Ярилцлага

С.Ганзориг: Оюуны өмчит бүтээлээ даатгуулах, барьцаалан зээл авах боломж нээгдэнэ

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад голчлон чиглэсэн Оюуны өмчийн тухай шинэ хууль энэ оны эхээр батлагдсан. Мөн маргааш буюу дөрөвдүгээр сарын 26-нд Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож буй. Иймд шинэхэн батлагдаад буй хуулийн талаар болон Оюуны өмчийн газрын өнгөрөгч онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзоригтой ярилцлаа.

-ОЮУНЫ ӨМЧИТ БҮТЭЭЛИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ААН, ААНОАТ-ААС 5  ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ-

-Нэгдүгээр сарын 23-ны өдөр оюуны өмчийн тухай шинэ хууль эцэслэн батлагдлаа. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр салбарт нь ямар бодит өөрчлөлтүүд бий болж байна вэ?

-Энэхүү шинэ оюуны өмчийн тухай хуулийг 2019 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр, Н.Учрал тэргүүтэй УИХ-ын есөн гишүүн өргөн барьсан. Ингээд холбогдох хоёр шатны хэлэлцүүлгээр орж, таван бүлэг, 27 зүйлтэйгээр эцэслэн батлагдлаа.

Юуны өмнө оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашлаад Оюуны өмчийн газрын бүтэц тогтолцоо, зарчим, чиг үүргийг илүү тодорхой болгоход чиглэсэн хууль юм. Мөн оюуны өмчийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний институтээс тусгай зөвшөөрөл авсан ААН хийдэг болж буй. Түүнчлэн оюуны өмчийн бүтээлийг худалдан, борлуулсан тохиолдолд ААНОАТ-аас 5 хувийн хөнгөлөлт эдлүүлэх хуулийн орчин бүрдсэн. Үүний дээр 21 аймагт Оюуны өмчийн газрын салбар нэгжүүд байгуулагдана. Ер эл хуультай холбогдох цаашдын эерэг үр дүн маш олноор бий болно гэж харж байна.

-Оюуны өмчийн газарт өөрт нь санхүүжилт ба бүтэц зохион байгуулалтын хувьд ямар шинэчлэл авчрах вэ?

-Нэгдүгээрт, манай байгууллагын чиг үүрэг, тогтолцоо илүү тодорхой болж буй. Өмнө нь Патентын тухай хууль, Бараа тэмдэг, газар зүйн тухай хуулт, Зохиогчийн эрх болон түүнд холбогдох хуулиудад чиг үүрэг давхардан тусгагдсан байсан. Харин энэ “малгай” хууль батлагдсанаар тэр байдал устаж, байгууллагын чиг үүргийг нэг хуулиар тодорхойлох боломжтой болсон.

Мөн бүтцийн хувьд эрс өргөжин тэлнэ. Дээд дурдсаны дагуу 21 аймагт Оюуны өмчийн газрын салбар нэгж байгуулагдаж, ажиллана. Өнөөдрийн байдлаар манай байгууллага зөвхөн Улаанбаатар хотод төвлөрч, шаардлагатай тохиолдолд орон нутаг руу томилолт оноон ажилладаг байсан. Ингэснээр хөдөө орон нутагт шинийг санаачилж, зохиол бүтээл туурвиж буй хүмүүст зохиогчийн эрхээ баталгаажуулах, цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж буй.

Санхүүжилтийн хувьд, мэдээж бүтэц тэлж байгаа тул дагаад нэмэгдэнэ. Үүнийг урьдчилсан байдлаар тооцоолон хэлэхэд өрөөсгөл. Хууль хэрэгжиж эхэлсний дараа санхүүжилт хэрхэн нэмэгдсэнийг хувиар тооцон танилцуулах боломжтой.

-ОЮУНЫ ӨМЧИЙН ҮНЭЛГЭЭГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ИНСТИТУТУУД ХИЙНЭ-

-Оюуны өмчит бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлж буй нь энэ хуулийн онцлох үр өгөөж гэж харлаа. Энэ талаар иргэдэд илүү ойлгомжтой тайлбарлаж өгвөл?

-Тухайлбал, А гэдэг хүн компьютерын хамгаалалттай нүдний шил зохион бүтээж, түүнийгээ бүртгүүлэн зохиогчийн эрхийн патент авлаа гэж бодъё. Тэгвэл үүнийгээ барьцаалан зээл авч, даатгуулж, тэр бүү хэл хөрөнгө оруулалт хэлбэрээр ашиглах боломжтой гэсэн үг. Харин үүний тулд тухайн оюуны өмчит бүтээлийн үнэлгээг зөв тогтоох чухал. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр энэ үнэлгээг эрх бүхий үнэлгээний институтууд хийдэг болно. Харин өнөөдрийн байдлаар иргэд өөрсдөө бүтээлээ үнэлээд ороод ирдэг. Түүнийг нь Оюуны өмчийн газар шалган баталгаажуулдаг байсан. Ингэхээр үнэлгээ нь хийсвэр, бодит бус хийгддэг байсан. Түүнчлэн, “Хувь хүн өөрийнхөө хөрөнгийг үнэлэхгүй” гэж заасан Хөрөнгийн үнэлгээний хуультай зөрчилддөг байсан юм.

Харин шинэ хуулиар үнэлгээг илүү бодитой хийх нөхцөл үүсэж, дагаад түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нээгдэж байна гэж ойлгож болно. 2016 он хүртэл Оюуны өмчийн газар нийт 22 тэрбум төгрөгийн үнэлгээ хийсэн байдаг. Харин тэднээс эдийн засгийн эргэлтэд орсон нь нэгээхэн ч үгүй гэж болно. Хууль хэдий хэрэгжээгүй байгаа ч, Улаанбаатар хотын банкнаас оюуны өмчит бүтээл барьцаалсан зээл олгож эхэлсэн. Одоогоор 25 ААН-ид 825 сая төгрөгийн зээл олгоод буй.

Мөн дахин онцолж хэлэхэд, оюуны өмчит бүтээлийг борлуулсан ААН, ААНОАТ-ын 10 биш, 5 хувийн татвар л төлөх хөнгөлөлт эдэлнэ.

-Хууль өргөн баригдсанаас нэг жил хагасын дараа эцэслэн батлагдсан. Явц дунд ямар нэг гацаа, саад үүссэн үү?

-Үгүй. Оюуны өмчийнхөө үр шимийг хүртдэг болох боломжийг иргэд, ААН-үүдэд олгох чухал хууль тул эрх баригчид санал нэгтэй дэмжсэн.

-Хууль батлагдахад хамгийн чухал нөлөө үзүүлсэн хүчин зүйлс юу байв?

-Мэдээж дэмжсэн УИХ-ын гишүүд. Түүнчлэн энэ хуулийн төслийг хамгийн анх санаачлан, ажлын хэсэг байгуулж ажилласан Н.Учрал гишүүн том үүрэг гүйцэтгэсэн. Бидний ирээдүй хойч үе заавал уурхайд ажиллаж биш, оюуны бүтээлээ үнэлүүлж, үр шимийг нь хүртэж амьдрах хэрэгтэй гэсэн үндсэн санаатай. Ер аливаа өөрчлөлт нэгт эдийн засаг, хоёрт хуулийн боломж дээр тогтож, бий болдог. Бидэнд хуулийн боломж нь ийнхүү нээгдлээ.

-ДЭЛХИЙН 43 ОРНЫ ГИШҮҮНЧЛЭЛ БҮХИЙ БЕРНИЙН КОНВЕНЦИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛД ЭЛССЭН-

-Оюуны өмчийн тухай нийт хэдэн хууль бий вэ?

-Энэхүү шинэ хууль батлагдсанаар нийт дөрөв болно. Үүний дээр Инновацын тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, хэрэв зөрчил гарвал Зөрчлийн тухай хууль гэхчлэн дагалдах хуулиудын хэрэгжилтийг манай байгууллага давхар хангаж ажилладаг.

-Дөрөвдүгээр сарын 26-нд Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож буй. Манай улсын хувьд хэд дэх жилдээ, хэрхэн тэмдэглэх вэ?

-Манай улс 1979 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагад нэгдэн орсон. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл тодорхой хүрээнд тэмдэглэж ирсэн гэж болно. Харин 1996 оноос Оюуны өмчийн газар нэр дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй.

Урд жилүүдэд бид зохион бүтээгч, бизнес эрхлэгч болон уран бүтээлч хүмүүсийн хамт өдөрлөг зохион байгуулах хэлбэрээр тэмдэглэж ирсэн. Өдөрлөгийн хүрээнд сурагч, оюутнуудын дунд уралдаан тэмцээн явуулах гэхчлэн зорилтот үйл ажиллагааг тогтмол хийж, хэрэгжүүлдэг. Энэ жилийн тухайд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах боломжгүй, хөл хорио тогтоосон цаг үе тохиож байна. Иймд цахимаар дамжуулж оюуны өмчийн талаарх мэдээллийг хүргэж, сурталчилж ажиллах тал дээр хичээж байна.

-Оюуны өмчийн газрын өнгөрөгч 2019 онд хийж, гүйцэтгэсэн ажлуудаас сонирхуулбал?

-Бид өнгөрсөн оныг “Оюуны өмчийг дээдэлье” уриатай, оюуны өмчийг сурталчлах, түгээх жил болгон зарласан. Энэ хүрээнд 15 аймагт ЖДҮ эрхлэгчдэд сургалт явуулсан. Нийт 21 цагийн нэвтрүүлэг бэлдэн түгээж, 20 гаруй удаа сонин, сайт, телевизийн ярилцлагаар дамжуулан оюуны өмчийн талаар мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэсэн.

Мөн нэр бүхий байгууллагуудтай үр дүнтэй хамтарч ажилласан. Тухайлбал, Кино урлагийг хамгаалах холбоотой хамтран, “Кино урлагийг хамгаалъя, оюуны өмчийг дээдэлье” аяныг арваннэгдүгээр сарын 16-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Онцолж хэлэхэд, энэ онд бид Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 59-р ассамблейнд оролцож, Бернийн конвенцийн зохицуулах зөвлөлийн гишүүн болсон. Ингэснээр тус байгууллагын бодлого, шийдвэрт саналын эрхтэй оролцдог боломж нээгдсэн. Үүнийхээ хүрээнд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирлын сонгуульд саналаа өгч оролцлоо. Энэ зөвлөлд дэлхийн 43 улс л багтдаг.

Олон улсын шинжтэй бусад ажлуудыг дурдвал, ОХУ, БНХАУ-тай аж үйлдвэрийн өмчийн холбогдолтой гурван улсын уулзалт зохиосон. Зохиогчийн эрхийн үндэсний семинарыг БНСУ-ын Оюуны өмчийн газартай хамтран зохион байгууллаа. Мөн зохиогчийн эрхийн чиглэлээр БНСУ, БНХАУ, ОХУ-тай уулзалт, чуулган зохиосон.

Эдгээр дээр их, дээд сургуулиудтай хамтарч зохион байгуулсан ажлууд нэмэгдэнэ. Энэ хүрээнд Оюуны өмчийн газраар үйлчлүүлж, зохиогчийн эрхээ бүртгүүлэх сонирхолтой иргэдийн тоо эрс нэмэгдсэн.

-Танд ярилцлагаар дамжуулан ярих зүйл үлдэв үү?

-Иргэдийн оюуны өмчийн талаарх ойлголт, мэдлэг бага багаар нэмэгдэж буй нь сайшаалтай. Ялангуяа сүүлийн хоёр жилд мэдэгдэхүйц нэмэгдлээ гэж харсан. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг хангах энэ хууль батлагдах сургийг сонссон хүмүүс манай байгууллагаар маш их үйлчлүүлэх болсон. Ажлын байр маань нүүж, хоёр өдөр бүртгэлийн цахим сүлжээ тасрахад иргэдийн очер дараалал үүссэн байсан. Бид буруу хандлага, түгээмэл гардаг зөрчлүүдийг арилгаж, улам дээш тэмүүлэхийн төлөө зорьж ажиллаж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-04-25 09:19

Г�##�зуу хүний өдрийн тэмдэглэл

Өвөө
Өвөө
2020-04-25 12:50

Зураач нарын зурсан х�##�тар, бултар бүтээлииг бүртгэдэг юм блуу...ккк

зочин
зочин
2020-10-21 00:30

Х�##�тар бултар бүтээл юм бол хамга�##�уулж яадгийн.

шинжээч
шинжээч
2021-04-11 22:56

Оюуны өмчийн шинэчилсэн хууль 2020-12-01-нээс мөрдөгдөж эхэлсэн билээ. Оюуны өмчийн газар шинэ хуулийн дагуу Оюуны өмчүүдээ үнэлж оюуны жинхэнэ өмчлөл хөрөнгө болгох,үнэлгээ хийж бат�##�гаажуулж зээл авах банкинд барьца�##�ж хөрөнгө босгох эрхийг үлгэрлэн хийж эхлэх хэрэгтэй байна. Оюуны өмчийн эрхийг өгч байгаа танай байгууллагын дэргэд үнэлгээний мэрэгжлийн байгууллага байх нь зүйтэй санагдана. Эдгээр ажлуудыг шуурхай санаачлага гарган хийгээд өгөөчээ. Бид оюуны бүтээлүүдээ эргэлтэнд оруулах банкнаас зээл авах зэрэг чөдөр тушаа ихтэй юманд үзүүлэх юмтай байх гэж олон жил хүлээлээ. Зохиогч патент эзэмшигч нар үүнийг тэсэн ядан хүлээж байгааг санан санан бидэнд нэг том боломж олгоно гэж найдаж байна шүү

зочин
зочин
2021-04-11 23:09

ОӨ-н газрын дарга оюуны өмчид үнэлгээ хийнэ гэсэн нь одоо тэгээд хийгдэж байгаа юмуу. Тодорхой мэдээлэл хайгаад олсонгүй. Худлаа яриад байгаамуу. Мэдээллээ аятайхан оруулж сураачээ.

Болор
Болор
2021-04-11 23:14

Танай шинэ бүтээлийн хүсэлт хүлээн авагч ажилтан барааны тэмдгийн гэрчилгээ сунгуулахад 40000 төгрөг хураагаад байсан. Үйлчилгээний тариф дээр чинь 20000 төгрөг байдаг биз дээ.

Zochin
Zochin
2021-04-11 23:22

Buteelee daatguulah zeel avah bolomj neegdene geh yum. Ali 2020 onii 4 sard l helj baisan tegeed ajil hereg bolgoson yumgui hudlaa yarisaar buten jil hulhidlaa. Hezee heregjih yum be. Todorhoi heleech dee.

Зохиогчид
Зохиогчид
2021-04-23 22:01

Оюуны өмчийг үнэлэх ажилыг хурдан шуурхай шийдэж өгөөчээ. Хэдэн жил яриад тодорхой шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Бараг маргааш гэхэд шийдчих юм яриад байдаг юун дээрээ гацаад байдгийн. Гадны улсуудын сайн жишээг судлаад жаахан шуурхай ажиллав�##� яасийн Ганзориг даргаа. Манайх шиг болхи удаан улс орон �##�га. Мэдээллийн технологийн газар төсөл ш�##�гаруулж сайн төслүүдээ хөдөлгөөд эхэллээ. Бид нар аж үйлдвэрийн сайн иннвац дээрээ ийм ажил зохиож болдоггүй юмуу.

Холбоотой мэдээ

Back to top button