Монголд 14 жил амьдарч буй Гэцүлмаа Түвдэн Гялмао: Монголчууд сүжиг ихтэй ч шашныхаа талаар мэдлэг муутай

Гленда Даяаны Ли 1953 онд Австралийн баруун хойд нутагт мэндэлсэн. Түүний эцэг, эх Кукерин хэмээх газар фермер эрхлэн амьдардаг байжээ. Гленда дунд сургуулиа төгссөний дараа Бизнесийн коллежийн нарийн бичгийн даргаар суралцаж, хуулийн фирмд таван жил ажиллажээ. Дараа нь Лондон хот руу нүүж, хуулийн нарийн бичгийн дарга хийхийн зэрэгцээ олон хотоор аялаж эхэлжээ. Ингэж явахдаа хатха йогийн багшаар суралцаж, 23 насандаа Түвдэн Зопа ринбүүчи, Түвдэн Еши багш нартайгаа танилцсанаар бурханы шашинтан болсон түүхтэй.
Харин Монголд амьдарч эхэлсэн 2009 он. Монголд ирээд таван долоо хоногийн дараа багш нарынхаа айлдвараар Франц улсад очиж бурханы шашны санваар хүртжээ. Түүний сахилын нэрийг Гэцүлмаа Түвдэн Гялмао гэдэг. 69 настай Гэцүлмаа Монголд 14 дэх жилдээ амьдарч, "Их хөлгөний уламжлалыг хадгалах төв"-д йога, бясалгал, номын багшаар ажиллаж байна. Биднийг уулзахаар очиход Гэцүлмаа түр гадагш гарсан эзгүй байв. Их хөлгөний төвийн хоёрдугаар давхарт түүнийг хүлээж суулаа. Настай эрэгтэй тоо томшгүй олон аяганд ус, мөн тийм олон аяганд будаа, цэцэг, амттан үйж ихэд сүсэгтэйгээр нямбайлан өрөх аж. Түүний гэгээн амирлангуй, нам гүм байдлыг эвдэхийг хүсээгүй учир ямар учиртайг асууж эс зүрхлэн уулзах хүнээ л хүлээн суув. Төд удалгүй төвийн ажилтнууд багш ирлээ гэснээр ажвал настай эмэгтэй инээмсэглэн орж ирлээ. Бид түүний бурханы номоо заадаг өргөөнд ярилцлаа. Тэр намуухнаар учирласан өнгө аястай ярих аж.
-МОНГОЛД 14 ЖИЛ БУДДИЗМЫГ ТАНИН МЭДЭХҮЙ ХӨТӨЛБӨР БОЛОН ХАТХА ЙОГА, БЯСАЛГАЛ ЗААЖ БАЙНА-

-Бидний ярилцах хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Та энд эрхэлдэг ажил, үүргийнхээ талаар эхлээд мэдээлэл өгөөч?
-Надад ч гэсэн хүмүүст өөрийгөө танилцуулан ярих боломж олгосон та бүхэнд баярлалаа. Би 2009 онд анх Монголд ирсэн. Анх шашны хөтөлбөрийн зохицуулагчаар томилогдож ирсэн. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд ажил үүрэг маань бага багаар солигдоод явжээ. Гэхдээ гол зорилго нь бурханы шашны анхан шатны хичээл буддизмыг танин мэдэхүй хөтөлбөрийг хүмүүст хүргэхэд чиглэдэг. Дээрээс нь бясалгал, хатха йога, мөн хүүхдүүдэд зориулсан хичээл за тэгээд бурханы шашинтай хүмүүсийн хийх ёстой наад захын зан үйлийг тайлбарлах хичээлүүд бас орно. Жишээ нь, усан тахил, мөргөл яаж өргөх, нүгэл хилэнц, гэмийг ариусгах үйлийг хэрхэн хийх вэ гэх мэтээр заана. Үүний зэрэгцээ хүмүүст сэтгэл санааны тусламж үзүүлэх, асуудлаа хуваалцахад нь байнга нээлттэй байж, нууцыг нь задруулахгүйгээр сэтгэл санааны дэм үзүүлдэг. Бас нэг гол ажил гэвэл өнгөрсөн 14 жилийн хугацаанд хорих газруудаар явж хоригдож буй хүмүүст хичээл заадаг.
-Та маш олон ажил үүргийг гүйцэтгэж иржээ. Өнгөрсөн 14 жилийг дүгнээд харахад таны ажил хэр үр дүнтэй байсан бэ. Хүмүүс таны хүссэнээр хүлээн авч байв уу?
-Сонирхолтой асуулт байна. Эргээд харахад ямартай ч олон хүнтэй холбогдож, хүрч чадсан. Чухам би тэдний сэтгэлд хүрч чадсан, эсвэл миний сэтгэл хангалуун байсан эсэхийг хэмжихэд бэрх юм. Монголчуудын нэг сайхан чанар нь маш их сүжигтэй хүмүүс. Одоо миний харж байгаагаар хүмүүс жаахан өөрчлөгдөөд сүжгээсээ гадна бурхны шашнаа ойлгохын тухайд хичээдэг, шашин ном юу сургаад байгааг мэдэх гэж хичээдэг болсон юм болов уу. Манайх шиг ийм төвүүд олон болж, хүмүүс тийшээ олноороо очдог боллоо. Гэхдээ монголчуудын хувьд сүжиг нь их боловч шашныхаа талаар мэдлэг багатай байсан нь миний бодож байснаас их өөр сэтгэгдэл төрүүлсэн. Зарим хүмүүс надад тустай байна гэж санал бодлоо хуваалцана, зарим нь нэг хичээл, номонд оролцоод алга болсноо хэдэн жилийн дараа эргээд ирдэг. Тэгэхээр ямар ч байсан миний зүгээс ажилдаа дуртай, сэтгэл их хангалуун байдаг. Дээрээс нь багш нар маань намайг яах гэж ийшээ явуулсан бэ гэдэг үүрэг зорилгоо жаахан ч гэсэн биелүүлж байгаадаа гэж найдахаас өөр юм алга даа. Хүмүүсийн сэтгэлд хүрч, нөлөөлөх талаар товчхон өөрийнхөө харж ажигласнаа хэлэхэд бясалгал, йогийн хичээл дээр анзаарагддаг. Яах аргагүй хүмүүс надад их тустай байлаа гэж хэлдэг. Сард нэг удаа бүтэн өдрийн бясалгал зохион байгуулдаг. Тэр үед би өмнө ба дараа гэдэг зураг авч харуулдаг бол ямар сайхан бэ гэж боддог. Өглөө стресстэй, бухимдсан, царай нь тавгүй ирсэн хүмүүс өдрийн төгсгөлд бүгдээрээ тайвширсан харагддаг. Түр зуурын ч гэсэн өөрчлөлт гарч байна л даа.
-Шашин дээр бидэнд мэдлэг хэрэгтэй юм байна. Йога, бясалгал ч тодорхой сайхан үр дүнг танд мэдрүүлдэг аж. Харин хоригдлуудын тухайд та юуг анзаардаг вэ?
-Хоригдлуудад их урт удаан хугацаанд өөрчлөлт гардаг. Бид олон жилийн ялтай хоригдлуултай хорих газартай олон жил гэрээгээр хамтран ажиллаж байгаа учраас нэг хэсэг хүмүүстэйгээ дахин дахин уулзах боломжтой гэсэн үг. Тэгэхээр яаж өөрчлөлт гарч буйг ажиглаж анзаарч болж байна. Олон дахин сонсоод яриад байхаар яах аргагүй эерэг өөрчлөлтүүд гардаг. Тэд өөрийгөө нээж ярих нь, гэр бүлээс нь өөр хэн нэгэн хүн очиж өөрсдийг нь сонсох их сайхан байх шиг мэдрэгддэг. Өөрсдийгөө илэрхийлж буй тэр нэг харилцаа л тэдэнд их чухал юмшиг санагддаг. Хоригдлууд мөн бясалгал хийх дуртай, бас ёс суртахууны хичээлд сууна. Бүгдэд байдаг хорт муу сэтгэлээ яаж ялан дийлэх вэ зэрэг хичээлд ихэд сонирхолтой ханддаг. Бид хэдийгээр тэнд бурханы шашны тухай хичээл ордоггүй ч үйлийн үр, нүгэл буяны тухай асууж бидний дунд нэг тийм аятайхан яриа болж чаддаг юм. Хорихын ажлыг нийгэмд янз бүрээр харна. Гэмт хэрэг хийж, муу зүйл үйлдсэн хүмүүст очиж тус дэм болох ямар хэрэгтэй вэ гэх нь ч бий. Тэд нар ч гэсэн хүн шүү дээ. Хүн болгоны дотор ариун, гэгээн мөн чанар бий. Гэвч үүнийгээ бид нар элдэв бохирдол, муу сэтгэл, хорт муу зүйлээр бүрхэж энэ нь үг хэл, бодол, төрөлх зан араншин нөлөөлж, нөлөөнд автаад бусдад хорлолтой үйлдэл хийчихсэн байгаа. Харин бидний үүрэг бол тийм зүйл яагаад хийх болов, нөлөө нь юу байв, тэрийг хэрхэн арилгах, тэр бүхнээс салж болдог арга замыг нь зааж өгөх хэрэгтэй байна. Өөрчлөгдөх чадвар хүн болгонд байдаг болохоор тэр рүү нь хөтлөх хэрэгтэй. Би үүний төлөө явдаг. Хорих ангид нэг өдрийг өнгөрүүлээд буцаж явахад надад бусдад тустай, хэрэгтэй, учир утгатай, үр бүтээлтэй өдөр боллоо гэсэн сэтгэл дандаа төрдөг.
-Та монгол хүмүүс сүжгээсээ дутахааргүй шашны мэдлэгтэй болох шаардлагатай тухай дурьдсан. Түрүүн таныг хүлээж байхад настай эрэгтэй олон аяганд ус хийж нямбайлан өрж байсан. Би өөрийгөө бурхны шашинтай хүн гэдгийг баттай мэдэх ч урьд өмнө тийм үйл огт харж байсангүй. Ичмээр л асуулт юм даа. Тэр ямар учиртай вэ?
-Усан тахил өргөхийг та мэдэхгүй байх нь аргагүй шүү дээ. Яагаад гэвэл монгол оронд олон жил шашин шүтлэг нь дарагдаж, хавчигдсан. Тэр он жилүүдэд бүх уламжлал алдагджээ. Олон хүн яагаад энэ олон аяганд ус хийгээд байна вэ гэж асуудаг. Бараг хориод жилийн өмнө манай төвийг үндэслэгч Зопа ринбүүчи багш монгол дахь төв дээрээ өдөр болгон 2000 усан тахил өргөж, буян хураах хэрэгтэй гэж айлдсан. Бидний өрөө байн байн өөрчлөгдөж, жижгэрч томорч байдаг болохоор багшийн айлдсанчлан өргөж чадахгүй л байгаа. Гэхдээ л өдөр болгон тахилчид сайн дураараа ирж, өргөдөг. Энэ нь аяганд ус хийж өрөх төдий харагдах ч ардаа бодох бясалгах нь маш гүнзгий юм. Хамгийн наад зах нь бидний хармын сэтгэлийг дарах, өглөгийн сэтгэлийг арвижуулах, баяжуулахад оршино. Ус бол одоог хүртэл хамгийн хялбар олдож байгаа зүйл учраас өргөхдөө хармын сэтгэл төрөхгүй. Ингэж харамгүйгээр өргөхийн зэрэгцээ харамаа дарах, өглөгийн сэтгэлээ хөгжүүлэх утгатай. Хүн гаднаас нь хараад ус аяганд хийж тавиад хармын сэтгэл дарагдах уу гэж бодож болно. Гэхдээ би өөр дээрээ өнгөрсөн олон жилийн турш ийм өргөн олон биш ч өрөөндөө хэдхэн тахил өглөө болгон тогтмол тавьдаг. Ус хийж байхдаа эхнийх нь амны цангаа тайлах ундаа, дараагийнх нь өлмий сэрүүцүүлэх ус өргөж байна гэж боддог. За тэгээд араас нь цэцэг, хүж зул үнэртэн, амны идээ, ундаа, хөгжим өргөж байнаа гээд бодоод бясалгаад өргөх тусам миний сэтгэлд бага ч гэсэн өгөөмөр өөрчлөлт гарсныг баттай хэлэх байна. Гол нь сэтгэлийн өглөг урсах, хүмүүс бие биедээ өгөөмөр байхын бэлгэдэл юм.
-СЭТГЭЛЭЭ ШИНЖИЛЖ АНЗААРЧ БАЙГАА ХҮНИЙГ БУРХАНЫ ШАШИНТАН ГЭНЭ-

-Ер нь бурхны шашинтай хүн өдөр тутамдаа ямархуу байваас зохилтой вэ?
-Бурханы шашинтай байна гэж юу гэсэн үг вэ гэдэг нь өөрөө их том асуулт юмаа. Товчхон хэлэхэд бурханы шашинтай гэр бүлд төрж өссөн ч юмуу, ээж аав нь энэ төрлийн шашинтай байснаар бурханы шашинтай болохгүй. Хамгийн товчхондоо хэлэхэд бусдыг өчүүхэн төдий ч хорлодоггүй байх, чадахын хэрээр туслах юм шүү дээ. Яагаад хорлохгүй байх ёстой вэ гэхээр шалтгаан үр дагавар гэдэг юмыг ойлгож ухаарах нь зүйтэй. Бусдыг хорловол надад хорлол буцаж ирнэ. Сайн тустай үйл хийвэл тэр бас надад буцаж ирнэ. Энэ нэг шалтгаан үр дагаварын холбоосыг бурханы шашинтай хүн хамгийн эхэнд мэдэж байх ёстой. За дээр нь би арай орчин цагийн тайлбар хэлье. Миний лам багш Түвдэн Еши "Бурханы шашин гэдэг бол сэтгэлийн шинжлэх ухаан" гэж хэлдэг. Бурханы шашинтай хүн өөрийнхөө сэтгэл оюуныг яг л эрдэмтэн мэт судладаг. Тэгэхээр сэтгэл оюуны уг мөн чанар, тэрийг яаж хир буртгаас нь салгаж бүрэн дүүрэн, гэгээн болгох, тэгээд бусдад яаж тусалж болох вэ гээд сэтгэл оюуныхаа жижиг эд эс бүрдүүлэгч болгоныг нь шинжилж, судалж байнга харж анзаарч байдаг хүнийг л бурханы шашинтан гэдэг. Тэгээд тэр гэгээн ариун мөн чанартаа хүрчихээр бид нарын хэлдгээр гэгээрэлд хүрч, бурханы хутгийг олно. Тэрэнд яаж хүрэхийг судладаг шинжлэх ухааныг л бурханы шашин гэнэ. Үүнийг судладаг хүн бол бурханы шашинтан болох юм. Өөрөөр хэлбэл бас орчин цагийн хэлээр яривал бүрэн дүүрэн, эрүүл саруул, оюуныг яаж олох вэ гэдгийг судалдаг хүнийг хэлэх нь байна. Дээрээс нь бүрэн дүүрэн, эрүүл саруул оюунтай сэтгэлтэй болох чадвар хүн болгонд бий. Тэр чадвартаа яаж хүрэх вэ гэдгийг судалдаг шинжлэх ухааныг хэлэхнээ.
-Та энэ шинжлэх ухаанд яагаад татагдсан бэ? Юу нөлөөлсөн бэ?
-Би түрүүн хэлсэн нэг үгээ бодож суулаа. Зөвхөн бурханы шашинтай улс орон, эцэг эхийн гэр бүлд төрлөө гээд бурханы шашинтан болчихгүй. Хэдий тийм ч орон газар, эцэг эх нь бурханы шашинтай байгаад тэнд төрнө гэдэг өөрөө бас их буяны үр юм. Буян, урьд шалтгааныг нь хийсэн байж тийм газар төрнө. Би өөрөө Австралийн баруун эрэг хавийн нутагт төрсөн. Аав ээж, нутаг орон маань ч христийн шашинтай. Би багадаа яагаад ч юм христийн сүмийн уншлага, залбирал зэрэгт их татагддаг, маш олон асуултад хариулт хайсан хүүхэд байлаа. Амьдралын утга учир юу вэ, эзэн тэнгэр бүхнийг бүтээсэн юмбол яагаад зовлон байдаг вэ, дөнгөж төрсөн хүүхдүүд яагаад өвдөж, нялх мал яагаад үхдэг вэ гэх мэтээр асуухаар номлогч чи жаахан том болохоороо учрыг нь ойлгоно л гэдэг байсан. Яг тэр үед барууны нийгэмд эд материал ноёрхож, хүмүүс бүгд хурааж, хуримтлуулах, эд хөрөнгөтэй болох сонирхолтой үе байсан. Үүнтэй зэрэгцээд бид яагаад материаллаг эд зүйлийн араас хөөцөлдөх ёстой юм бэ гэж асууж шалгаасан хиппичүүд гарч ирсэн. Би 18, 19, 20 нас хүрлээ. Өөрийгөө насанд хүрсэн гэж бодсон ч нөгөө асуултуудынхаа хариултыг өөрөөсөө асуусаар л явсаар хиппичүүдийн үзэл бодол таалагдаж аялж эхэлсэн. Австралиас Лондон руу явж, ажил хийхийн хажуугаар хатха йогийн багш боллоо. Хүнтэй үерхэж таарах тохирохгүй асуудал ч гарч ирэх болсон. Нэг тийм сэтгэлээр унасан өдөр хатха йогад явдаг франц эмэгтэй, бурхны шашны хоёр лам багш ирчихсэн сургаал айлдаж бас курс хичээллүүлж байна чи тийшээ очоод сонирхоод үзээч гэсэн. Сэтгэл санаа дорой байхыг хараад л зөвлөгөө өгч байгаа юм. Тэгээд эхний долоо хоног суугаад үзье гээд очсон чинь Цопа ринбүүчи ламтан номоо айлдаж байсан. Гэтэл тэнд миний өөрөөсөө олон жил асууж явсан асуултуудын хариултыг өгч байсан. Үйлийн үр, сэтгэл оюуны тухай тайлбарууд нь маш их утга учиртай, логик сайтай байсан учраас курсээ дуустал сууж, хайсан бүхнээ оллоо гэсэн баттай итгэл төрсөн юм. Миний хувьд сүжиг, итгэл үнэмшил маш сайхан зүйл. Гэхдээ тэр нь ухаарал, ойлголт дээр суурилж байвал илүү хүчтэй болдог юмшиг санагддаг. Ойлгож ухаараагүй сүсэг бишрэл суурь муутай. Миний хувьд христийн шашны сүсэглэл байсан ч тэр шашны тухай мэдлэг ухаарал бага байсан. Би христийн шашны талаар муу юм хэлэх гэсэнгүй. Миний хувьд хангалттай санагдаагүй, тайлбар өгөөгүй. Гэтэл миний Түвдэн Еши, Цопа ринбүүчи лам багш нар айлдахдаа яагаад энэ зүйлд итгэх ёстой юм бэ гэдгийг дандаа ажиглаж, судалж, шинжилж шинжилж байгаад өөрт чинь яах аргагүй итгэх ёстой юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн үед л шийд гэдэг. Шинжлэл бол хамгийн чухал юмаа гэдгийг бид нарт байнга айлдаж байсан учраас тэрний дагуу би юмыг шинжилж байж ойлгож ухаарч, итгэж үнэмшиж, сүжиглэсээр баттай итгэл үнэмшил бий болсон.

-Та тэр үед хэдэн настай байсан бэ? Таныг тэр курс руу очиход нөлөөлсөн нөхөрлөл юу болов?
-23 настай байсан. Тэр үед салж нийлээд байсан тэр нөхөрлөл маань дахиад нэг жил гаруй үргэлжилсэн. Англид салаад, буцаж Австралид очиж нийлсэн. Би лам багш нартайгаа анх уулзахдаа л хувраг болж сахил хүртье гэсэн бодсон ч тэр үед биелээгүй, би хүүхэд төрүүлсэн. Бурханы шашинтай учраад буцаад бид хоёр хамт жил хэртэй амьдрахад миний шашнаас олж авсан, суралцсан зүйлс тэр хүнд бас хүрсэн. Би түүнд тайлбарлаж хэлж байсан. тэгээд бид хоёр салаад олон жил болж байна даа. Тэр бол миний анхны нөхөр байсан юм. Тэгээд олон жил болсны дараа буцаад нэг их айхтар холбоогүй ч сураг сонсоход ямар ч байсан тэр хүн бурханы шашин өөрийнх нь амьдралд сайнаар нөлөөлсөн гэж ярьж байсныг нь сонсоод баярласан.
-МОНГОЛД ИРЭЭД САХИЛ ХҮРТЭХ БОЛСНОО НӨХӨРТЭЭ ХЭЛЭХЭД ИЙМ ӨДӨР ИРНЭ ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙСАН ГЭСЭН-

-Лам хувцас өмсөж, сахил хүртсэн тухайгаа ярьж өгөөч?
-2009 он шүү дээ. Яахын аргагүй миний 30 жилийн хүсэл мөрөөдөл биелсэн явдал байлаа. 1977 оноос төрсөн баттай бодол шүү дээ. Энэ олон жил би сахил авах ёстой гэж бодоод л ламын номын хувцас хүртэл сэтгэлд өег дулаахан санагддаг байлаа. 30 жил хүлээхдээ үргэлж судалж, мэдэж ирсэн идэвхтэй амьдрал байсан юмаа. Би түрүүн хэлсэн дээ. Эхнийхээ нөхрөөс хүүтэй болсон гээд. Дараа нь хоёр дахь нөхөртэйгээ учирч, бид хоёр охинтой болсон. Хоёр жаахан хүүхэдтэй залуухан ээж би тэр үед ямар ч байсан хүүхдүүдийнхээ өмнөх хариуцлагаа хүлээж өсгөж, боловсрол олгож хариуцлагатай ээж байя. Энэ бүхний дараа сахил авах талаар бодьё гэсэн төлөвлөгөөтэй байсан. Нөхөр маань их сайн хүн учраас би түүнд өөрийнхөө хүсэл мөрөөдлөө үргэлж ярьдаг байсан. Тэгээд хүүхдүүд том болж, гэрээсээ явсны дараа би монголд ирж ажиллаж байхдаа сахил авахаар болллоо гээд ярихад нөхөр маань "Миний хувьд баярлаж баясаад байх зүйл биш ч гэсэн хэзээ нэгэн өдөр ийм цаг ирнэ гэдгийг би мэдэж байсан" гэж ихэд ойлгож хүлээж авсан. Монголд ирж ажиллахын өмнөх 2-3 жил бид тусдаа амьдарсан. Монголд ирээд таван долоо хонож байтал Цопа Ринбүүчи ламаас ил захидал ирлээ. Тэнд "Чи энэ жил сахил хүртвэл тохиромжтой, сайн байна. Урьдын ярилцаж байсан яриаг бид мартаагүй шүү" гэсэн байлаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр 1977 онд анх багш нартайгаа танилцаж Мандшир төвийн курст сууж байхдаа сахил авах хүсэлтэйгээ илэрхийлж байсан тэр яриаг мартаагүй шүү гэж бичсэн байсан. Ингээд л 2009 онд Францад очиж, сахилаа хүртээд номын хувцсаа өмсөөд ирсэн. Явахдаа тэр тухай хэнд ч хэлээгүй. Лам болоод эргээд ирэхэд хамт ажилладаг номын хүмүүс маань маш сайхан хүлээж авсан. Тэрнээс хойш энэ олон жилийн турш энд ажиллахад эргэн тойрны хүмүүс надад дандаа тусалж, дэмждэг байсан. Би ихэнх хугацаанд энд хурган сахилтай барууны ганц хүн байгаа ч ганцаардсан, бусдаас өөр байгаа тийм мэдрэмж хэзээ ч надад төрж байсангүй. Сахил хүртсэн бүхий л хугацаагаа монголд өнгөрүүллээ шүү дээ.
-Уучлаарай, нөхрөөсөө тусдаа амьдарч байсан нь сахил хүртэх бэлтгэл байсан гэж ойлгож болох уу?
-Би өөрийн хувийн амьдралыг хуваалцахдаа баяртай байна. Миний амьдрал сахил авахыг бодож бас эргэлзэж байгаа эмэгтэйчүүдэд тустай байгаасай гэж боддог учраас тохиолдсон бүхнээ хуваалцахад татгалзах юм алга. Монголд ирэхээс өмнө аяндаа бид хоёрт тусдаа амьдрах нөхцөл бүрдсэн. Нөхөр маань өөр хотод ажиллах болж, би нөхрийнхөө хойноос тэнд нүүж очихыг шамдсангүй. Эхэндээ долоо хоногт нэг удаа уулзаж байлаа. Дараа нь 14 хоногт, цаашлаад сард нэг удаа болж уртассаар хоёр талд амьдарч эхэлсэн. Би үүнийг яалт ч үгүй үйлийн үр намайг хөтөлжээ гэдэгт итгэдэг. Үйлийн үр биднийг хүнд хэцүү салгасангүй, аяндаа л холдоод явчихсан. Тэр болгонд би бас баяртай байдаг. Нэг нэгнээ гомдоосонгүй, би нөхрөө хүн ёсоор хайрладаг боловч гэр бүлийн амьдралаар амьдрах хүсэл үлдээгүй байсан. Сэтгэл дотроо номынхоо амьдралаар амьдрахсан гэж бодсоор л байсан учраас бид холдож монголд ажиллах томилолтын гэрээг хоёр жилээр хийсэн. Гэхдээ энд ирээд сахил авна ч гэж бодоогүй, хоёр жил ажиллачхаад дараа нь ринбүүчээс асууна гэж бодож байлаа. Гэтэл монголд ирээд миний үйлийн үр маш хурдан боловсорч, ердөө таван долоо хоногийн дараа сахилаа авчихсан. Нөхөр маань оффист ажилладаг тул би ням гарагийн үдэш бүр цамцнуудыг нь бэлдэж тавьдаг байлаа. Тэр цамцнуудыг индүүдээд зогсож байхад хүү, охин хоёр ирж зогсоод бид их ярилцана. Тэгэхэд би хүүхдүүдэдээ ээжид нь лам болох хүсэл байдаг шүү гэж хэлдэг байсан болохоор тэд багаасаа мэддэг байсан. Тийм ч учраас намайг сахил хүртэхэд манай гэр бүлийнхэн гайхаж цочирдоогүй. Мөн тэднийг бага байхад манайхаар ажлын холбогдолтой лам нар ирнэ, багш нар ч ажлаар явахдаа манайд байрлаж байсан учраас хүүхдүүд сахил санваартан хүмүүсийн талаар их асууж, бага сага мэддэг болсон байсан. Ер нь хүний сэтгэлд чин хүсэл зорилго байгаа бол хэзээ ч битгий алдаарай. Тэр цаг нь болоогүй бол бүтэхгүй биелэхгүй байж болно. Цаг хугацаа нь урт удаан байж болно. Бүр энэ төрөлд биелэхгүй ч байж болно.
-Та эртнээс бэлджээ. Одоо тэд нар маань сайн байгаа юу?
-Бүгдээрээ их сайн байгаа. Нөхөр маань малайзын хятад хүн. Яг л монголчууд шиг бурханы шашинтай гэр бүлтэй ч гэсэн надтай амьдарч эхлээд бурханы шашны талаар ойлголттой болсон. Одоо ганц бие амьдралдаа их баяртай, аялаад л сайхан амьдарч байгаа. Том хүү маань Австралийн баруун нутагт эхнэр, гурван хүүхэдтэйгээ сайхан ажил хийгээд амьдардаг. Охин маань Франц хүнтэй гэр бүл болсон, одоо Канадад нөхөр, гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Бид нар хэдийгээр хол амьдарч байгаа ч гэсэн техник технологийн ачаар байнгын холбоотой байна. Тэд үргэлж намайг ойлгож, дэмждэг. Их сайхан харьцаатай шүү дээ. Би одоо бурханы шашны сахил санваартай лам хүн, дээрээс нь зургаан ач, зээтэй эмээ байнаа. /инээв/.
-Монгол эмээ нар ач, зээ нартайгаа төрсөн цагаас нь байнгын холбоотой байж харж, асарч хамгаалдаг. Таны ач, зээ нарт ч гэсэн эмээгийн хайр энэрэл үгүйлэгддэг болов уу. Тэд таныг хэр ойлгодог бол?
-Монгол эмээ нар ач, зээгийнхээ өмнө өндөр үүрэг хариуцлагатай, тэдэндээ ямар их хайртай байгааг харахад сайхан байдаг. Би бол тийм эмээ биш байнаа. Гэхдээ энэ бол миний амьдралд үйлийн үрээр гарч ирсэн нөхцөл гэж хардаг. Би хүүхдүүдтэйгээ байнга холбоотой байж, ач зээ нар маань надаас юу дуртайгаа асууж болдог. Ковидоос өмнө жилдээ нэг удаа хүүхдүүдтэйгээ уулздаг байлаа. Нэг удаа гэдэг үг монгол эмээ нарын хувьд хэцүү сонсогдох байх. Гэхдээ яая гэхэв би энэ амьдралыг сонгосон, надад өөр хүлээсэн үүрэг хариуцлага байгаа. Заримдаа ач нар маань "Эмээ танд өөр хувцас байхгүй юмуу, наад хувцаснаасаа уйдахгүй байна уу, бид нар хувцас авч өгөх үү" ч гэж асуудаг. Би тэдэнтэйгээ ярилцаж, сонсоход үргэлж бэлэн байдаг. Заримдаа санхүүгийн тусламж үзүүлэх ч хэрэг гарна шүү дээ. Өнгөрсөн зун хүүгийндээ очиж хэд хонолоо. Ач нарынхаа тоглоомын өрөөнд унтана. Өглөө эрт босоод ном уншлага, бясалгал хийж суухад ач охин хэдийн босчихсон "Мамала чи яагаад суугаад байгаа юм бэ, хоёулаа тоглох уу" гээд байн байн асууна. Тэр нь хэдийгээр саадтай юмшиг боловч хүүхдүүд маань бурханы шашигтай хувраг хүн юу хийдгийг мэдэж, бага ч гэсэн ойлголттой болсон болов уу.
-Та хорин хэдэн наснаасаа хүүхдийг хөхөөр хооллохын ач тусыг зургаан жил таниулж. Мөн бурханы шашны төвийн дэргэд хөнгөвчлөх эмнэлэг нээж, хажуугаар нь хоригдлуудтай ажиллаж байж. Энд ирээд ч мөн адил бусдын төлөө өөрийгөө зориулж явна. Энэ бүхний эцэст та орой бүхэн ямар бодол тээгээд амардаг вэ?
-Би өөрийгөө яг үнэндээ айхтар бусдын төлөө амьдарсан гэж боддоггүй. Хөхөөр хооллохын ач тусыг эмэгтэйчүүдэд таниулахаар ажиллаж байхдаа өөрөө охиноо төрүүлж, хөхөөр хооллож байсан. Мэддэг, чаддаг юмаа л хуваалцсан. Дөнгөж шинээр төрсөн хүүхдүүд болон энэ наснаас явж байгаа хүмүүстэй ажиллаж, төрөхөөс үхэх хүртэл нэг тойрогт л ажиллаж байна гэж бодогдож байсан үе бий. Энэ бүхэн лам багш нарын маань ач тэдний адислал юмдаа. Орой унтахынхаа өмнө гайгүй сайхан буяны сэтгэл агуулсан амгалан өдөр бол тэрэндээ даган баясна. Хэцүү өдрүүд байлгүй л яахав. Тийм бол тэрийгээ эргэж бодоод учир шалтгааныг санахыг хичээдэг. Ер нь бол унтахынхаа өмнө юу гэж боддог вэ гэхээр өглөө би сэрэхгүй байж болно. Энэ амьдрал өнөө шөнө дуусчхаж болно шүү дээ. Тэгэхээр энэ амьдралд надад ямар ч байсан баярлах, баясах, багш нартайгаа учирсан, өөрийн сэтгэл оюуны хэмжээгээр чадах юмаа хийсэн, хэдийгээр надад сэтгэлийн элдэв хир буртаг, муу сэтгэл нисванис байгаа ч гэсэн багшийн адислалаар чадахын хэрээр тусыг хийжээ. Ер нь бол өнөөдөр амьдрал дууслаа гэхэд дуусах тэр мөч тайван аятайхан байгаасай, дараа сайн төрөлд яваасай гэсэн хүсэл байдаг. Ер нь сайхан сэтгэл хангалуун байдаг даа.
-Та битгий тэгж бодож байгаарай. Його, бясалгал, бурханы шашин бүгд тустай сайхан зүйлс шүү дээ?
-Үхлийн тухай хүмүүс ярих дургүй байдгийг мэднэ. Би нутагтаа дандаа нас нөхцөж буй хүмүүстэй ажиллаж байснаа монголчуудад ярих гэхээр тэр тухай битгий яриарай гэдэг байсан. Гэхдээ одоо өөрчлөгдөж байна. Би 14 жилийн турш үхэл мөнх бусын тухай хичээлийг нэлээд орлоо. Тэр хичээлээр үхэл гэж юу вэ, үхэл ирэхэд юу тохиолддог вэ, яаж зөв зүйтэй үхэх вэ, эргэн тойронд чинь өнгөрч байгаа хүмүүст яаж хандвал тустай вэ гэдэг талаар хичээл дээр ордог. Удахгүй ирэх долоо хоногт бас орно. Маш олон хүн сонирхож оролцдог болсон. Амьдрал гэдэг чинь угаасаа л үхлээр дуусах, хүн бүрт зайлшгүй тохиолдох учир бид бэлтгэлтэй байх нь дээр. Огт бэлтгэлгүй гэнэтийн юм ирэхэд цочирдож байхаар сайхан бэлтгэлтэй байж байгаад тайван сайхан явчих юмбол дараа хойчийн зам шулуухан байх боломжтой. Би хөнгөвчлөх эмнэлгийг байгуулаад ажиллаж байхдаа энэ насны төгсгөл ирэхэд юу болдгийг нүдээрээ үзсэн учраас өөртөө надад маш их хэрэг болсон гэж боддог. Дээрээс нь лам багш нар маань үхэл мөнх бусын тухай маш их хичээл орж айлддаг. Энэ үед багш нар сэтгэл санаагаар унасан, гутарч гунисан, айж зовнисон шинжгүй байдаг. Яагаад гэвэл тэд жам ёсыг ухаарсан, амьд байхдаа яаж хэргийг нь гаргах вэ гэдгийг бүрэн ойлгосон учраас амьд байгаа эгшин хором бүртээ баяр баясгалантай гэсэн мөртлөө мөнх бус ирнэ гэдэгт үргэлж бэлэн байгаа нь ямар сайхан саруул оюун ухаан бэ. Тэгэхээр бид нар бас түүнд суралцаж болно шүү дээ.
-Хүмүүс нэгнийгээ нас барсан хойно л харамсдаг. Тэгдэг байж, ингэдэг байж гээд л. Энэ талаар та хүмүүст юуг зөвлөх вэ?
-Тэр бол үлдсэн хүмүүсийн сэтгэлээс л гарч байгаа бодол, хүн болгонд тохиолддог уй гашуу. Уй гашуутай үед хүнд маш их харамсах, гэмших сэтгэл гарч ирдэг. Энэ нь цаг хугацааны хувьд элэгдэнэ, алсарна. Тэгэхээр гэмшил харуусал төрөх бүрт сайн сайхан дурсамжаар дарж байгаарай. Цаашаа дараа төрөлдөө хаана ч байсан сайхан яваарай гэж ерөөл тавих хэрэгтэй. Буруутгасан сэтгэл, сөрөг бодол хүнд хэрэггүй. Өөрийгөө буруутгах нь тустай, эерэг сэтгэл биш. Тэрнээс сайн юм гардаггүй.
-БИ МОНГОЛЧУУДАД ӨГСНӨӨСӨӨ ИЛҮҮТЭЙ АВСАН ХҮН-

-Йога болон тухай бясалгалын тухай тайлбарлаж өгөөч?
-Би өөрөө хатха йогийн уламжлалт сонгодог төрлөөр суралцсандаа баярладаг. Йога хийхийн ганц зорилго бол хөдөлгөөнгүй сууж сурах. Сэтгэл оюунтайгаа ажиллахад биеийг бэлддэг дасгал. Тэгэхээр одоо энэ сонгодог зорилгыг нь гээгдүүлээд турах, сайхан биетэй болох, уян хатан эрүүл байх гээд зорилго нь өөрчлөгдөөд явчихсан байна. Гэтэл йога анх яаж үүссэн юм бэ гэхээр хүн өөрийнхөө биеийг захирч суугаад хөдөлгөөнгүй байж өөрийгөө дотогшоогоо ажиглах нөхцөл бүрдүүлэхийн тулд л йога хийдэг. Ганц зорилго нь энэ. Биеийг хөдөлгөөнгүй суухад зохистой нөхцөл бүрдээд биеэ захираад дотогшоогоо ажиглах нь йога. Тэрнийг дагалдаж гарч ирж байгаа үр дагавар нь эрүүл, уян хатан болох гээд зөндөө сайн талтай. Бясалгалын талаар ярих юм маш их бий. Хамгийн гол нь бид нарын сэтгэл оюунтайгаа ажиллах ажил юм. Өөрөөр хэлбэл тэр сэтгэл гэдэг тал бүр тийш үймцээд тогтож өгдөггүй зүйлийг тогтоож сурах, тогтуун сэтгэлийн анхаарлаараа өөрийн сэтгэлийг зөв тийш нь залж чадахад оршино. Йога бол зөв хөдөлгөөнүүдийг бид нарт өгөх дасгал учраас учиргүй том байр савны хэрэг алга. Бие маань л хөдөлж багтах орчин, ганц дэвсгэр л байхад болно. Өнөөгийн бидний амьдрал маш их стресстэй болчихлоо. Стресстэй үед муу сэтгэл төрөх нь их амархан байдаг. Уурлах, бухимдах, гомдох, гонсойх гэх мэт нь давчуу явцуу сэтгэлд төрөх нь элбэг тохиолддог. Йогийн биеэ суллаж амраах нэг дасгалыг тогтмол хийгээд байх юмбол сэтгэл аяндаа тайвшраад уужраад эхэлдэг. Тэнүүн уужим сэтгэл дотор сайн сайхан төрж хайрлаад, уучлах нь хялбар болно.
-Монгол орны болон монгол хүмүүсийн талаар та өөрийнхөө бодлыг хуваалцаач?
-Монгол орон надад их сайхан байдаг. 14 жилийн турш зөндөө олон гадны хүмүүстэй уулзлаа. Зарим нь их сайхан байна гэх, зарим нь бушуухан явмаар байна ч гэдэг. Надад бол дэндүү сайхан. Монгол орон бол амьдралын хэцүү бэрх үнэнтэй нүүр тулгадаг газар. Хамгийн хэцүү нь цаг агаараас эхлээд л байна. Монгол хүмүүс хэцүү бэрхийг давж туулах чадвартай хүмүүс шүү дээ. Барууныхан бол хэцүү бэрхийн өмнө сул дорой юмшиг санагддаг. Шашин соёлын хувьд би энд байгаадаа маш баяртай байдаг. Ямар баялаг уламжлал, ёс заншил, шашин ном, хэчнээн сайхан сүм хийдүүл байна вэ. Хүмүүс нь эхэндээ надад ойлгомжгүй, хүйтэн хөндий хэцүү юмшиг санагддаг байсан ч ойр дотно болоод ирэхээр ихэнх хүмүүс нь сайхан байсан. Би энд дандаа эерэг магтаал хэлэхийг хүсээгүй. Яах аргагүй л надад сайхан байлаа. Би бас гурван зүйлийг хүсч явдаг. Эхнийх нь бол монгол орны ядуурал, ядуугийн зовлон үтэр түргэн арилах болтугай. Хоёрдугаарт, архидалт, архинд донтох гэм арилаасай. Хүүмүс бие биедээ харилцан найрсаг байгаасай. Мөн монгол орон өөрийнхөө энэ гайхамшигтай баялаг өв уламжлал шашин номоо хүн болгон дээдлэн хүндлээсэй, ойлгоосой, ухаараасай. Монгол шиг ийм баялаг газар маш цөөхөн. Тэрийгээ дараагийн үедээ уламжлан авч яваасай гэж хүсдэг дээ.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Өглөө их эрт босдог. Тэгээд гурван цаг орчмыг бясалгал, номын уншлагад зориулдаг. Үүнийхээ дараа цайгаа уугаад өдрийн ажил эхэлнэ. Монголд төлөвлөгөөний дагуу явах нь ховор, үргэлж гэнэтийн юм болж байдаг. За бол үгүй, үгүй бол за болох нь олонтаа. Намайг уян хатан байхад сургаж байгаа газар. Тэгээд оройн хичээлдээ бэлдэнэ, захидал бичнэ, хүмүүстэй уулзана. Хичээлгүй өдөр бол унших зүйл их байдаг. Өдөр маш хурдан өнгөрдөг тэр хэрээр миний амьдрал ч маш хурдан өнгөрч байна. Төгсгөлд нь уулзаж учирсан, танилцаж мэдсэн бүх монголчууддаа, монгол орондоо баярлалаа. Намайг олон жил тав тухтай сайхан амьдрахад, мэддэг чаддаг бүхнээ хуваалцах боломжийг олгосон шүү дээ. Би монголчуудад өгснөөсөө илүүтэй авсан хүн гэж боддог. Өөрийн сэтгэл оюуныг харж байна гэдэг байна гэдэг хамгийн чухал юм шүү. Бусдыг хорлохыг аль болох тэвчээд үргэлжид буяныг хичээж байгаарай гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mundag baysgaltan aj
Монголд ирээд 14 жил гэдэг чинь нилээд их хугацааг үджээ. Их мундаг хүн юм
Баяслаг�##� гэдэг зүйлийг төгс эзэмшиж гэгээрлийн түвшинд хүрсэн хүн шиг санагдлаа өглөө эрт сайхан ярилцлага уншив
Монголын сул т�##�ыг яг хэлжээ. Ядуур�##�, архи, найрсаг харилцаа гээд
gaihaltai ymaaa saihan yriltslaga boljeetanid eruul enkhiig husey
Таньд эрүүл энхийг хүсий
Saihn yriltslaga unshlaaaa
Таньд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг нийт монголчуудынхаа өмнөөс хүсэн ерөөе
ИОг заадаг уу?
Олон хүнд амар амг�##�ан байд�##�, өөрийн гэсэн оршихуй итгэл үнэмшилийг нь өгч чадаж байв�##� болоо доо.
Багшдаа эрүүл энх байж урт удаан наслахыг,улам олон хүнд бурханы сурга�##� ухаар�##� хайрлахыг хүсье!Маанийн бүтээлийг амжилттай удирдан явуулж маш гайхамшигтай ухаар�##� мэдрэмжийг төрүүлж олноор буян үйлдүүлсэн танд баярл�##�аа!Монголын ард түмний минь төлөө өөрийгөө зориулж яваа танд улам их бүтээл амжилт гаргахыг ерөөе!
Төвд рүүгээ явахгүй яасан юм. Монголд христын шашин улам дэлгэрч байна. Энэ манжын дарл�##�ын үеийн юмыг орхих хэрэгтэй
Шар хув�##�знууд сонирхоод Монголд аваад үлдээсэн байна.
Буддын сурга�##�ь бараг 800 жил дэлгэрсэн агаад сурга�##�ь нь хүмүүсийн амьдр�##�ын хэвшил болсон Монгол улсад Монголыг гадаад Монгол хэмээн хэлдэг тэр газраас ирсэн гадаад хүн Бурханы сурга�##�ь заана гэхэд цаг үнэхээр цөвүүн болсны шинж юм уу даа. Монголчууд бид хичнээн олон эрдэмт лам хуврагтай билээ бас хичнээн олон буянт з�##�уустай, буянт хөгшидтэй билээ. Бид өдгөө Бурхан багшийн сурга�##�ийг гадаад хүнээр за�##�гахдаа тулсан гэж үү??? Үгүй л баймаар юм даа.
Гэгээрсэн сайхан хүн байна. Манай мөнгө хөөсөн шар хув�##�знуудын хажууд жинхэнэ буддист хүн байна. Монголын 3 гамшгийг яг л хэллээ...ядуур�##�, архид�##�т, хүнлэг бус араатанлаг чанар. Дээр нэмээд хулгай луйвар гэж 4 дөх гамшиг байнадаа Монголд. Ялангуяа төрд шигдсэн хулгай луйвар Монголын гутамшиг
Энэ хүн өөрөө Бурханы шашны т�##�аар хэр их мэдлэгтэй болоод монголчуудыг дүгнээд байгаа юм бэ? Номтой эрдэмтэй лам нар хэсэг тасрах шахсан ч эргээд маш олноор төрөн гарч байгаа энэ цаг үед Их хөлгөний дулаан ханзанд Зопа ламтны нэрийг барьж шигдэн суугаа хэдхэн хүн та нар яг Монголд хэрэгтэй зүйл хийж байгаа юу гэдгээ өөрсдөө дүгнээрэй. Бурханы шашинт монгол түмнийг басах хэрэггүй, арилж үз. Жинхэнэ гэвш цолтой ани нар төрөн гарсан үед тэднийг урьж ажиллуулб�##� үр дүнтэй. Жадо багш монголчуудын жарг�##� зовлон дунд 10-аад жилийг үзэхдээ монгол хэлийг маш сайн сурч, монголоор номоо тавьж чаддаг болсон байсан. Биднийг их дээрээс харж их зан гарган суугаа энэ анигаа ИХУХТ одоо солих цаг болсон биш үү? Та нар давхардсан, давхардаагүй тоогоор яг хичнээн хүнийг сайжруулсан т�##�аар тоо баримт байна уу? Хэдхэн настай хүн л орж гардаг болсныг бүгд мэдэж байгаа
Маш сайхан сэтгэдэл төрж байна. Танд улам сайн сахныг ерөөе.
Сайхан багш. Урт наслаж, бүр олон хүний тусыг бүтээх болтугай.
Маш их буянтай үйл хийж явдаг хүндээ эрүүл энх байгаарай шэж ерөөе.
Сайхан багш минь. Иога гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь ойлгуулж, дурлуулж, давхар бяс�##�гах мөч олгодогт багшдаа т�##�архаж явдаг. Монгол хэлээр Бурханы шашины сурга�##�ыг ойлгож, сонсох бол багшийн ажилладаг төвийг сонгоорой.
Mash saihan yariltslaga bna.
Yahaa medehgui tuuruldchihsun bailaa.
Unshaad gartsaa oloh shig sanagdlaa.
Tand amar amgalang husey!
Өөрийн хүсэл мөрөөдөл нь биелж, хэрэгжүүлээд олон түмэнд тус дэмтэй явж байгаа танд цаашдын амьдр�##�, ажил нь өөдрөг байх болтугай хэмээн хүсэн ерөөе. Баярл�##�аа, монголын олон хүнд чин сэтгэлээсээ тус�##�ж, ухамсарт нь зөв бодол суулгаж байгаа Танд баярл�##�аа. Урд насандаа энэ Монгол оронд төрж, гүйцээгүй хүсэл зорилгоо энэ насандаа хийж бүтээж байгаа агуу эмэгтэй юм ТА.Сайхан дэлгэрэнгүй ярилцлагыг тань уншиж сонирхлоо.Тууштай, уйгагүй хөдөлмөрч занг тань монголчууд ухамсарлан хэрэгжүүлбэл ирээдүйн хүн ард нь ухамсартай,эх орноо гэсэн хайрлах сэтгэлтэй болох нь дамжиггүй.Баярл�##�аа.
Mаш схн ярилцлага болжээ баярл�##�аа
мунхруулах хүлээс болж байгаа
Сайхан хүн бноо
Энэ хүн жил бүр ингэж хэлдэг үү ? Харж байсан гарчиг байна. 2-т : Мэдвэл тэд шүтэхгүй. Үлгэр байна гээд.
Баярл�##�аа???????????? Манай эх орныг зорьж бидний үнэнг хэлж урам хайрласан, бяс�##�гагч, сайхан эх хүн таньд амжилт хүсэе
хаана нь байдаг гэгээнтэн бэ очиж ярилцаж иог хийж амар амг�##�анг мэдэрмээр байна
Ёстой нэг урд наснаасаа л буян ихтэй түүнийхээ хүчээр ч энэ насандаа буддын шашинтай учирч гэгээрэл рүү улам тэмүүлж яваа гэмээр сайхан хүн дээ
BI 99 DEHI N SHUU
HI HI...GAIHAMSHIGT HUMUUS .HUNII TULUU TURCHIHSEN MET SETGEGDEL TURJIINESHUU. URT NASLAARAI...
Энэ бурханы шашины яг гэгээрсэн хүн мөн байхаа.Хэрвээ гэгээрсэн хүн бол гэгээнтэн биз дэ
ЗАВААН лам нар тархидчихж үхэрнүүд шар хүнд хайлж магад гэж боджил дээ.. хайран нэг амь..бузартсан газрыг цэвэрлэх гэж дэ
Хөгшин шулам гэдэгийг харахгүй байнуу.
Буддийн шашинаар бид хөгжихгүй , бутан нип�##� шиг болмоор байв�##� натхаа хөгжүүл, Чингис хаан буддист байгаагүй их монгол улс ч буддийн номоор байгуулагдаагүй шүү монголчуудаа
Төвд шиг бүдүүлэг заваан хөгжилгүй хөггүй амьдр�##�руу бид буцаж орж болохгүй
Тийшдээ эр эм нь сэдэгдэхгүй тайланд чинь жигтэйхэн буддийн орон шдээ, лам нар нь жинхэнэ гомоо хар тамихчид