#Цагаан сар |Монгол өв соёл буюу Монгол дархлаа

Харагдах байдал, хэл соёлоос гадна биднийг Монгол хүн гэдгийг тодорхойлох олон зүйлийн нэг нь язгуур урлаг, өв, соёл юм. Гаднаа хичнээн би Монгол хүн хэмээн дэлдлээ ч, үүх түүх, угсаа түүхээ мэдэхгүй бол тэгэж мянга хашгичаад яанам. Иймд бид танд сар шинийн эдгээр өдрүүдэд дэлхийн өв болох Юнескод бүртгэгдсэн эх орныхоо өв соёл, гайхамшигт дурсгалтай нэхэн танилцаасай хэмээх үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ. Хэдийгээр хөл хорио тогтоож, баярын өдрийг цуцалсан ч, уншигч та бүхэн энэ өдрийг гэрээсээ гаралгүйгээр хайртай бүхэнтэйгээ хамт байж амар амгалан өнгөрүүлээрэй.
Орхоны хөндийн дурсгалт газар, 2004

Орхоны хөндийн соёлын дурсгал нь Улаанбаатар хотоос 360 орчим километр алслагдсан, Монгол улсын төв хэсгээр урсах Орхон голын эрэг дагуу сунан байршсан байдаг. ЮНЕСКО2004 онд 28-р чуулганаараа энэхүү газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан. Орхон голын хөндий нь Төв Азийн хоёр мянга гаруй жилийн турш нүүдэлчдийн соёл иргэншил хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин дурсгалуудыг агуулдаг байна.
Орхон голын хөндийд дараах дурсгалууд байдаг:
- 8-р зууны эхэн үед Хөх Түрэгийн Билгэ хаан,Куль Тегиннарт зориулан босгосон Орхоны бичээс бүхий хөшөөнүүд. Эдгээрийг Оросын археологичид 1889-1893 оны малталтаараа нээсэн байна.
- Хар балгасын туурь. 8-р зууны үеийн Уйгурын эзэнт улсын нийслэл хот нь ордон, сүм, дуган, дэлгүүр гэх мэт маш олон тооны сүрлэг байгууламжуудтай 50 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг хамран оршиж байжээ.
- Монголын эзэнт гүрний нийслэл Хар хорум хотын туурь уг хөндийд оршдог.
- Эрдэнэ зуу хийд. Монгол оронд Төвдийн Бурхны шашин дэлгэрсний бэлгэдэл, анхны буддын сүм. Уг сүмийн зарим хэсгийг коммунист дэглэмийн үед 1930-1940 оны орчимд устгасан байна.
- Төвхөн хийд. Даянч ламын агуй болох Төвхөн нь өвөрмөц, хосгүй сүм юм. Далайн түвшнээс дээш 2600 метр өргөгдсөн уулын дээр орших уг хийдийг коммунист дэглэмийн үед нураасан байна.
- Өгөөдэй хааны амьдарч асан 13-14-р зууны үеийн Монгол хааны ордны туурь
- Монгол Алтайн хадны зургийн цогцолбор 2011
Увс нуурын ай сав газар, 2003

Далайн түвшнээс дээш 753 метр өндөр орших, 3350 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр бүхий Монгол улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай байдаг. Увс нуур нь Евро азийн тал нутгийн байгалийн унаган төрхийг хамгийн сайн хадгалан үлдээсэн 700'000 хавтгай дөрвөлжин километр нутгийг хамрах Увс нуурын сав газрын төв нь билээ. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагиль, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг. Нуурын хөвөөнд хужир,давс элбэгтэй, зэгс, дэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга,бургас,улиас зэрэг ургамалтай.
Увс нууранд хун, цаст дэглий, халбаган хошуут, ногтруу, галуу, шар алаг нугас зэрэг 362 төрлийн нүүдлийн шувуу, 72 төрлийн хөхтөн амьтан амьдардаг. Нууранд Алтайн загас, монгол хадран, осман, нохой сугас, давжаа сугас, шар загас зэрэг олон төрлийн загас, жараахай амьдардаг. Тус сав газар нь Сибирь болон Төв Азийн гео уур амьсгалыг хооронд нь зааглах хил хязгаар болдог бөгөөд зундаа агаарын температур 47 хэм хүрдэг бол өвөлдөө -58 хэм хүрдэг байна. Ийм хатуу ширүүн уур амьсгалтай ч 400 орчим зүйл шувуу, дэлхий дахинаа маш ховордсон цасны ирвэс, аргаль, янгир тэргүүтэй 100 орчим зүйл хөхтөн амьтны амьдрах орчин болдог. Увс нуурын савд хүн амын нягтшил бага, аж үйлдвэрийн салбар хөгжөөгүй, оршин суугчид нь эртний уламжлалт нүүдлийн ахуйгаа өнөөг хүртэл орхиогүй байгаа нь тус бүсийн экосистем онгон төрхөө хадгалан үлдэхэд чухал нөлөө үзүүлсэн байна.
Морин хуур, 2008
Морин хуур 13-р зууны эхэнд даруй Монгол үндэстний хүн ардын дунд өргөн дэлгэрсэн юм. Морин хуурын дэлгэрсэн нутаг орон нь адил бус байдгийн улмаар, түүний нэр, хэлбэр дүрс дууны өнгө,хөгжимдөх арга нь ч өөр өөрийн онцлогтой байдаг. Монголчууд суурьшсан ихэнх нутагт уг хөгжмийн зэмсгийг морин хуур гэж нэрлэж байхад, Өвөр Монголын зарим нутагт цоор гэж нэрлэх тал байдаг. Морин хуурын хайрцаг нь тэгш дөрвөлжин хэлбэртэй, гриф дээрээ морин толгойн сийлбэртэй байдаг. Энэ бол морин хуурын үндсэн төрх бөгөөд морин хуур гэсэн нэрийнх нь илрэл юм. Морин хуурын чавхдасыг морины сүүлээр хийнэ.
Морин хуурын ая эгшиг сонсголонтой сайхан бөгөөд утсан хөгжмийн дотор өөрийн өвөрмөц онцлогтой хөгжмийн зэмсэг болох юм. Эрт дээр үед морин хуурыг хөгжимчид өөрсдөө үйлдэж бүтээгээд хэрэглэж байсан юм. Дууны хэмжээ нь нэлээд дор болохоор монгол гэр болон байшинд хөгжимдөхөд тохиромжтой байсан юм. Цаг үеийн шаардлагаар хөгжмийн зэмсгийн мастерууд уламжлалт морин хууранд өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуурын дууны багтаамж диафазон (цар хүрээ) нь өргөжиж, морины сүүлийг нейлон утсаар орлуулан чавхдас хийсэн нь, дууны хэмжээ нь өндөржин, хөг нь квартаар дээшилсэн юм. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуур нь уянгалаг сайхан хөгөө хадгалаад зогсохгүй яруу тод болсноор тайзан дээр буюу хөдөө талд хөгжимдөхөд тохирч, монгол үндэстний гоцлол хөгжмийн гол зэмсгийн нэг болсон байна.
Монгол Ардын уртын дуу, 2009
Монгол ардын уртын дуу бол монгол ардын дууны сонгодог хэлбэр даруй мөн бөгөөд уудам тэнэгэр сайхан нугалаатай, уянга төгөлдөр олон янзын гоёмсог эгшиг чимэгтэй, хүний сэтгэлийг хөдөлгөх сайхан аялгууг эгшиглүүлдэг. Уртын дууны олон янзын нарийн хэмнэлийг ойлгоогүй хүн уртын дууг нотлон тэмдэглэхэд айзам /такт/ хуваан тэмдэглэж боломгүй мэт санахад хүрдэг ч удаа бий. Хуучин манай уртын дуучид уртын дууг "айзангийн гучин хоёр, хангайн найм" гэж ялган хувааж ярилцдаг байсан. "Айзангийн гэдэг нь "Аяа, зээ хө" гэж эхэлдэг дууны нэр юм гэж тайлбарладаг ч ёс бий. Ардын богино дуу голцуу нэг октаваас терци буюу кварт илүү цараатай байдаг бол уртын дуу хоёр октаваас кварт илүү гарах цараатай байдаг. Уртын дуугдуулахад дуучин хүнээс дотоод их уран сэтгэмж, хувийн уран чадварын их далайц шаарддаг байна.
Монгол Үндэстний баяр Наадам, 2010

Наадам нь Монголчуудын тусгаар тогтносон төрт баяр цэнгэл юм . Наадам нь зуны дунд сард явагдах бөгөөд,эрийн гурван наадам буюу үндэсний бөх, сур харваа, морины уралдаан болон шагайн харвааны уралдаан тэмцээнүүд явагдах баяр юм. Наадам нь 7 дугаар сарын 10 нд хязаалан насны морины уралдаанаар эхлэж даага насны морь уралдсанаар морины уралдаан дуусдаг бөгөөд жилд нэг удаа болдог Төрт баяр цэнгэл юм. Улсын гол наадмын үйл ажиллагаа нь 7 сарын 11-ээс 12-ны хооронд Улаанбаатар дахь төв цэнгэлдэх хүрээлэнд явагдана.
Морин уралдаан нь Хүй долоон худаг гэдэг газар морины наснаас хамаарч даага , шүдлэн , хязаалан , соёолон , их нас , азарга гэсэн 6 насанд хамгийн холдоо 30 километр газар уралдаж хурдан хүлгээ бүх насанд тодруулдаг байна. Харин Сур харваа нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажуу талд орших сур харвааны талбайд 5 өдрийн туршид явагддаг байна. Наадмыг Их Монгол гүрний үеээс эхтэй гэж түүх судлаачид тэмдэглэдэг бөгөөд Монголчууд хаана ч явж байсан уг наадмаа тэмдэглэдэг уламжлалтай байна. Уг гурван төрлийн тоглоом нь нэгэн зэрэг явагддаг бөгөөд бөхийн барилдааны шувтаргаас өмнө сур харваа, хурдан морины уралдаанд түрүүлэгсэд тодорж дуусдаг уламжлалтай.
Монгол Үндэстний хөөмэйн урлаг, 2010
Хөөмийн урлаг нь Монгол улсын баруун хэсэг, одоогийн Ховд, Говь-Алтай аймгийн хүрээнд үүссэн гэж үздэг. Өнөөдөр хөөмийг Монголын хаанаас ч олж үзэж болох бөгөөд Монгол улс нь дэлхийд хөөмийн урлаг хамгийн өндөр хөгжсөн улс юм. Энэ төрлийн урлаг дотроос хамгийн их хэрэглэгддэг хөөмий нь дараахь хэсгүүдэд хуваагддаг:
- Уруулын
- Тагнайн
- Хамрын
- Багалзуурын, хоолойн
- Цээжин хөндий, хэвлий
- Түрлэгт, Хосмолжин хөөмий
Хөөмий нь хөгжмийн зэмсэг үл хэрэглэх агаад жинхэнэ гайхамшигт эгшиг бий болгодгоороо онцлогтой. Уг гарал нь Ховдын Чандмань сумаас үүссэн түүхтэй. Өндөр уулс, хадан хавцлын завсраар үлээх салхи, усны боргио, модны чимээ зэрэг бол байгалийн хөөмий гэж үздэг. Хөөмийг бас тува хөөмий монгол хөөмий гэж ялгах бөгөөд Тува хөөмий нь монгол хөөмийг бодоход шингэн, хүч султай, тэр болгон ая дан оруулж болдоггүй аж. Монгол хөөмийн 4 төрөл байх ба энэ нь хархираа хөөмий буюу цээжний гүнээс түрэн гарах авиа, исгэрээ буюу амны хөндийнөөс гарах авиа, Нармай хөөмий буюу хамраар гаргах авиа, шахай хөөмий буюу хоолой шахаж гүнээс гарах авиа зэрэг болно. Монголчууд эдгээрээс гадна хөөмийн бусад төрлүүд болох Хархираа, Исгэрээ урлагуудийг мөн өндөр хөгжүүлсэн.
Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, 2013
Гэр бол монгол үндэстний, гоо сайхны мэдрэмж, уламжлалт гар урлал, бэлгэдэлийг цогцоор хадгалсан, хүн амьдрахад тохь тухтай, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр өвч бүтдэг, уран барилгын өвөрмөц шийдэл бүхий нүүдэлчин монголчуудын уламжлалт эко сууц юм. Гэр нь тойрог суурьтай, тал бөмбөрцөг маягийн хэлбэртэй, гэрэл, дулаан болон агаарын зөв солилцоотой, газар хөдлөлт, салхи шуурганд тэсвэртэй, бөх бат, эвхэж задалж угсрагдах оньсон зохиомжтой, том бага янз бүрийн хэмжээтэй хийж хэрэглэж болдог онцлогтой. Монгол гэр нь тооно, унь, хана, хаалга, багана зэргээс бүрдэх яс модтой, өрх, дээвэр, цаваг, туурга зэрэг бүрээстэй, Монгол гэрийн дотор ширмэл ширдэг дэвсэх, тохирсон тавилга тавих, хорин дөрвөн хасах оосор хошлон, хаяавч татах нь гэрийн дотоод, гадаад үзэмжийг бүрдүүлдэг. Үүний зэрэгцээ Монгол хүний амьдралын орчил дахь гол гурван үйл явдал: шинэ хүн төрөх, хуримлах, насан өөд болох тэрчлэн эсгий хийх, шинэ гэр барих, гал голомтоо тахих, нүүдэллэх зэрэг уламжлалт зан үйл, ёслолууд цөм монгол гэрийн оршихуйн хүрээ, соёлын орон зайтай нягт холбоотойгоор өвлөгдөж ирсэн байна. Монгол урчууд гэрийг хэрэгцээ шаардлагаас нь хамаарч 3 ханатай жижиг гэрээс эхлээд 5, 6, 8, 10 ханатай болон түүнээс том, энгийн хийцтэйгээс эхлээд, гоо сайхны өндөр түвшинд урласан хүндэтгэл ёслолын орд өргөө гэх мэт олон янзын хийц, хэлбэрээр урладаг. Урлаачид гэрийг урлахдаа олон жилийн эдэлгээ, нүүдэл тээвэрлэлтийн ая даах бөх бат чанарыг онцгой анхаарч, үе үеийн оюуны их ололтыг багтаасан мэдлэг ухаан, бэлгэдэл, ёс уламжлалыг баримтлан өөр өөрсдийн өвлөж авсан гар урлалын өвөрмөц арга барилаар урлан бүтээж ирсэн болно.
Монгол Тууль, 2009
Монгол тууль бол монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог аврага том туурвил билээ. Нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг.Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурханы шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхрагыг хадгалсан бөгөөд дотроо үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаан агуулж байдаг онцгой төрөл юм. Монгол туулийн хэл гайхамшигтай уран яруу бөгөөд монгол шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэг, монголын олон ястан овогтны аман аялгууны онцлогийг агуулсан байдаг.
Тууль бол зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн уран чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн шинжтэй цогц үзэгдэл юм.
Туульч хүн уран сэтгэмж, үгийн баялаг, ой тогтоолт сайтай, "уйдсан хүний сэтгэлийг сэргээж, унтсан хүний нойрыг хулжааж” чадах уран чадварыг эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Тууль хайлах эрдмийг энэ мэт төгс эзэмшсэн Буурал Сэсрэн, Мандихайн Парчин, Лувсан хуурч, Жилкэр, Ширэндэв, Баглай, Чойсүрэн, Авирмэд, Уртнасан, Зодов нарын зэрэг үе дамжсан удамт туульчдийн нэр алдар эдүгээ ард түмний дунд домог болон үлджээ.Тууль хайлах нь зөвхөн зөвхөн гоо сайхны учир холбогдолтой төдийгүй зан үйлийн холбогдолтой юм. Туулийг өвөл хайлдаг. Зуны сар гарч тэнгэр дуугарснаас хойш хайлдаггүй. Туулийг өдөр хайлдаггүй, шөнө хайлдаг.
Монгол Ардын бүжгийн урлаг: Бий биелгээ, 2009

Монгол бүжгийн намба төрх, монгол хүний сэтгэл хөдлөлийн онцлог чанарыг угсаатны бүжиг, бий биелгээс салгах аргагүй юм. Төв халхын бүжигт монгол хүний эрхэмсэг зан чанар, ёслол хүндэтгэлийн намба төрх, гунхах ганхах, туялзах хөдөлгөөн голлодог бол баруун монголын захчин торгууд, урианхай, дөрвөд, хотон, баяд, өөлд ястны бүжигт гарын болон цээжин биеийн огцом түргэн хөдөлгөөн, дал мөрний хаялга, цохилго, сугсралт, солбилт зэрэг нийтлэг намба төрх давамгайлна. Дээр үед монголчууд тахил мөргөлийн шинжтэй биелэг бүжгийг бүжиж байсан тухай "Монголын нууц товчоо”-нд бичсэн байдаг.
Халх бүжиглэлийн ерөнхий төрх нь дэвсэх, дэгэх, дэгээцэх, дүүлэх, цойлох, нумлах, харайх гэсэн олон хэлбэртэй. Мөн хөшиж эргэх, догонцон эргэх, дэгээдэн эргэх, сэнсэрч эргэх, хуульж эргэх гэсэн үсрэлтүүдтэй. Намируулах, үелзэх, дэвэх гэсэн гарын хөдөлгөөнүүдтэй байдаг бол бий биелэгийн хувьд мөрөөр олон хэлбэрийн цохилт, дугтралт, нухлах, хаялага, цацал, задгай хаялага, шүргэж хаях, хумиж хаях, дал цохих, сугсрах, чичрэх гэсэн гарын хөдөлгөөнүүдийг хийж, тахим сөгдөн суух, сөхөрч суух, цомцойн суух гэх мэтийн суулт хөдөлгөөнүүд гол бүтцийг нь бүрдүүлдэг. Ийнхүү мөр нь гараа хөдөлгөж цээж нь мөр гараа, хөл нь бүхэл биеэ түшиж бие биедээ уусан эвцэлдэж байдаг нь ардын бий биелэгийн язгуур суурь болдог.
Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, 2009
Монголчуудын эртний өвөг хөгжмийн зэмсгийн нэг нь цуур юм. Цуур нь 3 нүхтэй, уртааш барьж үлээдэг, модон үлээвэр хөгжмийн зэмсэг. Цуурын хийц нь энгүүн эгэл мэт боловч нүүдэлчин, малчин, анчин монголчуудын олон зууны туршид ухамсар зорилготойгоор үүсгэн бүтээж, хөгжүүлж ирсэн өвөрмөц бүтээл юм. Цуур хэдийгээр гуравхан нүхтэй боловч байгаль дэлхий, уул, усны чимээ, хөг аялгуу, түүний гоо үзэсгэлэн, сүр жавхлан, ан амьтны дүр байдлыг илэрхийлэхдээ 12 өргийн (chromatic) эгшиглгээт орчин цагийн боловсронгуй зэмсгээс дутуугүй.
Монгол цуурын гайхамшиг нь хөгжмийн зэмсгээр болон хүний хоолойн зэргэдийн үйл ажиллагаагаар хоёр эгшиг зэрэг үүсгэж байгаад оршино. Цуурдахдаа цуурын нэг үзүүрийг (амгай) шүдэндээ тулган үлээж исгэрэх мэт яруу тунгалаг аялгуу, авиаг эгшиглүүлэхийн сацуу хоолойн шахалтаар хөөмэйлэх мэт дэвсгэрлэсэн суурь өнгийг давхар гарган хөгжимддөгөөрөө модон үлээвэр хөгжмийн аль ч зэмсгээс зарчмын ялгаатай. Иймээс цуур хөгжим нь бусдаас ялгарах өвөрмөц содон эгшиглэгээтэй.
Цуурын урлаг бол байгальд хандах, түүнтэй харилцах арга замыг хайж, байгальтай өөрийнх нь хэлээр ярилцах оролдлогын эртний улбаа гэж болох ардын билгийн сонирхолтой төрөл зүйлийн нэг юм. Эйвийн голын урсгал, боргио, хүрхэрээний чимээг дуурайж хөөмэй, цуур үүссэн гэсэн домог байдаг.
Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа, 2011
Нүүдэлч Монголчуудын өвөг хөгжмийн нэг нь лимбэ юм. Монголчууд лимбийг олон зууны турш өвлөн хөгжүүлэхдээ битүү амьсгаагаар хөгжимдөх өвөрмөц, давтагдашгүй арга барилыг буй болгосон нь монголчуудын уламжлалт сэтгэлгээ, уртын дуу, уужим тал нутагтай холбоотой. Лимбэ бол монгол уртын дуутай ая хамсардаг хөгжмийн гол зэмсгийн нэг. Морин хуур, лимбэ хоёр уртын дууны уужим тэнүүн айзам, уран тансаг хээ угалзыг төгс илэрхийлж чаддаг, уртын дуучинд бат түшиг болж өгдгөөрөө онцлог юм. Монголчууд уртын дууг лимбээр хөгжимдөхдөө битүү амьсгааг хэрэглэж иржээ. Лимбэний битүү амьсгаа нь уртын дуучны хоолойг дэмжин хамсарч, амьсгал авах үед нь ая эгшиг таслахгүй барьж байхад зохицсон өвөрмөц арга барил юм.
Битүү амьсгаа нь дорно дахины гүн ухааны эш онол дахь арга, билгийн шүтэлцээ, "мөнхдөх хийгээд тасархайтах” үйл явцын салшгүй нэгдлийг нотлон харуулж буй нэгэн жишээ болно. Битүү амьсгаа гэдэг нь амьсгалын нууц эргэлт юм. Энэ нь амны хөндийдэх хийгээр лимбийг үлээн эгшиглүүлэх явцдаа хамраар зөрүүлэн амьсгаа авч түүнийгээ эргүүлэн гаргах замаар лимбэний эгшиглгээг тасралтгүй үргэлжлүүлэх онцгой арга чадвар юм. Амьсгаа авах, гаргах дараалсан үйлдэлд зохицсон амьсгалын эрхтэн системийн хэвийн горимыг зориудаар өөрчилж, амьсгаа авах, гаргах хоёр үйлдлийг зэрэгцүүлэн хийж, хийн урсгалын тасралтгүй үргэлжлэх битүү хэлхээ үүсгэж байгаад битүү амьсгааны урлагийн онцлог оршино. Энэ үйлдэл(цикл)нь байнга давтагдах учраас Цагирган амьсгаа гэнэ. Цагирган битүү амьсгаа нь модон үлээвэр хөгжмөөр хөгжимдөх арга барил дахь ховор хосгүй үзэгдэл болно. Лимбээр ардын богинын болон уртын дууг тоглох явцад битүү амьсгааг маш цэвэрхэн, эгшгийг гуйвуулахгүйгээр авдаг, гаднаас нь харахад хэдийд хэрхэн амьсгаа авч буйг нь тэр бүр мэдэх аргагүй нууц байдагт битүү амьсгааны ид шид оршино.
Монгол уран бичлэг, 2013

"Каллиграф" гэсэн үгийн гарлыг авч үзвэл каллос буюу "гоё", графиа буюу "бичиг" гэсэн үгнээс гаралтай, "гоё бичих" гэсэн утгатай үг байгаа нь барууныхан энэхүү нэгэн төрлийн урлагийг зөвхөн гоё сайхан бичих төдийгөөр хязгаарлан ойлгож ирснийг харуулж байгаа бол манай Монгол бичгийн уламжлалд "уран бичлэг" хэмээх нь гоё сайхан бичих төдийгүй бас "уран нарийн санаа өгүүлэмж гаргах" гэсэн давхар утгатай байдаг нь гайхамшигтай юм. Угаас грек хэлний каллос нь "гоё" гэсэн ганц л утгатай бол Монгол хэлний "уран" хэмээх үг, түүний язгуур нь болох "ур" гэсэн үгэнд "уран гоё" ч гэсэн санаа, "ур ухаан" ч гэсэн утга хоёул агуулагдаж буй. Тийм ч учраас зөвхөн албан захиа бичих уламжлалд л гэхэд Монголчууд ацаг шүдийг тогтуухан бичиж харилцагчаа хүндэлдэг бол заргын бичигт сүүлээ жад маягаар татах, шүдээ арцалдуулах зэргээр санаагаа нарийн илэрхийлдэг байжээ.
Түүнээс гадна захидал бичсэн өнгө ч утгатай. Албан захиаг бол хар бэхээр, баяр ёслолын захиаг улаан шунхаар, уй гашуудлын захидлыг хөх шугамтай цаасан дээр бичиж хөх бэхээр тамга тэмдэг дардаг уламжлалтай байж /Ц.Шагдарсүрэн, "Монголчуудын утга соёлын товчоон", Улаанбаатар, 1992/. Үүнээс үзэхэд уран гоё бичлэгээрээ нүд баясгахаас гадна ур ухаанаа давхар илэрхийлдэг нарийн далд санаа, философи сэтгэлгээгээрээ Монгол каллиграф нь Европынхоос ялгарах аж. Монгол бичиг анх үүсэн бий болох мөчөөс л Монгол каллиграф хамт үүсчээ гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл бичиг үсгийн жирийн хэрэглээ нь уран гоё бичих, үсгийн хэлбэр, бичлэгийн орон зайгаар санаа илэрхийлэх ёстойгоо эхнээсээ л хамтдаа оршсоор байсан байна.
Лу.Алтан Товч -2011
17-р зууны дунд үед байсан Монголын эрдэмтэн Гүүш Лувсанданзан "Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан Товч хэмээн оршвой" гэсэн зохиолыг зохиож, Чингис хаанаас эхлэн Лигдэн хаан хүртэлх үеийг хамарчээ. Уг ном нь эрдэмтдийн дунд Луу Алтан товч хэмээн алдаршжээ. Алтан товчийн жинхэнэ эх болох хулсан үзгийн бичмэлийг 1926онд судар бичгийн хүрээлэнгийн дарга Жамъян гүн Дорнод аймгийн Баян түмэн хошууны Еншөөбү овгийн тайж Дарь гэдэг хүнээс олж авснаар Луу Алтан товч нь Монголын түүх уран зохиоын ховор чухал судалгааны үнэт материал болж Монголч эрдэмтдийн анхаарлыг татжээ.А. Мостирет Алтан товчийн ач холбогдийг үнэлж:
"Алтан товчид Нууц Товчоонд байдаг зүйлсээс гадна 12, 13-р зууны үеийн бусад түүхэн материал байна. Уг зохиол Монголын эртний түүхийг судлах материал болох төдийгүй асар их утга зохиолын материал билээ. Эртний уран зохиолд цөөн бус яруу сайхан бүтээлийг үлдээж хоцроосон гавьяа нь зөвхөн Алтан товчид бий"
Монгол Шунхан Данжуур -2011
Монгол шунхан данжуур ”Ганжуурын тайлбар болох Данжуур судар нь 226 боть бөгөөд Энэтхэг, Төвдийн эрдэмтдийн бичсэн их бага арван ухааны шастирууд, 3427 нэр төрлийн ном зохиолыг багтаасан 107839-н хуудастай, 23х72.5см хэмжээтэй их хөлгөн судар юм. Энэхүү "Монгол шунхан Данжуур"-ыг II Жанжаа хутагт Ролбийдорж, Ширээт хутагт Лувсанданбийням тэргүүтэй 200 орчим гүүш төвд хэлнээс монгол хэлнээ орчуулсан бөгөөд 1742-1749 оны хооронд Бээжинд барлан 226 боть болгон модон бараар хэвлэсэн олон хүний хамтын бүтээл юм. Данжуурын дотор бурхны шажны ном голлох боловч уран зохиол, толь бичиг, хэлний зүй, гүн ухаан, газар зүй зэрэг олон ухааны ном судар багтжээ.
Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй хэвлэмэл шунхан данжуур бол дэлхий дээр ганц хувь байгаа гэж хэлж болохоор чухаг нандин сутра юм. Уг Данжуур Халхын ван Наянтын хувийн ном байсан бөгөөд МУ-ын Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга агсан Онгодын Жамъян гүн, Ширнэндамдин жонон ван нар биеэр явж, Наянт вангаас үүрд хадгалахаар хэлэлцэн тохирч, 1925 онд Улаанбаатарт авчирч, Улсын номын санд хадгалсан түүхтэй. Шунхан данжурыг Улаанбаатарт үүрд хадгалах тухай Наянт вантай тусгай гэрээ байгуулсан бөгөөд тэр гэрээг хэлэлцсэн ёсоор чулуун дээр сийлж, номын сангийн үүдэнд тавьсан нь эдүгээ хадгалагдаж байна.
Есөн эрдэнийн Ганжуур – 2013
Есөн эрдэнийн Ганжуурын хосгүй үнэт өв нь бурхан Шагжамуни болон түүний шавь нарын туурвисан 1161 зохиолыг 108 боть их цоморлиг зохиол болгон эмхтгэсэн асар том судрын чуулган юм. Бурхан шашны оройн дээд ном болох Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр урлажээ.
Төв Азийн өргөн уудам нутаг, түүний дотор Дорнод Монголын нутаг дэвсгэр бол түмэн үеийн буурал түүхийн хүрдэнд нүүдэлчдийн соёл иргэншлийн сонгодог уламжлал бүрэлдэн цогцолсон өлгий нутаг билээ. Энэхүү түүхт нутагт амьдран идээшиж, бүтээж туурвиж ирсэн бидний өвөг дээдэс түүх, соёлын асар их өв, гайхамшигт сайхан дурсгалуудыг уламжлуулан үлдээсэн нь хойч үеийнхний бахархал мэдлэг оюуны ундарга болж байна. Дорнод Монголын газар нутаг, түүний хөрсөн дээр болон дор хадгалагдаж буй эртний хүмүүсийн бууц суурин, чулуун зэвсгийн үеийн дурсгал, булш бунхан, буган ба хүн чулуу, хот суурины туйрууд, уран барилга зэрэг түүх, соёл урлагийн үнэт дурсгалууд нь өнөө болтол өнө эртний түүхийг хүүрнэн өгүүлсээр байгаа билээ.
Хустайн нурууны байгалийн цогцолборт газар 2002
Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутагт Улаанбаатараас баруун тийш 80 километрт оршдог. Баруун өмнөөс зүүн хойшоо чиглэлтэй сунаж тогтсон. Дунджаар 1500-1700 метр өндөр. Хамгийн өндөр цэг нь Хөшөөт уул бөгөөд 1842 метр. Хамгийн нам цэг нь 1190 метр өндөр Тариатын булаг. Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уул юм. Баян, Эхэн-Ус, Алтганат, Мойлт, Уртын ам, Шувуун ам зэрэг газруудаар 10 гаруй цэнгэг уст горхитой.
Уулын орой, ар шилээр 2080 га талбай бүхий хусан ойтой, 450 шахам төрлийн ургамалтай. Халиун буга, гөрөөс, зэрлэг гахай болон төрөл бүрийн мэрэгч амьтан элбэг байдаг. 126 зүйл шувуутай. Хустайн нурууны бүс нутагт байх Хустайн бааз нь өвөл зунгүй ажилладаг бөгөөд тэнд тахь нутагшуулах төсөл хэрхэн хэрэгжиж байгаа талаар баримтат бичлэг үзүүлж, Хустайн бүс нутгийн талаар мэдээлэл бүхий үзэсгэлэнгийн танхим ажиллуулдаг.
Говийн их дархан цаазат газар 1997
Говийн их дархан газар нь хоёр хэсэгтэй бөгөөд, А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд, Арслан хайрхан, Шивээт-Улаан, Ланзат, Цувилуур Харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уулууд, Номин, Цэнхэр зэрэг нүд алдам уудам говь хөндийг багтаасан 45149 ам километр талбайтай нутаг юм. Б хэсэг нь Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн заагийн урд захын улсын хилээс нааш 80 километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Алтайн өвөр говь, Зүүн гарын говь, Баруунхуурай, Борцонжийн говийн өмнөд хэсэг, Хонин усны говийг багтаасан 7968 ам километр талбайтай нутаг юм. Говийн их дархан газрын нийт талбай 53117.3 ам километр буюу дэлхийн хамгийн их талбайтай дархан газрын нэг юм.
Богд Хан Уул 1997 онд

Газар зүйн нөхцөл, газрын гадрагын хувьд бол Богд Хан Уул зүүнээс баруун тийш чиглэсэн их нуруу болон түүний салбар уулсаас бүрднэ. Богд Хан Уулын хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2268 метр өндөрт өргөгдсөнЦэцээ Гүн, 2256 метр өндөрт оршихТүшээ гүнхэмээх оргилууд болно. Ер нь Богд Хан Ууланд 2000 метрээс дээш өргөгдсөн эртний тэгшрэлийн гадарга голлоно. Тэгшрэлийн гадаргын үнэмлэхүй өндөр 1800, 2000, 2200 метрийн түвшинд гурван үндсэн шатлал үүсгэсэн байна. Ургамлын аймгийн хувьд нийт талбайн 55.8 хувийгшинэс,гацуур,хуш,нарс,хус, бут сөөгнөөс бүрдсэн ой мод эзлэнэ. Уулын оройн хэсэг, баруун, баруун хойд талын зарим газарт хушин ой зонхилох бол, баруун урд ба өмнөд хэсгээр гацуурын ой, баруун урд хэсгээр нарсан ой, хойд ба зүүн хэсгээр шинэсэн ой зонхилдон тархсан байна. Энд 70 овгийн, 256 төрлийн, 587 зүйлийн ургамал ургадаг.
Их Тэнгэрийн аманд байгаа хадны сүг зураг тэргүүтнийг үзэхэд лавтайяа аль хүрэл зэвсгийн үеэс хүн суурьшиж байсан ул мөр байдаг. Богд Хан Уул эртнээс бөө мөргөлийн шүтээн, тайлга тахилгын газар байсан бөгөөд 13-р зууны үеэс Хэрэйдийн Ван Хан Туулын Хар шугуйд нутаглаж байхдаа Хан Ууланд ан гөрөө хийх, гал хөс түлэхийг хориглодог байжээ. Манжийн хаан Тэнгэрийг тэтгэсний 43-р он буюу нийтийн тооллын 1778 онд Их Хүрээний сайд ван Юндэндорж, харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр Богд Хан Уулыг зарлигаар тахиж байх болсон гэсэн түүхэн мэдээ байдаг. Дээрхи Юндэндорж ван болон Санжаадорж түшмэл нарын саналаар Богд Жавзандамба хутагтын цолыг Хан Ууланд өргөснөөр Богд Хан Уул гэх болсон гэдэг. Энэ уулын хоёр ноён оргилд Цэцээ гүн, Түшээ гүн гэсэн цол олгож, жил бүр улсын сангаас цалин пүн лүү олгодог байсан байна. Мөн энэ үеэс Богд Хан Ууланд Өмнийг Тэтгэгч Цагаан Лавай Дүнжингарав гэдэг нэрийг өгсөн гэдэг. Богд уулын бараа харагдах газар хүн цаазаар авдаггүй байсан гэдэг.
ЭХ СУРВАЛЖ: nationallibrary.mn/mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.