П.Ганзориг: Уран бүтээлч хүн ирээдүйд зориулж, амьдарч буй цаг хугацааныхаа гэрч болох хэрэгтэй

Уран бүтээлч П.Ганзоригийн анхны бие даасан үзэсгэлэн “Хоос...н” наймдугаар сарын 30-нд буулаа. Буухаас нь өмнө амжиж, арьсан дээр хийсэн сонирхолтой бүтээлүүдтэй нь танилцлаа. П.Ганзоригтой ч удаангүй хөөрөлдөв.
Түүний бүтээлүүдийн өнгө, дүрс хоёр хамгийн анхаарал татам. Жаазан дотроо дүүрэн, тусдаа нэг жижигхэн, цаг хугацаа гэж байдаггүй нэгэн ертөнцүүд орших шиг л. Тэр ертөнц дотор нь хэлбэр дүрсгүй обьектууд үргэлжийн хөдөлгөөнтэй. Эргэлдээд л, эсвэл цахилаад л. Хүйтэн, царцмал мөртлөө амьтай, халуу төөнөм.
Энэ бүгдийг арьсан дээр урласан гэхээрээ гайхалтай сонин. П.Ганзориг өөрөө ихэд даруу, үзэсгэлэнгээ манаад амирласан янзтай сууж байв. Үг цөөтэй ч мэргэжилдээ эзэн болсон хүн ажээ.
Бидний ярианд анхаарлаа хандуулна уу.

-Таны үзэсгэлэн “Хоосон” гэж нэрлэгдсэн шалтгааныг гайхаж байна. Бүтээлүүдийг харахад талбайн ихэнх хэсгийг цулгай өнгө, дэвсгэр эзэлж буй. Энэ нь гол обьектуудыг хоосон орон зайд хөвж байгаа мэтээр харагдуулах шиг. Тэгсэн мөртлөө өнгөний сонголтууд яагаад ч юм хоосон биш, нэг тийм дүүрэн сэтгэгдэл төрүүлээд байна л даа. Яагаад “Хоосон” гэж?
-Би ерөнхийдөө бүтээлүүдээ эсрэг гэмээр үзлээр хийдэг гэх юм уу. Хүмүүс ихэвчлэн хараад “Арьс шиг биш байна, яг зураг шиг харагдаж байна” хэмээж байна. Яг тэгж харагдуулах гэж зорьсон. Юу гэхээр, арьсан дээр хийсэн гэхээрээ л бор, хүнд, бараан өнгөтэй байдаг. Тэгээд нэг л тийм хуучин харагддаг. Үүнийг өөрийнхөө хэмжээнд өөрчилье гэж бодсон.
Тэгээд нэрний хувьд, “Хоосон” гэхээр хүмүүс шууд утгаар нь ойлгоод байх шиг байгаа юм. Оргүй, байхгүй гэсэн утгаар. Харин үзэсгэлэнгийн концепц бол: Бид гарт баригддаг зүйлийг бодитой, тийм биш бол байхгүй гэж үздэг. Гэвч нүдэнд харагдаж, гарт баригддаггүй мөртлөө асар чухал зүйлс байгальд оршдог. Жишээ нь агаар. Тэгэхээр бидэнд харагдахгүй байгаа ч амин чухал бүтцүүд оршиж байдаг гэсэн миний санаа явж байгаа юм. Зөвхөн минийх л. Хүмүүс яаж ч харж болно.
-Махан бодгүй мөртлөө байдаг зүйл. Энэ нь хүний дотор гэж үү, эсвэл байгаль дээр гэдэг утгаараа юу?
-Хүн дотор биш. Байгаль дээр оршдог мөртлөө бидэнд нөлөөлдөг зүйлс.
-Арьсан дээр ажилласан нь хамгийн түрүүнд ялгарах онцлог болж байгаа. Тэгэхээр техник талаас нь ярилцах хэрэгтэй байх. Шинийг туршиж, дүрмийг эвдэх шаардлага гарсан уу?
-Бид нэгэнтээ орчин үед амьдарч буй хүмүүс учир аль болох болох шинэ зүйл хийх юм сан гэж боддог байх. Би гэлтгүй бүгдээрээ л. Ерөнхийдөө, туршилтууд мэдээж асар их хийгддэг. Техникийн хувьд, эхлээд яг тухайн хэмжээгээр нь, цаасан дээр эскизээ гаргаж зурдаг. Дараа нь түүнийгээ арьсан дээрээ буулгаж, тусгай багажаар цохиж хийдэг. Ингээд өнгө, будгаа тавина. Дараа нь чимэглэлийн ажлуудаа хийдэг. Хэлбэрийн хувьд уран зураг шиг хавтгай дэвсгэр дээр байх албагүй. Яаж ч өөрчилж болно. Тэр талаас нь ч ажиллана.
-Арьс гэдэг амьд амьтнаас үлдсэн эд юм болохоор цаанаа нэг сүнстэй байдаг шүү дээ. Уран бүтээл хийхэд арай амьдлаг байгаа нь танд хэр мэдрэгддэг вэ?
-Тэгэлгүй яах вэ. Арьс уран зургаас сул тал ч ихтэй, бас давуу тал ч ихтэй. Материаллаг чанар нь өөрөө хамгийн давуу тал нь. Хамаагүй будгаар будаж болохгүй, уран зургаас ялгагдахын аргагүй болгочихож бас болохгүй. Энэ бүгдийг бодож байгаад л нэг шийдэлд хүрдэг.
-Яг хүссэн өнгөө гаргахад хэр хүндрэлтэй вэ?
-Уран зургийг бодвол багагүй хэцүү. Гэхдээ одоо дээхэн үеийг бодвол гоё болчихсон. Юм хийх материаллаг бааз өргөссөн. Хувь уран бүтээлч эрж хайгаад, олж л чадвал бүгд боломжтой. Гэхдээ эрж хайхгүй бол хуучнаараа ч байгаад байх боломжтой. Ерөнхийдөө хүсээд байгаа зүйлээ эрж олоод, өөрчлөлт хийх боломжтой тийм цаг үед амьдарч байна гэсэн санаа юм.
-Та өөрөө “Шинэ юм туршъя, шинэ байя” гэсэн хувь санаачилгаа хэзээнээс бодит үйлдэл болгосон бол. Уран бүтээлчийнхээ хувьд хуучинтайгаа зууралдаад л байгаагаа ойлготлоо хэр удаан явсан бэ?
-Мэдээж ямар ч уран бүтээлч цоо шинэ, эсвэл огт байгаагүй зүйлийг хийнэ гэж байдаггүй. Тиймээс ямар нэгэн байдлаар урьдны хөрс байж гэмээ нь түүн дээр миний концепц боловсорно шүү дээ. Арьсан дээр урлах техникийг их сургуульд багшаараа заалгахаас л эхэлнэ. Харин үүнээс хойш хэрхэх нь тухайн хүний тархины хэмжээ ч гэх юм уу, түүнээс л шалтгаалах байх.
Ерөнхийдөө, бид хэтэрхий хуучинтайгаа зууралдаад байгаа юм шиг санагддаг. Бүр хэтэрхий. Түүх, уламжлал, соёл...мэдээж бидэнд байх ёстой зүйл. Гэхдээ өдөр болгон магтаж, 21-р зуунд дахин дахин үйлдээд байх нь учир дутагдалтай биш үү. Жишээлбэл, хүрлийн үеийн хадны сүг зургийг өнөөдөр холстон дээр зураад ч байдаг юм уу. Эдгээр нь нэг ёсондоо хөгжлийн эсрэг гэмт хэрэг юм шиг санагдаад байдаг.
Бид тухайн цаг хугацааныхаа ялгарах ялгаа, онцлогийг уран бүтээлдээ тусгах хэрэгтэй. Удахгүй бүгд нэг нэгээрээ алга болно. Гэтэл 21-р зууны уран бүтээлчид яг юу хийсэн бэ гээд ухахад хадны хүрлийн үеийн урлагийг дүрэлсэн байвал яах вэ. Тэгэхээр уран бүтээлд тухайн цаг үеийг онцлогийг нь шигтгэж, үлдээх ёстой гэж боддог. Хуучнаасаа аль болох татгалзах ёстой л гэж.
-Амьдарч буй цаг үеийнхээ хожим дурсагдах мөн чанарыг уран бүтээлдээ шингээж өгөх ёстой гэж үү. Нэг талдаа санал нэг байна. Ер нь уран бүтээл ирээдүйд олон талаараа түүхийн эх сурвалж болж үлддэг шүү?
-Тийм. Баримт гэлтэй. Арьсан урлаг 2021 онд байсан эсэхийг ирээдүйд батална. Ирээдүйд олдтол түүн дээрээ хадны сүг зураг дүрсэлчихсэн байвал хэцүү. Ямар ч цаг үеийнхээ онцлогийг агуулаагүй...
-Уран бүтээлч хүн тухайн цаг үеийнхээ гэрч гэсэн үг?
-Харин тийм. Улс төр, нийгмийн сэтгэл зүйн тухай ч юм уу, цаг үеийнхээ тухай ямар нэг зүйлийг, тодорхой хэмжээнд илэрхийлж үлдээх хэрэгтэй гэж боддог.

-Энэ таны анхны бие даасан үзэсгэлэн юм байна. Эдгээр бүтээлүүдийг санамсаргүй эмхэтгэчихэв үү, эсвэл яг үзэсгэлэндээ зориулж, концепцынхоо дагуу бүгдийг нь урлав уу?
-2015, 2019 онд найзтайгаа нийлж, хамтарсан үзэсгэлэн гаргаж байсан. Түүнээс үлдсэн бүтээлүүд энд бий. Мөн сүүлд өөрөө нэмж, бие даасан үзэсгэлэн болгоё гэж зориод хийсэн бүтээлүүд ч байна.
-Тэгэхээр, таны ярьсан санаа өөрийн тань бүтээлүүдэд хэрхэн шингэсэн нь анхаарал татах байх. Өөрөөр хэлбэл, улс орныхоо цаг үеийн онцлогийг бүтээлдээ яаж дүрслэхийг оролдсон гэдэг тань. Их тийм хүйтэ мөртлөө хурц мэдрэмжүүд төрөөд байна. Ямар нэг зүйлийг илэрхийлэх гэж тэмцэлдээд байгаа ч юм шиг?
-Яах вэ, нэг хувь хүний мэдрэмжээр дүгнэчихвэл буруу болно. Би тайлбар хэлбэл тэр бас миний хувь мэдрэмж л болчихно. Тэр туйлын зөв байх боломжгүй.
Хийх гэж асар удаан сууна, бодно. Их л удаан бодно. Тухайн цаг үеийнхээ онцлог гэдгийг арьсан урлал гэдэг хүрээндээ ярих нь бас зүй. Өөрөөр хэлбэл, арьсан дээр уран зураг шиг өргөн агуулга илэрхийлэхэд амаргүй. Жишээ нь, би үүнд сэтгэл хөдлөлөө шингээх ямар ч боломж байхгүй. Техникийн арга зүй нь угаас тийм. Дандаа механик ажлууд байгаа. Хүмүүсийн арьсан дээр ихэвчлэн дүрсэлдэг дүрс, өнгөдөг өнгө зэргээс аль болох ондоо, орчин үеийн шинжүүдийг оруулж өгье гэж бодсон.
-Арьсан дээр хийсэн гэдэг үүднээсээ аль болох шинэ, орчин үелэг?
-Тийм. Надад бол хийгдэж буй арьсан бүтээлүүд ингэж ажиглагддаг: Харангуут цаг хугацааны хувьд хойшоо юм шиг. Уг нь яг одоо цагт байгаа арьсыг худалдаж аваад, яг шинээр хийж байгаа мөртлөө л дууссаны дараа нь харахад, хийгдээд хэдэн жил болчихсон ч юм шиг. Би хамгийн эхэнд тийм биш байгаасай л гэж хүссэн. Ядаж шинэ харагдаасай. Хүмүүст сонин сонсогдож магадгүй. Гэхдээ арьсан урлал хийдэг хүний хувьд энэ маш чухал. Бүр сургуульд байхын л чухал байсан.
-Сэтгэл хөдлөлөө шингээх боломжгүй гэлээ. Гэхдээ маш хурц, тэсэрсэн, харвасан, цавчсан дүрслэлүүд байна шүү дээ. Механик ажиллагаа ихтэй учраас “Хэт хөлдүү болчих вий” гэсэндээ зориуд ийм хурц дүрслэлүүд ашиглав уу. Эсвэл таны дотроос жолоодлогогүй гарсан уу?
-Одоо ийм л дээ... Уран зурагт сэтгэл хөдлөлийг шингээж болдог. Үүн дээр бол болохгүй. Хамгийн илэрхийлэх боломжтой зүйл маань хөдөлгөөн болж таардаг. Тэр хөдөлгөөнийг илэрхийлэхийн тулд л хурц зураасууд ашигладаг. Хүн харахад учир нь олдохгүй олон зураасууд юм шиг мөртлөө нийлэхээрээ хөдөлгөөнийг дүрсэлж байгаа вм. Хөдөлгөөнтэй болгодог. Надад байгаа боломж нь тэр.
-Гэхдээ сэтгэл хөдлөл дээр тулгуурлаж, түүнийгээ хурааж байж л хийнэ биз дээ?
-Мэдээж байна л даа.
-Эскизээ гаргахаас дуусах хүртэлх шатны алинд нь сэтгэл хөдлөл хамгийн их хөвчирдөг вэ?
-Их л боддог гэх юм уу даа. Бодоод л байна, бодоод л байна, бодоод л байна. Бодсоор байгаад гэнэтхэн боловсорсон юм шиг санагддаг. Би ч өөрөө мэдэхгүй, одоо эдгээрийг хараад “Яг миний бодсон шиг болчихож” гэж хэлж чадахгүй. Яг бодсон тэр зүйлээ тархинаасаа принтер шиг хэвлээд, хуулчихна гэж байхгүй болохоор. Аль болох тэр “Боллоо” гэсэн мэдрэмж рүүгээ дөхүүлж хийхийг хичээдэг. Тэгээд болчих шиг санагдсан үед нь л зурдаг.
-Боллоо гэж санагдангуут нь хэр яарч зурах уу?
-Тайван зурна. Миний энэ чинь баллуур их хэрэглэж байж бүтнэ ээ. Юу нь ч болохгүй байгаа юм мэдэхгүй, гэхдээ л баллуурдмаар санагдаад, засаад, янзлаад байдаг. Маш их балуурддаг. Хүн харахад эмх замбараагүй, зүгээр л нэг агшинд сарааччихсан юм шиг санагдах байх. Гэвч яг ийм болгоно гэдэг бол бөөн асуудал /Инээв, Сурв/.

-Тэр бодол мэдээж тоо бодож байгаа юм шиг өрнөхгүй, тийм үү. Их чагнасан маягтай болох нь дээ. Та их энгийн, хээ шаагүй хүн юм. Уран бүтээлийн бус чиглэлд мэргэжлээ ашиглаж явсан тань хэр их вэ?
-Миний бодлоор хүмүүс эзэмшсэн мэргэжлээрээ нийгэмд бага ч гэсэн хувь нэмэр оруулах хэрэгтэй. Уг нь би гутал, цүнх хийгээд явбал надад арай ашигтай шүү дээ. Гэхдээ жаахан томоор, амбицтайгаар хэлбэл би нийгэмдээ хувь нэмэр оруулах хэрэгтэй. “Мэргэжлийн хүн ийм байх ёстой” гэж бусдад үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй гэж боддог.
Энгийн гэсэн тухайд бол, миний хандлага өөрөө энгийн байх. “Урлаг” гэж дэгжирхэхээс илүү миний мэргэжил, ажил гэж л ханддаг. Уран бүтээлчийг гадна байдлаар нь биш, яг хийсэн бүтээлээр нь л үнэлж, танин мэдэж болно гэж боддог.
-Таны бүтээлүүдийг үзээд явахад бол маш их оргилсон, дэлбэрэх цаг нь ойртож буй галт уул шиг, байнга халж явдаг хүн шиг санагдсан. Гэвч түүнийгээ тэр бүр гаргаад байж чаддаггүй хүн ч юм шиг?
-Ерөнхийдөө ортой байж магадгүй. Оргүй бол биш.
-Тэр буцламгай юм ил гардаг тохиолдол байх уу, уран бүтээлээс өөр зүйл дээр?
-Сайнаар гаргах миний боломж л энэ байх. Муугаар бол харин яаж л бол яаж гаргаж болох шүү дээ. Би чиний хэлдгээр огцом байж магадгүй.
-Ярилцсанд баярлалаа. Та их хөдөлмөрч, уран бүтээлд өөрийгөө хөвчлөн төвлөрүүлдэг, ийм хэмнэлээр үнэнч амьдарч чаддаг хүн шиг санагдлаа.
-Ажиглаад байхад, ямар ч хүн амьдрах хугацаандаа юуг чухалчлах вэ гэдэг хамгийн сонин асуулт шиг. Би жишээ нь нэг их сүрхий хийж бүтээхийг чухалчилж байхад, зарим нь дураар зоргоор байхыг чухалчилна. Тэгээд тэр чухалчилсан зүйлдээ их цаг гаргана. Үр хүүхдэдээ хийж бүтээсэн зүйл үлдээх юм сан л гэж боддог. Юу ч үлдээлгүй явчих, тэр хэрээр хурдан мартагдах нэгэн битгий байгаасай. Ямар нэг зүйл бүтээж, үлдээх юм сан л гэж боддог.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.