Ярилцлага

Г.Энхжаргал: Дархлаа муу бол жилд арван удаа ч ханиад хүрч болно

Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан ханиад томуу ихэсдэг. Коронавирусийн тархалт нэмэгдэж байгаагийн хажуугаар томуу, томуу төст өвчин нэмэгдэж байгаа нь эрсдэл дагуулаад байна. Мөн энэ жил эрт хүйтэрч халаалт ирээгүй байгаагийн улмаас цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд ихээхэн даарах улмаар ханиад хүрч байна. Томчууд ч ялгаагүй толгой өвдөх, хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг илэрсэн талаар ярилцах болов. Тиймээс Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны өрхийн эмнэлгийн эмч Г.Энхжаргалаас зөвлөгөө мэдээлэл авлаа.


-НАМРЫН ЦАГ АГААР ЭРС ТЭС БАЙХАД ХҮҮХДҮҮД НИЙГЭН ХУВЦАСЛАЖ ХАНИАД ХҮРЧ БАЙНА-

-Хэдийгээр ойрын өдрүүдэд дулаан байгаа хэдий ч гадуур томуу, томуу төст өвчин элбэг болсон байна. Нөхцөл байдлын талаар?

-Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байна. Гэхдээ аравдугаар сараас эхлээд оргил үедээ хүрэх байх. Энэ жилийнх нус гоожих, хамар битүүрэх, гүйлгэх гэх мэт шинж тэмдгүүд илэрч байна. Намрын өдрүүдээр нэг өдөр дулаан, нэг өдөр хүйтэн, оройдоо сэрүүн, өдөртөө халуун болох гэх мэт эрс тэс байгаа учраас хүүхдүүд хичээлдээ хувцсаа тааруулж өмсөхгүйгээс болж даарах, ханиад хүрэх тохиолдол их байна. Томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчийн заавраар эм уух, шинж тэмдэг арилтал гэртээ байх хэрэгтэй. Агаар дуслын замаар халдварладаг томуу томуу төст өвчин цар хүрээний хувьд тэлэгдэж байна.

Мөн үүнээс гадна цэцэрлэг сургуулийн халаалт хараахан ирж амжаагүй байгаа учраас анги танхимаасаа ханиад авсан хүүхдүүд гартаа ирж тараах зэргээр цар хүрээ нь улам л тэлэгдэх янзтай. 10 сар гэхэд бужигнах байх. Тиймээс эцэг эхчүүд эртнээс дархлааг нь дэмжих хоол хүнс сайн хэрэглүүлэх шаардлагатай болж таарч байна. Өөрсдөө ч мөн ялгаагүй эрүүл мэнддээ анхаарахгүй бол болохгүй нь.

-Яг таны хэлж буйчлан коронавирус, томуу, томуу төст өвчний дэгдэлт 10 сараас эхлэх нь. Өрх дүүргийн эмнэлгүүд ачааллаа хэрхэн зохицуулахаар байна?

-Дээд шатны эмнэлгүүдийг сайн мэдэхгүй байна. Жилийн жилд л өрхийн эмнэлгүүд хүнээр дүүрэн эмч, сувилагчид нь хэдэн тийшээ салж ажилладаг шүү дээ. Тэр зарчмаараа л ажиллах байх. Ямартай ч эцэг эхчүүд өөрийн эрүүл мэнд хүүхдийнхээ дархлааг дэмжих тал дээр анхаараад байвал тийм асуудал гарахгүй байх л гэж бодох юм. Хувь хүний ухамсрын асуудал чухал шүү дээ. Дээрээс нь улс цэцэрлэг сургуулийнхаа халаалтыг эрт өгчихсөн бол бас танагтай байх байлаа. Мөн эцэг эхчүүдийн хэлж байгаачлан цэцэрлэгт өдөр нимгэн хөнжилд унтаалдаг нэг зовлон байна. Хүүхэд нь ирээд ах эгч нартаа аав ээждээ халдаадаг байхгүй юу. Нэг хүүхэд өвчлөхөд л нэжгээд олон болоод өргөжнө.

-Энэ жил ямар томуу, томуу төст өвчин илүү зонхилж байна?

-Вирус, нян, харшлын гаралтай томуу томуу төст өвчлөл л байдаг. Одоогоор яг тэрийг нь зонхилж байна гэж хэлэхэд арай эрт. Харин ахуйн гаралтай ханиад гэх юм уу элбэг байна. Урьдчилан сэргийлэхийн тулд амин дэмтэй хоол идүүлэх, дулаан хувцаслах шаардлагатай. Дулаан хувцастай яваад үхсэн хүн би лав сонсоогүй. Мөн дээрээс нь коронавирусийн шинж тэмдэг хөнгөрсөн учраас ханиадтай хавсрах тохиолдол гарах болсон.

-ТОМУУГИЙН ВИРУС, КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН ТОХИОЛДОЛД БИЕИЙН ДАРХЛАА САЙН БАЙХАД ХҮНДРЭЛ НЭГ ИХ ГАРАХГҮЙ-

 -Ханиад, коронавируси хавсарвал хүндрэл гарах уу?

 -Хүний биед нэг вирус орох бол өөр шүү дээ. Хүний дархлааны вирус сайн ажиллаж байдаг зүйл. Хоёр гурав түүнээс дээш эсвэл хүнд хэлбэрийн вирус ороод ирвэл дархлааны систем дийлэхгүй. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх магадлалтай. Тоо чанарын хувьд гэхээсээ илүү ямар ч вирусийн халдвар авсан тохиолдолд анхны тусламж үйлчилгээгээ зайлшгүй авах шаардлагатай. Зөвлөгөө зөв аваад эмчилгээгээ хийлгэнэ. Гэхдээ томуугийн вирус, коронавирусийн халдвар авсан тохиолдолд биеийн дархлаа сайн байхад хүндрэл нэг их гарахгүй. Архаг хууч өвчтэй хүмүүс л аюултай. Архаг хууч өвчтэй хүмүүс ханиад, корона хавсарсан тохиолдолд амь насанд эрсдэлтэй.

 -Ханиад, ковидийг андуурсан хүмүүс хэр их байна вэ?

-Коронавирусийн халдвар тархсанаас хойш хүн бүр ханиалгах л юм бол коронавирус тусчихлаа гэдэг айдастай болсон. Эхний ээлжид шинжилгээ хийж байж л ялгагдаж байна. Гаднаас нь хараад та коронатай, эсвэл ханиадтай гэх боломжгүй. Манай өрхийн эмнэлэгт ханиад, корона гэсэн асуудлаар шинжилгээ авч байж л мэднэ. Нэмж хэлэхэд манай өрхийн эмнэлэг 14.00 цагаас хойш коронавирусийн тестийг үнэгүй авч байгаа.

 -Ханиад хүрсэн тохиолдолд ямар эм уувал зүгээр гэж та зөвлөх вэ?

-Эмч үзэж шинжлээгүй байж шууд эм зөвлөхгүй. Харин хүмүүс нян, вирус, харшлын гаралтайгаа мэдэлгүйгээр дур мэдэн эм хэрэглэдэг нь хүндрэл учруулдаг. Ялангуяа том хүмүүс энэ тал дээр тоомжиргүй ханддаг. Өөр төрлийн эм уусаар байгаад архаг явцтай болчихдог. Хэдий ямар вирусын гаралтайг нь тодорхойлоод эм өгсөн ч өмнө нь дур мэдэж уусан шалтгаанаас болоод эдгэхгүй үгдрэх эрсдэл бий болдог. Тиймээс эмчид хандаж сурах нь л зүйтэй.

-ХАНИАД ГАНЦХАН ЭМЭЭР ЭМЧЛЭГДДЭГ ЗҮЙЛ БИШ-

-Коронавирус туссан хүмүүс ханиад хүрэх нь амархан болсон гэх яриа гадуур байна?

-Шууд коронавирустай холбож тайлбарлаж болохгүй. Харин коронавирус туссаны дараа дархлаагаа дэмжих, уул хаданд алхах зайлшгүй шаардлага бий болсон. Уг суурийн цэр нь хадгалагдаад үлдсэн гэсэн үг. Тиймээс уушгиа цэвэрлэж цэрээ гаргах шаардлагатай байна. Мөн тоостой орчин, өдөр тутмын хоол хүнснээс ч шалтгаалдаг. Монголчуудын цээжний зургийг авч үзэхэд ихэнх нь л архаг бронхиттой болж таарах юм. Тамхи татдаггүй хэрнээ шүү дээ. Тэгэхээр тэр цээжинд байгаа нус, цэрийг л гаргаж хаях нь чухал. Ханиад томуу гэдэг зүйл ганцхан эмээр эмчлэгддэг зүйл биш. Дээрээс нь нэмж хэлэхэд коронавирус оргил үедээ байхад Монголчууд маск сайн зүүсэн учраас ханиад хүрээгүй. Тиймээс би маскийг ханиаднаас сэргийлэх хамгийн сонгодог арга гэж бодох болсон.

-Эдгээр асуудлын хажуугаар албан байгууллагуудын ажилчид толгой өвдөх, хамар битүүрэх зэрэг ханиадтай төстэй шинж тэмдэгт илрэх болсон. Энэ ямар учиртай вэ?

-Тал талын л асуудал байгаа. Хүчилтөрөгчийн дутагдал, цусны өтгөрөл гэх мэт маш олон зүйлийн нөлөөлөл бий. Заавал шууд ханиаданд бурууг тохох гээд байх шаардлагагүй. Тиймээс эрт илрүүлэгтээ хамрагд. Мөн цусны өтгөрөлтэй тун чиг хамаатай болж таарч байгаа юм. Гадуур мөн л коронагаас болж цус өтгөрөөд байна гэж үзэх гээд байх юм. Хэрэглэж байгаа хоол хүнснээс их шалтгаалж байна.

Тиймээс 25-аас дээш насныхан өдөрт цусаа шингэлэх зүйл хэрэглэх, ус сайн уух хэрэгтэй. Цус өтгөрснөөс болж л толгойд очих цусны хэмжээ багасаж өвдөх дээрээ тулдаг. Шалтгаан нөхцөл ердөө л энэ.

-ДУР МЭДЭН СҮЛЖЭЭНИЙ ЭМ УУХАА БОЛИХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА-

-Цус өтгөрөхөд ус уухаас өөр арга ямар арга байна?

-Хамгийн найдвартай арга нь өдөрт 2-3 литр ус ууж, заримдаа мацаг барих хэрэгтэй. Дээрээс нь архи тамхи, давсны буруу хэрэглээгээ танах их чухал. Өөрсдөө оношлоод дур мэдэж эм уух, хань хамаагүй сүлжээний эм уухаа ч багасгах нэн шаардлагатай болчхоод байна.

-Өөр танд энэ асуудалтай холбоотой нэмэлт мэдээлэл, зөвлөгөө мэдээлэл байна уу?

-Маскаа л зүү дулаан хувцасла л гэж хэлмээр байна. Мөн эмч ажилчдаа ойлгодог байгаарай.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button