Цөмийн цохилтоос ангид үлдэх боломжийн төлөө...

НҮБ Монгол Улсын “Цөмийн зэвсгээс ангид байх” статусыг баталгаажууллаа. Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы нэгдүгээр хорооны өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статустай байх тухай” тогтоолын төслийг хэлэлцээд дэмжжээ.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд тогтоолын төслийг анхдугаар хорооны хуралдаанд танилцуулж хэлсэн үгэндээ, энэ жил манай улс цөмийн зэвсгээс ангид улс орон болсны 30 жилийн ой тохиож буй, 2000 оны хамтарсан мэдэгдэл, 2012 онд цөмийн зэвсэгтэй таван улсын хамтарсан тунхаглал Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусыг дэмжсэн чухал ач холбогдолтой байсныг онцолсон байна.

ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БҮС ГЭЖ ЮУ ВЭ
Цөмийн зэвсэггүй бүс гэдэг нь тодорхой хэлэлцээрийн хүрээнд цөмийн зэвсэг хэрэглэх, турших, боловсруулах үйл ажиллагаа явуулахыг хориглосон улс, бүс нутгийг хэлдэг. 1967 онд Латин Америк болон Карибын тэнгисийн сав газарт цөмийн зэвсгийг хориглох тухай “Тлателолкогийн гэрээ” гэж гарсан нь хамгийн анхных юм. Энэхүү түүхэн гэрээ үзэглэгдсэнээс хойш 40 жилийн хугацаанд Номхон дөлгөөн далайн өмнөд хэсэг (Роротонгийн гэрээ, 1985 он), Зүүн Өмнөд Ази (Бангкокийн гэрээ, 1995 он), Африк тив (Пелиндабын гэрээ, 1996 он), Дундад Ази (Семипалатинскийн гэрээ 2007 он) гэсэн дөрвөн гэрээ байгуулагдсанаар ерөнхийдөө дэлхийн өмнөд хагасын хүн ам суурьшсан ихэнх бүс нутгууд цөмийн зэвсэггүй бүсэд хамаарах болсон юм.

Үүнээс гадна дэлхийн цэнгэг усны үлэмж хэсэг нь мөс хэлбэрээр хадгалагдаж байдаг Өмнөд мөсөн туйлд үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэхгүй байх Антарктидын гэрээ (1959 он), Далайн ёроолын асуудлаархи гэрээ (1971)-нд цөмийн зэвсгээс ангид байлгах агуулга орсон байдаг. Гэхдээ, Антарктидын гэрээгээр уг тивийг бүхэлд нь цөмийн зэвсэггүй болгосон бол Далайн ёроолын асуудлаарх гэрээнд Номхон далайн өмнөд хэсэг л хамаарсан байдаг онцлогтой. Үүнээс гадна 1967 онд баталсан Сансрын уудмын тухай гэрээнд мөн сансрын уудмыг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай зүйл заалтууд бий.
МАНАЙ УЛСЫН ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИД БАЙХ ХҮЧИН ЧАРМАЙЛТ
Манай улсын хувьд 1992 онд Цөмийн зэвсэггүй бүс болох санаачилга гарган олон улсад зарласан. Дэлхий дээр дангаараа “Цөмийн зэвсэггүй бүс” гэсэн статусыг бий болгохоор хүчин чармайлт гаргаж, хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр тодорхой амжилтад хүрсэн улс Монголоос өөр байхгүй.
Манай улс цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргаж ажилласаар ирсэн бөгөөд энэхүү хүчин зүтгэлийнхээ үр дүнд 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас дэмжсэн шийдвэр гаргуулж, 2012 онд Монгол Улс өөрийн газар нутгаа цөмийн зэвсгээс ангид бүс болгож зарласны 20 жилийн ойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орон (ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, Франц) хамтарсан тунхаглал гаргасан юм. Аюулгүйн зөвлөлийн гишүүн улсууд Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид бүс хэмээн хүлээн зөвшөөрч, аливаа цөмийн зэвсгийн аюул занал бий болсон тохиолдолд тусламж үзүүлэхээ энэхүү тунхаглалаараа мэдэгдсэн юм.
Мөн цөмийн зэвсэгтэй гүрэн болох ОХУ, БНХАУ олон улсын эрх зүйн хүрээнд Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийг хамгаалах үүргээ эргэн санаж, биелүүлэхээ мэдэгдсэн нь бидний хувьд том амжилт болсон билээ.
ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БҮС СТАТУСТАЙ БОЛСНООР ЯМАР АШИГТАЙ ВЭ
Цөмийн зэвсэггүй статустай болж чадвал манай улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөхөөс гадна Цөмийн зэвсэггүй бүсэд цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэдэг логикоор цөмийн цохилтоос хамгаалагдаж улсын тусгаар тогтнол, халдашгүй байдал бэхжих ач холбогдолтой.
Өмнө нь 2000 онд Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн Монголын цөмийн зэвсгээс ангид бүсийн талаарх мэдэгдэл хийж байсан боловч эрх зүйн талаасаа чадамжгүй байв. Харин 2012 оны тунхаглалд манай хоёр хөршийн эрх үүргийг хуульчилж өгсөн нь цөмийн зэвсгээс ангид бүсийг эрх зүйн хувьд баталгаажуулах ач холбогдолтой, манай улсын хувьд амжилт болсон. Улмаар 2014 оны аравдугаар сарын 31-ний өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлаар Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс хэмээн хүлээн зөвшөөрч, санал хураалтгүйгээр баталсан юм.
ОЛОН УЛСАД ҮЗҮҮЛСЭН ҮЛГЭР ДУУРАЙЛ
Сүүлийн жилүүдэд цөмийн болон үй олноор хөнөөх зэвсгийг хориглосон бүс байгуулах шаардлага, санаачилга гарсаар байгаа. Ялангуяа Ойрхи Дорнод, Төв Европ, Өмнөд Азид ийм бүс байгуулах асуудал ид яригдаж байна. Газар нутгийн байршлаасаа болоод бүсэд нэгдэж чадахгүй ч бие даан статус олж авч аюулгүй байдлаа баталгаажуулах сонирхолтой улс ч цөөнгүй бөгөөд тэдэнд Монголын жишээ гол замч, газарч нь болох учиртай.
Цөмийн зэвсэггүй бүс олноор байгуулагдах нь жижиг газар нутагтайгаасаа болоод бусдын газар нутаг дээр туршилт явуулах сонирхолтой улсуудын ашиг сонирхлыг хөнддөг тал бий. Гэвч дайны аюул өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа энэ үед цөмийн зэвсэггүй улс орнууд улам нэгдэн нягтарч, одоо мөрдөгдөж буй олон улсын эрхзүйн хэм хэмжээнд аюулгүй байдлаа баталгаажуулах нь аминд тулсан асуудал болоод байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүржигнээд байх зүйл огт биш
НҮБ бол барууны болон АНУ ын гар хөлний тоглоом болжээ.ОРОС БАРУУНЫ болон АНУ ын текнолиогоор тоглох хэрэгтэй болжээ.ЦАХИЛГААН ,болон холбооны сестимыг бүрэн устгадаг АНУ технологи байдаг юм гэж ОРОСУУД саяхан ойлгов бололтой
Зөв2
Энх тайван замыг л сонгож улс орныхоо хөгжилд илүү анхаарах хэрэгтэй манайх
Ter ni deereee yaj ch bodsn