НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

СЭДЭВ: Цэцэрлэгийн багшдаа НҮҮРЭЭ ХАВДТАЛ ЗОДУУЛСАН ч хугарч гэмтээгүй гээд ХЭРГИЙГ ХААЖЭЭ

Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах 242-р цэцэрлэгийн багш М энэ оны тавдугаар сарын 15-ны өдрийн 17:40 цагт хариуцсан ангийн гурван настай хүүг нүд, хамрыг нь тэгширтэл зодсон ч хуулийн байгууллага уг хэргийг хүчингүй болголоо гэсэн гомдолтой эцэг эх манай редакцад хандлаа.  

Тодруулбал, тухайн өдөр эцэг эх нь хүүгээ авахаар цэцэрлэгт очиход хүүхдийнх нь нүд хамар нь тэгширтэл хавдаж, цусандаа хутгалдсан байсан аж. Хэрэг явдлыг тодруулан асуухад ангийн багш М болон туслах багш А нар нь “Унтаж сэрэхдээ ийм болчихоод босч ирсэн” хэмээн тайлбарласан байна. Харин тус цэцэрлэгийн эмч “Энэ бол харшил” хэмээн оношилсон гэлээ.

242 дугаар цэцэрлэгтэй холбоотой ийм төрлийн хэрэг өмнө нь хэд хэд гарч, эцэг эхчүүд ч муу амтай байдаг тул эцэг эхчүүд мөнгө нийлүүлэн 6.450.000 төгрөг хуримтлуулан цэцэрлэгийг камержуулсан гэх. Гэвч тухайн өдрийн бичлэгийг үзэх хүсэлтээ цэцэрлэгийн эрхлэгчид илэрхийлэхэд эрхлэгч М нь “Хард диск хөндийрсөн байна, бичлэг хийгдээгүй” гэх тайлбарыг өгч, шалгуулаагүй байна. Эцэг эхчүүд үнэхээр цэцэрлэгийн камерын хард хөндийрсөн үү, эсвэл санаатайгаар тухайн өдрийн бичлэгийг устгасан уу гэдгийг нягтлахаар IT чиглэлийн гурван ч компани, таван инженерт хандаж үзэхэд “Эрхлэгчийн хэлж буй нөхцөл байдалд хард диск хөндийрөх ямар ч боломжгүй” гэдгийг батлан хэлж буй аж.

Өөрсдийн цуглуулсан мөнгөөрөө тавьсан камерын системийг харах ч боломжгүй байгааг шүүмжилсэн эцэг эхчүүд Мэргэжлийн хяналтын байгууллагад хандан эрхлэгч М-ийг 6.4 сая төгрөгийг зөв захиран зарцуулсан эсэхийг хянуулахад мөнгөн дүнгийн тодорхой хэсгийг зориулалтын бусаар ашигласан болохыг тогтоожээ.

УУРЛАХААРАА ЭЭЖ ААВЫНХАА СУГАНААС ИРЖ ЧИМХДЭГ БОЛСОН БАЙСАН

-Сайн байна уу? Танай хүүхэд одоо сэтгэлзүйн хувьд ямар байгаа вэ?

-Сайн, сайн байна уу? Яг үнэнийг хэлэхэд жаахан хэцүү байгаа. Хүмүүжил, зан төлвийн хувьд тогтворгүй. Уурлахаараа нэг бол хажуудах хүүхдийг зодоод, нэг бол барьсан юмаараа өөрийгөө зодоод байгаа.

-Танай хүүхэд хэлд сайн орсон уу?

-Тиймээ, үеийнхэнтэйгээ харьцуулахад харьцангуй сайн ярьдаг хүүхэд.

-Зодуулсан гэх өдрөө та хоёрт юу гэж хэлсэн бэ?

-Тухайн өдөр аав нь миний хүүг очиж цэцэрлэгээс нь авсан. Хүү бид хоёрт хэлэхдээ “Намайг багш энэ рүү цохисон гээд нүд рүүгээ заасан, хацар чих хоёр руу ингэж цохисон гээд гараа атгаад толгой руу цохиж үзүүлсэн. Багш нь “Танай хүүхэд чихрийн харшилтай болохоор ингэсэн байх” гэж хариулсан. Бид маргааш нь камер үзэхээр тохирсон боловч, эрхлэгч нь камертаа огт хүргээгүй. Уг нь тэр камерыг хүүхэд бүрээс 30 мянган төгрөг цуглуулж байж суурилуулсан юм шүү дээ. Энэ зураг бол зодуулснаас хойш хоёр хоногийн дараах зураг юм. Тухайн үед цус нөж болчихсон байхад нь хүн чинь “Хүүхдийнхээ цусыг хурдхан арилгая” гэж бодохоос зургийг нь авъя гэж боддоггүй юм билээ.

-Таны хүүхэд энэ цэцэрлэгт өмнө нь ч зодуулж байсан гэв үү?

-Тийм, хоёр настай, юм ярьж чаддаггүй байхдаа булчирхайн үрэвсэл болтлоо зодуулж байсан. Тухайн үед хүүхэд маань бас л сэтгэлзүйн хувьд их өөрчлөлтөд орсон. Бид хүүхдийнхээ биеийг эмчлүүлж сувилуулах гэж л их анхаарч байсан болохоос үнэндээ хэл ам хийж явж чадаагүй. Хүүхэд маань тэр үед ээж аавдаа уурлахаараа их сонин байнга суганаас чимхэнэ, ойртсон хүүхдүүдийг ч чимхээд хүмүүжлийн хувьд их доголдолтой болчихсон. Одоо бодоход суганаасаа чимхүүлсээр байгаад л булчирхай нь үрэвссэн шиг байгаа юм. Бид хүүхдээ 3.5 сар тасралтгүй эмчлүүлж байж гайгүй болохоор нь өөр цэцэрлэгт өгөхөөр шийдэж, хувийн цэцэрлэгт өгтөл ангийнхаа хүүхдүүдийг чимхээд болохгүй, хүний хүүхэд гэмтээчих гээд байхаар нь хуучин цэцэрлэгт нь авч ирээд эрхлэгчид нь “За та бүхэн хүүхдийг минь ийм болгосон. Одоо анхаарч ажиллаж, хүмүүжлийг нь засахад туслалцаа үзүүлээрэй” гэсэн. Гэвч ийм зүйл ахиад тохиолдлоо.

ЦАГДАА ИРЭЭД “ТАВАН ХҮҮХЭДТЭЙ БОЛОХЫГ ЧИНЬ ХАРНА АА” ГЭЖ ХЭЛСЭН

-Та бүхэн цагдаад хандсан уу?

-Хандсан. 102 дуудаж, дүүргийн болон хорооныхоо цагдаад хандсан. Гэвч авч хэлэлцээгүй. Нэг удаа бүр энгийн хувцастай цагдаа ирээд “Чиний таван хүүхэд төрүүлэхийг чинь харна аа, баян айлын авгай, өргөдлөө буцааж ав” гэх мэтээр доромжилсон. Хэн гэдэг аль дүүргийн ямар цагдаа вэ гэж асуухад огт өөрсдийгөө танилцуулаагүй. Би та нартай ярих юм байхгүй, та нарыг эрхлэгч явуулсан бололтой, нэр усаа хэлэхгүй бол харилцах шаардлага байхгүй гэхэд элдэв дээдээр харааж загнасан. Цэцэрлэгийн эрхлэгч нь өөрөө таван хүүхэдтэй эх хүн юм билээ. Би аргаа барахдаа хүүхдээ харуулах хүн хайж өөрийн фэйсбүүк дээрээ “500 мянган төгрөгөөр лагерт хүүхэд харж өгөх хүн бий эсэх”-ийг лавлан зар бичтэл таних, танихгүй хаягуудаас надад хандаж “Чиний мөнгөтэй баян авгай чинь тэндээ байдаг юм байгаа биз, наад цэцэрлэгийн эрхлэгч чинь 400 мянган төгрөгөөр таван хүүхдээ тэжээдэг юм” гэх мэтээр бичиж доромжилно. Үнэндээ тэр цэцэрлэгт орох гэж намар бараг хүн бүр л 500 мянган төгрөг эрхлэгчид нь өгдөг шүү дээ, би ч өгч байсан, өгсөн хүмүүс зөндөө бий. Би баян тансагтаа биш аргаа барсан нэг ээж, өөр цэцэрлэгт өгөхөөр хүний хүүхэд чимхээд, зодоод байгаа хүүхдээ би өөр яалтай билээ дээ.

-Тэр бичлэг үнэхээр устчихсан юм уу эсвэл хард нь хөндийрчихсөн юм уу? Та түүнийг устгачихсан гэдэгт яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ?

-Би IT-ийн компаниудаар явж асуусан. Намайг гурван ч том байгууллагад аваачиж хард диск хөндийрсөн тохиолдолд дэлгэц дээр ямар бичиг гарж, ямар болдгийг харуулсан. Түүнээс шал өөр байсан. Би энэ бүхнийг ярьж байгаа нь бусад эцэг эхчүүдэд цэцэрлэг дээр юу болж байгааг үргэлж анзаарч, анхаарч байгаарай. Хүүхдийн чинь яс нь л хугараагүй бол цагдаа нар нь хүртэл “Өө алгадуулчихсан л юм байна шүү дээ, гэмтэл алга байна” гээд тоодоггүй юм байна шүү гэж анхааруулахаар та бүхэнд хандлаа.

Б.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button