэг эхчүүдийн өргөдлийг хүлээн авч шалгаж үзээд “А” вариантын 28 болон 40 дүгээр бодлогын хариу байхгүй, “Б” вариантаас мөн хоёр бодлого нийтдээ дөрвөн бодлого алдаатай байна хэмээн хүлээн зөвшөөрчээ.
Гэтэл зургаадугаар сарын 17-ны өдрийн 03:30 минутын үед шинэ эрин сургууль сайт дээрээ алдаатай шалгалт авсан материалаа сольж оруулсан байна. Мөн ямар ч залруулга хийгээгүй тул эцэг эхчүүд холбогдох газруудад газруудад утсаар болон бичгээр гомдол гаргасан байна.Боловсрол шинжлэх ухааны яам “Шинэ эрин сургууль энэ асуудлаа өөрсдөө зохицуулах ёстой” гэсэн хариу өгчээ. Шинэ эрин сургууль нь анх боловсролын үнэлгээний газраас шалгалтын материалыг зохион байгуулдаг байсан ч хоёр жилийн өмнөөс уг эрхийг сургуульд буцаан өгсөн учраас ийм хариу өглөө хэмээн эцэг эхчүүд үзэж байгаа аж. Харин сургуулийн захирал н.Амартүвшин “Манайх долоон жилийн хугацаанд нэг ч удаа алдаа гаргаж байгаагүй” хэмээжээ. Удалгүй Шинэ эрин сургуулийн зүгээс энэ асуудалд алдаатай бодлогуудыг хасаж дүгнэх арга хэмжээ авчээ.
Энэ тухай эцэг эхчүүдийн төлөөлөл:
“Алдаатай шалгалтын асуултуудыг хасаад хүүхдүүдийн авах ёстой дээд оноо нь 97 ба 94 болж байна. Гэтэл дүнгээр нь жагсаахад нэг вариантын хүүхдүүд нь илүү хохирч байна. Мөн шалгалтад байсан бодлогуудын чанар хоорондоо эрс өөр болно. Хүүхдүүд шалгалтын явцад гараа өргөж багшаасаа 28-р бодлого алдаатай байгааг хэлэхэд хүлээн авч хэлэлцээгүй байна.Нэг хүүхдээс 25 мянган төгрөг авч нийтдээ 31 гаруй сая төгрөгөөр уг шалгалтыг авсан ч ийм хариуцлагагүй ажил хийсэнд нь бухимдалтай байна. Тусгай комисс гаргаж энэ асуудлыг шийдэх юмуу дахин шалгалт авахгүй бол бид Кембрижид хандах бодолтой байна” хэмээн хэлсэн юм.
Мөн “Алдаатай бодлого байсан гэдгийг хүүхдүүд өөрсдөө олж бидэнд хэлсэн. Тэр алдаатай бодлогын хариуг гаргах гэж оролдсоор байгаад маш их цаг хугацааг алдана. 6-9-р ангийн хүүхдүүдийн ахисан төвшний мэдлэгээр хурдан хугацаанд шалгалтыг авсан. Ийм чухал шалгалтыг цаашид хариуцлагатай авч байгаасай хэмээн хүсэж байна. Биднээс гадна олон эцэг эхчүүд шалгалтын дахин авах хүсэлтэй байгаа” хэмээн өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
С.ХОНГОРЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.