УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГЯрилцлага

Г.Ёндон: "Хог" болоод байсан эрчим хүчний нүүрсийг эргэлтэд оруулсан

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндонтой ярилцлаа. Бидний яриа “Олборлолтоос боловсруулалт руу” ерөнхий сэдвийн хүрээнд өрнөсөн юм.

“ХОГ” БОЛЖ БАЙСАН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАВ

-Монгол Улс уул уурхайн олборлогч улсаас боловсруулагч улс болох зорилт тавьж ажиллаж байгаа. Салбар хариуцаж байгаа хүний хувьд зорилтыг биелүүлэх чиглэлд хийгдэж буй бодитой ажлуудын талаар мэдээлэл авахаар таныг ярилцлагад урьсан юм. Тэгэхээр, экспортын голлох нэрийн ашигт малтмалуудаа эдийн ач холбогдол, эрэмбээр нь асуугаад явъя, болох уу?

-Болно оо...

-За тэгвэл нүүрснээс эхэлье. Хэдхэн сарын өмнө танай яамнаас нүүрсний стандарт ангиллыг шинэчилж батлуулсан. Энэ ямар ач холбогдолтой ажил болчихов?

-Экспортын ашигт малтмал дотроо нүүрс голлох байр суурь эзэлж, орлогын ихэнхийг бүрдүүлж байгаа ч эрчим хүчний нүүрсээ борлуулж чадахгүй том сул тал байсан юм. Дэлхийд ер нь өндөр чанарын буюу коксжих нүүрс эрчим хүчний нүүрсээсээ ховор, нөөц бага талдаа байдаг. Манайд ч адилхан. Гэтэл бид коксжих нүүрсээ сорчилж ашиглаад эрчим хүчний нүүрсээ экспортолж чаддаггүй, хог болгоод байсан. Гаргаж чаддаггүй гол шалтгаан нь нэгдүгээрт үнэ бага, тээврийн зардал өндөр, хоёрдугаарт манай Сангийн яамны АМНАТ тооцох журам, гуравдугаарт, нүүрсний ангилал цөөнтэй холбоотой байсан. Сангийн яам АМНАТ тооцохдоо “Жишиг үнэ” тогтоогоод түүнээсээ тооцож авдаг, ингэхдээ манай стандарт цөөхөн учраас аль ойрхон дээд талынх нь стандартаар бодчихдог. Гэтэл БНХАУ-д энэ хоёрын хооронд 5-6 стандарт байх жишээтэй. 15 ам.доллараар зарж байгаа нүүрснээс 20 ам.доллараар бодож АМНАТ аваад байсан учраас ашиггүй болчхоод, компаниуд эрчим хүчний нүүрсээ зарж чаддаггүй байсан юм.

-Эрчим хүчний нүүрсээ хог болгож байсан гэж та хэллээ. Нүүрс хог болно гэж байх уу. Ашиггүй бол олборлохгүй хөрсөнд нь байлгаж байж болохгүй юу?

-Нүүрс гэдэг юм чинь байгальд байршихдаа үе, давхаргатай, дээр дороо ороод байж байдаг. Тавантолгой жишээ нь 12 давхаргатай. 0 нь хамгийн доод, тэгээд дээшээ 12 хүртэл явдаг байхгүй юу. Үүний зөвхөн 3, 4 дүгээр давхарга л хатуу коксжих нүүрс бусад нь эрчим хүчний нүүрс байх жишээтэй. Түүнд хүрэхийн тулд дээд давхаргын нүүрсийг заавал авах шаардлагатай. Авчхаад зарж чадахгүй учраас овоолно, зардал нь коксжих нүүрсэнд шингэж ашгийг багасгана. Нүүрсийг хөрсөн дороос гаргаж ирсний дараа чанар нь мууддаг учраас хог болдог гэж хэлж байгаа юм. Тиймээс бид 11 байсан нүүрсний стандартыг шинэчилж, 29 болгосон. Ингэхдээ БНХАУ-ын стандарттай илүү ойртуулахад анхаарлаа.

Нэгэнт бид БНХАУ руу нүүрсээ гаргаж байгаа юм чинь тухайн улсын стандартад нийцүүлэх нь зүй. Хятадын боомтуудад зарлаж байгаа жишиг үнэтэй ойртуулж, бодитой болгохын тулд л нүүрсний стандартыг оруулж ирсэн гэж ойлгож болно. Үр дүнд нь эрчим хүчний нүүрсээ зарах боломж үүссэн. Зөвхөн коксжих нүүрс зарж байснаа нэмээд эрчим хүчний нүүрс зардаг болж байна гэсэн үг.

-Жишиг үнэ тооцохдоо БНХАУ-ын НӨАТ, тээврийн зардлыг “шингээж” төлдөг гэж сонссон. Энэ асуудал шийдэгдсэн үү?

-Боомтуудаар орохоор БНХАУ-ын тал НӨАТ болон бусад татварууд авдаг. Энэ татваруудыг компаниуд төлөөд байдаг байсан. Тэдгээрийг жишиг үнээс хасаж байж тооцдог болсон.

-Энэ ажил хийгдсэнээр ямар үр ашиг гарах вэ. Тодорхой тоогоор илэрхийлэх боломж бий юу?

-Жишиг үнийг зарласны дараа ААН-үүдийн удирдлагуудтай уулзаж байхад зөвхөн Тавантолгойн уурхай дээр гэхэд өмнө төлөх байсан АМНАТ, одоо төлж байгаа АМНАТ-ын хооронд 70 тэрбум төгрөгийн зөрүү гарч байна гэж байсан.

-Тэгэхээр улсад орох байсан татвар 70 тэрбумаар буурчхаж байгаа юм биш үү?

-Улсад орж ирэх байсан 70 тэрбум төгрөг төсөвт орох байсан нь алга болсон юм шиг харагдаж байгаа байх. Гэхдээ хэвээр нь байлгаад ч тэр мөнгө улсад угаасаа орохгүй л байсан байхгүй юу. АНН-үүд АМНАТ-аа хааж хүчрэхгүй гээд олборлосон нүүрсээ зарж чадахгүй байсан учраас. Одоо бол харин энэ нүүрс нь эргэлтэд орсноор нийт экспорт нэмэгдэж байгаа. Нэг ёсондоо бид татварын бааз сууриа өргөжүүлчхэж байгаа юм. Өмнө нь нүүрснийх нь чанарт тохирохгүй АМНАТ тогтоогоод байсан учраас овоолоод, зөвхөн коксжих нүүрсээ зарж байсан бол одоо  зарах боломжтой болсон.

Тавантолгойгоос Гашуунсухайт руу төмөр замаар эрчим хүчний нүүрс тээвэрлэж эхэлж байна. Өнөөдрийн байдлаар Тавантолгойн уурхайн аман дээр эрчим хүчний нүүрс 35 ам.доллар байна. Гашуунсухайт дээр очоод 60 ам.доллар болж байна. Асар их боломж гарч ирж байгаа.

-Ашиглаж чадахгүй байсан нөөцөө ашиглах боломж гарч ирсэн гэж ойлгож болох нь?

-Тийм. Ашигт малтмалын тухай хуульд “Ордыг сорчилж ашиглаж болохгүй” гэсэн заалт байдаг шүү дээ. Нүүрсний ангилал шинэчлэгдсэнээр бид ордуудыг иж бүрнээр нь ашиглах, хаягдаж байсан юмыг мөнгө болгох, хуулиа биелүүлэх боломж бүрдлээ гэж ойлгож болно.

БНХАУ эрчим хүчний асар их хэрэглээтэй, өнгөрсөн жил хямралд ороод станцуудаа ээлжилж хаасан шүү дээ. Тэд эрчим хүчний нүүрсний импортынхоо 90 хувийг Индонезиэс авч байна. Манайд ийшээ орох гоё боломж бий.      

БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ МОНГОЛООС ГАДАГШИЛЖ БУЙ БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БОЛГОНО 

-Салбарын харилцааг зохицуулж буй хуулиудыг орчин үеийн шаардлагад нийцүүлж шинэчлэх, ил тод байдлыг хангах чиглэлд бас олон ажлуудыг эхлүүлсэн шүү дээ. Жишээ нь, Биржийн тухай хууль байна?

-Энэ чиглэлд хийгдэж байгаа ажлуудыг хүмүүс анзаарч байгаа байх. Биржийн тухай хуулийн өнгөрсөн жил өргөн барьж, маш олон шат дамжлагаар явсны эцэст намрын чуулганаар эхний хэлэлцүүлэгт ороход бэлэн болоод байна. Монгол хүн үнэхээр баялагтаа эзэн юм бол ашигт малтмалын нөөцийг ганц, хоёрхон компанийн захирал дурын үнээр гадагш нь гаргаж зараад байж болохгүй. Аль болох олон улсын зах зээлийн үнээр өгөх учиртай.

Хууль батлагдаж хэрэгжсэний дараа Монгол улсаас гарж буй ашигт малтмалын борлуулалтын мэдээлэл ил тод болно. Өөрөөр хэлбэл, хаанаас, юуг хэн, хэнд ямар үнээр, хэчнээн хэмжээтэйг  зарж байгаа нь ил болно. Сая бид хоёрын ярьсан шүү дээ, нүүрсний ангилал шинэчлэгдсэнээр эрчим хүчний нүүрс экспортлох боломж бүрдсэн, үнэ уурхайн аман дээрээ 35 ам.доллар болсон гэж. Одоо төмөр зам баригдчхаар Гашуунсухайт руу хямд тээвэрлээд үнийг нь өсгөх боломж гарч ирнэ. Энэ бүх борлуулалтын мэдээллийг үнэн зөв, ил тод байлгах зорилгоор манай яамнаас Биржийн тухай хуулийг санаачилсан юм.

-Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журмыг бас ил тод болгож шинэчилсэн?

-Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг тойрсон хардлага сэрдлэг их байдаг. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгодог. Хуулийн дагуу 2018 онд 8.4 сая га талбайд сонгон шалгаруулалт зарласан байдаг. Энэ 8.4 сая га талбай зарлагдсанаас хойш олголт маш муу явж байсан. Таван жилийн дунджаар үзэхэд жилд 50 тусгай зөвшөөрөл олгосон байдаг юм.

Энэ байдлыг өөрчлөхийн тулд эхлээд бид Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг өөрчилж, илүү нээлттэй, ил тод болгож өгсөн. Өмнө нь үнэлгээний систем ил тод биш, яг ижилхэн тоног төхөөрөмжтэй хоёр компанийн нэгэнд нь маш өндөр үнэлгээ тавих зэрэг шударга бус явдал гардаг, бараг л олголт бүр дээр маргаан, хэл ам, шүүх цагдаа болдог байсан юм.

Одоо бол лиценз олгох бүх ажил цахимаар явж байгаа. Төрийн бүх худалдан авалт хийгддэг tender.gov цахим хуудас дээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтөй холбоотой шинэ цэс нээгдсэн байгаа.

Мөн лиценз авчхаад хөрөнгө зарахгүй удах, өөр ААН-д дамжуулж худалдах зэрэг явдал их гардгийг болиулах үүднээс эзэмшигчийн хөрөнгийн чадамжийг илүү өндөр үнэлж, 70 хувь болгосон. Хуучин техникийн санал 55, үнийн санал 45 хувь байсан. Үүнээс хойш, түүнээс цааш энэ журмаар явна.

Бид яг энэ журмаараа бэлэн байсан 400 талбайд зарлах гэж байтал орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан, та бүхэн мэдэж байгаа байх. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс сумдын тусгай зөвшөөрлийн тоо, нөхцөл байдлыг тодорхойл гэсэн зөвлөмж өгсөн учраас бид судалж байна.      

-Хууль эрхзүйн орчныг сайжруулахад их анхаарчээ?

-Засгийн газар, манай яамны баримталж байгаа бодлого бол монгол хүн баялгийнхаа эзэн нь байх боломжийг бүрдүүлэх. Үүний тулд уул уурхайгаасаа орлого ашиг олдог, эргээд хайгуулдаа зарцуулдаг, олборлолт, боловсруулалтаа өөрсдөө хийдэг, өртөг шингээж ажлын байр бий болгодог, бий болгосон баялгаа иргэн бүрдээ тэгш шударга хүртээж, шавхагддаггүй баялаг бий болгох ажилдаа зарцуулдаг болох ёстой. Түүхийгээр нь гаргаж, хилийн цаана байгаа боловсруулах үйлдвэрүүдийг хангаад байж таарахгүй. Тиймээс энэ зорилтуудаа биелүүлэхийн тулд хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн таван чиглэлд тогтолцоог боловсронгуй болгох, хууль эрхзүйн орчныг сайжруулах ажлыг хийж байна.

Хайгуул, олборлолт хоёр Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгаа. Борлуулалтыг нь Биржийн тухай хууль зохицуулах учиртай. Намрын чуулганаар эхний хэлэлцүүлэгт орно.

Боловсруулалт дээр Хүнд үйлдвэрийн тухай хууль өргөн баригдсан, Байнгын хороон дээр хэлэлцэгдсэн байдалтай байна.

Хуваарлахтай холбогдох харилцааг Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар зохицуулна гэж тооцсон. Төслийг нь боловсруулж, Засгийн газраас дэмжээд УИХ руу ороход бэлэн болсон, удахгүй өргөн баригдана.

-Монголд ажиллаж байгаа уул уурхайн компаниудын хувьцааны тодорхой хэсгийг Монголын хөрөнгийн биржээр борлуулдаг болох, Төрийн өмчийн компаниудын тодорхой хувийг хувьчлах санааг зэрим мэргэжилтнүүд дэвшүүлдэг. Энэ нь баялгийг ард түмэнд хуваарилах бас нэг хэлбэр шүү дээ?

-Уул уурхайн компаниуд хөрөнгийнхөө тодорхой хэсгийг Монголоос босгодог жишиг тогтож эхэлсэн. Баянхонгор аймагт Баянхөндийн алтны ордод үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Монгол” Торонтогийн хөрөнгийн бирж, Монголын хөрөнгийн биржид хувьцаа гаргасан. “Степпе гоулд” компани бас Канад, Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан, өнөөдөр чи, би худалдаж авч болно.

ТӨК-иудын тухайд, засаглалыг сайжруулах тал дээр анхаарч, тодорхой ажлууд хийж эхэлсэн. Одоо байгаа хэвээр нь авч үлдэх, татан буулгах, тодорхой хувь хэмжээг нь буюу 34 хүртэлх хувийг нь хувьчлах гэсэн гурван ангилалд хувааж байгаа. Компаниудад хувийн хэвшлийн хяналт орж ирснээр засаглал сайжирч, үр ашиг нэмэгддэг. Тиймээс Засгийн газар үүнийг дэмжиж, тодорхой ажлууд хийгээд явж байна. Төрийн өмчийн компаниудын хуулийн төсөл нь УИХ-д өргөн баригдсан.

-Хувьчлах компаниудын жагсаалт гарна гээд, хувийн хэвшлийнхэн ч битүүхэн бэлтгэж байтал хувьчлахгүй компаниудын жагсаалт нь эхлээд гарчихсан бил үү?

-Тийм. Манайх шиг зах зээлийн тогтолцоо нь эцсийн шатанд хүртэл хөгжөөгүй газар чадвар муутай багт өгөөд компаниа татаад унагачих эрсдэл бас бий л дээ. Иргэдэд эзэмшүүлэх тухайд, “Эрдэнэс Тавантолгойн” 15.4 хувийг монгол улсын иргэд эзэмшдэг. Эрдэнэтийн 49 хувийн асуудал шийдэгдвэл 10 хүртэл хувийг иргэдэд хувьчилна гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн заалт бий шүү дээ. Энэ мэтчлэн бусад компаниуд дээр хэрэгжүүлээд явах боломжтой.

НҮҮРС, ЗЭС, ГАЗРЫН ТОС, ТӨМРИЙН ХҮДЭР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД БАРИГДАЖ БАЙНА

-Боловсруулах үйлдвэрүүдийн ажлын явц ямар шатандаа явж байна вэ?

-Манай улсын уул уурхайн экспортын дийлэнхийг зэс, нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, алт, жонш, цайр гэсэн долоон төрлийн ашигт малтмал эзэлдэг. Дээр хэлсэнчлэн ямар ч боловсруулалтгүй, баяжмал хэлбэрээр гарч байгаа. Манай засгийн газар эдгээрээс эхний ээлжинд нүүрс, төмрийн хүдэр, зэс, газрын тос боловсруулах үйлдвэр барих зорилт тавьж 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулсан юм.

Одоогийн байдлаар Тавантолгойн коксжих нүүрсний ордыг түшиглэн байгуулж буй нүүрс баяжуулах үйлдвэрийг барьж эхэлсэн байна. Сонгон шалгаруулах, ТЭЗҮ боловсруулах, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах гэх мэт бэлтгэл ажлууд бүгд дуусаад талбай дээр бүтээн байгуулалт хийж байгаа гэсэн үг. 2024 онд ашиглалтад орох ёстой.

Зэс боловсруулах үйлдвэрийг Эрдэнэт, Оюутолгойд барина. Эрдэнэтийнх нь ТЭЗҮ боловсруулагдсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс “Туршилтын үйлдвэлэл явуулж, ТЭЗҮ-дээ тодотгол хий” гэсэн зөвлөмж өгсний дагуу хэрэгжүүлээд явж байна.

-Зэс боловсруулах үйлдвэр барих асуудал олон жил яригдсан ч амьдрал дээр хэрэгжээгүй. Энэ удаад бат хэрэгжинэ гэдэг үндэслэл нь юу вэ?

-Өмнө нь үйлдвэр технологийн парк буюу дэд бүтцийнхээ ажлыг хийдэггүй байсан юм. Боловсруулах үйлдвэр байгуулахад дэд бүтцээ шийдэх нь хамгийн чухал байдаг. Ус, цахилгаан, төмөр зам, автозам, дулаан энэ бүгдийг нэг талбайд татаж авч ирэх шаардлагатай. Эрдэнэтийн зэс боловсруулах үйлдвэрийн хувьд Үйлдвэр технологийн паркийн тусгай зөвшөөрлийг нь өнгөрсөн жилийн тавдугаар сард өгчихсөн. Дэд бүтцийн ажлын зураг төсөл, тооцоо бүгд дуусч, ажил эхлэхэд бэлэн болсон. Дээр нь БНХАУ-ын төрийн өмчийн “Яньфи” гэж уул уурхайн том хүрээлэнтэй хамтраад Шинжаан Уйгурт зэс боловсруулах туршилтын үйлдвэрээ барьж байна. 1-2 сарын дотор барина, сая наймдугаар сарын 1-ний байдлаар эхэлчихсэн явж байсан гэхээр удахгүй дуусах ёстой. Дуусангуут нэг сар туршилтын үйлдвэрлэл хийнэ, гарсан үр дүнгээр нь ТЭЗҮ-дээ тодотгол хийгээд боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

-Хэдийгээр эхлэх бол. Хөрөнгө оруулалт нь хаанаас гарах вэ?

-2022 ондоо багтаад эхэлчих байх гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын тухайд Эрдэнэт үйлдвэр тодорхой хэсгийг нь гаргана, үлдсэнийг нь бусад хэлбэрээр босгоно. Боловсруулах үйлдвэр барьж байгаагийн гол учир нь бид зэсээ дотооддоо авч үлдэх гээд байгаа юм. Цэвэр зэс болгоод гадагш нь зарах биш. Тиймээс боловсруулах үйлдвэрээ дагаад зэс хоолой, зэс утас, зэс нунтаг, зэс ялтас зэрэг өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал зайлшгүй. Энэ бүгдийг тооцоолж хөдөлж байна.

Оюутолгойн боловсруулах үйлдвэрийн хувьд гадаад компани учраас төслийн нэгж нь манай яаманд хоёр жил гаруй ажиллаж, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах аргачлалыг АНУ-ын USAID байгууллагатай хамтран боловсруулж байна. Ажил нь урагштай явж байгаа, дууслаа гэхэд шууд хөрөнгө оруулагчаа зарлана гэсэн үг.

-Сайхан мэдээ байна. Одоо газрын тос, төмрийн хүдэр үлдлээ?

-Газрын тос боловсруулах үйлдвэр EPC I, II, III, IV+дамжуулах шугам гэсэн таван багц ажлаас бүрдэж байгаа. EPC I багцын ажил 70 шахам хувийн биелэлттэй хэвийн үргэлжилж байна. Дамжуулах хоолойн ажлын тендерийг зарлаж, гүйцэтгэгчийг шалгаруулсан нь ажилдаа орчихсон байгаа. Сая инженер геологи болон геодезийн суурь судалгааг маршрутын дагуу хийгээд ирсэн. Ажлаа эхлээд явна гэсэн үг.

EPC II, EPC III-ын тухайд, бид тендерийн материалыг бэлэн болгоод 2021 оны дөрөв, тавдугаар сард сарын зайтай Энэтхэгийн тал руу шилжүүлсэн. Хөрөнгө оруулагч гэдэг утгаараа Энэтхэгийн тал эхний сонгон шалгаруулалтыг хийдэг юм. Энэ шалгаруулалтын ажил маш удсан. EPC II-ын шалгаруулалт таван удаа, EPC III-ынх долоон удаа хугацааг нь сунгаж байж өнгөрсөн өвөл саналууд ирсэн. Гэхдээ ТЭЗҮ-д тусгаснаас 2-3 дахин өндөр үнэ ирсэн байсан учраас бид яах ч аргагүй  цуцалсан байгаа. Мөнгийг нь хэдий Энэтхэг гаргаж байгаа ч гэлээ бид буцаагаад хүүтэй нь төлнө шүү дээ. Ингээд Ерөнхийлөгчийн түвшинд хүртэл яриа хэлэлцээр өрнүүлж байж Энэтхэгийн талаас дахин санал авахаар болоод байна. EPC III-ын санал ирсэн, бид үнэлгээгээ хийж байна. Өмнөхөөс хамаагүй бага үнийн дүнтэй санал ирсэн. EPC II-ын санал авах хугацаа ирэх есдүгээр сард дуусна. Ингэхээр ирэх сардаа багтаад энэ хоёр багцын гүйцэтгэгчийг шалгаруулчих болов уу.

-Энэ шалтгаан үйлдвэр ашиглалтад орох хугацаанд хэр нөлөөлөхөөр байгаа вэ?

-Хэдийгээр саатал гарсан ч бид бол 2025 онд ашиглалтад өгнө гэдгээрээ л төлөвлөж байгаа. Газар дээр нь шахаад ажилуулбал боломжтой гэдэг нь EPC I дээр харагдсан юм. Энэтхэгийн тал арваннэгдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хооронд Монгол хүйтэн учраас ажиллахгүй гэсэн төлөвлөгөөтэй  байсан. Бид “Та нар хоцорч байгаа” гээд шахаж ажиллуулсан. Ирэх жилүүдэд энэ байдлаар ажлаа шахах төлөвлөгөөтэй.

-Одоо төмрийн хүдэр л үлдэж байна?

-Орхон, Дархан-Уул, Дорноговь аймгуудад барина гэж төлөвлөсөн. Эрдэнэтэд “Бэрэн”-гийн үйлдвэрт ач холбогдол өгч, хамтарсан ажлын хэсэг байгуулан шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэх талаар ярьж байсан боловч “Хөгжлийн банк”-ны асуудлаас болоод зогссон. Ер нь хамгийн ойрын хугацаанд ашиглалтад орж ган үйлдвэрлэх боломжтой нь Бэрэнгийн үйлдвэр.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тухайд, концессын асуудлаар УИХ-аас Ажлын хэсэг байгуулсантай холбоотойгоор концесс эзэмшигч талын идэвх эрс суларсан. Яамны зүгээс нэлээд шахаж шаардсан ч яалт ч үгүй зогсонги байдалд орсон. Гэхдээ сүүлд шинэ томилогдсон удирдлагатай нь уулзаж ярилцсан, энэ ажил цаашид үргэлжлээд явна.

Дорноговийн Алтанширээ суманд Үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд гангийн үйлдвэр баригдана. Эхний ээлжинд жилд хоёр сая тонн нүүрс боловсруулах чадалтай үйлдвэр байгуулж байгаа. Төмрийн нойтон баяжуулах үйлдвэр бол баригдчихсан, дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Энэ жил нүүрс баяжуулах үйлдвэрээ дуусгаад ирэх жил хорголж, тэрний дараа жил ширэмийн үйлдвэр гэсэн үе шатаар явах ёстой. Монгол Улс гангаа бие дааж үйлдвэрлэх цаг ойртож байна.

-Сонирхсон асуултууддаа хариултаа авчихлаа. Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Өмнөх жилтэй харьцуулахад нүүрсний экспорт 19.8, зэсийн баяжмалын экспорт 9 орчим хувиар илүү яваа. Хамгийн гол хоёр ашигт малтмал дээр физик хэмжээний хувьд иймэрхүү өсөлттэй, үнийн хувьд ч боломжийн байна. Европын улсууд ОХУ-аас нүүрс, байгалийн хий авахаа болиод ӨАБНУ-аас авахаар гэрээ хийж байна. Тэндхийн нүүрс Ази руу бас ирдэг юм. Европ руу зардаг болохоор Ази дахь нийлүүлэлт нь багасна. Бидэнд боломж гарч ирнэ гэсэн үг. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ганболд
Ганболд

Маш сайн ажилласан шүү ямарч бсан эрх зүйн орчин бүрдэж боловсруулах үйлдвэрүүд ашигл�##�тад орох юм бна ард иргэд хувь хүртэж эхлэх юм бна хян�##�тай болж баяр хүргэе Үргэлжлүүлээд боловсруул�##�т хуваарил�##�таа хиисэн бол харамс�##�тай л бна гүйцээж хийлгэхгүй

Ser
Ser

Ендон чинь уг нь дажгүй ш дээ, ярьж л чаддаггүй болохоос. ярьдаг шигээ бас цэгцгүй байлийм болуу яадийн бол. хэрэв тийм бол зөвлөхүүд нь мундаг гэсэн үг үү.

Ser
Ser

Dehen uyd Darhan, Erdenet chini baahan uildveruudtei bdag blaa. odoo ter uildveruudee sergeej boldooguim bh daa. sergene... udahgui, bolno... l geed hudlaa yaritsgaagaad jil yavaad l bhiin. ted nariigaa uil ajillagaand oruulchihval ajilguidel ch buuraad ene uls ornii ediin zasag, humuusiin amjirgaa gedeg ym chn saihan sergeed irmeer sanagdahiin

Холбоотой мэдээ

Back to top button