Цаг уурч Д.Шагдарсүрэн: Зуншлага тааруу малчид малаа эртхэн түрийвчиндээ хийж ав

Энэ жил нутгийн баруун хэсгээр бороо, ногоо муутай, зуншлага тааруу болж өнгөрөв. Тэгвэл тус хэсгээр энэ есөн сардаа багтаж бороо орох уу, малчид намар, өвлийн бэлтгэл ажлаа хэрхэн бэлтгэвэл зохилтой талаар Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэнгээс асууж тодрууллаа.
Түүний хувьд цаг агаарын прогноз гаргахаас гадна малчдынхаа борог амьдрал, малч ухаан, байгаль дэлхийн хүйн холбоо, нүүдэлчин өв соёл, монголчуудын ёс заншлын өв тээгч болсон нэгэн юм.
-Энэ жил эрт хүйтрэх шиг боллоо. Эрт хүйтэрвэл өвөлжилт хүндрэх эрсдэлтэй болох байх даа?
-Ерөнхийдөө намрын урь наймдугаар сарын 6-нд орсон. Байгаль цаг уурын хувьд намрын урь орох гэдэг нь үндсэндээ сэрүүсэх шинжиндээ орж байгааг хэлдэг. Харьцангуй эрт сэрүүн болсон гэж хэлж болно.
Зуншлагын байдал нутгийн зүүн талдаа сайхан, баруун талдаа гантай байлаа. Ялангуяа Баянхонгор, Говь-Алтайн зааг, Завханы баруун урд талын зарим сумд, Өмнөговь бүхэлдээ, Дундговийн баруун тал, Өвөрхангайн урд нутгуудаар зуншлага тааруухан байна. Сая дурдсан зуншлага тааруу байгаа нутгийн малчид оторт гарсан байх.
Өвөлжилтийн тухайд говь руугаа цас багатай, хангай руугаа цас ихтэй өвөл болох шинжтэй.
-Хүйтэн өвлийг малчид хаагуур оторлож, хэрхэн аргацааж өнгөрвөл зүгээр вэ?
-Ерөнхийдөө өвөл ямар болох вэ гэдгийг ярих оройтчихсон. Харин хаана буух вэ гэдгийгээ л сонгох хэрэгтэй болов уу. Говь нутгийн малчид “Говийн зун намартаа болдог" гээд хүлээж суугаад алддаг тохиолдол бий. Тиймээс энэ сарын 15-аас хойш бороо орохгүй гэдгийг хэлье.
-ЗҮҮН АЙМГУУДАД БОРОО ОРЖ, НОГОО УРГАСАН Ч МАЛ НЬ ТАРГАЛАХГҮЙ БАЙНА-

-Оторт явалгүй бууриа сахиж үлдсэн малчид цөөнгүй. Есдүгээр сард нэг юм дусах болов уу л гээд л хүлээцгээж байх шиг байна. Энэ сарын цаг агаарын прогноз ямаршуу байгаа бол?
-Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр сарынхаа эхний хагаст орох хур тунадас нь сарынхаа эхний хагаст багтаж орох магадлалтай. Есдүгээр сарын 15-наас хойш хур бороо татрах байх. Нутгийн зүүн тал хур ихтэй байгаа учраас өвс ихтэй байна. Гэтэл энэ жил юунаасаа болдог юм бороо орж ногоо ургаад байгаа хэр нь мал таргалж өгөхгүй байна гэж малчид ярих болсон. Өвсний шим шүүсэндээ байдаг юм болов уу даа.
Дорнодын Цагаан овоо, Хэнтийн Өмнөдэлгэрт малчидтай уулзаж байхад тийм юм ярьж л байна. Тиймээс өвлийн бэлтгэл ажлаа л сайн хангах хэрэгтэй.
-Таны хувьд шинжлэх ухаан, байгаль цаг уурын нөхцөл байдал, зурхай зэргийг хамтатган судалж ирэх улирал жилийн шинжийг гаргадаг. Тэгэхээр зурхайд энэ өвөл намрын байдал хэрхэн буув?
-Зурхайчдын хэлж буйгаар улирал болгоны сүүлч нь хатуу байна гэж гарсан. Тэгэхлээр улирал болгоны сүүл дээр хатуу болно гэх юм бол өвөл тийшээ чангарна. Тиймээс гантай сумдын малчид хоёр янзын арга бодох хэрэгтэй. Малаа эртхэн шиг борлуулж түрийвчиндээ хийж авах. Хоёр дахь арга нь амьд үлдсэндээ ахиухан тэжээл авах, өвөлжих газраа эртхэн шиг хэрүүл хараал багатай тохирох гэсэн арга зам байна. Энэ асуудалд нутгийн удирдлагууд малчидтайгаа ярилцаж гэрээ хэлэлцээр хийх, гар хөлийн үсгээ зурах асуудлыг яаравчлах хэрэгтэй. Хэдэн малчдаа хэрүүл хараалгүй өвөлжүүлэхгүй, газар хөлдөж, малын хээл томорсон хойно цусан зам татуулан явдаг асуудлыг ХХААХҮЯ-аас ч гэсэн анхаарах хэрэгтэй.
-Тэгвэл байгалийн хэв шинжтэй холбоотойгоор хэрхэн шинжих вэ?
-Шинжих олон арга бий. Одоо үед газар тариалан уул уурхайн зориулалтаар газар ашигласнаар унаган ургамал ургахаа больжээ. Тийм учраас байгалиар нь шинжих боломж тун бага. Уг нь цагаан цэцэг ургасан газар цас их унана гэж ярьдаг байсан. Мөн ардын уламжлалт арганд самар жимсээр нь таних арга гэж бий.
-ЦАГ УУРЫН ПРОГНОЗ ГАРГАДАГ АРГЫН ҮНДЭС НЬ ШҮҮХИЙН АРГАТАЙ ТӨСТЭЙ-
-Байгаль цаг уурыг шинжихэд тодорхой сар, өдөр, хугацаа хэрэг болдог уу?
-Өвгөчүүд хүүхдүүдээ долоо, наймтайгаас нь дагуулаад л хээр хоноод, байгальтай ойр өсгөдөг. Малчин хүн хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс өвлийн адаг сарын битүүн хүртэл үргэлж байгаль дэлхийгээ ажиглаж байх ёстой гэж үздэг. Ганцхан л намрын дунд сарын 15-ны шөнө довцог дээр гарч суугаад л бүхнийг мэддэг юм гэж байхгүй. Таамаглал дэвшүүлж байгаа арга нь цаг уурын прогноз гаргахтай төстэй. Цаг уурын прогноз гаргадаг аргын үндэс нь шүүхийн аргатай төстэй. Шүүх яадаг гэхээр энэ хэргийг хэн, хэзээ, хэдэн онд хийж байсан бэ, тэр хэргийг хэрхэн шийдэж байсан бэ гэдгийг архив ухаж шийддэг. Түүн шиг өнөөдрийн 08.00 цагийн байдлаар Хойд Америкт цаг агаар ийм байсан байна, Баруун европт тийм байсан байна гээд газрын зураг дээр зурчихна. Тэрийг хараад иймэрхүү цаг агаар хэдэн оны хэдэн сарын хэдэнд болж байсныг харж, адилхныг нь олно. Адилхныг нь олоод маргааш нь цаг агаар хэрхэн өөрчлөгдөж вэ гэдгийг одоогийнх дээрээ авчирч тавиад агаар мандлын термодинамик тэгшитгэлээр бодно.

-Малчид иргэд “ам харна” гэж сүрхий зүйлд итгэдэг бололтой. Үүнд итгэх нь зөв үү?
-Намрын дунд сарын шинийн 15-нд Боржигоны хонхорхойд байдаг байдаг хэсэг малчид ууланд гарч энэ жил аль нутгаар өвөлжиж, хаваржвал онд мэнд орохоо хэлэлцдэг. Аравдугаар сарын 9-нд эл өдөр таарч байгаа. Ам хардаг хүмүүс Говь-Угтаал, Цагаандэлгэр, Гурвансайхан сумын нутаг дээр ажигладаг. Нэг юм анхааруулж хэлэхэд ам харах гэдэг асуудалд дээр дурдсан гурван сумдаас гадна ямар ч сум орон нутгийн хүмүүс итгэж болохгүй. Зөвхөн Боржигоны малчид гэж яриад байгаа энэ хүмүүс л ярилцдаг зүйл.
-АРДЫН УЛАМЖЛАЛТ УХААНАА ХАЯЧИХСАН НЬ ТУН ХАРАМСАЛТАЙ-
-Уулан дээр гарч тэр жилийнхээ тэнгэр хангай шинждэг, таамаг дэвшүүлдэг асуудалд итгэж болохгүй гэж хэлж болох уу?
-Үгүй. Өөрсдөө орон нутгаа ажиглаж сурах хэрэгтэй гэсэн санааг өгч буй хэрэг. Орон нутаг болгон өөр өөрийн гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй, онцлогтой байдаг. Түүнийгээ залуучууд нь сурч, мэдэж байвал их сайн. Өвс ногоо, зэрлэг амьтны хөөцөлдөөн, бэлчээрлэлт ямар байгаа зэргийг хараад сураад авчихвал зүгээр санагдах юм.
Жишээ нь Завхан аймгийн Баянтэс сумын Дүнгэнээ хайрхан гэдэг уул дуугарвал цаг хатуурна гэж ярьдаг. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Сангийн далай нуурын мөс арзгар барзгар хөлдөх, гөлгөр гөлчгөр хөлдөхөөс хүртэл өвлийн шинж байдлыг олж мэдэж болно. Мөн тус нуурын ус аль тал руугаа хэвийж хөлдөнө, тэр зүгтээ цас их ордог. Үүнийг л хойч үедээ зааж сургаж чадвал монгол малчдын эрдэм ухаан тасрахгүй.
Энэ бүгд цаанаа шинжлэх ухааны үндэстэй байдаг. Дээр дурдсан нуурын ус барзгар хөлдөж байгаа нь намар салхи ихтэй байх юм бол өвөл дулаахан болдог гэсэн логик байна. Салхи ихтэй байвал нуурын ус барзгар хөлдөх нь байна шүү дээ.
-Өөр танд малчид болон залуустаа хандаж хэлэг ямар үг байна?
-Ардын уламжлалт аргыг ухаж ойлгож чадвал цаанаа заавал шинжлэх ухааны үндэслэлтэй байдаг. Цаг уурын шинжлэх ухаан техник технологи тал руугаа сайн хөгжсөн хэрнээ ардын уламжлалт ухаанаа хаячихсан нь тун харамсалтай. Японы, Английн загвар л гэж ярихаас биш ардын уламжлалаар тийм байдаг гэж шинжлэх ухааны үндэслэлээ орхичихсонд харамсаад байх боллоо. Тиймээс залуусыг байгаль цаг уураа шинжлэх ухаан талаас нь таньж мэдэж сураасай л гэж бодох юм даа.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сарын хууч шинэ сар гэж хэтэрхит одон удаа давтахын оронд үлдэж буй өдрүүдээ хэлж байиаар юмаа сарын өнгөрсөнг давтааж байх юм
Ийм харь санаатай зөнөгүүд хүртэл Монголын м�##�ыг барах үг цух�##�зуулж суух гэж. Урт наслаж удаан жаргах болтугай та.
Насаараа м�##�чдын төлөө, монгол м�##�ын төлөө явсан буур�##� даа,
Тэнэг �########� минь чи д�##�д орох болтугай
Хүмүүсээ ,Тэнгэрээ ажиглаж сурцгаая! Багачууд ажиглаж чадна Асуугаарай!
М�##�ыг цөөлөх хэрэгтэй
Энэ эргүү өвгөн өөрийгөө цаг уур ч гэх шиг. М�##�чин цээрлэмээр хог юм. Монгол хүн биш байх. М�##�ыг мах болгоод, түрүүвч болгочих юмаа. Энэ хог махны ченж болсон байна.
эргүү золиг байна чи өөрөө
Дандаа муу ёрлож байдаг Айлгаж бусьнуулж л байв�##� гоё байдаг болтой Сүүлийн 10аад жил сайхан өвөлжлөө Зуд болно л гэдэг
Настай хүн байж ийм юм ярих гэж.Худ�##�дагдсан бололтой