Ярилцлага

Н.Сүхбүрэн: Миний баримлын мөн чанар “одоо цагт биш” юм байлгүй дээ

Н.Сүхбүрэн урлангийн жижиг өрөөндөө, ус буцалгаад сууж байлаа. Ингээд аагтай байхуу чанаж, уухад их эвтэйхэн, дулаахан аяганд хийгээд бидэнд барив. Өөрийнх нь хийсэн аяга юм байна. Тэгээд л бид намуухан дуугаар, аажуухан ярилцаж эхэллээ.

Түүнийг үсээ ургуулсан гэж мэдсэнгүй. Урт үстэй болохоор тэр яг ярьж эхлэхээрээ нэлээд ширүүн төрхтэй болчих аж. Бидний анх удаагийн уулзалт. Өмнө нь үзэсгэлэнгүүдээс түүний нүдээ аньсан, чинадыг анирласан бүтээлүүдтэй танилцаж, заавал удаанаар саатдаг байсан билээ.

ЗӨРЖ ГҮЙСЭЭР БАЙГААД Л БАРИМАЛЧИН БОЛЧИХ ШИВ ДЭЭ

-Та хэзээнээс үсээ ургуулж эхлэв?

-Насаараа жижигхэн үстэй явсан шүү дээ. Коронавирусийн үеэр үсчид ажилладаггүй ээ. Тэгээд л, “За, яах вэ” гээд орхичихсон. Миний үс ч их хурдан ургах юм. Ер нь зундаа үсээ бүр хусчихдаг байсан. Хүмүүс “Дажгүй”, “Гоё байна” л гэцгээж байна. Би өөрөө дасаж амжаагүй шахуу явна.

-Ер нь гаднаасаа уран бүтээлч гэж танигдахуйц, нэг тийм төрх бүрдүүлье гэж оролдож байсан уу. Гар, хуруундаа элдэв зүйл зүүдэг ч юм уу?

-Би нэг их тэгье гэж боддоггүй. Гэхдээ уран бүтээлч хүнд өөрт нь тодорхой хэлбэр, агуулга хоёр өгөгдсөн байдаг байх. Хэн ч харсан зүгээр хүн биш байна гэдэг нь яриа, үг сонголт ч юм уу, сэтгэл хөдлөлөөс нь мэдэгдэхүйц. Яагаад гэвэл, бид амралтгүй, 24 цаг ажилладаг. Мөн цэвэр сэтгэл хөдлөл дээр тулгуурлаж ажлаа хийдэг улс шүү дээ. Ийм мэтийн онцлогууд ёстой нөгөө хараад танигдахуйц имижийг гадна нь гаргаж ирдэг юм болов уу.

-Гэхдээ өндөр сэтгэл хөдлөлтэй, тэр хэрээр уран бүтээлч мөн чанартай тусмаа бусадтай харилцаж, учраа олж явахад хэцүү байдаг шиг. Урлагийн хүмүүстэй асуудал ярихад заримдаа төвөгтэй. Тийм тал ер нь байх уу?

-Мэдээж зөндөө бий, бий. Масст таалагдах  хэцүү. Гэхдээ урлаг өөрөө аягүй сонин, хүнийг шинээр, бага багаар бүтээдэг эд юм болов уу гэж боддог. “Би урлагийн хүн” гэж хүчлээд, ямар нэг байдлаар онцгой байх гэж хичээх биш, угаас тэр мөн чанар нь уран бүтээлчдийн дотроос төрж, ундарч байдаг. Зарим илүү энтертайнмент талдаа хүмүүс байдаг байх л даа. Харин дүрслэх урлагийнхан маш өөрийнхөөрөө, нийгмийн аливаа тулгалт, хайрцганд орж чаддаггүй. Орж болохгүй, боломжгүй, орчихоороо л урлаг биш болчихно.

Зүгээр л будаг байсныг зураг болгочихно, шавар байсныг баримал болгочихно гэдэг нэг бодлын их сонин. Би бас бичгийн урлагийг их дээдэлдэг. Яагаад гэвэл, зүгээр л бидний өдөр тутам ярьдаг хэл, зүгээр л нэг үг, үсэг. Мөртлөө гайхамшигтай байгаа биз, бодоод үз дээ. Тэгээд тэрийг уншсан хүмүүст өөр өөр зүйл мэдрүүлдэг. Амьд байгааг нь, гоо сайхныг, хайрыг, тэр бүх зүйлийг мэдрүүлдэг.

Ийм сэдэв рүү орсон шалтгаан нь түүний хээ шаагүй байдал. Хээ шаагүй мөртлөө тийм ч цүл пал бас биш. Чанга мэдрэмж төрүүлнэ. Дэгжирхэх үедээ дэгжирчихдэг гэмээр. Гэхдээ сэтгэл хөдлөл өндөртэй, хөвсөлзүүр нэгэн гэж хараагүй юм шүү. Зүгээр л энэ тал дээрх түүний бодлыг түншсэн төдий. Ер нь уран бүтээлчдийн хуулирсан их ааг араншин заримдаа гадаад ертөнцтэй хатуухан тулдаг учраас л.

-Хараахан томоожоогүй насандаа нийгэмд буруу ойлгогдож, зөрчилд орж байсан дурсамж бий юу?

-Би таван настай байхаасаа баримлаар тоглосон. Ах нар маань их онц сурна. Харин би нэгдүгээр ангид ороод л, баримлаас салахаа байсан. Хичээлээ тастаад л. Хэт дурлаад, донтоод, түүнээсээ болж хичээлдээ их муу болсон. Тийм болохоор манай аав, ээж бүгд л эсэргүүцдэг байлаа. Миний баримлыг бүгдийг нь хаяж, устгаж, шатааж ч байсан. Би мөнгөө цуглуулж байгаад л дахиад баримлынхаа материалыг авна. Нууцаар хийж байгаад гэрээ шатаачих шахаад л. Асуудлууд зөндөө л байлаа. Ийм эсэргүүцэл дор явсаар байгаад сургуулиа төгссөн. Зөрж гүйсээр байгаад л барималчин болчих шив дээ.

1999 онд би 10-р ангиа төгссөн. Төгсөөд Дүрслэх урлагийн их сургуулийн Баримлын ангид элсэлт байхгүй гэж хоёр жил өнжлөө. Гурван жилд нэг удаа л элсэлт авдаг байв. Хоёр дахь жилдээ өнжчихөөд байтал манай түүхийн багш “Одоо болно оо. Дахиад нэг жил хүлээнэ. Керамик гээд гоё анги байгаа, барималтай төстэй. Ваар урлана” гэж хэллээ. Нөгөө уран барималчин болно гээд, том том юм бодож байсан хүнд чинь эхэндээ инээдтэй санагдсан. “Нэг жил сураад, баримлын ангидаа шилжээд орчхож болно шүү дээ” гэхээр нь багшийн энэ зөвлөгөөг дагасан. Гэтэл манай ангийн багш маш гайхалтай хүн байж таарлаа. Г.Сэрээтэр багш маань Чехийн академийг керамик урлагийн чиглэлээр төгссөн, өөрөө их баримал талдаа уран бүтээл хийдэг хүн л дээ. Ингээд азаар тэр хүний шавь болох хувь надад тохиож, дараа жил нь баримлын анги руу шилжээгүй, керамикийн ангидаа үлдсэн. Багшийн сургалтын арга барил европ школатай, өөрөө баримлын суурьтай хүн учир би их татагдсан.

Ерөөс миний туйлын хүсэл барималчин болох л байсан болохоор керамикийн анги төгссөн давуу талаа ашиглаж, аль болох уран баримал хийхийг хичээдэг. Гэхдээ би мэргэжлийн барималч биш, энэ талын суурьгүй. Юу гэх юм дээ, туйлын хүслээрээ л явж байгаа гэсэн үг.

ХҮН БҮР БУЛАГ ШИГ. УНДРААД Л БАЙДАГ

-Сургуулиа төгсөөд керамикаар уран бүтээл биш, хэрэглээний бүтээгдэхүүн дагнаж хийсэн цаг хугацаа байдаг уу?

-Керамикийн мэргэжил тоног төхөөрөмж, материаллаг бааз дээр их суурилдаг онцлогтой. Шатаах зуух, хүрд, барбан гээд олон төхөөрөмж шаардлагатай болдог учраас дөнгөж сургууль төгссөн хүүхдийн хувьд яг энэ чиглэлээрээ, бие дааж ажиллана гэдэг бараг боломжгүйтэй адил. Би саяхан  л зуухтай болсон. Сургууль төгсөөд 14, 15 жилийн дараа л зуухтай болж байгаа байхгүй юу. Энэ хооронд холимог техникээр ажиллаж байсан. Харин керамикаар ажиллах бололцоо төдийлөн олддоггүй байлаа.

2012 онд керамикаар нэг баримал хийж, 2014 оноос яг үүгээрээ дагнаж эхэлсэн. “Миний баримал яагаад керамик байж болохгүй гэж” гэсэн бодол төрөөд, түлхүү хийх болсон. Тэгэхээр цаг хугацааны хувьд тийм ч урт биш байгаа биз.

-Энэ хугацаанд таны байн байн харж урам сэдэл авдаг уран бүтээлчид хэн байсан бэ?

-Ингэж хэлэхээр бурууддаг юм болов уу. Би ер нь бусдын юмыг үзэж, харах дуртай биш. Бусад уран бүтээлчдийг мэдээж хүндэлнэ, тэр авьяасыг шүтэн биширнэ. Гэхдээ түүнд хэт автахыг хүсдэггүй. Хүн хараад “Гоё юм” гэж бодоод өнгөрч байгаа ч хүссэн хүсээгүй далд ухамсартаа шингээгээд авчихдаг. Иймд хэт автвал өөрийгөө алдах магадлал ихтэй гэж боддог. Харин оронд нь аль болох өөрийгөө хайж, өөр лүүгээ өнгийхийг хичээдэг. Ер нь хүн бүр булаг шиг. Ундраад л байдаг.

Керамик тэр хоёр огтолцсон учраас л энэ бүх зам зурагдсан гэлтэй. Гэхдээ түүний дотор яг хүүхэд байхын л өнөөх цэвэр барималч байх, тэгж уран бүтээл хийх хүсэл унтраагүй, өдөөж, хатгасаар байдаг бололтой. Тэгсэн ч өдийг хүртэл тэр үүгээр чухам дагнаж, өөрийгөө бүтээсэн нь нэгэн сонин мөчөөс л эхтэй байж таарна. Керамик тэр хоёр анх, жинхэнээсээ, яг хэзээ танилцсан юм бол.

-Керамик урлагаараа 2014 оноос хойш дагнасан юм байна. “Би яг зөв зүйлээ бариад авлаа, энэ яг л миний бүтээл байна” гэсэн мэдрэмжийг хэзээ авсан бэ. Бүр хүүхэд байхдаа юу. Эсвэл сүүлд керамикаар баримал хийхдээ юу?

-Би бүр хүүхэд байхдаа л барималчин болохыг мөрөөддөг байсан. Ер өөрчлөгдөж байгаагүй.

-Бүтээлийн хувьд?

-Өмнөд Солонгост жил гаруй сураад ирэхдээ ер нь уран бүтээлээс холдчихсон, өөрийнхөө хувьд зэврэх тал руугаа орчихсон байсан. Монголдоо ирээд уран бүтээл хийх гэтэл нэг л болж өгдөггүй. Нэг л бүтэлгүйтээд байсан энэ өдрүүдийн нэгэнд манай эхнэр надад нэг үг хэлсэн. Ер нь би хэн юм бэ, миний баримлууд юу харуулах гэж зорих юм бэ гэдэг анхны концепцыг энэ үгнээс олж авсан. Юу гэж хэлсэн бэ гэхээр, “Чи янз янзын юм хийх гээд байх юм. Өөрөөсөө битгий асар их зүйл хүс. Зүгээр л хамгийн сайн хийж чаддаг юмаа л хийчих. Тэр чинь чи байхгүй юу” гэж. Тэгээд түүнээс хойш анхны санаа биежиж, “Төгс төгөлдрийн эрэлд” бүтээл маань хийгдсэн. Араас нь “Хариултын эзэн” гээд л, ер түүнээс хойш бүтээлүүд өөрийн эрхгүй ундарч гарсан. 2014 онд шүү дээ. Түүнээс өмнөх үеэ бодоход маш их эрэл хайгуул хийж явж. Өөртөө гэхээс илүү бусдад таалагдах гэсэн дэврүүн жилүүд байсан шиг санагддаг. Харин 2014 онд эхнэрийн маань хэлсэн үг оройд орж, зарим утгаар өөрийгөө олсон.

-Эхнэр тань тэгж хэлснээс хойш төрсөн анхны бүтээл ямар хэлбэр, төрхтэй байсан бэ. Үгээр дүрсэлж өгөөч?

-“Төгс төгөлдрийн эрэлд” гэж тэр бүтээл, абсолют хэлбэртэй нэг хүн байдаг. Дотор нь бас нэг жижигхэн хүн бий. Бүр гадуураа болохоор үүлэн хэлбэртэй цоолборуудтай. Өөрөөр хэлбэл хүн өөрийгөө гадуур л хайгаад байдаг, үүл шиг нүүлдээд л. Гэтэл өөрийгөө уудал, өөрийгөө тань. “Би өөрөө төгс төгөлдөр” гэсэн санаатай. Түүнчлэн хүмүүс амьдралдаа маш олон зүйлийг “Яагаад” гэж асуудаг. Яагаад ийм юм болчхов, яагаад энэ хүн надтай ингээд харьцчихав. Гэтэл хариулт гадна биш дотор л оршиж байдаг.

НҮДИЙГ НЬ НЭЭЧИХВЭЛ ДОГШРОХ ЮМ ШИГ...

-Тэр бүтээлд хүний нүд яаж дүрслэгдсэн байсан бэ?

-Бараг нүдгүй шахуу л. Миний баримлуудын нүд нэг л нээгдээд байдаггүй ш дээ. Хүмүүс “Хэзээ нээгдэх юм бол доо” гэдэг. “Аньсан мөртлөө аньсаган дотроо хараад байдаг” ч гэх нь бий. Янз, янзаар л ярьдаг. “Инээчихсэн юм шиг”, “Дагуулаад хараад байгаа юм шиг” гээд л. Хүн хүний мэдрэмж өөр гэдэг энэ.

-Хүмүүс тэгж ярьдаг юм байна, та өөрөө юу гэж боддог юм бэ. Таны бүтээлүүдийн нүдний тухай ярилгүй өнгөрөх аргагүй л дээ?

-Би энэ тал дээр их хөнгөхөн бодолтой. Яг ингээд сайн харвал амирлангуй, зөөлхөн ч гэсэн нүдийг нь нээчихвэл арай илүү догшроод байгаа юм шиг санагддаг. Миний баримлын мөн чанар одоо цагт биш юм байлгүй дээ. Хэзээ нэг өдөр нүдээ нээх байлгүй дээ гэж горьдож л байна, бодож л байна.

-Зориудаар биш, дотроосоо хөтлүүлж, нүднүүдийг нь аниулдаг гэсэн үг шүү дээ?

-Тийм. Би уг нь нүдийг нь нээх гэж оролддог юм аа.

-Нэг л болохгүй байна уу?

-Болж өгдөггүй.

Баримлуудынх нь нүд үргэлжид шахуу аниастай байдаг талаар аяндаа, ийм товчхон л яриад өнгөрлөө. Хүн, хүний хэлдэг ондоо сэтгэгдлүүд их сонирхолтой санагдав. Гэхдээ цаг хугацааны тэр чухал огтлолцол дээр эхнэр Х.Энхномин нь байсан гэдгийг сонсох илүү анхаарал татам аж. Бас нэгэн учралт тохиол.

-Эхнэртэйгээ хэзээ танилцсан юм бэ?

-2006 онд танилцсан. Сургуулиа дөнгөж төгсөөд Монгени сургуульд багшаар ажилд орсон үе. Би баримлын, манай хүн зургийн багшаар тэнд ажиллаж байсан юм. Нэг кабинетэд суугаад л. Ингэж танилцаад, үерхэж эхэлсэн дээ.

-Өөрөөр таны амьдралд нөлөөлж, чухал гэмээр үүрэг гүйцэтгэсэн үйл явдлууд байдаг уу?

-Би нэг үйл явдлыг мартдаггүй юм аа. Бид хоёр залуухан, цалингаа хурааж, мөнгө цуглуулж байсан үе. Тухайн үед дөрөв, таван сая төгрөг цугласан байл уу даа. Манай хүн өөрөө керамикт аягүй дуртай, намайг ч “Керамикаар л яв” гэж их шахдаг байсан. Даанч миний зориг хүрдэггүй байсан. Тэгсэн нэг л өдөр манай хүн “Энэ цуглуулсан мөнгөөр ерөөсөө чамд зуух авч өгье” гэдэг юм байна. Ингээд бид хоёр зуух хайж нэлээн явсан байдаг. Олдоогүй л дээ. Хамгийн гол нь керамикийн тэр амин чанар, амьд урлаг юм гэдгийг нь манай эхнэр надаас түрүүлээд мэдэрчихсэн байсан нь тэр юм байна билээ.

-Зүгээр “Эхнэр” гэж тодорхойлохоос хамаагүй илүү... Юу гэмээр ч юм дээ. Та арай нэг өөрөөр эхнэрээ тодорхойл л доо?

-Эхнэр, хамтрагч гэдгээс хамаагүй том. Бараг л аав, ээж шиг санагддаг. Хатуу үедээ ч хатуу, зөөлөн үедээ зөөлөн. Бүх зүйлийг “Болгоно оо” л гэж зүтгэдэг. Аягүй тийм хүчирхэг эмэгтэй. Тийм учраас л өдий хүртэл бүтээлээрээ амьдрахад чамгүй их зоригжуулж ирсэн. Шүүмжлэгч болж ч чадна. Гол нь надтай биш, миний дотор хүнтэй л суусан гэмээр.

-Тэгэхээр хайрын тухайд ярьж эхэлье л дээ. Багшийн ч юм шиг, аав, ээжийн ч юм шиг нөлөө үзүүлж ирсэн мэт санагдаж байна. Харин амрагийн хайр нь танд, таны уран бүтээлд яаж нөлөөлж байв?

-Би сая хэлсэн дээ. Гадна биш доторх хүнд минь тэр илүү татагдсан шиг. Ер нь намайг бүрдүүлж буй бүх зүйлд  хайртай байна гэдэг нь л хайр юм уу. Түүнээс ганц гоо сайхан, авьяас, карьер байлаа гээд яах билээ. Хүн мөнх настай биш. Гоо сайхан гундана, байгаль дэлхий өгснөө буцаагаад авчихна шүү дээ. Тэгэхээр хайр гэдэг нэг талаас дотор хүмүүстэйгээ илүү харилцан ойлголцдог байхын л тойм нэр шиг.

-Уран бүтээлд хайр хэр чухал вэ?

-Уран бүтээл ерөөсөө хайраар л бүтнэ. Хайрлахгүй бол...Уран бүтээл өөрөө амьд.

-Хийж байгаа бүтээлээ хайрлаж хийх ёстой гэсэн утга уу, эсвэл...?

-Ерөөсөө уран бүтээл хийнэ гэдэг хайраа бодитжуулж байгаа гэсэн үг. Хайраа биежүүлж, харагдуулж байгаа.

-Хайрлуулж үзээгүй, эсвэл хайрлах хүнгүй хүн уран бүтээлч байх боломжгүй гэсэн утга уу?

-Үгүй, үгүй. Тийм биш. Ер нь уран бүтээлч хүн тэр дотор хайртайгаа, цаанаасаа л төрдөг юм биш үү. Хайрыг хөнгөн байдлаар ойлгож болохгүй л дээ. Хайр бол бас уучлал, нөгөөтээгүүр зэмлэл байдаг. Хайр дотор маш олон категори байгаа шүү дээ. Бүгдийг нь нэгтгэсэн тэр ойлголтын тухайд ярьж буй хэрэг.

ХҮН ТӨРӨХДӨӨ Л ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ҮЗЛЭЭ АВААД ТӨРЧИХДӨГ ЮМ БАЙНА

-Таны хамгийн их хайр шингэсэн бүтээл?

-Хамгийн сүүлд хийсэн нэг бүтээлийг нэрлэж болмоор юм уу. “Сайн, муу нэгэн цул” гэдэг нэртэй. Жаахан байхдаа нэг телевизийн ярилцлагад орохгүй юу. Тухайн үед надаас “Энэ хорвоод сайн хүн их байдаг уу, муу хүн их байдаг уу?” гэж сэтгүүлч нь асуулаа. Тэгэхээр нь би хариулахдаа “Энэ хорвоод сайн хүн ч гэж байхгүй. Муу хүн ч гэж байхгүй. Яагаад гэвэл сайн хүнээс ч муу юм гарч болно, муу хүнээс ч сайн юм гарч болно” гэж хэлсэн санагддаг. Саяхан эргээд тэр хариултаа бодоход, хүн ер нь төрөхдөө л ертөнцийг харах үзлээ аваад төрчихдөг юм байна гэж санагдсан. Бүх хугацаанд баримталж байсан үзэл бодлоо нэг харахаар, би хэнийг ч учиргүй муу хүн гээд үзэн ядаж, эсвэл хэтийдтэл саймширч яваагүй юм билээ. Тэгж, хүнийг хайрлавал сайнтай нь, муутай нь, бүх юмтай нь л хайрлах хэрэгтэй... гэж бодож явдаг байснаа саяхан л ойлголоо. Тэгээд тийм цагаан, хартай баримлыг хийж дуусгасан.

Хайрын тухай ярьсан цаг хугацаа нэг мэдэхэд л өнгөрсөн. Хэн, хэн нь ямар чухал, улам автаж яримаар, ухаж задалмаар сэдэв гэдгийг ойлгож байсан болов уу. Гэхдээ цаашлах хэрэгтэй. Энэ хооронд би цайгаа ууж дуусав. Хоосон аягаа тавиад...

-Ер нь уран бүтээлчидтэй ярилцах бүрд л “Хүнийг яг байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй” гэдэг агуулгыг хэлээд байдаг. Сайн, муу гэдэг хүний субъектив ойлголт шүү дээ. Энэ санаан дээр уран бүтээлчид яагаад ийм нэгэнлэг байдаг юм бол?

-Миний ухаан хүрэхгүй байна. Нэг талаас нь ярихаар бурчих гээд. Ер нь сайн, муу хосолж байж л уран бүтээл төрнө. Юу гэмээр ч юм дээ... Сайн байхгүй бол муу байхгүй. Муу байхгүй бол бас сайн байхгүй. Энэ хоёр зэрэгцэж байж хайр, амар амгалан, амьдрал тэр чигээрээ. Ер нь угтаа “Сайн”, “Муу” гэдэг зүгээр л нэг үгс төдий шүү дээ. Хүн, хүний сайн, муугийн талаар үнэлэмж ч янз бүр. Уран бүтээлчид яг сайн, муугийн завсар зайг олж, бүтээлээ хийдэг учраас ийм бодолтой байдаг юм болов уу. Сайн мэдэхгүй юм аа.

-Та харин эхнэртээ юу өгч байсан бэ. Таны өөрөө өөрөөсөө олж хараагүй байсан зүйлийг эхнэр тань түрүүлж олж харсан байна.  Хайрын их гоё жишээ юм шиг. Эсрэгээрээ таны хувьд?

-Манай эхнэр сургуулиа төгсөөд удаагүй байхдаа “Би болоогүй, юутай ч хийж л байя. Тэгж байтал цаг нь болно” гэж ярьдаг байсан. Үүнтэй нь миний үзэл баримтлал зөрөөд байдаг байсан. Би болохоор “Болоогүй биш. Хийж байж л сурна, тэгж л туршлагажна. Зүгээр л хийгээд яваад бай. Цаг нь болохоор хийнэ гэдэг чинь өөрийгөө сулд нь хаяж байгаа хэрэг. Цаг хугацаа чамайг хүлээхгүй” гэдэг байсан. Ингээд маш их яаравчлуулдаг, үзэсгэлэнгийн хуваарийг нь гаргаж, тулгадаг байсан. Ингээд анхных нь үзэсгэлэн гарч байсан. Үүнээс хийж үзэж байж, туулж байж хүн суралцдаг гэдгийг манай эхнэр ойлгосон байх. Гэхдээ би эхнэртээ их зүйл өгсөн гэж бодохгүй байна. Авсан нь л их гэж бодож байна.

УРАН БҮТЭЭЛЭЭРЭЭ СӨРӨГ ЭНЕРГИЙН ҮРГЭЭЕ ГЭЖ ХИЧЭЭДЭГ, ШИНГЭЭЕ ГЭЖ БИШ

-Таны бүтээлүүд бусад керамик баримлуудаас юугаараа өөр юм бэ?

-Керамик өөрөө технологид суурилсан урлаг л даа. Харин би “Яагаад байж болохгүй гэж” гэж, технологийн хувьд эрсдэлтэй алхмуудыг туршдаг. Дүрэмд болохгүй гэсэн бүрийг эсрэгээр нь оролдож үзмээр санагдаад байдаг. Ингэхээр надад таалагддаг, миний мөн чанарт дөхөж очих юм шиг. Бас би аливаа юмыг нэг их хүндрүүлж, сүр бадруулж хүлээж авдаг хүн биш. Ер нь хөнгөн байхыг боддог.

-Баримлуудад тань илэрдэг их тайван, яг өөрийн ертөнцдөө амарч байгаа юм шиг энэ характер таны дотор хүнтэй нийцдэг үү?

-Ер нь  өөрийгөө тайван гэж боддог юм. Харин наанаа, “хөрсөн дээрх” амьдралдаа салхи шиг, болбол болгоод л, болохгүй бол орхиод л явдаг хүн. Их тийм өөдрөг үзэлтэй. Гутранги үзэлд, ний нуугүй хэлэхэд дуртай биш. Нэг тийм унтаа...байдалд. Тэртэй тэргүй бид мөнх биш. Өнгөрч буй цаг хугацааг ямар нэгэн байдлаар хэрэгтэй үрэх хэрэгтэй. Би ер нь өөрийгөө ямар нэгэн байдлаар бусдад хэрэгцээтэй амьдраасай гэж боддог оо.

-Та тэгээд тийм унтаа байдалд орж үзээгүй гэж үү?

-Орж үзэх юм сан гэж боддог /Инээв, Сурв/. Ер нь тэгж нэг их доош унаад байдаггүй дээ. Уран бүтээл хийхгүй сар илүү явах нь бий ч, тэр амьдралын өөр шаардлагуудаас л үүддэг гэмээр. Амьдрал дунд бас л буцлаад явж байна шүү дээ.

-Сэтгэл гутарч ч үзээгүй гэж үү. Уран бүтээлчдэд нийтлэг байдаг шүү дээ. Түүнээсээ хүч дайчлан гарч ирсний дараа уран бүтээлчийн хувьд шал өөр, өндөр шатан дээр гишгэсэн байдаг?

-/Бодлогшров, Сурв/. Миний хувьд бол... Би тэрийг бодохыг ч хүсдэггүй. Миний амьдралд хүнд, хэцүү цаг үе маш их байсан. Ер нь л аягүй хэцүү байсан. Гэхдээ би тэдгээрийгээ нэг их бодохыг, ярихыг хүсдэггүй. “Хаард дийск”-эндээ байлгая гэж боддоггүй.

-Дурсамж хүнийг бүтээдэг том хүчин зүйлсийн нэг. Өөрөөсөө зугтаж байгаа хэлбэр биш үү, энэ?

-Туулж өнгөрүүлсэн хүнд дурсамжуудыг би миний сэтгэл зүйн зэвсэг л гэж хардаг. Намайг илүү хурцалж, өргөж, нугаршгүй болгодог. Наанаа жижиг, сажиг зүйл дээр сэтгэл хөдлөл гаргадаг ч том юм тохиолдоход “Үүнээс ч хэцүүг туулсан юм чинь” гээд, ажраад байдаггүй. Бас өөрийгөө ганцаархнаа хүнд юм туулсан хүн мэтээр ч бодоод байдаггүй. Хүн бүр өөр, өөрсдийнхөө даах хэмжээний ачааг үүрч явдаг. Хүн бүрд л асуудал бий. Тийм болохоор “Би ингэж зовоод”, “Би тийм юм туулаад” гэж ярих дургүй, тийм ярианд дуртай биш.

-Тэдгээрийг уран бүтээл болгож, гаргаад, үлдээж байсан удаа бий юу?

-Мэдэхгүй юм, сэтгэл зүйн байдлаа уран бүтээлдээ шингээж ажиллана гэдэгт би тийм ч дуртай биш ээ. Уур уцаар, уйтгар гунигийг бүтээлдээ шингээгээд... би тэгж хийдэг төрлийн хүн лав биш.

-Харин тийм. Нэг эмороод л бичсэн номоо хэвлүүлчихдэг ч юм уу, ийм хандлагад би ч шүүмжлэлтэй ханддаг. Уран бүтээлч хүн бусдад юу өгч байгаагаа бодож байх ёстой шиг санагддаг л даа?

-Би уран бүтээлийг өөрт тохиолдсон сайн, муу дурсамжийн нэг хэсэг болгож үлдээхийг хүсдэггүй. Уран бүтээлээрээ сөрөг энергийг үргээе гэж боддог, харин шингээе гэж биш.

Уг нь “Яг юу, юу тохиолдсон юм бэ. Яаж давж гарсан юм бэ?” гэж асуумаар. Заримдаа хүндлээд, хайрлаад асуулгүй орхих, эсвэл зочинтойгоо нэгэнлэг хэмээр ойлголцож, тэр нэг асуултаа залгих тохиолдол цөөнгүй. Ямартай ч түүний төмөр шиг, төмөрнөөс ч хатуу нэг зан чанарын зах зух хэлтэрч үзэгдсэн нь энэ.

-Ер нь юуны төлөө баримал хийж ирэв?

-Миний баримлаас хүн эргэцүүлэл авч, ямар нэг шинэ зүйл бодоосой, мэдрээсэй гэж хүсдэг. Хараад тайвширч болно. Эсрэгээрээ “Айлаа, агзас хийлээ” гэдэг хүмүүс ч байдаг. Хүн бүр уран бүтээлч шиг мэдрэмжээр миний бүтээлд хандаж, өөр өөрсдийнхөөрөө нэг зүйл аваад гарч байвал их сайхан. Гэхдээ миний бүтээлээс заавал гоё, сайхан юм мэдэр гэж тулгаж байгаа хэрэг биш л дээ. Гол нь л тэр хүн мэдрэмжээ уудалж, дотроосоо гаргаж, таягдан хаяж л байвал ажил маань бүтлээ гэж боддог.

-Бусдад хэрэгцээтэй амьдрах юм сан гэж боддог гэсэн. Үүнийгээ тайлбарлавал?

-Уран бүтээлчийн хувьд биш, зүгээр л хүн гэдэг утгаар би бусдад хэрэгцээтэй амьдраасай. Ер нь бид нэг нэгэндээ хэрэгтэй амьдраасай. Яагаад гэвэл, хүн төрөлхтөн өөрөө сүргийн зохион байгуулалттай. Бие биендээ бие, сэтгэл зүйн хувьд заавал харилцан нөлөөлж байдаг.

-Ихэнх хүмүүсийн амьдралын үнэ цэн “Би”-гээс нь эхэлдэг. Эхэлж “Би” өөрөө байж гэмээ нь бусад бүх зүйл байна гэдэг философи. Энэ бол их эгоист хандлага. Та энэ эго гэдийг юу гэж ойлгодог юм?

-Эго байх ёстой цаг хугацаа, байх ёстой үе гэж байдаг байх л даа. Би ганцаархнаа жаргалтай, ганцаархнаа гэдэс цатгалан байвал лав утгагүй. Миний эргэн тойрны хүмүүс, гэр бүлийнхэн, найз нөхөд минь аз жаргалтай байхыг харвал тэндээс би кайф авч, амьдарна аа.

Мэдээж зарим яриаг хасав. Ер нь уран бүтээлчдээс амбиц, эгоны тухай санамсаргүй асуучихаараа дараа нь хасмаар санагддаг. Ялангуяа шагнал, цол тэмдгийн тухайд бүр ч яримааргүй. Санхүү, хөрөнгө мөнгөний талаар бүр ч үгүй. Олон, олон өнгийн зочдоос тэд л сэтгүүлчийн өмнө элдэв баггүй, яг өөрийнхөөрөө, хүлцэнгүй ч гэмээр сууж чаддаг.

Нэг удаад, хэлээд хэсэг хугацаандаа ярилцаж ханасан. Харин удахгүй тэр бүтээлүүдийнхээ нүдийг нээсний дараа, дахиад нэг өөрчлөлтийн үзүүрээс атгаад дугтарч, цоо шинийг төрүүлснийх нь дараа тэр мэдрэмжийг хамтдаа хуваалцах болов уу. Ер удалгүй тэр уран бүтээлчийн хувьд ингэж, дахин шинэ шатанд гишгэх нь дамжиггүй. Тэр улам л өөр лүүгээ, худгийн гүн рүү бууж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ниии
Ниии

Дууст�##� нь уншаагүй ч гоё барим�##� хийдэг гоё хүн бн

Холбоотой мэдээ

Back to top button