Фитнесс эмч Н.Лүдэвдорж: Гоё биетэй болох гэж бус эрүүл мэндийнхээ төлөө зорилго тавь

"Цахим фитнесс эмч” фэйсбүүк хуудас ажиллуулан фитнессээр зөв зүйтэй хичээллэх тухай шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл түгээдэг Н.Лүдэвдоржтой ярилцлаа. Тэрбээр АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн бөгөөд, эзэмшсэн мэдлэгээ фитнессийн спорттой уялдуулж, Монголд дутмаг байдаг "фитнесс эмч”-ийн орон зайг бий болгохоор хичээж буй залуу үеийн төлөөлөл.
-ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ФИТНЕССЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БУЙ ХҮМҮҮС ЯАРДАГГҮЙ-
-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Н.Лүдэвдорж гэдэг. АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. Фитнессийн спортыг сонирхон судалж эхлээд 4 жил орчим болж байна. Монгол улсад фитнессийн спортыг анагаах ухаантай холбож хөгжүүлье, эх суурийг нь тавья гэсэн зорилготойгоор ажиллаж байгаа.
-Сүүлийн жилүүдэд фитнессийн газрууд олноор байгуулагдах болсон. Үүнийг эрэлт, хэрэгцээ нь их байгаагийн илрэл гэж хардаг?
-Тийм шүү. Фитнессийн спортыг сонирхон хичээллэж буй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Түүнийг дагаад фитнесс клубууд ч нэмэгдэх болсон. Гол нь хичээллэгсэд нэмэгдэж байгаагийн хэрээр тэдэнд чанартай үйлчилгээ үзүүлэх мэдлэг чадвартай боловсон хүчин дагаад ихсэх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол энэ спорт зөв хөгжихгүй. Нөгөөтэйгүүр залуус маань яагаад энэ спортыг сонгох болсон бэ гэдэг нь их чухал. Фитнессээр хичээллэж эхлэгсдийн дийлэнх нь гадаад үзэмжиндээ анхаардаг болсонтой нь холбоотой гэж би хардаг. Залуус нь булчинлаг биетэй болъё, харин бүсгүйчүүд туръя хэмээн хүсэж фитнессээр хичээллэх нь илүү элбэг байна.
-Ихэвчлэн гадаад үзэмжиндээ анхаарах зорилгоор фитнессээр хичээллэдэг гэж ярилаа. Сонирхолтой сонсогдож байна?
-Анхлан фитнессээр хичээллэж буй залуусын дийлэнх нь тийм зорилгоор ирж байна. Гэтэл ийм шалтгаанаар хичээллэж эхэлсэн хүмүүс ихэвчлэн алддаг, бүтэлгүйтдэг. Маш хурдан хугацаанд, жишээлбэл сарын дотор гоё биетэй болчихно гэсэн зорилт тавиад ирдэг. Ийм хугацаанд мэдэгдэхүйц өөрчлөлтийг бий болгох боломж бага юм. Нэгдүгээрт санасан хугацаандаа төсөөлсөн шигээ өөрчлөлтийг хийж амжаагүйгээс үүдэн сэтгэлээр унаж шантардаг, хоёрдугаарт үр дүнд хүрэх гэж яарсан учир өөрт тохирсон тохироогүй хүнсний нэмэлтүүд замбараагүй хэрэглэж сүлжээний бизнесийн золиос болдог. Их уураг уувал хурдан булчинтай болно гэж ойлгосноосоо үүдэн санхүүгийн болоод эрүүл мэндийн хохирол амсаад үлдсэн тохиолдол олон.
Иймээс анхны зорилгоо эрүүл байхын төлөө л чиглүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндээ бодож фитнессээр хичээллэж эхэлсэн хүмүүс яардаггүй, яараагүй учраас зөв хооллоно, зөв бүтээгдэхүүнээ тохирсон тунгаар хэрэглэнэ, зөв дасгалуудийг зөв тоогоор хийнэ. Ингээд эдгээр нь яваандаа хүний биед дадал зуршил болоод эхэлдэг юм. Тэвчээртэй, тууштай хичээллэвэл цаг хугацааны хэрээр гоё сайхан бие тань “бонусанд нь” ирнэ гэж хэлмээр байна.

-Үндсэн ойлголтоос нь эхэлж ярилцъя. Эрүүл мэнддээ анхаарч буй хүмүүс чухам яагаад фитнессээр хичээллэх хэрэгтэй байдаг юм бэ?
-Идэвхтэй хөдөлгөөн хүний эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг тухай бид бүгдээр мэднэ. Энэ сэдвээр маш олон зүйл ярилцах боломжтой. Тухайн хүн бүрийн удамшлын болон бие махбодын онцлог, бодисын солилцооны эрчим, амьдралын хэв маягаас шалтгаалан өвчлөх магадлалтай өвчнүүд нь ч өөр учир маш нарийн ярих хэрэгтэй болдог.
Биеийн биш оюуны хөдөлмөр эрхэлдэг болсон 21-р зууны иргэдэд тохиолддог өвчлөлүүдийг таргалалт тэргүүлж байна. Үүнээс үүдэн чихрийн шижин болоод зүрх судасны өвчлөлүүд ихэснэ. Түүнчлэн оюуны хөдөлмөр голчлон эрхлэх нь хүнийг маш их ядрааж байнга стресстүүлж байдаг онцлогтой. Дээрээс нь манай хотын онцлог байна. Байнга стресстэй явснаар мэдрэлийн ядаргаа, сэтгэл гутрал зэрэг сэтгэлзүйн өвчлөлөөс гадна стрессээс үүдэлтэй ходоодны шархлаа тусах гээд бие махбодын хувьд ч өвдөх магадлалтай. Фитнессээр хичээллэж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж эхэлснээр энэ бүгдээс ангжирах боломжтой юм. Сайхан биетэй болох гэж бус, эрүүл мэндийнхээ төлөө зорилго тавих нь чухал гэдгийг дээр ярьсан.
-Хувь хүн эмч, дасгалжуулагчгүйгээр хичээллэх нь хэр үр дүнтэй байдаг юм бол?
-Тухайн хүний эрүүл мэндийн боловсролоос шууд шалтгаална гэж болно. Залуус маш сайн уншиж байх хэрэгтэй. Тодорхой хэмжээний мэдлэгийг уншиж хуримтлуулсан тохиолдолд бие дааж хичээллэх боломжтой. Гэхдээ мэдээж шууд хичээллэнэ гэдэг учир дутагдалтай. Онолын мэдлэг авсан байж болох ч зөв техник дадалыг өөрөө эзэмшинэ гэдэг хэцүү. Буруу техникээр, буруу тоогоор хийснээр шаардлагагүй механик стрессийг нэмэгдүүлэх, гэмтэл бэртэл авах гээд эрсдэл ихтэй. Багадаа гурван сар багштай хичээллээд цаашид биеэ даагаад явж болно.
-АНАГААХЫН МЭДЛЭГ ДУТМАГ, ӨӨРИЙН ТУРШЛАГААР БУЛЧИНГАА ХӨГЖҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧААР АЖИЛЛУУЛАХ НЬ ТҮГЭЭМЭЛ БАЙНА-

-Дасгалын зааланд ажилладаг багш нар хичээллэж буй хүмүүст хангалттай хэмжээнд зааж, зөвлөж чаддаг болов уу?
-Заалны багш бол дасгал хийж байгаа хүмүүсийг ерөнхийд нь ажиглаад, буруу техникээр хийж байвал засаж өгөх гэх мэт ерөнхий чиглүүлэх үүрэг л гүйцэтгэдэг юм. Харин хувийн дасгалжуулагч тухайн хүнтэйгээ тулж ажиллана, нойр хоолыг нь хянана, дасгалын техник, онолын мэдлэг гээд зөвхөн тухайн хүнд зориулсан бүх үйлчилгээг үзүүлнэ.
Ер нь Монгол дахь фитнессүүдэд заалны 2-3 багш нар ээлжээр ажилладаг. Энэ бол цөөн тоо юм. Маш олон хүнтэй зэрэг ажиллах шаардлагатай болдог гэсэн үг. Ингээд хүртээмж нь буурч эхэлнэ. Нөгөө талаас заалны багш ч бай, хувийн дасгалжуулагч ч бай эзэмшсэн суурь мэргэжил нь юу вэ гэдэг чухал. Спортын чиглэлийн хүн практик талаас нь сайн зааварлаж чадах боловч анагаах ухааны, бие физиологийн мэдлэг дутмагаас болж дутуу, буруу мэдээлэл олгох эрсдэл бас бий. Нөгөө талаас эмч нар физиологи талаасаа сайн мэдэж болох ч дасгалын техник, практик талаасаа мэдлэг бас дутуу. Иймээс анагаахын мэдлэг эзэмшсэн хүн заавал ажиллаж, бие биенийхээ дутууг нөхсөнөөр цогц дасгалжуулалт болох учиртай.
-Та өөрөө энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд, анагаах болоод хүний физиологийн мэдлэг эзэмшсэн хүмүүс фитнессийн газруудад хэр түгээмэл ажилллаж байна гэж хардаг вэ?
-Би цөөн гэж харж байна. Огт байхгүй биш цөөн. Бидэнд Практик мэдлэг сайнтай багш нар олон байна. Гэхдээ нэмээд шинжлэх ухаанч хүн заавал хэрэгтэй.
Шинжлэх ухаанч биш хувийн туршлага дээрээ үндэслэж анхан хичээллэж буй хүмүүст заавар, зөвлөгөө өгнө гэдэг өрөөсгөл ойлголт юм л даа. Ер нь булчин гэж ийм зүйл байдаг, ингэж ажилладаг, ийм учраас энэ дасгалыг ингэж хийж байгаа юм гээд онолын мэдлэгийг нь сайн ойлгочхоор тухайн хүндээ ч бас цаашид хичээллэхэд амар байдаг.
-Мэдээж эдийн засгийн ашиг сонирхлоор фитнессийн газар нээж, нарийн мэргэшээгүй хүмүүсийг ажиллуулах тохиолдол элбэг байх. Хувь хүнд учрах хохирол нь хэр том байж болох вэ?
-Хувь хүн хүссэн үр дүндээ хүрээгүйгээс болж сэтгэл санаагаар унахаас эхлээд цаашид дасгал хийх боломжгүй болохуйц гэмтэл бэртэл авах гэх мэт учирч болох хохирол ямар ч байж болно. Эрүүл мэндийн мэдлэг л хаана хаанаа дутаад байгаа юм. Хувь хүн өөрөө ямар ч мэдлэггүй, дээр нь дасгалжуулагч нь бүрэн гүйцэт зөв мэдлэггүй бол ямар үр дүнд хүрэх нь ойлгомжтой шүү дээ.
Цаашлаад эдийн засгийн ашиг сонирхол гэдэг сэдэвтэй холбогдуулан ярихад, гаднаас оруулж ирсэн уургийн бүтээгдэхүүнүүдээ өндөр үнээр шахдаг тохиолдол цөөнгүй гардаг. Албан ёсны дистрибьютер бүхий байгууллагуудын хажуугаар адилхан нэртэй боловч найрлага өөр бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг фитнессийн газар болон хувь хүмүүс олон байдаг. Энэ нь зөвхөн уураг ч гэлтгүй эмийн бизнест ч түгээмэл байдаг асуудал байгаа юм.
-Ингэхээр “фитнесс эмч” гэдэг мэргэжлийн үүрэг роль чухал болох нь харагдаж байна?
-Ерөөс Монгол дахь фитнессийн газруудад дутагдаж буй ганц өнцөг нь энэ юм. Фитнесс эмч буюу анагаах ухааны чиглэлээр эзэмшсэн мэдлэгээ дасгал хөдөлгөөнтэй уялдуулан зөвлөгөө өгөх чадамж бүхий хүмүүс маш чухал хэрэгтэй болж байна.
Турах зорилготой хүмүүст хоолоо хас, гүй гэдэг зөвлөгөөг өгнө. Үүнийг хүн бүхэн мэднэ шүү дээ. Гэтэл фитнесс эмчийн нүдээр бол, тэр хүний таргалсан шалтгаанаас үүдээд яг юу идэх, хэзээ гүйх вэ гэдэг нь хүртэл чухал асуудал болж харагддаг л даа.
-ДАСГАЛЫГ ХЭТРҮҮЛЖ ХИЙХ НЬ ДУТУУ ХИЙХЭЭС ИЛҮҮ ХОХИРОЛТОЙ-

-Ихэвчлэн ямар хүйсийн хүмүүс ирж хичээллэж байгаа нь сонин санагдаж байна?
-Ер нь эрчүүд их ирдэг. Масс нэмэх, булчингаа хөгжүүлэх зорилготойгоор ирж хичээллэдэг. Иймээс эрчүүд эмэгтэйчүүдээс илүү тоогоор фитнессээр хичээллэдэг шиг ажиглагдаж байна.
-Уншигчдад өгөөжтэй байлгах үүднээс, масс нэмэх зорилго тавьсан залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? Ихэвчлэн ямар алдаа гаргадаг вэ?
-Дээр ярьсанчлан залуучууд маш их яардаг. Яарснаасаа болж дасгалаа хэтрүүлж хийдэг. Дасгалаа хэтрүүлж хийх нь, дутуу хийснээсээ илүү хохиролтой. Дөнгөж дасгал хийж эхэлж байх үед хүн сэтгэл санаа болон бие махбодын хувьд маш их эрч хүчтэй байдаг. Энэ эрчээрээ өдөр болгон хийсэн ч чадахаар юм шиг санагдаад л /инээв. Сурв/. Энэ хэвээр хоёр долоо хоног болно. Тэгээд хүссэн хүсээгүй бие нь маш их ядардаг бөгөөд үүнээсээ болоод дасгалаа дутуу хийх, таслах тохиолдол нь ихэссээр фитнессээ хаядаг. Дасгалаа ихдүүлж амралтаа багасгаснаар булчин нь томрохоосоо илүү ядарч, өмнө өргөдөг байсан жингээ ч дааж чадахгүй болно. Ингээд хаясан залуучууд би олныг мэднэ. Тиймээс дасгалын эрчим болон явах хугацаагаа хамгийн багаас эхлээд нэмэгдүүлэх хэрэгтэй.
Хичээллэхээр ирсэн хүмүүстэй эхэлж ярилцахдаа долоо хоногт хэдэн удаа дасгалаа хийх боломжтойг нь асуудаг л даа. Би бол хувьдаа долоо хоногт гурав байхыг тохиромжтой гэж үздэг. Түүнээс бага байж болно, харин илүү байх хэрэггүй. Үнэндээ долоо хоногт ганцхан удаа хийх нь, огт хийхгүй байснаас хамаагүй дээр. Булчингийн амрах дундаж хугацаа 24-48 цаг байдаг учир энэ хугацааг тооцон булчингаа заавал амрааж байж дараагийн дасгалаа хийх хэрэгтэй.
Үүний дараа дасгалын сет буюу давтамжинд анхаарах хэрэгтэй. Нэг дасгалыг олон хийснээс өөр дасгалууд багаар хийсэн нь анхлан хичээллэгсдийн хувьд илүү үр дүнтэй. Тэгээд ямар дасгал хийх вэ гээд шийдэх асуудал их л дээ. Булчингийнхаа анатоми бүтцээс хамаарч аль болох бүх талаас нь жигд ажиллуулж байж өв тэгш хөгжинө.

-Масс нэмэх гэж буй хүмүүсийн тухай ярихад, уургийн нэмэлт бүтээгдэхүүний тухай сэдвийг заавал хөндөх хэрэгтэй болдог. Ер нь химийн гаралтай эдгээр уургуудыг ууж, дасгал хийх нь эрүүл мэндэд хэр сөрөг нөлөөтэй байдаг вэ?
-Юун түрүүнд, уураг хэрэглэж хөгжүүлсэн булчин буцаад амархан сулардаг гэдэг ойлголтыг хаях хэрэгтэй. Үүнийг фитнессээр хичээллэж байгаа маш олон хүмүүс ярьдаг. Анагаах ухааны хувьд ташаа ойлголт юм.
Мөн эхний гурван сардаа уураггүй дасгалаа хийх хэрэгтэй ч гэж ярьдаг. Энэ бол тухайн хувь хүнээс хамаарах асуудал. Өдөрт хоол хүнсээр авах ёстой уургийн хэмжээгээ хангаж чадаж байгаа бол нэмэлт уураг хэрэглэх шаардлагагүй, хэрэв чадахгүй байгаа бол хэрэглэж байж л зорьсондоо хүрнэ шүү дээ. Ингээд хүн өдөрт ямар хэмжээний уураг авах ёстой юм бэ гэдэг асуултыг тавих хэрэгтэй болно.
Олон судалгааны дунджаар, биеийн жингийнхээ нэг кг тутамд нэг гр уураг байхаар тооцдог. Та 60 кг жинтэй, түүнчлэн өдөрт 60 гр уураг хоол хүнсээрээ авч чаддаг гэвэл нэмэлт уураг хэрэглэх шаардлагагүй гэсэн үг. Иймээс идэж буй хоол хүнснийхээ орц найрлага дахь уургийн хэмжээг судлах, тооцож сурах шаардлагатай болж байна. Мөн дасгалын дараа уургийг шууд уух нь илүү үр дүнтэй гэж хүмүүс боддог. Дээхэн үед бодисын солилцооны цонх гэдэг ойлголт байлаа л даа. Гэтэл хэзээ уух нь тийм чухал биш, хоногийн нийт уургийн хэмжээ л чухал гэдгийг нотлоод удаж байна шүү дээ.
Хүнсний нэмэлтийн хувьд мэдээж ихдүүлбэл сөрөг үр дагавар авчирна. Заагдсан хэмжээнд хэрэглэж чадвал уургийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөөтэй гэж би хэлэхгүй.
-ЯМАР ЗАМААР ТАРГАЛСАН, ТҮҮГЭЭРЭЭ ТУРНА-

-Эсрэгээрээ жингээ хасахыг хүсэж буй бүсгүйчүүдийн тухай ярилцвал?
-Хоёр гуравхан сарын дотор турж болно л доо. Гэхдээ энэ нь эсрэгээрээ эрүүл мэндийн хувьд олон сөрөг нөлөөтэй. Дааврын тогтолцооноос эхлээд л өөрчлөгдөж эхэлнэ. Эрүүл хүн нэг юмуу гуравхан сарын дотор огцом таргалчихдаггүй биз дээ. Иймээс яаж таргалсан бэ, түүн шигээ л турна. Юу идэж таргалсан бэ, түүнийг идэхээ больчих. Хөдөлгөөний дутагдлаас болж таргалсан бол, одоо хөдөлж эхэл гэх мэт.
Ер нь таргалалт гэж юу вэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хүмүүс өөх идсэнээр таргалчихлаа гэж боддог, тэгээд өөхнөөс татгалздаг. Энэ бол ташаа ойлголт юм. Хүний амьдрах гол хөдөлгөгч хүч буюу энергийн эх үүсгэвэр бол глюкоз. Үүнийг бид идсэн хоолноосоо авч байдаг. Бие махбодь маань хоол хүнсийг глюкоз болгон задлаад, үүнээс илчлэгийг үйлдвэрлэдэг механизмтэй. Гэтэл хүн өдөрт авах ёстой хэмжээнээсээ илүү илчлэг аваад эхэлбэл, илүүдэл илчлэг өөх болж хадгалагддаг. Ингээд таргалах үндэс бий болно.
Тэгэхээр ямар хоол идэх вэ гэдэг хамгийн чухал асуудал. Жишээ нь цагаан гурил бол ямар ч шим тэжээлгүй хэрнээ маш их илчлэгийг агуулдаг. Шим тэжээл муутай учраас амархан задарч, эргээд хурдан өлсөнө, дахиад юм идэхэд хүргэнэ. Иймээс удаан хугацаанд шимэгдэж, таны бие махбодийг урт хугацаанд илчлэгээр хангаж чадах бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.
Дасгал хөдөлгөөний тухайд, өдөржин идэж идчихээд орой гэнэт гүйнэ гэвэл идсэн хоолныхоо илчлэгийг шатаагаад л таарна. Хүний бие махбодь хамгийн түрүүнд цусан дахь глюкозоо задална. Цусан дахь дуусвал элгэн дэх глюкозоо задалж эхэлнэ. Элэгнийх дуусвал булчин руу орно. Булчин дахь глюкозоо ашиглаж дуусаж байж сая өөхөө задалж эхлэх юм. Иймээс дор хаяж 30 минут дасгал хийж байж л үр дүнд хүрнэ. Тийм учир турах зорилготой бүсгүйчүүдэд өглөө, хүнд хоол идэхээсээ өмнө дасгалаа хий гэж зөвлөдөг.
-“ЦАХИМ ФИТНЕСС ЭМЧ” ПЭЙЖИЙНХЭЭ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭЭД ХОЁР САР ГАРУЙ ХУГАЦАА БОЛЖ БАЙНА-

-“Цахим фитнесс эмч” нэртэй фэйсбүүк хуудасны тань талаар яриагаа үргэлжлүүлье. Үүгээр дамжуулан юуг хүмүүст хүргэхийг зорьсон бэ?
-Пэйжээ эхлүүлээд хоёр сар гаруйн л хугацаа өнгөрч байна. Гэсэн хэдий ч хүмүүсийн хандалтыг сайн байгаа гэж харж байгаа. Яагаад гэвэл хүмүүс ийм чиглэлийн мэдлэг мэдээллээр цангасан байна. Дээрээс нь энэ их худлаа, үнэн мэдээллүүд дундаас өөрт хэрэгтэйгээ шүүж авахад хэцүү болжээ. Үүний дээр тогтож суугаад аливаа зүйлийг судалж уншдаг хүмүүс ч ховордсон байна.
Ийм учир science-based буюу шинжлэх ухаанаар батлагдсан мэдээллийг хүмүүст амар хялбар замаар хүргэхийн тулд энэ пэйжээ эхлүүлсэн. Зурган хэлбэрээр, аль болох цөөн өгүүлбэрт багтааж контент бэлдэж байна. Зөвхөн нэг байгууллагад ажиллаад байвал олон хүнд хүрч тусалж чадахгүй шүү дээ.
-Фитнесс эмчийн зүгээс хүмүүст хүргэхийг хүсэж буй үгийг тань сонсоод, ярилцлагаа дуусгая.
-Фитнессээр анхлан хичээллэхдээ битгий яараарай. Гоё биетэй болох гэж биш, эрүүл мэнддээ анхаарч фитнессээр хичээллээрэй. Бас уншсан, сонссон болгондоо итгэдэг биш, асууж эргэлздэг, лавшруулж судалдаг байгаасай гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
М.ТЭНГИС
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Huudsiig n bainga unshdag, heregtei medeeleltei goy page baidg shuu. Amjilt husey