“Танд Ардын багш цол олгохоор боллоо. Баяр хүргэе” гээд өмнөх өдөр нь 23.00 цагийн үед холбогдоход их баярласан ч анхандаа итгээгүй. “Ийм орой залгасныг бодоход манайхны нэг нь л тоглоом хийсэн байх” гэж бодсон. “Юу ч гэсэн Төрийн ордонд маргааш яваад очъё. Тэгээд үнэн эсэхийг нь магадалж байгаад ойр дотныхондоо хэлье” гэж бодлоо. Төрийн ордонд очоод харах нь ээ шагнал авах хүмүүсийн дунд миний нэр байв. Тэгэхэд л итгэлээ” гээд инээмсэглэх түүнийг Дашгомбын Баттулга гэдэг. ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны жүдоч, Гавьяат тамирчин тэрбээр Ардын багш хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан юм.
Нэгэн цагт шигшээ багт хамт байсан, их спортын дэвжээнд хамтдаа хөлсөө дуслуулж, амжилтын төлөө зүтгэж явсан амьдаа Ерөнхийлөгчөөсөө Ардын багш цолоо гардсан Д.Баттулга Монголын жүдо, самбо бөхийн спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн.
Оюутны (1988 он) болон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн (“Белград-1989”, 60 кг-д) Монголын анхны жүдоч түүний амжилт булган сүүлтэй байж 1989 онд Хөдөлмөрийн баатар О.Балжинням (95 кг) дэлхийн дэвжээнд үзүүрлэсэн билээ. Тэгж монгол жүдочид ДАШТ-д анх амжилт гаргахдаа мөнгө, хүрэл медаль хүртсэн түүхтэй.
Зах зээлийн ороо бусгаа үед спортдоо үнэнч үлдсэн хуруу дарам тамирчдын нэг Д.Баттулга самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн залуучуудын аварга. Сайн санааны наадам буюу өнөөгийн Токиогийн “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртсэн Монголын анхны жүдоч тэрбээр УАШТ-д жүдогоор дөрөв, самбогоор нэг удаа түрүүлсэн.
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2008-2019 онд ажилласан тэрбээр олимпын гурван медальтан (Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Д.Сумъяа, Гавьяат тамирчин С.Ням-Очир) бэлтгэсэн гавьяатан. Тэгэхдээ Н.Түвшинбаярыг олимпын анхны аварга болгож, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн билээ.
Олимп, дэлхийн аваргын 33 медалийн 27 нь 2008-2019 онд үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан Д.Баттулгын хөдөлмөр, нойр хоолоо умартан зүтгэснийх нь үр шим гэхээр бахархахгүй байхын аргагүй. Түүнтэй ярилцлаа.
-Юуны өмнө Ардын багш болсонд тань баяр хүргэе. Төрийн эрхэм цол хүртсэн баярын сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Баярлалаа. “Eguur.mn” сайтын уншигчдад болон спорт сонирхогчдод, жүдогийн хамт олондоо, монгол түмэндээ баярлалаа. Та бүхнийхээ дэмжлэг, итгэл, сэтгэлийн хүчээр энэ цолыг авлаа. Төр засгийнхаа, монгол түмнийхээ ачийг хариулж, цаашдаа улам сайн ажиллана аа.
-Шагнуулах болсноо өмнөх өдөр нь 23.00 цагийн үед мэдсэн гэж дууллаа. Өчигдөр (уржигдар) Төрийн ордонд очсоныхоо дараа л итгэсэн гэсэн, үнэн үү?
-Тийм ээ. Уржигдар 23.00 цагийн үед Төрийн ордноос гэнэт залгаад “Ардын багш цолоор шагнах боллоо. Баяр хүргэе” гэхэд их баярласан ч анхандаа итгээгүй. “Ийм орой залгасныг бодоход манайхны нэг нь тоглосон байх” гэж бодлоо. Тэгээд маргааш нь Төрийн ордонд очиход үнэн байсан (инээв).
-ЕТГ-гаас холбогдсон даруйд баярт мэдээгээ өөр хүнд хэлсэн үү. Хэнд хурдхан хэлэх сэн гэж яарав?
-Өөр хэн нэгэнд ер хэлээгүй. Яагаад гэвэл яг үнэн гэж өөрөө ч итгээгүй байсан юм чинь. Үнэн, худлыг нь мэдэж, магадлачихаад л хэлье гэж бодлоо. Тоглоом, наргиа хийсэн байж магадгүй гэж болгоомжлоод маргааш нь Төрийн ордонд ганцаараа очсон. Шагнал авах хүмүүсийн дунд нэр минь байхыг харсныхаа дараа л итгэлээ. Тэгээд “Үнэн байна. Төрийн ордноос гарч ирэх хугацааг тааруулж байгаад хүрээд ир” гэж гэр бүлийнхэндээ хэллээ.
-Та Монголын жүдо бөхийн спортын төлөө насаараа, дасгалжуулагчаар 1992 оноос хойш ажиллаж буй эрхэм. “Ардын багш цол хүртээх болов уу” гэсэн хүлээлт танд хэр байв?
-Хэнд ямар шагнал олгохоо төр, засаг мэднэ. Аливаа юм эрэмбэ дараатай. “Ардын багш болох юм сан, хэзээ өгөх бол” гэж хүлээлт надад байгаагүй.
-Риогийн олимпын дараа таныг Ардын багш цолд тодорхойлсныг би санаж байна. Ер нь нийт хэдэн удаа энэ цолд тодорхойлогдоод авав?
-Тэрийг сайн мэдэхгүй, санахгүй байна. Ер нь олон удаа. Би шигшээ багт 2008 онд Ерөнхийлөгчийн урилгаар ирсэн. Бээжингийн олимпоос Н.Түвшинбаяр алтан медаль хүртэхэд би ямар нэгэн шагнал авах сан гэж бодоогүй. Гавьяат тамирчин тул Гавьяат цол авчихсан гэсэн үг. Шигшээд хамт ажиллаж байсан Нямлхагва маань Гавьяат болчих болов уу гэсэн хүлээлт надад байлаа. Лондоны олимпоос Монголын жүдочид хоёр медаль (Н.Түвшинбаяр мөнгө, С.Ням-Очир хүрэл) авсан. Намайг Ардын багш болгох санал, тодорхойлолт 2012 оноос эхэлсэн байх.
Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар 2008-2019 хүртэл ажиллахдаа хамт олонтойгоо олон сайхан амжилт гаргалаа. Монголын жүдочид олимп, ДАШТ-ээс багийнхтайгаа нийлээд 33 медаль хүртсэний 27-г нь энэ хугацаанд авсан. Олимпын анхны аваргаас авхуулаад олон, олон анхдагч амжилтыг гаргахад, бүтээхэд гар, бие оролцож, хамт зүтгэснээрээ бахархдаг. Энэ бүхнийг үнэлээд надад Ардын багш цол олгосон болов уу.
-Амжилтын төлөө хамтдаа зүтгэж, хөлсөө дуслуулан, самбогийн шигшээ багт хамт байсан Х.Баттулга Ерөнхийлөгчөөс Ардын багш цолоо гардах мөчид юу бодогдож байв?

-Үнэхээр их баярлалаа. Х.Баттулга бид хоёр шигшээ багт хамт зүтгэж явсан, би түүнээс үргэлж үлгэрлэдэг. Спортын амжилт, сайн сайхны төлөө үргэлж үлгэрлэж, дэмжиж явдаг хүн. Түүнийг хэн бэ, ямар хүн бэ гэдгийг би сайн мэднэ. Ерөнхийлөгч маань ёстой эр хүн шиг эр хүн дээ.
Амжилтын төлөө хамт зүтгэж явсан, амьдаа Ерөнхийлөгчөөсөө Ардын багш цол хүртсэндээ их бэлгэшээлээ. Илүү үнэ цэнэтэй санагдаж байна. Шагнал авах мөчид ёстой юм, юм бодогдож байлаа. Х.Баттулга Ерөнхийлөгчөөс Ардын цагш болоо хүртсэн нь хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамж үлдээлээ.
Шагнал хүртээд зогсож байхад амжилтын төлөө одоо ч хамт зүтгэсээр яваа хамт олноо, шигшээ багт барилдаж явсан жүдо, самбогийн тамирчдаа, дасгалжуулагч нараа, спортынхныгоо, төрүүлж, өсгөсөн аав, ээжээ, ханиа их бодлоо.
-Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа танд юу гэж хэлсэн бэ?
-“Хичээгээрэй” гэсэн. “Хичээнэ ээ” л гэлээ. Цаашид хийх ажлыг минь ганцхан үгээр надад ойлгууллаа гэж бодож сууна.
-Ерөнхийлөгч та хоёр тэмцээнд хоорондоо учраа таарч байв уу?
-Багадаа “Хоршоолол” нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээнд барилдахад би дийлдсэн. Дахиж учраа таараагүй. Түүнтэй олон жил хамт бэлтгэл хийсэн. Хөдөлмөрч зангаас нь үлгэрлэж явдаг.
-Таны шавь нараас хэдэн Хөдөлмөрийн баатар, олимп, дэлхийн медальтан төрөөд байгаа вэ?
-Тэд боллоо гэж тоолж байгаагүй. Ер нь олоон, олон. 2008-2019 онд Монголын жүдочид ямар амжилт гаргасныг хүмүүс сайн мэднэ. Энэ хугацаанд шигшээд дасгалжуулагчаар ажиллан, хамтдаа гаргаснаараа бахархаж байна.
-Монголын жүдочид “Хамтын хүч амжилт” гэдэг сайхан уриатай. Шагналаа аваад хурдхан жүдогийнхон, гэр бүлийнхэн дээрээ очих сон, баярт мөчөө хуваалцах сан гэж яарсан уу?
-Ёстой тэглээ. Ардын багш цолоо энгэртээ гялалзуулсаар гарч ирэхэд жүдогийн хамт олон, гэр бүлийнхэн маань уухайлсаар угтлаа. Тэднийг хараад бүр огшчихсон. Жүдогийнхон, гэр бүлийнхэнтэйгээ уулзсаныхаа дараа “Ээждээ хурдан очъё” гэж яарлаа. Ээждээ үнсүүлчихээд буцаж ирээд жүдогийн зааландаа хүндэтгэл үзүүллээ.
-Ээж нь таныг сэтгэл догдлон хүлээн суусан байх. Хүүдээ юу гэж хэлсэн бэ?
-Гэнэт дуулгаад яах вэ гэж бодоод, Төрийн ордонд орохынхоо өмнө ээждээ хэлсэн. Төрөөс ямар нэгэн шагнал олгох гэж байх шиг байна. Бэлдээд байж байгаарай” гэсэн. Шагналаа авчихаад ээждээ очиход бөөн баяр. Ээж минь “Цолдоо эзэн байж, төр, засаг, ард түмнийхээ итгэлийг сайн дааж яваарай” гэж хүүдээ захилаа.
-Та жүдогийн спортоос мэндэлсэн хэд дэх Ардын цолтон билээ?
-Харин ээ. Би сайн мэдэхгүй. Дөрөв юм уу тав дахь нь байх.
-Гавьяат дасгалжуулагчийг алгасаад шууд Ардын багш болсон хэчнээн эрхэм байдаг бол?
-Ч.Дамдиншарав гуай, О.Балжинням багш гэх мэт ер нь олон бий. Яг тэд гэж тоолж байсангүй. Дээхнэ үед олимп, ДАШТ-ий анхны медальтнуудыг анхдагч болоход Гавьяат тамирчин цол олгосон. Анхны медальтныг нь урамшуулаад, Ардын багш болгох санал яригдаж байсан юм билээ, 2000 оны эхээр. О.Балжинням багш бид хоёр ДАШТ-ээс Монголын анхны медалийг хүртсэн жүдочид. О.Балжинням багшаас гадна надад Ардын багш цол олгох санал яригдаж байсан удаатай, 2000 оны эхээр. ДАШТ-ээс жүдогийн анхны медалийг хүртсэн гэдгийг маань үнэлээд.
-Монголчууд жүдогоор амжилт гаргаж чадахыг үлгэрлэсэн анхны тамирчдын нэг нь Та. Эл спортод хөл тавьсан дурсамжаасаа хуваалцана уу?

-Японоос гаралтай жүдогийн спорт Монголд хөгжөөд 10-аад жил болчихсон байсан үеийн тамирчин л даа, би. Спортын төв ордон барьчихсан, жүдогийн дүрэм баталчихсан, цөөнгүй дугуйлан нээгдэн, амжилт гаргах бүхий л нөхцөл бүрдсэн байлаа. Би Улаанбаатар хотын унаган хүүхэд, VI сургууль төгссөн. Багаасаа дээл, гутлаа ханзартал барилдаж, бөхийн спортод хорхойссон юм. Ихэнхдээ давна. Түүндээ их урамшина.
Би эхээс тавуулаа. Манайх спортлог гэр бүл. Надаас бусад нь спортоор хичээллээгүй ч байгууллагынхаа тэмцээнд идэвхтэй оролцдог. Удамд минь барилддаг, тэнхээтэй хүн байсан гэдэг ч би сайн мэдэхгүй. 1980 оны олимпыг зурагтаар үзсэн минь санаанаас ер гардаггүй. Тэгэхэд тамирчин болох сон гэх хүсэл төрсөн. Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат бид хоёр нэг ангийнх. Манай ангийн цөөнгүй нь түүнийг дагаж буудлагаар хичээллэсэн.
Би наймдугаар ангид байхдаа жүдогийн спортод хөл тавьж байлаа. Надтай хамт манай ангийн 10-аад хүүхэд барилдсан ч нэг нэгээрээ больсоор би ганцаараа үлдсэн. Жил гаруй бэлтгэл хийгээд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, УАШТ-ээс хүрэл медаль хүртэхдээ их урамшиж билээ.
Анхандаа Спортын төв ордонд, дараа нь “Хоршоолол” нийгэмлэгт бэлтгэл хийж байгаад 1985 онд улсын залуучуудын шигшээ, дараа жил нь үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Тэгэхэд жүдогоор тууштай хичээллэн, амьдралаа холбохоор эргэлт буцалтгүй шийдсэн юм. Анхандаа самбогийн шигшээ багийн тамирчин байлаа. Би жүдогоор 60, 65, самбогоор 57, 62 кг-д барилдсан. Гавьяат дасгалжуулагч Баярсайхан, ОУХМ Эрдэнэбат, Ш.Ганбаатар, Б.Ганболд тэргүүтэй олон шилдэг өрсөлдөгч намайг ирлэж, амжилт гаргахад нөлөөлсөн.
-Өнөөгийнх шиг бөхийн өөр төрлөөр тэмцээнд оролцохыг төдийлөн дэмждэггүй байсан үед жүдогийн оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон тань сонирхол татаж байна. Таныг эсэргүүцсэн хүн бий юү?
-Би тухайн үед барилдахынхаа хажуугаар МУИС-д сурдаг байлаа. 1988 онд Гүржид болсон оюутны ДАШТ-д тавуулаа оролцсон юм. Цөөнгүй хүн “Самбогийн тамирчныг жүдогийн ДАШТ-д барилдуулах нь буруу” гэж эсэргүүцсэн. За, тэгээд багш нар учирлаж байгаад намайг оролцууллаа. Самбогоор дагнан хичээллэж байсан би Монголд болсон жүдогийн тэмцээнүүдээс медаль авсан ч олон улсын дэвжээнд анх удаа зодоглосон юм. Тэгж тус тэмцээнээс Монголдоо анхны медалийг авчирсан даа. Хүрэл медаль авч, анхдагч болсондоо баярласаар эх орондоо иртэл юун магтуулж, шагнуулах, харин ч эсрэгээрээ долоо хоногийн цалингаа хасуулсан.
-Яагаад тэгсэн юм бол?
-Уг нь би самбо бөхийн шигшээ багаас зөвшөөрөл, чөлөө аваад оролцсон юм. Гэтэл ямар шалтгаанаар тэгснийг нь тухайн үед мэдээгүй.
“Сөүл-1988” олимпод тааруу оролцсон монгол жүдочид их шүүмжлүүлсэн юм билээ. Гэтэл сар гаруйхны дараа самбогоор барилддаг нэг нөхөр оюутны ДАШТ-д оролцохдоо Сөүлийн олимпоос медаль хүртсэн жүдочидтой өрсөлдөөд медаль авсан нь зарим хүнд таалагдаагүй байх. Улам шүүмжлүүлэх гээд байсан юм болов уу. Тиймээс миний амжилтыг аль болох чимээгүй өнгөрүүлэх, намжаахын тулд тэгсэн юм шиг байна лээ.
-Самбогоор бус, жүдогоор түлхүү барилдвал дэлхийн хэмжээний бөх болно гэх итгэлийн эхлэл тэр тэмцээн байв уу?
-Тийм. Тиймээс л би төд удалгүй жүдогийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан юм. Оюутны ДАШТ-ий медальтан болсон нь надад урам өгөхийн сацуу хариуцлага нэмсэн. Ямар ч тэмцээнд тааруу барилдах, бэлтгэлээс алгуурлах эрх байгаагүй. Тэр бүхэн 1989 оны ДАШТ-ээс медаль хүртэхэд их нөлөөлсөн.
-Тэр жил Та дэлхийн медальт Монголын анхны жүдоч болсон. Насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа оролцохдоо анхдагч болно гэх итгэл хэр байсан бэ?
-Залуу насны аагаар амжилт гаргана, чадна гээд л оролцсон. Хагас шигшээд Японы бөх Таданори Кошинод дийлдэн, хүрэл медалийн төлөөх барилдаанд америк жүдочийг гарыг нь ороож унагаах мэхээр ялсан юм. Тэр мэхийг бүтэн жил давтсан. Тэгэхэд би 24 настай байсан.
Шагналын тавцанд зогсож байхад үнэхээр их баярлаж, монгол хүн болж төрснөөрөө бахархаж билээ. Баярын нулимстай зогссоноо одоо ч өчигдөр болсон мэт тод санаж байна. Медалиа авангуутаа “За, хурдан харья” гэж бодсон (инээв). Өмнөхөөсөө хэд дахин их бэлтгэл хийн, хөдөлмөрлөж, өөрийгөө шахсан болохоор их ядарсан.
Миний гаргасан амжилтын жимээр олон, олон дэлхийн аварга, дэлхийн медальтан мэндэлсээр байгаад бахархдаг. Бахархахын сацуу надад том үүрэг хариуцлага ноогдсон гэж ухамсарладаг. Жүдогийн спортын буянаар л би өнөөгийн амжилтад хүрсэн. Тиймээс залгамж халаагаа бэлдэх, олон сайн тамирчин торниулахын тулд 1992 оны олимпын дараа бэртлийн улмаас зодог тайлан, дасгалжуулагч болсон.
-Та 1991 онд, анхны Ерөнхийлөгчөөс Гавьяат тамирчин цол хүртсэн бил үү?

-Тэгсэн. ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнийхээ дараа Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан. 1991 оны арванхоёрдугаар сард Гавьяат тамирчин цолоо анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас хүртсэн юм. Шагнуулах болсноо өмнөх өдөр нь мэдсэн. Маргааш нь автобусаар “давхиж” очоод шагналаа авч билээ. Спортынхноос надтай хамт улсын гарьд П.Сүхбат, улсын заан Ж.Ганболд, боксын дасгалжуулагч В.Батбаяр, самбогийн Л.Бадамсүрэн нар Гавьяат болсон юм.
-Жүдогоор арай эрт барилддаг байж гэж харамсдаг уу?
-Тийм бодол ер төрдөггүй. Хүн байгаа газартаа орон зайгаа дүүргэж явбал сайхан. Монголын шилдэг олонх тамирчин самбогийн шигшээд байсан юм шүү дээ. Тиймээс тэдэнтэй бэлтгэл хийсэн нь миний ур чадвар богино хугацаанд ахихад нөлөөлсөн. Үүнд олзуурхаж, баярлаж явдаг. Тухайн үед жүдогийн ДАШТ хоёр жилд нэг болдог байлаа. 1991 онд би УАШТ-д 65 кг-д түрүүлсэн. Тиймээс 60 кг-д бус, тус жинд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн юм. Сугалаагаа хартал дийлчихмээр бөхчүүдтэй нэг хэсэгт багтаж. Бэлтгэл сайтай, бэртэлгүй болохоор медаль хүртэнэ, түрүүлнэ гэдэгтэй итгэлтэй байлаа. Сэтгэлд бүр багтаад байсан л даа. “Мөнгөн медаль авах нь тодорхой боллоо. Надтай аваргын төлөө хэн өрсөлдөх бол” гэсэн юм бодоод л. Гэвч ядуу орны зовлонг мэдэрсэн дээ.
-Тэгэхээр булхайтай шүүлтийн улмаас ялагдсан гэсэн үг үү, эсвэл…
-Тийм. Эхний тойрогт учраа таарсан Оросын бөх намайг шүүлтийн булхайгаар ялсан. Улайм цайм луйвардсан тэдний эсрэг бид юу ч хийж чадаагүй. Урам хугарч, хүрэл медалийн төлөө барилдах ямар ч утгагүй санагдаж билээ. Амьдралдаа хийсэн барилдаануудаас хамгийн харамсалтай нь тэр. Амжилтад сөргөөр нөлөөлсөн бас нэг зүйл нь 1990-ээд оны зах зээлийн шуурга. Олонх тамирчин спортоо орхин, тэмцээнд хамт явах битгий хэл бэлтгэл хийх бөх нүдний гэм болсон. Ямар сайндаа 1991 онд ДАШТ-д надтай хамт оролцох гэж байсан Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням аваргыг санхүүгийн хүндрэлийн улмаас хасаж, Х.Болдбаатар гавьяат бэртэлтэй байсан тул өнжсөн. Тэгээд Ч.Насантогтох багшийн удирдлагад би ганцаараа зодоглосон шүү дээ.
-1990-ээд оны зах зээлийн ороо бусгаа үед олон шилдэг тамирчин спортоо орхисон. Танд ер нь өөр салбарт хүч сорих бодол төрсөн үү?
-Ээ дээ, мөн ч хэцүү байсан шүү. Спортоор тууштай хичээллэх, наймаа эрхлэх гэсэн хоёр том сонголтын өмнө нүүр тулсан, спортынхон. Зөвхөн спортын хүрээнийхэн бус, бусад салбарынхан ч бас хүнд үетэй учирсан. Надад хэчнээн хэцүү байсан ч өөрийгөө жүдогүйгээр төсөөлж чадаагүй, наймаанд явж зүрхлээгүй. Тухайн үед Гавьяат тамирчин Х.Болдбаатар, Д.Нармандах, ОУХМ Нямлхагва зэрэг залуу жүдоч торниж байлаа. Заримдаа 4-5-уулаа бэлтгэл хийнэ. Би амжилт гаргая, олон жил хичээллэснийхээ үр шимийг хүртье гэхээсээ илүү жүдогийн монгол дэг сургуулийг үргэлжүүлж, галаа манаж үлдэхийн тулд спортдоо үнэнч үлдсэн юм. Бүгдээрээ спортоо орхивол хэн жүдог хөгжүүлж, сайн тамирчин бэлтгэх билээ.
Монголд суурийг нь тавьсан жүдогийн багш нарынхаа арга барил, дэгийг нь ирээдүй хойчдоо өвлүүлэхийн төлөө бүхнээ зориулсан даа. Олимпоос бусад томоохон тэмцээнээс медаль хүртсэн, дутуугаа гүйцээх хүсэл байлгүй яах вэ. Гэтэл олимпын өмнө хөлөө бэртээн, “Барселона-1992”-оос өмнө эдгээж амжаагүй. Мэргэжилтнүүд медаль хүртэх магадлалтай тамирчдын тоонд намайг багтааж байлаа. Хөлөө боогоод л барилдсан, өвдсөн гэж жигтэйхэн. Шүд зуугаад л өрсөлдсөн. Орондоо өөр бөх зодоглуулах боломж байсан ч миний жинд барилдах монгол бөх байгаагүй. Таван тойрог барилдаж, VII байрт шалгарсан. Өнөөх л жүдогийн дэг сургуулийг хойч үедээ өвлүүлж, залгамж халаагаа бэлтгэх чин хүсэлдээ хөтлөгдөн, 1993 онд зодог тайлж, дасгалжуулагч болсон. Нөгөө талаар “Заавал би тэмцээнд оролцох гээд яах вэ. Залуу тамирчдад боломж олгоё. Багаасаа туршлага хуримтлуулаг” гэж бодсон хэрэг.
Тухайн үед жилд 2-3 тэмцээнд оролцдог байв. Өнөөгийн тамирчид азтай. 2006 оноос эдийн засаг дээшилж, Монголын гадаад харилцаа эрс сайжирсан. Хүссэн тэмцээндээ оролцох боломж бүрдсэн, хэр баргийн өрсөлдөгчдөө булхайтай шүүлтээр дийлдэхгүй болсон. Би анхандаа “Их шавь” дээд сургуульд ажиллан, насанд хүрэгчдэд багшилсан. Жүдогийн суурийг багаас нь зөв тавьж, гарын шавиа бэлтгэхийн тулд Спортын төв ордонд өсвөр үеийн жүдочидтэй нэлээд хэдэн жил ажиллав. 2000-аад он хүртэл зүтгэсний үр дүнд Монголд жүдогийн спорт овоо сэргэж, цөөнгүй дасгалжуулагчтай болсон. Үнэнийг хэлэхэд тэр үеийг хүртэл би хувийн амьдралаа хойш нь тавин, эл спортыг хөгжүүлэхийн төлөө бүхнээ зориулсан. Хурааж хуримтлуулсан юм ч байгаагүй. Тиймээс амьдралаа бодож, Малайз улсаас тавьсан саналыг зөвшөөрч, тэнд долоон жил ажилласан.
-Тэнд дасгалжуулагчаар ажиллах гарцыг хэрхэн олсон бэ?

-Малайз, Монгол Улсын Засгын газрын хамтран ажиллах гэрээний хүрээнд МҮОХ-ны журмаар тус улсад бөхийн хоёр дасгалжуулагч ажиллуулах санал тавьсан юм билээ. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Ж.Отгонцагаан надад энэ тухай хэлэхэд нь би зөвшөөрсөн. Тэгж урилгаар очихдоо их зүйл сурсан шүү. Тэнд долоон жил ажилласны дараа Монголын жүдо бөхийн холбооноос намайг дуудсан.
-Та үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2008 оноос хойш ажиллаж байна. Хамгийн дурсамжтай нь олимпын анхны монгол аварга мэндэлсэн “Бээжин-2008” болов уу?
-Яг тэр гэж онцлохын аргагүй л дээ. Бүхий л тэмцээн сайхан дурсамжтай. Олимпын аварга мэндэлсэн, олимп, дэлхийн медальтнууд төрсөн бахдам амжилтуудтай хамт байснаараа, тэднийг дасгалжуулж яваагаараа бахархдаг. Монголчууд спортод элэгтэй, тамирчдаа үргэлж дэмждэгийн өгөөж их бий.
-2019 оны ДАШТ-ий дараа шигшээ багийн дасгалжуулагч нар хариуцлага хүлээн ажлаа өгсөн. Бусдынхаа шийдвэрийг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Спорт гэлтгүй ямар ч салбарт багаар ажиллах, нэгнээ ойлгох, дэмжих их чухал. Сайн ажиллавал үргэлжлүүлээд хийдэг, тааруу амжилт гаргавал хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг. Яавал амжилт гаргах вэ, жүдогийн спорт хөгжих вэ гэдэг талаас нь бид ярилцаад, тэр шийдвэрийг гаргасан.
-Х.Болдбаатар гавьяатаар ахлуулсан дасгалжуулагчийн баг та бүхний ажлыг хэр сайн үргэлжлүүлж байна гэж дүгнэдэг вэ?
-Нэгдүгээрт, залуу хүмүүс. Залуу хүмүүс алдаа, оноо бий. Одоохондоо ийм, тийм гээд дүгнэх эрт байна. Одоо ДАШТ, дараа олимп болно. Энэ хоёр тэмцээнд ямар амжилт гаргахаас ажлын үр дүн харагдана. Хоёрдугаарт, тэд маань цар тахалтай хүнд нөхцөлд ажиллаж байна. Энэ нь өөрөө жүдочдод маань том сорилт болж, их хүндрэл учруулж байна.
-Удахгүй Токиогийн олимп боллоо. Манай жүдочид Токиогийн олимпод ямар амжилт гаргана гэж та таамаглаж байна вэ?
-Монголын жүдочид Токиогийн олимпод ийм амжилт гаргана гээд таамаглан, барагцаалахад их төвөгтэй. Цар тахал тамирчдын амжилтад тэгж их нөлөөлж байгаа байхгүй юу. Тэмцээнүүд их цуцлагдаж байна, хил хаалттай тул хүссэн тэмцээндээ оролцох боломж алга.
Цар тахал манай тамирчдын амжилтад их нөлөөлнө. Монголын жүдочид сая нэг явалтаар хэд хэдэн тэмцээнд оролцоод ирлээ. Зарим тамирчин халдвар авсан. Тамирчдын бэлтгэлийг хэрхэн хийлгэх вэ, олимпод амжилтад яаж хүргэх вэ гэхээс гадна цар тахал өөрөө нэг том сорилт болж байна.
ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.