Сурвалжилга, Нийтлэл

Хууль найман сарын дараа: IPTV-нүүд төлбөрөө 2500-3500 төгрөгөөр нэмж, агуулга нь мөнгөн дээр төвлөрч байна

“Univision”, “Skymedia” компаниуд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтэд уялдуулж, тарифаа 2500-3500 төгрөгөөр нэмж буйгаа илэрхийлээд байна. Үүгээр 2020 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн уг хуулийн концепцыг эргэж нэг харах шаардлага үүсээд буй.

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль анх 2016 оны арванхоёрдугаар сард УИХ-д өргөн баригдаж, гурван жилийн дараа соёрхон батлагдсан байдаг.

-ХУУЛЬ БАТЛАГДАХ ХҮРТЭЛ: ДАМЖУУЛАГЧИД ТӨЛБӨР ТӨЛДӨГГҮЙ, СУВГИЙН БАЙРШИЛ ДУРААРАА ӨӨРЧИЛДӨГ-

Энэ хууль батлагдах хэрэгцээ шаардлага байсаар ирсэн. Тухайлбал кабелын үйлчилгээ нэвтэрсэн цагаас хойш “Revenue Share” гэгддэг төлбөрийг өргөн нэвтрүүлгийн телевизүүд авч үзээгүй.

Тодруулбал, олон суваг дамжуулагч гэж “Univision”, “DDISH TV” зэрэг багц сувгийн үйлчилгээ үзүүлдэг ААН-ийг хэлдэг. Тэд үндсэн үйл ажиллагаагаа явуулахдаа телевизүүдийн эфирийг ашигладаг. Нэг үгээр телевизүүдийн бэлтгэсэн мэдээ, нэвтрүүлгүүдийг шууд авч гаргах замаар үйл ажиллагаа явуулдаг тул орлогынхоо тодорхой хэсгийг телевизтэйгээ хуваалцах нь зүй. Гэтэл Монголд олон суваг дамжуулагчид мөнгө өгөх биш харин ч авч иржээ.

Түүнчлэн улс төрийн нөлөөллөөр сувгийн байршлыг дураараа өөрчилдөг байдал хүнд асуудал болдог байв. Кейс дурдахад, 2016 оны  УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт Л.Элдэв-Очир, Х.Баттулга нар өрсөлдсөн. Ингэхэд MCS группийн хамаарал бүхий дамжуулагч компани 15 дээр гардаг байсан С1 телевизийг 40 гаргаж “шидсэн”. Дараа жил нь Х.Баттулга Ерөнхийлөгч болоход С1 эргээд 13-т ирсэн ч ETV телевизийг ямар ч урьдчилсан мэдэгдэлгүйгээр 69 дээр тавьж байв. Хөөцөлдсөөр 32-рүү ирсэн ETV телевиз үүнээс хойш рекламны орлого нь эрс багасаж, нэвтрүүлэгт нь оролцох олны танилууд ч цөөрсөн гэдгийг тус телевизийн захирал Т.Ганзул хэллээ.

Мөн нийгмийн хариуцлагатай, чанартай контент бүтээх гэдэг агуулга өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн эмзэг сэдэв болсон. Сүүлийн зургаан жилийн судалгаагаар иргэд ерөөс телевизээр танин мэдэхүйн нэвтрүүлэг л хүлээж авах сонирхолтой байдаг нь батлагджээ. Гэвч үүнийг хийхэд хүн хүч, зардлын том хөдөлгөөн байдаг, нөгөө талдаа телевизүүд реклам, зар сурталчилгаанаас орж ирсэн мөнгөөр л эл уран бүтээлийн ажлыг хийдэг. Тэгэхээр дээрх зэрэг тогтворгүй харилцаатай орчинд олон телевиз нэг дор ажиллаж, контентын чанар ч муудсаар ирсэн.

-ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТЕЛЕВИЗҮҮД ДАМЖУУЛАГЧИЙН ОРЛОГЫН 15-ААС БАГАГҮЙ ХУВИЙГ АВНА-

Харин Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн онцлох агуулгыг базвал:

  • Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдэд стандарт тавьж, чанаржуулах
  • Телевизүүдэд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлснийх нь төлөө тодорхой төлбөр төлдөг болох
  • Өргөн нэвтрүүлгүүдэд нь монгол өв, уламжлалаа сурталчилсан болон хүүхдэд чиглэсэн контентууд тодорхой хувийг эзэлж байх
  • Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сан байгуулж, телевизүүд санхүүжих зэрэг юм.

Энд 20.5.3-т “Өргөн нэвтрүүлгийн радио, телевизүүд нь энэ хуулийн 6.1.2-т заасан үйлчилгээний үндсэн багцын өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авах гэж зааж өгсөн. Үүгээр бол өргөн нэвтрүүлгийн телевизийн эфирийг цацдаг олон суваг дамжуулагч ААН орлогынхоо 15-аас багагүй хувийг телевизүүддээ өгөх болох юм.

Харин тэд одоогийн орлогын хэмжээнээсээ тус төлөлтийг хийлгүй, тарифаа үүнд уялдуулан нэмээд байна гэсэн үг. Яг энэ асуудлыг телевиз болон олон суваг дамжуулагч хоёр хоорондын гэрээгээр шийдэх журамтай тул тэд гэрээгээ л ийм зохицуулалттайгаар байгуулжээ.

Ингэхээр иргэд өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлснийх нь төлөө төлбөр төлдөг болчхож байгаатай агаар нэг. Гэх мэтчилэн хуучин зохицуулалтгүй явж ирсэн олон асуудлуудыг шийдэлд хүргэх ч асуудалтай өнцгүүд бий.

-НЮАНСУУД-

Телевизийн салбарынхан Ерөнхий сайдтай уулзах үеэрээ “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг л амьдруулж өгөөч, хэвлэлийн эрх чөлөө ч яамай” гэх агуулгаар ярьцгаасан гэгдээд өнгөрсөн.

НЭГ: ЛИЦЕНЗ ОЛГОЛТ ЧАНАРЖИНА

Гэхдээ шинэ хуулиараа өргөн нэвтрүүлгийн телевизийн лиценз олгох сонгон шалгаруулалтыг жил бүр хийхээр болсон. Уг ажлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцна.

Яг өнөөдрийн байдлаар өргөн нэвтрүүлгийн телевизийн стандартыг хангаж, лицензээ авсан 18 телевиз байна. Тэд Монгол орон даяар эфирээ цацдаг. Лицензийн хүчинтэй хугацаа тав хүртэлх жил юм.

Өнөөдрийн байдлаар Өргөн нэвтрүүлгийн лиценз эзэмшдэг 18 телевиз

Тэгвэл жил бүр сонгон шалгаруулалт явуулдаг болсноор энэ 18 телевиз нэмэгдэж ч, хасагдаж ч болно гэсэн үг. Харилцаа холбооны зохицуулах хорооноос Өргөн нэвтрүүлгийн телевизэд тавих стандартаа ч шинэчлэн баталжээ. Үүнийгээ таниулах, сургалт явуулах ажлыг удахгүй хийж эхэлнэ гэж тус хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга А.Лувсан-Очир тодрууллаа.

Өмнө нь сонгон шалгаруулалт зарлалаа ч ямар телевизүүд оролцож, ямар нь шалгарсан талаарх мэдээллийг хав дарж байсан тохиолдол ч гарч байжээ. Өөрөөр хэлбэл улс төрийн нөлөөлөл орж ирсэн уг цэг дээр хариуцлага нэмэгдэж байна гэж харагдана.

ХОЁР: МӨНГӨ МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБОО ДЭЭР ТӨВЛӨРНӨ

Олон суваг дамжуулагчид орлогынхоо 15-аас багагүй хувийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдтэй хуваалцах хуулийн шаардлага үүссэнийг дээр тайлбарласан. Тэгвэл энэ мөнгө шууд телевизүүдэд очихгүй, эхлээд Монголын телевизүүдийн холбоонд хуримтлагдах заалттай.

Монголын телевизүүдийн холбоо дамжуулагчдаас ирсэн мөнгийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд хэрхэн хуваарилах журмаа батлах ёстой. Одоогоор энэ журам батлагдаагүй байна. Телевизийн рейтингэд суурилна гэдэг яриа байх.

Түүнчлэн үүнд тогтмол аудит орж, мөнгө яг иргэдэд түүх, соёлын шинжтэй, чанартай өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлсэн телевизүүдэд очиж уу гэдгийг шалгах байх хуулийн заалт орсон.

ГУРАВ: ҮНДСЭН БАГЦЫН ҮНЭ НЭМЭГДСЭНЭЭР ИРГЭД ҮЗДЭГГҮЙ СУВАГТАА ТӨЛБӨР ТӨЛЖ БУЙТАЙ АГААР НЭГ

Уг нь олон суваг дамжуулагчид “Share Revenue” гэдэг утгаар өөрсдийнхөө одоогийн орлогоос дээрх татаасыг төлөх логик харагдаж байгаа юм. Гэвч Монголын телевизүүдийн холбоотой одоогийн тарифаа нэмэх замаар төлдөг байх гэрээ байгуулжээ.

Тодруулбал холбоо IPTV болон кабелын үйлчилгээ үзүүлэгчидтэй гурван сарын турш хөтөлбөр дамжуулах гэрээний төсөл дээрээ суужээ. Ингээд 2021 оны хоёрдугаар сард тохиролцоонд хүрсэн. Үүгээр олон суваг дамжуулагчид тус бүрдээ хэдэн төгрөгийн тарифын нэмэгдэл авахаа тодорхой болгож, гуравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлцгээе гэж тохиржээ. Энэ хүрээнд хамгийн эхэнд дурдсан 2500-3500 төгрөгийн нэмэгдэл хийгдэж буй.

Гэрээний үндсэн дээр төлбөр хуваалцах тул энэ нэмэгдэл хууль зөрчөөгүй ч агуулгын хувьд асуудал дагуулна. Иргэд МҮОНРТ-ийг үздэг ч бай, үздэггүй ч бай татвараас нь хувь суутгагддаг шиг IPTV-гээр өргөн нэвтрүүлгийн телевизийг үздэг ч бай, үздэггүй ч бай тэдэнд мөнгө төлдөг болчхож байгаа юм.

Энэ үндсэн багцын тарифыг Харилцаа, холбооны зохицуулах хороо хянах үүрэг хүлээж буй.

ДӨРӨВ: ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САН БАЙГУУЛАГДАНА

Мөн тус хуульд Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сан байгуулах тухай агуулга бий. Үүгээр бол ийм нэртэй Засгийн газрын тусгай сан байгуулагдах ёстой. Улсын болон орон нутгийн төсвөөс, дотоодын ААН-ээс ба бусад эх үүсвэрээр санхүүжнэ.

Сангийн үйл ажиллагаа бол нөгөө чанартай, үндэсний хэв шинж агуулсан контент бүтээлтийг эрчимжүүлэх, сайн нэвтрүүлгүүдийг орон нутагт хүргэх гэх мэтэд чиглэнэ. Харин яг хэрхэн санхүүжиж, хэрхэн зарцуулагдах тухай журам нь батлагдаагүй байгаа. Журмын төсөл нь одоо боловсруулагдаж байгаа бөгөөд Засгийн газрын хуралдаанаар орох ёстой юм. Энэ сегмент нь Мэдээлэл, технологийн газарт хариуцагдаж байгаа юм байна.


ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Тэгэхээр өнгөрсөн оны долдугаар сараас хэрэгжиж эхлэхээр заагдсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дагалдах журмууд хэлэлцэгдсээр өдийг хүрч байна гэсэн үг. Процесст найман сарыг заржээ. Цаашид ч батлагдах журмууд боловсруулагдаж байгаа талаар дээр дурдлаа.

Нэг ёсондоо хууль хэдий батлагдсан ч одоо л учраа олох гээд мунгинаж байна. Харин энд өргөн нэвтрүүлгийн чанарыг сайжруулах нэрийн дор мөнгө явдаг болчхож байгаа учраас телевизүүдийн анхаарлыг татахаас өөр аргагүй. Яг өргөн нэвтрүүлгийн гэж тооцогддог телевизүүд олон суваг дамжуулагчдаас төлбөр авдаг, Засгийн газрын тусгай сангаас санхүүждэг болчхож байна. Иймд одоо өргөн нэвтрүүлгийн лицензтэй телевизүүд үүн рүү хурдан орох, цаашид ч уг лицензийг авах сонирхолтой телевизүүдийн өрсөлдөөн өрнөх процесс явагдах нь.

Одоохондоо бол хуулийн агуулгыг мөнгөн дээр л төвлөрүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Unshigch
Unshigch
3 сар 16, 2021 17:37

Kabeliin suvagaar tulburtei kino nertei huuhed zaluust amerikiin eldev kino uzuuldeg ni ogt taalagddaggui

уншигч
уншигч
3 сар 16, 2021 17:48

Үүнийг бичигч сэтгүүлч утга учир нь ойлгохооргүй юм бичижээ. "Дүгнэлтийн оронд " гэдгийг юу гэж ойлгох вэ. Тийм орон байдаг юм уу.Уг нь их зөв сэдэв бичиж . Даан ч их ухаантан , болох гэж хичээжээ.

ҮНЭН
ҮНЭН
3 сар 16, 2021 18:31

Үзэх юмгүй л�##�ар твнүүд

Irgen
Irgen
3 сар 16, 2021 19:07

Ahmadyyd bid olon syvag yzdegyi bj olon syvgiin mungu tulj bga yyniig bolj yzdeg syvgyydiin tulburiig l tuldug bolmoor bna ene kabel nertei tv yyd munguu nemeed bga murtuu xyniig bga xoxirooj bdg yzsen syvgyyddaa l tulbur tulj bx xeregtei xynees munguug ni nemj avaxdaa sain bid ch bas yzsendee l mungu tuldug bolox estoi

болд
болд
3 сар 17, 2021 07:58

Огтхонч үздэгүй олон арван сувгийн төлбөрийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр хүчээр тулган булааж байгаа бус уу. Тэрнээс гадна багцуудаа олон болгож сонголт сайтай болгох хэрэгтэй. Эмээ өвөө нар нэг их олон сувгаар юу хийхэв дээ

Үзэгч
Үзэгч
3 сар 17, 2021 09:12

Г

Үзэгч
Үзэгч
3 сар 17, 2021 09:16

Гадаадын tv-г шууд утсандаа татаад үзэж болдог. Монголын телевизүүдийн холбоо энэ олон tv-г үнэгүй утсаар үзэх app байдаггүй. Дандаа төлбөрөө төлөөд үз гэдэг. Энэ tv холбооны удирдлага гэж ямар м�##� бна аа

Зочин
Зочин
3 сар 17, 2021 18:46

Би ТҮ5 гэх мэтчилэн УЛС ТӨРЖСӨН телевиз огт үздэггүй Тэгээд төлбөрийг нь би төлөх юм уу.ҮГҮЙ ШҮҮ найзуудаа

Зочин
Зочин
3 сар 17, 2021 18:52

Би ч бас тв5 тв9 ийн нэвтрүүлэгийг огт үздэггүй ээ .Тэд нарт мөнгө төлөх юм уу айн

Зочин
Зочин
3 сар 18, 2021 13:38

Mobicom VOO ih amar yum, chanartai tsoon suvagtai sard iluu ch gui dutuu ch gui 20-g l tuldug. Kino uzeed nemelt mungu garahvii gesen aidasgui. Univision maani sard 70, 80 garaad uchir n olddogui baij bilee, solisondoo mash bayartai baidag

Воовоо
Воовоо
3 сар 18, 2021 23:32

Үзэх юм олддоггүй олон тв тэй түй четр

Зочин
Зочин
4 сар 16, 2023 11:57

Бүгд иргэдийн кармаа суйлсан хулйгачид байна ш дээь эднйи ТВ-нүүдээс үзье гэсэн ологитой суваг �##�га,

Холбоотой мэдээ

Back to top button