Энхийг дэмжих “Хааны эрэлд-2019” олон улсын сургууль эхэллээ

“Хааны эрэлд-2019” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчин 17 дахь удаагаа, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга GPOI” хөтөлбөртэй хамтран 2006, 2007, 2016 онуудад хамтран зохион байгуулсан төдийгүй өнгөрсөн бямба гарагт /06-15/ нээлтийн үйл ажиллагаа нь Тавантолгой дах Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд боллоо.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Филипп Дэвидсон, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцож буй орнуудын Элчин сайд энхийг дэмжих олон улсын ажиллагааны сургагч багш нар, оролцогч алба хаагчид зэрэг албаны хүмүүс оролцов.
Энэ удаагийн олон улсын сургуульд 38 орны 1700 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна. Түүнчлэн Бүгд найрамдах Бенин улс, Бүгд найрамдах Замби улс, Молдова улс, Руанда улс, Того улс, Израйл, Йорданы Хашимитын хаант улс, зэрэг долоон улс анх удаагаа тус олон улсын сургуульд оролцож байгаа юм.
Мөн тус сургуулийн хүрээнд штабын сургалт, дадлагын сургагч багш нарын дамжаа, нээлт, команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль, штабын сургалт дадлага, чадавхыг нэмэгдүүлэх сургалт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.
“Хааны эрэлд-2019” энэ сарын 28-ны өдөр хүртэл Тавантолгойн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд үргэлжилнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.