Туул голын эрэг дагуу газрыг нийтийн эзэмшлийн талбай болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, бусад холбогдох албаны хүмүүс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Туул голын эрэг дагуу газруудыг нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулах ажлыг газар дээр нь ажиллаж шийдвэрлэлээ.
Туул голын эрэг дагуу иргэд, гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан амрах талбай, сүүдрэвч, хүүхэд залуучуудад зориулсан спортын талбай, бага насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай, түргэн хоол, кофе шопоор үйлчлэх худалдаа үйлчилгээний цэгүүд, эко нийтийн бие засах газар, авто машины нэгдсэн зогсоолтой байх аж. Мөн гэрэлтүүлэг, зүлэг мод бүхий орчныг бүрдүүлсэн нийт 22 орчим км явган хүний зам, дугуйн зам бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор барихаар тогтов. Уг бүтээн байгуулалтын ажлыг 26 аж ахуйн нэгж нэгдэн хэрэгжүүлэхээр болсон гэдгийг хотын Захирагчид танилцуулав.
Ажлыг хийж гүйцэтгэх санаачилга гаргасан аж ахуйн нэгжүүдэд хандан нийслэлийн Засаг дарга “Та бүхэн төр бүхнийг шийднэ хэмээн хүлээхгүйгээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан амралтын бүс байгуулахаар санал санаачилга гаргаж байгаад талархаж байна. Нийслэлээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн санал санаачилгыг дэмжиж, хамтран ажиллана” хэмээн онцоллоо.
Үүний дараа хотын удирдлагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж, Баганат хаалганы орчимд овоолсон шороо, элс хайргыг зайлуулж, ногоон байгууламж болгон тохижуулахыг тус хүрээлэнгийн орлогч дарга Б.Алтансүхэд даалгав.
Яармагийн шинэ гүүрний орчимд ногоон байгууламж, тохижилтын ажил хийхээр мод суулгасан байсныг тус газрын эзэмшигч гэх “Уран ган” компани газрын маргааны асуудлаас болоод суулгасан модыг сүйтгэсэн тул Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанд иргэдээс ирүүлсэн гомдол, саналын дагуу нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Хотын Захирагч ногоон байгууламжийн тохижилтыг хийж буй үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудад ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх үүрэг өглөө. Харин газрын маргаан үүсгээд буй “Уран ган” компанид хууль дүрмийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд асуудлаа тавьж, шийдүүлэхийг хүсээд, элдэв үйлдэл гаргаж ажил гацаахгүй байх шаардлага тавилаа хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.