Бөх, шатар, дугуй, хөлбөмбөгтэй долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт Монголчууд дотооддоо Бүх ард түмний спартакиадаа зохиож, гадаадад монголчуудын хүчтэй өрсөлддөг уламжлалтай спортуудын ДАШТ зэрэгцээд спорт сонирхогчдын хувьд тун ч таатай өнгөрлөө. Eguur.mn та бүхэндээ өнгөрсөн долоо хоногт спортын ертөнцөд өрнөсөн онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.
ТАВАН МЕДАЛЬ АВЧ, “АЛТ”, “МӨНГӨН” ҮЕИЙГ САНАГДУУЛСАН “БЕЛГРАД 2022”
“Белград 2022” бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож, олон түүхэн амжилтуудын эзэн болцгоолоо.
Энэ удаагийн ДАШТ-ээс манай баг тамирчдаас эмэгтэй чөлөөт бөхийн 50, 53 кг-д Д.Отгонжаргал, Б.Хонгорзул нар мөнгө, эрэгтэйчүүдийн төрөлд 125 кг-д М.Лхагвагэрэл мөнгө, 57, 61 кг-д З.Занабазар, Н.Наранхүү нар хүрэл медаль хүртсэн юм.
ОНЦЛОХ АМЖИЛТУУД
- 1975 онд З.Ойдов, Х.Баянмөнх аваргууд түрүүлж, МУГТ Ц.Нацагдорж мөнгөн медаль хүртсэнээс хойш анх удаа ДАШТ-д гурван бөх аваргын төлөө барилдлаа.
- Эмэгтэй баг “Истанбул 2011”-д Д.Отгонцэцэг, Б.Оюунсүрэн, “Будапешт 2013”-д Э.Сумьяа, С.Батцэцэг нар финалдсанаас хойш анх удаа нэг ДАШТ-д хоёр бөх аваргын төлөө барилдав.
- Монгол Улсын шигшээ баг таван медаль авсан нь “Лас Вегас 2015” ДАШТ-тэй дүйж, “Будапешт 2013”-ын /Манай баг зургаан медаль хүртсэн/ дараа орох амжилт болов.
- Эрэгтэй баг гурван медаль хүртэж, улмаар багийн дүнгээр АНУ /198 оноо/, Иран /150/, Японы /70/ дараа дөрөвдүгээрт жагсан, “Алт”, “Мөнгөн” үеийг санагдуулахуйц амжилт гаргалаа.
Дэлхийд хамгийн хүчирхэг гэж үнэлэгддэг ОХУ-ын баг оролцоогүй ч орос гаралтай бөхчүүд легионер тамирчнаар олон улсыг төлөөлсөн бөгөөд багийн дүнгээр байр эзлүүлбэл олон улсыг ардаа орхихоор амжилт үзүүлснийг энд дурдах хэрэгтэй.
Д.МӨНХЗУЛЫН “ДАВХАР ЦОХИЛТ”
Гүржийн Батуми хотноо болж буй Өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУМ Даваахүүгийн Мөнхзул алтан медаль хүртэж, энэ ангилалд дэлхийд хоёр түрүүлсэн анхны монгол шатарчин боллоо. Тэрбээр 2014 онд Өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм.

ОУМ Д.Мөнхзулын онцлох амжилтууд
2014, 2022 оны Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга 2017, 2018 оны Сурагчдын дэлхийн аварга 2014, 2016 оны Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга 2015, 2019 оны Сурагчдын дэлхийн аваргын Мөнгөн медаль. 2022 оны Дэлхийн шатрын 44-р олимпиадад Монгол улсын шигшээ багийн нөөц тоглогчоор оролцож маш амжилттай тоглосон. -Дэлхийн шатрын холбооны мастер /WFM/ Д.Мөнхзул маань 2022 оны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 16 насны охидын ангилалд түрүүлсэн амжилтаараа Олон улсын мастер/WIM/ цолны болзол хангажээ.
ДУГУЙЧИД МЭРГЭЖЛИЙН ДУГУЙН ДАШТ-Д АНХ УДАА ХОЁР ТАМИРЧНАА СОЙЖ БАЙНА
Монголын дугуйн холбооны шигшээ баг Австралийн Воллонгонг хотноо болж буй ДАШТ-д анх удаа хоёр тамирчнаа уралдуулах эрх авч, ОУХМ С.Жамбалжамц, Э.Билгүүнжаргал нар оролцохоор мордсон бөгөөд ОУХМ Э.Билгүүнжаргал өчигдөр ганцаарчилсан 34 км-т уралдсан юм. Мэргэжлийнхэн олимпын наадамд оролцох эрхтэй болсон 1996 оноос хойш сонирхогчийн түвшинд хөгжүүлж буй улсууд олимп, ДАШТ-д тамирчнаа оролцуулна гэдэг бэрх даваа болж хувирсан.
Гэхдээ Монголын дугуйн холбоо гараа хумхиад суулгүй бэлтгэсэн шилдэг дугуйчдаа гаднын мэргэжлийн багт уралдах боломжийг нь чөлөөтэй олгохын зэрэгцээ Монголдоо мэргэжлийн багтай болох оролдлогыг удаа дараа хийсний эцэст Монгол Улсын түүхэн дэх анхны мэргэжлийн баг “Ferei-Mongolia Development team” өнгөрсөн жил мэндэлсэн билээ. Холбооны удирдлага, гүйцэтгэх удирдлага, ивээн тэтгэгчид, тамирчин, дасгалжуулагчид ийнхүү гар нийлж ажилласнаар Монголын баг мэргэжлийн ДАШТ-д анх удаа хоёр тамирчин оролцуулах эрх авсан төдийгүй, ОУДХ-ны чансаагаараа олимпын эрх авах байрт явж байгаа юм.
Үүнд шилдэг тамирчин С.Жамбалжамцын оруулсан хувь нэмэр зүйрлэшгүй юм. Дашрамд, ахмадын ДАШТ-нд мөн ОУХМ Ц.Ганболд, Г.Анхбаяр, Г.Жаргалсайхан, А.Зулаа нарын тамирчид орж байгаа бөгөөд 40-44 насны ангилалд А.Зулаа өчигдөр бөөн гараат тэмцээнд уралджээ.
НЭГ Л ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛСЭН ХӨЛБӨМБӨГЧИД
2023 оны Азийн 20 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны "Е" хэсгийн тоглолтууд МХХ-ны талбайд явагдсан нь яах аргагүй өнгөрсөн долоо хоногийн спортын онцлох үйл явдлын нэг байлаа. Энэ тэмцээнд манай хөвгүүд хэсэгтээ дөрвөн оноо авч, БНСУ-ын дараа бичигдлээ. БНСУ-д 0:7 хожигдож, Шри Ланкаг 6:0-ээр хожин, Малайзтай 1:1-ээр тэнцсэн юм.
Азийн цом 2023 шигшээ тэмцээнд зохион байгуулагч Узбекистаны багаас гадна 10 хэсэг тус бүрийг тэргүүлсэн 10 баг дээр хамгийн өндөр оноо авч хэсгийн хоёрдугаар байрт орсон таван баг нэмэгдэж, нийт 16 баг өрсөлдөх байсан. Монголын хөлбөмбөгийн холбоо дээрх таван эрхийн нэгийг авах амбийц өвөртлөн урьдчилсан тэмцээнийг нутагтаа авсан ч зорилгодоо хараахан хүрч чадсангүй.
Хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн багуудаас Вьетнам, Киргизстан, БНХАУ, Сири, Тайландын багууд эрх авч Азийн цом 2023 шигшээ тэмцээнд оролцохоор болсон. Манай баг дөрвөн оноо -1 үзүүлэлттэйгээр есдүгээрт бичигдэв.
Хэрвээ Малайзыг л хожчихсон бол БНСУ-тай амиа тавьж хамгаалаад Шри Ланкийг аргалж шигшээ тэмцээнд орох боломж өндөр байлаа. Хоёрдугаар байраас эрх авсан багуудаас хамгийн муу үзүүлэлттэй нь Тайланд бөгөөд зургаан оноо авч, бөмбөгний үзүүлэлт нь +3 байсан. Манайх БНСУ-д 4 гоолын зөрүүтэй хожигдоод Малайзыг хожчихсон бол болзол хангах байв. Учир нь Тайландын багийн оруулсан, алдсан гоол манайхаас цөөн /зургааг оруулж, гурвыг алджээ/ байсан юм.
Манай баг ийнхүү нэг зорилгоо биелүүлээгүй ч үзэгчдийг баясгах нөгөө зорилгоо хангалттай биелүүлсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
BUH SPORTIIHONDOOO AMJILT HUSEY
Чийрэг гоё спортлог долоо хоног өнгөрөхнэээ
Амжилт хүсий