Б.Болороогийн талийгаач нөхрийн давтан шинжилгээний хариуг прокурорт ХАВ ДАРАВ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой, нийгмийн салбарт амжилттай ажиллаж буй Б.Болороогийн нөхөр Б.Бат-Амгалан өнгөрөгч оны зургаадугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө “Хишиг арвин индустриал” ХХК-ийн ажилчдын байранд харамсалтайгаар амь насаа алдсан.
Эл хэргийг тухайн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт шалгаж байсан ч талийгаачийн эхнэр Б.Болороо хэргийг шалгах явц удаашралтайн дээр “Хишиг Арвин Индустриал” компанийг жинхэнэ үнэнийг гуйвуулж, талийгаачийн нэр төрд халдаж байна хэмээх үндэслэлээр Ерөнхий сайд болон ЦЕГ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Үүнийхээ хүрээнд Сүхбаатарын талбайд ээжийнхээ хамт суулт зарлаж, талийгаач нөхрийнх нь хэргийг үнэн мөнөөр шийдвэрлэж өгөхийг хүссэн. Ерөнхий сайд ч өөрийн биеэр хүрэлцэн ирж, хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газар руу шилжүүлж шуурхай шийдвэрлэж өгөхөө амлан, Б.Болороо ч тэрхүү амлалтанд итгээд суултаа зогсоосон. Ийнхүү эл хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газарт шалгаж байгаа. Гэвч хэрэг өнөөг хэр нь учир нь олдохгүй байсаар прокурорт царцав.
-“КОМПАНИЙН УДИРДЛАГУУДЫН ЗҮГЭЭС ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙГАА”-
“Хишиг Арвин Индустриал” ХХК нь Эрдэнэс Таван Толгойн Баруун, Зүүн цанхи, Саусгоби Сэндсийн Овоот толгой, Оюутолгойн далд уурхай зэрэг томоохон уул уурхайн төслүүдэд гэрээт олборлолтын болон дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн томоохон компани билээ. Тэр ч утгаараа хэрэг буруудвал, арьсаа хамгаалж охин компанидаа хамаг буруугаа чихэж, иргэн Б.Болороог гомдолгүй болгоод үлдээх санаа агуулж буй тухай эх сурвалжууд мэдээлж байсан.

Түүгээр ч зогсохгүй, эл компанийн удирдлагууд “Охин компани руугаа чихээд өнгөрөх боломж хай. Мэдээлэл өгвөл хариуцлага тооцно” гэх чиглэлийг удаа дараа өгч байсныг эх сурвалж өгч байв. Гэвч өнөөдөр хэрэг эл хуль. Хариуцлага алдсан гэх “Хишиг Арвин Индустриал” өдөр тутмын сонинуудаар дамжуулан эмгэнэл илэрхийлж, уучлал хүсээд өнгөрсөн. Эл хэргийн өнөөгийн нөхцөл байдлын тухай НИТХ-ын төлөөлөгч М. Тулгат манай сайтад ярилцлага өгөхдөө:
"Компанийн удирдлагуудын зүгээс ёсзүйн алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Талийгаачийн ар гэрийн зүгээс шүүхийн шинжилгээний хариуд нөлөөлсөн гэж хардсан. Бид үйлдвэрлэлийн ослын зохицуулалтын журмаар 36 сар хүртэлх хугацааны тэтгэмж олгохоор ярьж байтал хэргийг задлан шалгахаар болсон. Шүүхийн шинжилгээний хариуг дахин гаргах, компанийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйх зэрэг проццесууд өрнөсөн. Тэр хооронд ойлголтын зөрүүтэй олон асуудал үүсч, хугацаа алдсан, хариуцлагагүй хандсан зүйлүүд гарсан нь үнэн. Миний сонссоноор шүүхийн шинжилгээний хариу гарсан байх. Үүнийг дагаад, зарим дүгнэлтүүд нь өөрчлөгдөхөөр хүлээгдэж байгаа гэж ойлгосон. Одоо бол хүлээлтийн байдалтай л байна гэсэн юм.”
-“НӨХРИЙНХӨӨ ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДАВТАН ХАРИУТАЙ ТАНИЛЦСАН. ГЭХДЭЭ ЦАГДААГААС НУУЦЛАХЫГ ХҮССЭН”-
Бид энэ тухай Нийслэлийн цагдаагийн удирдах газраас тодруулга мэдээлэл хүсэхэд цагдаа болон шүүх шинжилгээний хүрээлэн ч тэр ПРОКУРОРЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ МЭДЭЭЛЭЛ ЗАДРУУЛАХГҮЙ ГЭХ ТАЙЛБАРЫГ ӨГӨВ.

Харин иргэн Б.Болороогоос талийгаач нөхрийнхөө шүүх шинжилгээний дүгнэлттэй танилцсан эсэхийг асуухад:
Шүүх дүгнэлттэй танилцсан. Гэхдээ цагдаагаас энэ тухай нууцлахыг хүссэн. Учир нь энэ нь мөрдөн шалгах ажилд саад учруулж байгаа гээд надаар бичиг хүртэл хийлгүүлж авсан. Тиймээс хэвлэлийнхэнд ямар ч мэдээлэл өгөхгүй.
Ийнхүү эл хэрэг ч мөн бусад томоохон хэргүүдийн мөн адилаар прокурорт хав дарагдав. Талийгаачийн талаас ч, цагдаа болон шүүх эмнэлгийн зүгээс ч зохих тайлбарыг өгсөнгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.